Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2024/0127

 

 

“Р***” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт

 холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                     Г.Банзрагч

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа            

                                                         М.Батсуурь

                                                         Ц.Цогт

Илтгэгч шүүгч:                         Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 221/ШШ2024/30 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н***, Б.О***, Ч.Г***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б*** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолтой хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Р***” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбарын 1 дэх хэсэг, 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын хавсралтын “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дахь хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолоор Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг тус тус үндэслэн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ”-г 1 дүгээр хавсралтаар баталж, тус хавсралтын Тайлбар хэсгийн 1-д “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в-тэй адил тооцно” гэж заажээ.

2.1.Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 327 дугаар тогтоолоор Усны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг өөрчлөн баталж, хавсралтын 1 дэх хэсгээр Гадаргын ус, 2 дахь хэсгээр Газрын доорх ус (... ус шавхан зайлуулах багана)-ны ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг баталжээ.

3.Нэхэмжлэгч компаниас “... барилга байгууламж барьж, угсрахдаа тухайн газрын хөрсний усыг шавхаж буй этгээд нь Усны тухай хуульд заасан “ус ашиглагч” гэх ойлголтод хамаарахгүй, барилга барихдаа газрын хөрсний усыг зориулалтын дагуу тээвэрлэх нь усны сан бүхий газарт байгаа гадаргын болон газрын доорх усны нөөцийн хэмжээг багасгахгүй, усны нөөц ашигласан тохиолдолд (12 төрлөөр) төлбөр ногдуулахыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулсан, гэтэл Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын хавсралтын тайлбар хэсэгт дээрх хуулиар зохицуулаагүй “барилгын суурийн усыг шавхах” тохиолдлыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 7в-д заасан “уул уурхайн үйлдвэрлэлд ашигласны усны төлбөр”-т хамааруулан нэмэлт зохицуулалт оруулсан нь өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, мөн ус ашиглалтын зардлын итгэлцүүрийг тогтоохдоо Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан нэр бүхий 12 төрлүүдийн хязгаарт багтаах ёстой, гэтэл Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолын хавсралтын 15 дахь баганад “ус шавхан зайлуулах” гэж бие даасан төрөл болгон нэмэлтээр оруулж, хуульд тусгаагүй харилцаанд төлбөр тооцохоор зохицуулсан нь Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхэд халдсан, Засгийн газрын хуралдааны журмын (тухай үед хүчин төгөлдөр байсан) 5.1.3-т зааснаар тогтоол батлагдсанаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдүүдээс санал авсан эсэх, хуульд заасан журмын дагуу бүртгэж, хүчин төгөлдөр болсон эсэхтэй холбоотой баримтууд байхгүй, иймд Засгийн газрын 2013 оны 326, 327 дугаар тогтоолын холбогдох хэсгүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн ...” гэж;

