Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 95

 

Н.Тд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал /цахим/, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23ы өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 31ий өдрийн 15 дугаар магадлалтай, Н.Тд холбогдох 2224000750080 дугаартай хэргийг хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Т

Шүүгдэгч Н.Т нь 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 06 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн нутаг “Улаан үзүүр” гэх газарт “Daewoo” загварын ... дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчиж уг тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж Б.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Н.Тг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Тг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д, 7.3 дугаар зүйлийн 3.3-т тус тус зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүгдэгч Н.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж,

шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирол төлбөрт 1,050,000 /нэг сая тавин мянга/ төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Н-гийн 7,201,459 /долоон сая хоёр зуун нэг мянга дөрвөн зуун тавин ёс/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Н нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардалд нийт 4,596,300 /дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдөөгүй, хор уршиг арилаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд хохирол төлбөртэй холбоотой буюу бүрэн төлүүлэхээр өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан, гомдлоо дэмжиж байна” гэв.

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч Б.Н хэлсэн саналдаа “... 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Тэлмэн сумаас дайгдаж яваад Н.Т жолоочийн буруугаас болж осолд орсон. Миний хохирлыг барагдуулаагүй, энэ тал дээр гомдолтой. Одоо хүртэл миний бие зовуурьтай, эмчилгээтэй байна. 2-3 удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хоёр жолоочоо орхиод Н.Т түрүүлж хөдөлсөн. Энэ үйлдэл нь надад санаатай юм шиг санагддаг. Би шөнөжингөө архи уусан, согтуу нойрмоглоно гэх мэтээр надад хэлж байсан. Намайг буух гэхэд үг хэлээр доромжилж, дарамтлаад буулгаагүй. Миний хувьд 12,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 Прокурор О.Сарангэрэл шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Н.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасныг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Н-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр гаргасан хохирогчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн Н.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.Т нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 29-ний өглөөний 6 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг, Шургах багийн “Улаан үзүүр” гэх газраас Б.Н-гийг суулгаж замын хөдөлгөөнд оролцохдоо өөрийн эзэмшлийн “Daewoo загварын тээврийн хэрэгслийг замын хажуу руу онхолдуулж зорчигч Б.Н-гийн биед тархи доргилт, баруун гарын шуу ясны хугарал, баруун хацарт зулгаралт, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Зөрчлийн тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан Н.Тг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” хэмээн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхдээ шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн цуснаас спиртийн агууламж илрээгүй боловч ослын газарт үзлэг хийхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж 1.35 хувийн согтолттой байсныг тогтоосон мөрдөгчийн тэмдэглэл, тухайн ажиллагааг батлан бэхжүүлсэн гэрэл зураг зэрэг нотлох баримтыг үндэслэн “согтуурсан” үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж мөн зүйлийн 2.1 дэх хэсгийг давхар журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал болон учруулсан хор уршиг, хохирлыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгосон нь Эрүүгийн хуулийн энэрэнгүй ёсны зарчимд нийцсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гэвч анхан шатны шүүх ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн хөнгөн ангиллын хэргийн шүүгдэгчид тухайн зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байтал хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлан хорих ялыг тэнссэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй, тооцооллын улмаас хохирлыг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байхад нэхэмжлэлийн дийлэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосон атлаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн этгээдтэй адилтган үзэж ял оногдуулсан нь хуулийн буруу хэрэглээ болно.

Шүүхийн энэхүү хууль хэрэглээний алдаа буюу хуулийн буруу сонголтын улмаас шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсч болзошгүй юм.

Учир нь шүүгдэгчийн зүгээс хохирогчид нийт 1.050.000 төгрөг нөхөн төлсөн боловч хохирогч Б.Н нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотолсон баримт сэлтээ бүрэн бүрдүүлж чадаагүйн улмаас тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хор бүрэн арилаагүй нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхгүй үндэслэлд хамаарахыг дурдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон, хуульд заасан цээрлэл, хариуцлагыг хүлээлгэхээс гадна гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол хүлээсэн хүний хохирлыг нөхөн барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон 9 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн хангагдаагүй хэсгээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг заасан 10 дахь заалтад зохих өөрчлөлтийг оруулж, хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангахаар шийдвэрлэлээ. 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23ы өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг хүчингүй болгож, 10 дахь заалтын “4,596,300 /дөрвөн сая таван зуун ерэн зургаан мянга гурван зуу/ төгрөг” гэснийг “10,956,455 /арван сая есөн зуун тавин зургаан мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээн, хохирогчийн өмгөөлөгч Б.Энхжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

 

                       ДАРГАЛАГЧ                                                   Ч.ХОСБАЯР

                            ШҮҮГЧИД                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                       Б.ЦОГТ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН