Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01435

 

Ц.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102//ШШ2017/01017 дугаар шийдвэртэй,  

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  

2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1359 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХХК-д холбогдох,                          

Гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс төлөх мөнгөн төлбөрт 5 360 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ц.Э- нь “Спэйшл майнинг сервис” ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 7372 ӨМӨ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Нордбенз маркийн автомашиныг, 8584 БЧ улсын дугаартай чиргүүлийн хамт нийт 45 000 000 төгрөгөөр худалдсан. Уг гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, үлдэх 25 000 000 төгрөгийг гэрээний 4.3, 4.4-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 15 000 000 төгрөг, 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 10 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч худалдан авагч төлбөрийн үүргээ цаг тухайд нь биелүүлэхгүй байсаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлж дуусгасан.

Ингэхдээ 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг, 28-ны өдөр 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХААН банк дахь дансанд оруулсан байдаг. Хариуцагч компани гэрээнд заасан төлбөрөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс бидэнд алдагдал учирсан тул гэрээний 6 дугаар зүйлд зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн хоног тутамд 0.2 хувиар алданги тооцож нийт 5 360 000 төгрөгийг “Спэйшл майнинг сервис” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Машиныг худалдаж авсан боловч ажилд гараагүй, олон удаагийн давтамжтай эвдрэл гарч, компаниас сэлбэг, засварын зардал гаргасан. Нэхэмжлэгч манай үйлдвэрийн газарт машинаа худалдаад яаж явж байгаа талаар мэдээлэлтэй байсан гэж үзэж байна. 2016 оны 09 дүгээр сараас эхэлж ажилд гарсан ч үнэтэй, гол эд ангиуд эвдэрсэн. Түүнээс хойш байнга засвар хийж явсан ба 2017 онд мотор цохиж эвдэрсэн. Хуучин мотор авч хийх тохиолдолд 7 000 000 төгрөг, засварын хөлс 1 000 000 төгрөг болно. 09 дүгээр сараас эхэлж 5 сарын хугацаанд машиныг ашиглаагүй бөгөөд бидний ажил зогсонги байсан үе. Мөн Таван толгойд ажил бага байсантай холбогдож бидэнд машинаа зарсан бөгөөд санхүүгийн хувьд бидний бололцоо муу байсан ч авсан, одоо дахиад засвар хийх гэж байгаа тул алдангийг бүтнээр төлөх боломжгүй, 50 хувиар багасгаж өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102//ШШ2017/01017 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас 4 460 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100 710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 86 310 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Э-өд буцаан олгож шийдвэрлэжээ.

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1359 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/01017 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 86 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Магадлалд тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөгдөх төлбөрийн үлдэгдлийг манай харилцагч болох “Таван толгой” ХК төлсөн, тухайн кампанийн өглөг авлагын тооцооноос суутган тооцохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба хугацаа хэтэрсэн нөхцөл байдалд нэхэмжлэгчийн тохиролцоо нөлөөлсөн гэх боловч гэрээнд энэ талаар тусгагдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтгүй байна гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэнд мөн нотлох баримт нэхэмжлэгч Ц.Э-ийн Хаан банкны дансны хуулга дээрх “Таван толгой” ХК-иас шилжүүлсэн төлбөрүүдийг нотлох баримтаар авч үзээгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас алданги 4 460 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсний 1 000 000 төгрөгийн алдангийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Уг иргэний хэргийн нэхэмжлэгч Ц.Э- нь СМС-2015-10 тоот тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөөс 5 000 000 мөн 10 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөгийг “С” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын төлбөр тооцоо бүхий хуулийн этгээд “Таван толгой” ХК-иас хүлээн авсан байдаг бөгөөд энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийн хүлээн авсан гэж үзэж “С” ХХК-ийн үүрэг дуусгавар болсон тул 4 460 000 төгрөгийн алдангиас 1 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ц.Э-ийн Хаан банкны дансны хуулгад “Таван толгой” ХК-иас дээрхи төлбөр орсон нь тодорхой байгаа болно гэжээ.

  ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний үүргийн алданги шаардсан нэхэмжлэгч Ц.Э-ийн хариуцагч “С” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн зарим хэсгийг хангажээ. Шүүхийн шийдвэр, магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Хяналтын шатны шүүх хуралдааны өмнө зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нэхэмжлэгчид 4 000 000 төгрөг төлөх, нэхэмжлэгч шаардлагынхаа үлдэх хэсгээс татгалзахаар тохиролцож, хариуцагч 4 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан байна.

Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан баталгаажуулсан, хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын ХААН банк дахь 5023461517 дугаар дансанд 4 000 000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримтыг шүүхэд ирүүлжээ.

Хэргийн оролцогчид дээрх тохиролцоо хийхдээ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлсэн талаар нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд тайлбарласан ба зохигчдын дээрх хэлцэл хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрхийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172 дугаар зүйлийн 172.4., 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102//ШШ2017/01017 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1359 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, Ц.Э-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох худалдах-худалдан авах гэрээний алдангид 5 360 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                         ШҮҮГЧ                                                     Ц.АМАРСАЙХАН