3.1.Хариуцагчаас “... барилга барихын тулд газрын доорх усыг гаргаж хаях замаар ашиглаж байгаа нь “ус ашиглагч” болно, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар хууль тогтоогчоос “ус шавхан зайлуулах” гэсэн татварын зүйлийг хуульчилсан нь тухайн үйлдлээр ус ашигласан этгээд нь ус ашиглагч болно, барилга үйлдвэрлэл болон барилгын материалын үйлдвэрлэлийн ус ашиглалтын төрлүүдийг ангилан төрөлжүүлж өгөөгүй нь тухайн барилга үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л харилцаанд ашиглагдаж буй усны нөөцөд төлбөр тооцох үндэслэл болно, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11, 4.1.17, 4.1.20, 5 дугаар зүйлийн 5.2, Барилгын норм, дүрмийн 5.3, 5.5-д зааснаар тухайн барилгын суурийн хөрсний усны төвшинг доошлуулах хүрээнд ус шавхан зайлуулах үйлдэл нь барилга үйлдвэрлэлийн ажлын нэг хэсэг, Татварын ерөнхий хуулийн дагуу усны нөөц ашигласны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх зүйлсийг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар тогтоосон, тус хуулиар барилга үйлдвэрлэлтэй холбоотойгоор усны нөөцийн төлбөрөөс чөлөөлөх талаар заагаагүй, Усны тухай хуульд зааснаар ус ашиглах дүгнэлт гаргуулж, ус ашиглах зөвшөөрөл авсны үндсэн дээр барилга үйлдвэрлэлийн ажлыг эрхлэх хуулийн зохицуулалттай, мөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 3-т барилга үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны нөөцөд ногдуулах төлбөрийг ангилаагүй, бүхэлд нь тогтоосон тул усны нөөцийг адил зориулалтаар ашиглаж байгааг харгалзан ус шавхан зайлуулахтай холбоотойгоор усны төлбөрийг адилтган тооцохоор Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд Засгийн газраас тогтоол гаргасан, газрын доорх усны нөөц агуулагдаж буй газрыг ухаж барилга байгууламж барихдаа түүнд агуулагдах усны нөөцийг гаргаж хаях замаар ашигласан үйлдэл нь усны нөөцийг устгаж байгаа үйлдэл бөгөөд усыг ил гаргаснаар усны нөөцөд хадгалагддаггүй, усны экологи, эдийн засгийн суурь үнэлгээг ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрээр үржүүлж тооцоолох бөгөөд тухайн сав газрын байгаль, экологийн онцлог, урсац бүрэлдэх зүй тогтол, гадаргын болон газрын доорх усны нөөцийн хэмжээ, онцлогийг зэргийг харгалзан харилцан адилгүй тогтоосон, Засгийн газраас 2013 оны 326 дугаар тогтоолыг гаргахдаа Үндсэн хуулийн зарчимд нийцүүлэн усны нөөц ашигласны төлбөрийг адилтган тогтоосон нөхцөл байдал нь тодорхой судалгаа, шинжилгээ, санал асуулгын дагуу хийгдсэн, мөн 327 дугаар тогтоолоор “ашиглалтын зориулалтыг итгэлцүүрийг”-т нэмэлт өөрчлөлт оруулахдаа мөн судалгаа, шинжилгээ, санал асуулгын дагуу хийгдсэн болох нь тогтоож байна, Засгийн газрын 2013 оны 326, 327 дугаар тогтоолын холбогдох хэсгүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6 дахь заалтуудыг зөрчөөгүй, бүрэн эрхийн хүрээнд гарсан тогтоол тул нэхэмжлэл үндэслэлгүй ...” гэж тус тус тайлбарлан маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр: Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.2, 15 дугаар зүйлийн 15.3, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.27-д заасны тус тус баримтлан нэхэмжлэгч Р***” ХХК-аас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбар хэсгийн 1 дэх заалт, 2013 оны 9 дүгээр тогтоолын 21-ний өдрийн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын Хавсралт 1 “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дахь хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.Нэхэмжлэгч Р***” ХХК-ийн төлөөлөгч Т.Б***-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар дараах давж заалдах гомдлыг гаргажээ.

5.1.Шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, тайлбарт ач холбогдол өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Маргаан бүхий 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад барилга, барилгын үйлдвэрлэлийн зориулалтаар газрын доорх усыг ашигласан тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээний 20 хувь, барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усыг шавхан зайлуулах гэсэнтэй дүйцүүлэн газрын доорх усанд ногдох төлбөрийн хувь хэмжээг 15 хувиар тогтоосон нь уг үнэлгээг “бууруулсан” гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй. Учир нь нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 326 дугаар тогтоолын хувь хэмжээг 327 дугаар тогтоолын хавсралтаар баталсан итгэлцүүрийн хамт тооцож ашиглах бөгөөд дан ганц 326 дугаар тогтоолын хүрээнд барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах тохиолдолд үнэлгээг 20-оос 15 болгож бууруулсан гэсэн үг биш юм.

5.2.Засгийн газрын 327 дугаар тогтоолын хавсралт “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн дагуу дээрх үнэлгээг “Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд 0.1-ээр өсгөж тооцох байсныг Ус шавхан зайлуулах төрөлд багтаан 0.7-оор тооцохоор зохицуулсан. 326, 327 дугаар тогтоолуудыг нэг өдөр баталсан бөгөөд ямар ч тохиолдолд усны нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо дээрх 2 тогтоолын хавсралтад заасан хувь хэмжээ, итгэлцүүрийг хамтад нь үржүүлэх хэлбэрээр ашигладаг тул давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй буюу маргаан бүхий хэм хэмжээний актуудын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Барилгын материалын үйлдвэрлэлийн хувьд итгэлцүүр нь 20*0,1=2 байх бол ус шавхан зайлуулах төрөлд багтсанаараа итгэлцүүр нь 15*0,7=10,5 буюу даруй 5 дахин өндөр төлбөр төлөхөөр болж байна.

