| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/04658/И |
| Дугаар | 210/МА2025/00595 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2025/00595
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/01418 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн 102,832,000 төгрөг, алданги 13,779,488 төгрөг, нийт 116,611,488 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ПЗ-Д-01/26-189 дугаар орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Поларис апартмент-3 хотхоны Д блок, 1 дүгээр орц, 6 дугаар давхар, ******* хаягт байрлах 64.27 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь гэрээгээр тохирсон төлбөрийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцсон.
1.2.Захиалагч нь гэрээний 2.2-т заасны дагуу орон сууцны төлбөрт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 64,304,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 38,528,000 төгрөг, нийт 102,832,000 төгрөгийг ******* банкин дахь гүйцэтгэгчийн эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлж, үүргээ тогтоосон хугацаанд бүрэн биелүүлсэн.
1.3.Гэтэл гүйцэтгэгчийн зүгээс гэрээний 3.1-т Гэрээний ерөнхий хугацаа 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ, мөн 3.2-т Гүйцэтгэгч тал нь ...орон сууцны барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна гэж заасныг ноцтой зөрчиж, гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ үл ухамсарлаж, орон сууцны барилгыг өнөөдрийг хүртэл ашиглалтад оруулаагүй.
Гүйцэтгэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, нэмэлт хугацаа тогтоох, урьдчилан сануулах шаардлагагүй байх бөгөөд миний захиалсан орон сууцны барилга нь 2023 онд байтугай 2024 онд багтан ашиглалтад орох боломжгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт тодорхой болсон.
Иймээс миний бие гэрээний 6.2.1, 6.2.3-т тус тус заасны дагуу гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, энэ тухайгаа гүйцэтгэгчийн гэрээнд заасан буюу одоогийн оршин байгаа газрын хаягаар нь шуудангаар хүргүүлж, бичгээр мэдэгдсэн. Гүйцэтгэгчийн зүгээс уг шуудангаар хүргүүлсэн гэрээ цуцлах тухай албан бичгийг гардаж авсан боловч хариу өгөөгүй, төлбөр мөнгийг шилжүүлээгүй.
1.4.Гүйцэтгэгч нь захиалагчийн төлсөн 102,832,000 төгрөг, гэрээний 2.2.4-т заасны дагуу 268 хоног /2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал/-т ногдох алданги /хоног тутамд 51,416 төгрөг/ 13,779,488 төгрөг, нийт 116,611,488 төгрөгийг надад буцаан гаргаж өгөх үүрэгтэй.
Хариуцагчийн хариу тайлбар үндэслэлгүй бөгөөд гэрээний 180 хоногийн дараагаас алданги тооцож эхлэх заалт нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.9-д заасан, мөн Иргэний хуульд заасан гэрээний стандарт нөхцөлд тавигдах шаардлагыг хангаагүй, хууль бус заалт тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх тул алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй юм.
Иймд хариуцагчаас 116,611,488 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 268 хоногийн алдангид /нэг хоногийн 0.05 хувийн алданги 54,416 төгрөг/ 13,779,488 төгрөгийг шаардсан.
Гэтэл орон сууц захиалан бариулах гэрээний 3.1-т Орон сууц захиалан бариулах гэрээний ерөнхий хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ, 5.9-д Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн гэрээний 2.2.4 дэх хэсэгт зааснаар 0,05 хувийн алданги тооцно гэж тус тус заажээ. Нэхэмжлэгч ******* нь 268 хоногийн буюу 13,779,488 төгрөгийн алданги шаардах эрхгүй байна. Учир нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр буюу нэхэмжлэл гаргах хүртэл нийт 245 өдөр байх ба үүнээс талуудын байгуулсан гэрээний 5.9-д заасан 180 хоног, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ардын хувьсгалын ойн баяр-6 өдөр, цагаан сар-3 өдөр, олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-1 өдөр, хүүхдийн баяр-1 өдөр, бурхан багшийн их дүйчин өдөр-1 өдөр, нийт бүх нийтээр амрах амралтын 12 өдөр, нийт 192 хоногийг хасаж 53 хоног үлдэж байна. Нийт үнийн дүнгийн 0.05 хувиар алданги тооцоход нэг хоногийн 51,416 төгрөг байх ба үүнийг 53 хоногоор тооцоход алданги 2,725,048 төгрөг байна.
