Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2020/0101

 

 

                                      “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б, Ж.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 841 дүгээр шийдвэртэй, “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 841 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.6, 27.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 2018/01 дүгээр дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж давж заалдах гомдолдоо: “…Шийдвэрийн үндэслэх хэсгийн 16 дахь хуудсанд хариуцагч энэхүү 2018/01 тоот дүгнэлтийн салшгүй хэсэг нь дроноор авсан зураг, түүний боловсруулалт хийж баталгаажуулсан баримт болно гэж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч уг зурагт хэрхэн боловсруулалт хийсэн нь тодорхойгүй ойлгомжгүй бөгөөд маргаан бүхий талбайд 50652.5 мкв газар эвдэгдсэн, 227815 м куб овоолго хэрхэн үүссэн, үүнийг яаж тогтоосон талаар тайлбарлаагүй байна гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Э, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга П.Б нарын  ирүүлсэн хүсэлтийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/174 дүгээр “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу Төв аймгийн Заамар сум, Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 3 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд “Э а з” ХХК, “Х” ХХК, “Н г” ХХК-иудад үйл ажиллагаанд дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээг төлөвлөх ажлыг зохион байгуулсан.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга П.Б, улсын байцаагч Ш.А сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим гишүүдийг байлцуулан “Х” ХХК-ийн ашигт малтмалын МҮ-000201 тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажилласан.

“Х” ХХК-ийн захирал Б.Б-т хэлсэн боловч ирээгүй. МҮ-000201 тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрх овоолго, ухмал, туслах байгууламж зэрэгтэй танилцаж дроноор зураг авсан. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/30 тоот албан бичиг, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ИТХ-ын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 42 дугаар тогтоол гаргасан байгааг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын санал гэж үзсэн.

Орхонтуул сумын Засаг дарга П.Б байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.А сумын ИТХ-н зарим гишүүдийг байлцуулан “Х” ХХК-тай ашигт малтмалын МҮ-000201 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ажиллахад тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийх зорилгоор газар эвдсэн, овоолго байгуулсан боловч нөхөн сэргээлт хийгээгүй байгаа нь тогтоогдсон.

Тус яамны ажлын хэсгийн 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гарсан дүгнэлтэд тогтоогдсон МҮ-000201 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ баталж байгаагүй, ашиглалт хийх зорилгоор газар эвдээд нөхөн сэргээлт хийгээгүй нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга С.Э-ын хянасан зураг, БОНХАЖЯ-ын ХБОБНУГ-ын Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн дарга Н.Батзаяагийн хээрийн хэмжилт, газар дээр нь хийсэн шалгалтаар батлагдаж байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан гэсэн үндэслэлээр 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална гэж заасны дагуу 2018/01 дугаартай дүгнэлт гаргасан байдаг.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/174 дүгээр тушаалаар “Ажлын хэсэг байгуулах тухай” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх тухай дүгнэлт гаргах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан бөгөөд 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 3 хоногийн хугацаанд ажлын хэсгийн гишүүд “Э а з” ХХК, “Х” ХХК, “Нарийн гол” ХХК-иудын үйл ажиллагаанд дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээг төлөвлөх ажлыг зохион байгуулсан.

Төрийн захиргааны байгууллагаас сайд нь Ашигт малтмалын тухай хуульд заасан 56.1.5 дахь заалтын дагуу гаргасан мэргэжлийн багийн дүгнэлтийг тайлбарлаагүй ойлгомжгүй, мөн нэхэмжлэгч талын оролцоог хангаагүй гэх байдлаар үндэслэлгүй гэж үзсэнийг хариуцагч талаас зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч тал “Х” ХХК-д оролцоогоор хангах гэж мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй утсаа салган талбай дээрээ ирээгүй, дүгнэлт гарсны дараа сонсох ажиллагааг хийсэн.

Мөн ажлын хэсгийг гишүүд МҮ-000201 тусгай зөвшөөрлийн талбай дээр очиж хуульд заасны дагуу  нөхөн сэргээлт хийгээгүй болох талаар албан ёсны дүгнэлт гаргасаар байхад үүнийг илтээр нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулах үүргээ биелүүлээгүйгээс шийдвэр үндэслэл бүхий болоогүй байх тул хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

          Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 2018/01 дүгээр дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг үндэслэн, тус компанийг МҮ-000201 тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийх зорилгоор газар эвдсэн, овоолго байгуулсан боловч нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй байсан нь тус ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно гэсэн дүгнэлт гаргажээ.

          Уг дүгнэлтдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж дүгнэлт гаргахаар заасны дагуу  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын 2018 оны 1/80 тоот албан бичгийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаарх нутгийн захиргааны байгууллагын санал гэж үзсэнээ дурджээ. 

          Хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн хуулбар, хавсралтууд, хариуцагчаас дүгнэлтийг гаргахдаа газар дээр нь очиж дроноор авсан гэх зураглал, тухайн зураглал дээр тусгай зөвшөөрлүүдийн талбайн хил хязгаарыг тэмдэглэсэн, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл тухайн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар ухсан, овоолго байгуулж, байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна. 

          Хэрэгт дээрх сумын Засаг даргын 2018 оны 1/80 дугаар албан бичиг авагдаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сумын Засаг даргын 2015 оны 1/30 дугаар албан бичиг ирүүлсэн гэх зөрүүтэй тайлбар ирүүлснээс маргаан бүхий дүгнэлтээр 2014 онд тогтоогдсон нөхцөл байдалд нөхөж дүгнэлт гаргасан, эсхүл тухайн нөхцөл байдлаас гадна 2014 оноос хойш дахин ашиглалт явуулах зорилгоор нэмж газар эвдсэн, овоолго байгуулсан нөхцөл байдлыг тогтоож дүгнэлт гаргасан эсэх, нөхөн сэргээлтийг хэзээнээс хойш хийгээгүй талаар ямар саналыг нутгийн захиргааны байгууллагаас ирүүлснийг харгалзан үзэж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна.

          Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох уг албан бичиг болон холбогдох баримтыг өөрөө цуглуулж үнэлэх үүрэгтэй атал дээрх нөхцөл байдлыг “тогтоогдохгүй байна”, “хариуцагч баримт ирүүлээгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэх зэргээр дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.   

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 579 дүгээр шийдвэрээр мөн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй талаар гарсан Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2015/01 дугаар дүгнэлтийг “бичгээр гаргасан боловч гаргасан байгуллага, албан тушаалтан тодорхойгүй, гарын үсэг, тамга тэмдгээр албажаагүй” гэж, мөн “Ашигт малтмалын тухай хуулийн  56.1.5-д заагаагүй “байгаль орчны нарийвчилсан дүгнэлт хийлгээгүй, байгаль орчны менежментийн болон уулын ажлын төлөвлөгөө тайланг танилцуулаагүй, ашиглалтын талбайн ойролцоох Цээлийн нуур, Шар усны гол ширгэсэн” гэх үндэслэлээр дүгнэлт гаргасан” гэж тус тус дүгнэж, илт хууль бус болохыг тогтоосон байна.

          Ашигт малтмалын тухай хуульд байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбоотой ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргийг  39.1.1, 39.1.4.4, 39.1.9, хариуцагч болон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүргийг 39.3, 39.7-д тус тус зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэж, “хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх” арга хэмжээг тусгасан байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн нөхөн сэргээхэд гарах мөнгөн хөрөнгийг нөхөн сэргээлтийн дансанд  төвлөрүүлэх үүрэгтэй, харин хариуцагч болон нутгийн захиргааны байгууллага уг үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавьж, холбогдох арга хэмжээг авах эрхтэй байна.

          Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасан байгаль орчныг хамгаалах талаар “... үнэлгээ хийлгэж, төлөвлөгөөг боловсруулж эрх бүхий этгээдээр батлуулж, танилцуулах” үүргээ биелүүлээгүй нь бодит байдалд эвдэгдсэн байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй тул дээрх шүүхийн шийдвэр нь байгаль орчныг нөхөн сэргээх талаар нутгийн захиргааны байгууллага санал гаргах, энэ талаар дүгнэлт дахин гаргах хариуцагчийн эрхийг хязгаарлахааргүй байна.

          Нэхэмжлэгч нь 2014 онд Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ гаргаж батлуулаад үйл ажиллагаа явуулах гэтэл холбогдох бичиг баримтыг баталж өгөхгүй удаа дараа саад болж байгаа талаар тайлбар гаргах боловч 201А тоот тусгай зөвшөөрлийг 1998 онд анх эзэмшиж, 2007 онд шинэчлэн авч үйл ажиллагаа явуулж байгаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарын удаа дараагийн акт, дүгнэлт болон дээрх шүүхийн шийдвэрт “байгаль орчин нөлөөлөх байдлыг үнэлгээ хийлгээгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж танилцуулаагүй” талаар дурджээ.

          Эдгээр нөхцөл байдлаас үзвэл 2014  онд ТЭЗҮ батлуулах хүртэл явуулсан үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх үүргээ биелүүлсэн эсэх, мөн түүнээс хойш байгаль орчинд нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан эсэх талаар нутгийн захиргааны байгууллага, байгаль орчны алба, холбогдох бусад газруудаас тодруулж, дүгнэлтийн үндэслэлтэй холбоотой баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр хэргийн нөхцөл байдлыг үнэлж, маргаан бүхий актыг хууль бус эсэхийг тогтоож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.