5.3.Түүнчлэн Монгол Улсын хүрээнд хэрэгжиж буй ижил цар хүрээтэй бүхий л барилгын төслийн явцад дээрх хөрсний шүүрлийн “усыг шавхан зайлуулах” арга хэмжээг авдаг бөгөөд уул уурхайн үйлдвэрлэлтэй уг үйл ажиллагааг адилтгах ямар ч үндэслэл боломжгүй. Учир нь уул уурхайн үйлдвэрлэлийн хүрээнд усыг шавхан зайлуулахдаа шавхан зайлуулсан баяжуулах үйлдвэрт ашиглах, усан онгоц бүхий сан байгуулж бусад үйл ажиллагаандаа хэрэглэх зэргээр ашигладаг жинхэнэ тухайн усны нөөцийг устгах үйлдэл юм. Харин барилгын хөрсний усыг шавхан зайлуулах ажлын хувьд хөрснөөс нэвчиж гарч буй усыг ямар нэгэн байдлаар өөрийн үйлдвэрлэл үйлчилгээндээ огт ашиглаж, ашигтай чанарыг нь өөрт бий болголгүйгээр, гэрээ байгуулан төлбөр төлсний үндсэн дээр холбогдох шугамд нийлүүлж, ойролцоох голын урсгалд цутгадаг. Өөрөөр хэлбэл, уул уурхайн үйлдвэрлэлд усыг шавхан зайлуулж ашиглах, барилгын хананд нэвчиж буй хөрсний усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа нь хоорондоо харьцуулж болшгүй, процесс, үр дагаврын хувьд тэс өөр шинжтэй үйл ажиллагаа байхад тодорхой үндэслэлгүйгээр төлбөрийн хувьд адилтгасан зохицуулалт тогтоосон нь огт үндэслэлгүй.

5.4.Үүнээс гадна хөрсний усанд тодорхой хэмжээ, нөөцийг тодорхойлж тогтоосон зүйл байхгүй бөгөөд гадаргын усаар тэжээгддэг учир бодит байдалд жил бүрийн цас, бороо, хөрсний чийгшлийн хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг. Нөгөөтээгүүр тухайн газрын хөрсний усыг бүхэлд нь шавхаж дуусах бус, барилгын суурийг цутгахад аюулгүй болох хэмжээнд хүртэл хөрснөөс гарч буй усыг шавхаад, аюулгүй болсны дараа барилгын суурийг цутгаж эхэлдэг. Гэтэл газрын гүнд тогтсон тодорхой хэмжээтэй усны нөөцийг бүхэлд нь шавхан зайлуулж буй мэтээр тайлбарласан хариуцагчийн илт худал тайлбарыг зөвтгөж, “тухайн усны нөөцийг бүр мөсөн устгаж байгаа үйлдэл” гэх дүгнэлтийг шүүх өгсөн нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааг илтэд үндэслэлгүйгээр буруушаасан, бодит мэдээллийг үл хайхарсан хэт явцуу дүгнэлт юм. Барилгын суурийн усыг шавхан зайлуулах тохиолдлыг тодорхой үндэслэлгүйгээр уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан устай адилтгаж үзэх тухай тайлбар хийсэн, энэ нь Засгийн газар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн хууль бус үйлдэл гэж үзэн маргасан.

5.5.Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн эхний шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн зарим үндэслэлтэй холбоотой дүгнэлт хийлгүйгээр, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэж нэг талыг барьсан шийдвэр гаргасан байна. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно” гэж заасан. Улмаар Засгийн газрын 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн хүснэгтийг тусгаж, тухайн ашигласан усны шоо метр тутамд ногдох төлбөрийн хэмжээг тогтоожээ. Ингэхдээ уг хавсралтын Тайлбар хэсгийн 1-д “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в-тэй адилхан тооцно” хэмээн  нэмж оруулсан нь дээд эрэмбийн эрх зүйн хэмжээнд нийцээгүй, Засгийн газар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн үйлдэл болсон. Хариуцагч болон шүүхийн зүгээс энэ талаар “Засгийн газар төлбөрийн хувь хэмжээг тогтоох онцгой эрхийнхээ хүрээнд барилгын суурийн усанд ногдуулах төлбөрийн хэмжээг уул уурхайн салбартай адилтгаж тогтоосон нь Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчимд нийцнэ” гэж тайлбарласан нь дараах байдлаар үндэслэлгүй.