Иймд талуудын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 13,779,488 төгрөгөөс 11,054,440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас 115,223,256 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 781,882 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 741,007 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Иргэн ******* нь ******* ХХК-тай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ПЗ-Д-01/26-186 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээний 3.2-т Гүйцэтгэгч тал нь барилга угсралтын ажил графикийн дагуу хэвийн явагдсан нөхцөлд орон сууцны барилгыг 2023 оны 4 улиралд багтаан ашиглалтад оруулна, 5.9-д Гүйцэтгэгч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй тохиолдолд хүлээлгийн 180 хоногийн хугацаанд шилжинэ. Хүлээлгийн 181 дэх хоногоос эхлэн гэрээний 2.2.4 дэх хэсэгт зааснаар алданги тооцно гэж тус тус харилцан тохиролцож гэрээ байгуулсан атал анхан шатны шүүх шийдвэрлэхдээ тус 180 хоног нь хууль бус зохицуулалт хэмээн үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг баримтлан тус гэрээний 5.9 дэх заалтыг хүчин төгөлдөр бус хэмээн тооцож шийдвэрлэсэн.
Гэтэл шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг баримтлан хэлцэл хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэвэл энэхүү гэрээ нийтээрээ хүчин төгөлдөр бус болж нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй болох байсан. Мөн тус шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг баримталж байгаа бол хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж олох, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй хэмээн заасан тул талуудын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ хүчин төгөлдөр бус болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар алдангийг нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул талуудын байгуулсан гэрээний хүлээлгийн 180 хоногтой холбоотой заалтыг хүчингүй болгож ******* ХХК-аас 2023 оны 4 дүгээр улирлаас хойш 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх алдангийг шаардах эрхгүй ба шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас алданги болох 12,391,265 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариуцагчаас алданги болох 12,391,265 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь гэрээг 3 жилийн өмнө байгуулсан бөгөөд барилга 2 жилийн өмнө ашиглалтад орох ёстой байсан. Гэтэл уг барилга өнөөдрийг хүртэл баригдаж дуусаагүй. Захиалагч иргэн маш их хохирсон. Гэрээний 5.9 дэх хэсэгт Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.12-т зааснаар стандарт нөхцөлд зааж болохгүй нөхцөлийг заасан учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус. Хариуцагч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарласан нь буруу бөгөөд Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төлөөлөгч хүсэл зоригийг хангалтгүй илэрхийлж, хүссэн үр дагаврыг бий болгож чадаагүйгээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах бол төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг илүү харгалзан үзнэ гэж заасан.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн 102,832,000 төгрөг, алданги 13,779,488 төгрөг, нийт 116,611,488 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийн зарим хэсгийг төлөхөөс татгалзаж маргажээ.
3.Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Поларис апартмент-3 хотхоны Д блок, 1 дүгээр орц, 6 дугаар давхар, ******* хаягт байрлах, 64.27 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч ******* нь 102,832,000 төгрөгийг тогтоосон хугацаанд гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг зөв дүгнэсэн.
4.Гэрээний дагуу нэхэмжлэгч 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 64,304,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 38,528,000 төгрөг, нийт 102,832,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.
5.Хариуцагч нь орон сууцны барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зөрчсөн ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар шүүх зөв дүгнэжээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 102,832,000 төгрөг буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.
6.Түүнчлэн гэрээний 2.2.4-т Гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууцыг Захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги захиалагч төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Алданги нь үндсэн үүргийг хангуулахад чиглэгдсэн, үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой үүсдэг арга бөгөөд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох тул алданги шаардах боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан учир хариуцагч ******* ХХК-аас алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.
Гэвч хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа алдангийн шаардлагаас 2,725,048 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу уг шаардлагыг энэ хэмжээнд хангах үндэслэлтэй.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчаас 105,557,048 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулж хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хохиролтой холбоогүй байхад анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримталсан нь буруу тул залруулна. Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүйг мөн залруулна.
Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/01418 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас 105,557,048 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,054,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...741,007... гэснийг 685,735 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ЗОЛЗАЯА