5.5.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7-д “төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлох ...”-ийг Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамааруулсан бөгөөд Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Доор дурдсанаас бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл аливаа үйл ажиллагаанд татвар ногдуулахдаа зөвхөн Улсын Их Хурал хууль тогтоох онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд тусгах замаар аливаа татварыг бий болгодог буюу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээнд төлбөр ногдуулах, түүнийг өөр тохиолдолтой адилтгаж үзэх зэрэг тохиолдолд мөн Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал юм. Гэтэл хариуцагч болон шүүхийн зүгээс Засгийн газар төлбөрийн хувь хэмжээ тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын хуулиар тогтоосон татварын төрөл, ангилалд дур мэдэн өөрчлөлт оруулсан үйлдлийг тэгш эрхийн зарчимтай холбон тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Гагцхүү Засгийн газар нь хуулиар тогтоосон төлбөрийн төрөлд хувь хэмжээг тогтоохдоо тухайлбал, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хүснэгтийг огт өөрчлөх, нэмэх, эсхүл хасалгүйгээр зөвхөн хувь хэмжээг тухай бүрд нь харгалзуулан тусгах ёстой. Дээрхээс үзэхэд Засгийн газар нь 326 дугаар тогтоолыг гаргахдаа хуулиар зохицуулсан харилцаанд тайлбар хийх замаар нэмэлт зохицуулалт хийсэн байх тул уг тогтоолын тайлбар хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасан шаардлагад нийцэхгүй байна.

5.6.Засгийн газар нь 327 дугаар тогтоолын хавсралтаар “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг батлахдаа “ус шавхан зайлуулах” үйл ажиллагааг бие даасан төлбөр тооцох төрөл болгон зохицуулсан нь мөн л дээр эрэмбийн эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй, Засгийн газар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн үйлдэл болсон.

5.7.Давж заалдах шатны шүүхээс “газрын доорх усны нөөцийг аливаа байдлаар хүчээр шавхан гаргаж байгаа нь тухайн байгалийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг буюу байгалийн зохицлыг алдагдуулж, нөхөн сэргэх боломжгүй үр дагаврыг үүсгэж усны нөөцийг багасгаж буй нь үнэлэгдэшгүй хүчин зүйл учир хариуцагчаас өөрт олгогдсон эрхийн хүрээнд дээрх нөхцөл байдлыг журамлах зорилгоор маргаан бүхий тогтоолуудыг баталсан байна” гэх үндэслэлээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн дурдсан уг үндэслэлээс харахад нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааг буруушаасан хариуцагчийн тайлбарыг зөвтгөх замаар дүгнэлт хийсэн байх бөгөөд маргаан бүхий хэм хэмжээний актуудын агуулга, Засгийн газрын хууль зөрчсөн (өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, хуулиар тогтоосон төлбөрийн төрөл ангиллыг дур мэдэн өөрчилсөн) үйлдэлд огт үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна.

5.8.Засгийн газар нь ус ашиглалтын зардлын итгэлцүүрийг тогтоохдоо зөвхөн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15.1-д заасан нэр бүхий 12 төрлүүдийн хязгаарт багтаан тогтоох ёстой. Гэвч итгэлцүүрийн хүснэгтийн 15 дахь баганад “ус шавхан зайлуулах” төрлийг тусдаа бие даасан төрөл болгон нэмэлтээр оруулж, хуульд тусгаагүй харилцаанд төлбөр тооцохоор зохицуулсан нь Улсын Их Хурлын “татвар тогтоох” онцгой бүрэн эрхэд халдсан буюу Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 7, Хорь дугаар зүйлд “хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал хадгална” гэх заалтуудыг тус бүр зөрчсөн үйлдэл болсон.

5.9.Маргаан бүхий 326, 327 дугаар тогтоолуудын холбогдох хэсгүүд нь ч мөн хоорондоо зөрчилдөж буй талаар дурдсан нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэлд ямар ч үндэслэл дурдаагүй нь ойлгомжгүй байна. Маргаан бүхий 326 дугаар тогтоолын дагуу барилгын суурийн усыг шавхан зайлуулсан бол уул уурхайн салбарт ус шавхан зайлуулахтай адилтган тооцохоор зохицуулсан бол 327 дугаар тогтоолоор тухайн 2 салбарын ус шавхан зайлуулахтай холбоотой хэсгийг хасаж, тусдаа “ус шавхан зайлуулах” гэх тусдаа бие даасан хүснэгт бүхий баганыг нэмсэн. Үүнтэй холбоотойгоор барилга болон уурхайн салбарт ус шавхан зайлуулах үйл ажиллагааны хүрээнд аль төрлийн дагуу төлбөр тооцох нь ойлгомжгүй байдал үүсгэснээс гадна, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар зохицуулаагүй аль ч төрлийн ус шавхах үйл ажиллагаанд Засгийн газар өөрийн дураар буюу 327 дугаар тогтоолыг үндэслэж төлбөр ногдуулах боломж бүрдээд байна.

5.10.Иймд маргаан бүхий хэм хэмжээний актуудын холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хийгээд хууль тогтоомжийг зөрчсөн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6.Анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7.“Р***” ХХК (инженер шугам сүлжээ, далан суваг ашиглагч тал) нь “Х**** төв/шинэ/ оффисын зориулалтаар баригдах барилгын суурийн усыг шавхах” ажлыг гүйцэтгэхтэй холбоотой 2021, 2022 оны Шугам сүлжээ, дулаан суваг ашиглаж хөрсний ус шавхах гэрээ, Бохир усыг татан зайлуулах шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээний гэрээнүүд хэрэгт авагдсан бөгөөд тус гэрээнд хоногт соруулж зайлуулах усны хэмжээг ... тодорхойлж, соруулсан усыг ... 3 дугаар коллекторт, дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжид, ус зайлуулах төвийн шугамд гэсэн байршлуудад шахаж зайлуулахаар тусгажээ.

8.Нэхэмжлэгчээс Засгийн газрын 2013 оны “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбарын 1 дэх хэсэг, 2013 оны “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 327 дугаар тогтоолын хавсралтын “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийн 1 болон 2 дахь хэсгийн “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана)-ийг хүчингүй болгуулах”-аар шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... ус ашиглагч биш, хуульд барилгын үйлдвэрлэлийн улмаас усыг шавхан зайлуулах тохиолдолд төлбөр тогтоох талаар хуульд тусгайлан зохицуулаагүй, Засгийн газар хуульд тусгаагүй нэмэлт зохицуулалтыг журамласан, Засгийн газар өөрт нь хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн, тус журам нь усыг ашиглаж буй этгээд буюу “ус ашиглагч”-д хамаарна, маргаан бүхий тогтоолууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6 дахь заасан хэм хэмжээний шаардлагыг хангаагүй ...” гэж тодорхойлон маргажээ.

9.Барилгын тухай (2008 оны) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ““барилгын ажил” гэж бүх төрлийн барилга байгууламжийг барих, өргөтгөл, шинэчлэл, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг”, 3.1.3-т ““барилгын материалын үйлдвэрлэл” гэж барилгын материалын эрдэс, түүхий эд олборлох, материал, бүтээц, эдлэхүүн үйлдвэрлэхийг”, 3.1.4-т ““барилга байгууламж” гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг”, 3.1.14-т ““үе шатны ажил” гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах үйл ажиллагаа тус бүрийн технологийн дарааллын хэсгүүдийг” ойлгохоор, мөн 22 дугаар зүйлийн 22.1-д “Барилгын норм, нормативын баримт бичгийг заавал мөрдөнө” гэж заажээ.

10.Мөн Монгол Улсын Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 107 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар барилгын ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” /БН6Д12-01-09/-ийг баталж, тус норм, дүрмийн 5 дугаар зүйлд барилгын үйлдвэрлэлд бэлтгэх ажилд ямар ажлууд хамаарах талаар тусгасан, үүний 5.3-т барилгын талбайд хийгдэх бэлтгэл ажилд ... талбайг тэгшлэх, ус намгийг хатаах, хөрсний усны төвшинг доошлуулах (зайлшгүй шаардлагатай тохиолдолд хамаарна), 5.5-т “Барилгын үйлдвэрлэлийн бэлтгэл ажлын хүрээнд багтаан гүйцэтгэх барилга байгууламж холбогдох зам талбай, инженерийн шугам сүлжээний геодезийн үндэслэл, тэг тэнхлэг татах, ус намгийг хатаах, хөрсний усны төвшинг доошлуулах, хөрсийг нягтруулах зэрэг ажлуудад тус бүрд нь ажил гүйцэтгэх төсөл (АГТ) боловсруулна” гэж заасан байна.

11.Дээрх Барилгын тухай (2008 оны) хууль, барилгын ажилд мөрдөх барилгын норм ба дүрэм “Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт” /БН6Д12-01-09/-д зааснаас үзэхэд, барилгын ажил гэдэгт бүх төрлийн барилга байгууламжийг барихтай холбоотой үйл ажиллагааг ойлгох ба барилгын ажлыг гүйцэтгэхтэй холбоотойгоор барилгын үйлдвэрлэл явагдаж, барилгын талбайг бэлдэх ажилд хөрсний усны төвшинг доошлуулах ажиллагаа хийгддэг байх бөгөөд энэ тохиолдолд тус компани нь барилгын хөрсний төвшинг доошлуулахаар “усыг шавхан зайлуулах” ажиллагааг хийсэн буюу тухайн барилгын ажлын бэлтгэл үе шатад газрын доорх усыг соруулан, Дунд гол руу цутгасан ..., энэ талаар мөн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ.

12.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулах нь Усны тухай хууль тогтоомжийн зорилт бөгөөд тус хуулиар уг харилцааны оролцогч субъектүүдийг усыг зарцуулах зориулалт, хэрэглээгээр нь (хэрэглэгч, ашиглагч) ялган ангилж, усны (байгалийн) нөөц ашигласны төлбөр төлөх талаар тусгасан бөгөөд уг усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар тогтоох талаар харилцан уялдаатай зохицуулсан.

13.Тухайлбал, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““усны нөөц” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа гадаргын ус болон газрын доорх усыг”, 3.1.24-т ““хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг”, 3.1.27-д ““ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг”, 3.1.28-д ““ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ус ашиглах, хэрэглэх зориулалтаас хамааруулан дараах байдлаар ангилна”, 26.2.1-д “ус хэрэглэгч”, 26.2.2-т “ус ашиглагч” гэж тус тус хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч компани нь хэдийгээр ус ашиглах гэрээтэй хуулийн этгээд биш боловч барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа барилгын суурь хөрсний усыг доошлуулах зорилгоор усыг шавхан зайлуулсныг “усыг ашигласан” гэж үзэхээр байна.

14.Учир нь, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д ус ашиглагч нь ашиг олох зорилгоор үйлдвэрлэлдээ усыг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хамаарахаар заасан, үндсэн үйл ажиллагаа болох барилгын ажил явуулж буй этгээдийн эцсийн зорилго нь “ашиг олох” бөгөөд уг зорилгын хүрээнд газрын доорхи усыг шавхан зайлуулах ажиллагаа нь “тухайн сав газрын усны хэмжээ, нөөцөд нөлөөлөх” үр дагаврыг үүсгэхээс гадна барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулснаар тухайн усыг дахин хэрэглэх боломжгүй буюу усыг шавхан зайлуулснаар “хаягдал ус” бий болж байдаг тул нэхэмжлэгчийг “барилгын зориулалтаар усыг ашигласан” гэж үзнэ.

15.Өөрөөр хэлбэл, тухайн “усны нөөцөд” (байршилд) гүний ус хэлбэрээр тогтож бүрэлдсэн усыг өөр газарт шилжүүлж, төлөв байдлыг өөрчилж байгаа байдал нь “усыг ашиглаж” байгаад хамаарна.

16.Давж заалдах шатны шүүх “... ашиг олох зорилгоор барилгын үйл ажиллагаа явуулж, барилга барихын тулд тухайн барилгын доорх газрын гүний усыг шавхан гаргаж байгаа нь Усны тухай хуульд заасан “ус ашиглагч” этгээдэд хамаарна, ийнхүү газрын доорх хөрсний усыг шавхан зайлуулж ашигласнаараа мөн хуульд заасан “ус ашигласан төлбөр”-ийг төлөх үүргийг хүлээх учиртай” гэж дүгнэсэн нь зөв байх тул нэхэмжлэгчийн “... усыг шавхан зайлуулсан болохоос тухайн усыг ашиг олох зорилгоор боловсруулах, худалдан борлуулах зэргээр үндсэн үйл ажиллагаандаа ашигладаггүй” гэх нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдэж байна.

17.Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17-д ““усны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж усны нөөцийн байгалийн үнэ цэнэ, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг” ойлгохоор, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан “усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах” бүрэн эрхийг Засгийн газар хэрэгжүүлэх бөгөөд уг эрхийн хүрээнд Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоолын 2 дахь хавсралтаар “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг баталжээ.

18.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн (2012 оны) 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно:” гээд 3.Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан усны шоометр тутамд, 7.Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд: в/ усыг шавхан зайлуулах” гэж заасны дагуу усыг ямар зориулалт, хэлбэрээр ашигласнаас хамааран төлбөрийн хувь, хэмжээг тогтоох эрхийг мөн хуулийн 15.3-т “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар, ... тогтооно” гэж зааснаар Засгийн газарт олгожээ.

19.Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох, хөнгөлөх тухай” 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг” баталж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн (2012 оны) 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хязгаарт хамаарах “3.Барилга, барилгын материалын үйлдвэрлэл” болон “7.Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд: в)усыг шавхан зайлуулах” зориулалтаар ашигласан төлбөрийн хувь хэмжээг зохицуулахдаа Тайлбарын 1-д “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулсан тохиолдолд хүснэгтийн 7в-тэй адил тооцногэж, мөн Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолоор Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 302 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг өөрчлөн баталж, тогтоолын хавсралтын 1 дэх хэсгээр Гадаргын ус, 2 дахь хэсгээр Газрын доорх ус ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүрийг тус тус баталсан нь Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиудаар олгосон бүрэн эрхийн хүрээнд гарчээ.

20.Захиргааны хэргийн шүүхээс захиргааны хэм хэмжээний акт хууль зөрчсөн бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдвол уг актыг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох учиртай. Харин нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбарын 1 дэх хэсэг, 2013 оны 327 дугаар тогтоолын хавсралтын ... “Ус шавхан зайлуулах” хэсэг (багана) нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, иймд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөөгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлтэй.

21.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “барилга, барилгын материалын үйлдвэрлэл”-ийн зориулалтад “ус шавхан зайлуулах” гэж тусгайлан заагаагүй боловч “барилга, ... зориулалт”-аар ус ашиглах ерөнхий зохицуулалт тусгагдсан бөгөөд энэхүү тогтоолын Хянавал хэсгийн 13, 14, 15 дахь хэсэгт тайлбарласнаар “барилгын үйл ажиллагаатай холбоотой ус шавхан зайлуулах” ажиллагаа хийгддэг, энэ тохиолдолд “усыг шавхан зайлуулах” төрөлд усны төлбөрийн хувь, хэмжээг “Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд: в)усыг шавхан зайлуулах”-тай адилтган тооцохоор Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбарын 1 дэх хэсгээр нөхөн зохицуулсныг “хуулийн зохицуулалтаас давсан, хэм хэмжээ шинээр тогтоосон ...” гэж үзэхгүй.

22.Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2013 оны 326 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын Тайлбарын 1 дэх хэсэг нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Усны тухай хуулийн агуулга, зорилгод нийцүүлэн журамласан байх тул уг хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

23.Мөн Засгийн газрын 2013 оны 327 дугаар тогтоолоор усны “Ашиглалтын зориулалтыг тооцох итгэлцүүр”-ийг өөрчлөн баталсан нь усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээ, чанар, ашиглалтын хэлбэр, зориулалтыг харгалзан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хязгаарт багтаан усны сав газар тус бүрд ялгавартай тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

24.Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 134 дүгээр[1] тогтоолоор Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан “усны нөөц ашигласан төлбөр”, “усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг тогтоох эрх”-ийн талаар тайлбарлан хэрэглэсэн нь энэхүү маргаанд мөн адил хамаарч байна.

25.Иймд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 221/ШШ2024/30 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Р***” ХХК-ийн төлөөлөгч Т.Б***-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                                 М.БАТСУУРЬ

                                                                                     Ц.ЦОГТ

                                                                                     Х.БАТСҮРЭН

 

[1] “С” ХХК ба Засгийн газар, 221/2021/0005/З, УДШ, (Захиргааны хэргийн танхим), 001/ХТ2021/0134