| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 102/2024/05339/И |
| Дугаар | 210/МА2025/00516 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00516
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00277 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-д холбогдох,
48,354,986 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Миний бие нь *******-тай 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан ЛГ/2024/05 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу Орхон аймгийн Баян-Өндөр суманд баригдаж буй 16 давхар барилгын 14,000 м.кв талбай бүхий ханын шавар, ротбанд тэгшилгээний ажлыг нийт 273,000,000 төгрөгөөр гүйцэтгэх, уг дүн нь НӨАТ багтаагүй үнэ байхаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээ хэрэгжих явцад барилгын ажлын дээд талын 6 давхар бүрэн баригдаж дуусаагүй байснаас үүдэн шавардлага хийх талбайн хэмжээ багасч, нийт 7980 м.кв (798м.кв х 10 давхар) талбайг 155,610,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохирсон болно. ******* нь ерөнхий захиалагч компани болох *******-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан шавардлагын ажлыг дээрх байдлаар надаар гүйцэтгүүлэхээр тохирч, надтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, туслан гүйцэтгэгч байдлаар уг төслийн ажлыг гүйцэтгүүлсэн болно. Миний бие *******- тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, заасан хугацаанд, бүрэн гүйцэтгэж дууссан болох нь 2-11 дүгээр давхар тус бүрийн шавардлагын ажлын үр дүнг *******-ийг төлөөлөн захиалагчид хүлээлгэн өгсөн баримтууд болох 2024 оны 06 дугаар сарын 10, 11, 14, 16, 17, 20, 24, 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тус тус үйлдсэн Гүйцэтгэсэн ажил хүлээлцэх акт-аар нотлогдоно. Тус актуудад зааснаар захиалагч нь шавардлагын ажлын чанарыг Хангалттай буюу 100 хувь-ийн гүйцэтгэлтэй хэмээн үнэлж, ажлын үр дүнг хүлээн авсан бөгөөд захиалагчийн зүгээс гэрээт ажлын нийт хөлсийг ерөнхий гүйцэтгэгч болох *******-д Гүйцэтгэсэн ажил хүлээлцэх акт үйлдэх тухай бүрт тогтмол бүрэн төлж барагдуулсан.
Харин ******* нь ерөнхий гүйцэтгэгчийн хувьд захиалагчаас ажлын хөлсөө бүрэн хүлээн авсан атлаа туслан гүйцэтгэгч миний ажлын хөлсийг өнөөдрийг хүртэл гүйцэт өгөлгүй хохироосоор байна. Тухайн үед *******-ийн захирал ******* нь өөрт ажиллах хүчин байхгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч надад зөөвөр хийх хүмүүсийг өөрөө олоод зөөвөр хийлгэчих, зөөврийн мөнгийг тусад нь чам руу шилжүүлье гэсний дагуу би зөөвөр хийх ажилтнуудыг өөрөө олж, зөөвөр хийлгэсэн боловч ******* нь тэдгээр туслах ажилтнуудын зөөврийн мөнгийг над руу шилжүүлээгүй, намайг өөрөөсөө урьдчилаад өгчих, дараа нь бөөнд чамд өгнө гэсэн тул би өөрөөс тэдгээр хүмүүст ажлын хөлс болгож нийт 9,315,000 төгрөгийг төлсөн болно. Үүнээс гадна ажилчдаар зөөвөр хийлгэхэд шаардлагатай ажилчдын бээлий, усны насос, касс, хүрз зэргийг нийт 585,000 төгрөгөөр худалдаж авсан.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 4.3.8-д Захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-ийн алдангийг тооцох эрхтэй, 8.5-д Захиалагч тал төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3%-ийн алданги төлнө гэж заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алданги болох 4,843,986 төгрөг төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Иймд хариуцагч ******* нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, ажлын үр дүнг акт үйлдэн хүлээн авсан атлаа гэрээнд заасан ажлын хөлсний үлдэгдлийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байгаа тул ажил гүйцэтгэх гэрээний 7.1, 4.3.8, 8.5 дахь заалтууд, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 33,611,000 төгрөг, хариуцагчийн өмнөөс гаргасан зардалд 9,900,000 төгрөг, алданги 4,843,986 төгрөг, нийт 48,354,986 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч талын тайлбарын агуулга:
*******-ийг төлөөлж ******* би 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэн *******той *******-ийн 16 давхар барилгын дотор шаврын ажлын гэрээ хийж, 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 10 давхар буюу нийт 7,980 м.кв шаврын ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгч манай компаниас ажиллах, хүчний зардалд 132,599,000 төгрөгийн цалинг олгосон бөгөөд *******-д нэмэгдсэн өртгийн албан татварыг 100 хувь төлсөн болно. Ажил гүйцэтгэх явцад гэрээнд заагаагүй өнгөлгөөгүй шаврын ажил тусгагдсан бөгөөд нийт 1689,1 м.кв талбайг тухайн ажил олгогч компани нь 25 хувиар тооцож олгосон тул 10,920,000 төгрөгийн зөрүү гарч татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах болсон. Үүнийг тухайн үед нь *******-д бичгээр хүргүүлсэн. Энэ ажлын үед миний бие хувийн гачигдлаар Хятад улсад дүүгээ эмчилгээнд авч явсан болно. Энэ хүнд үед огт санхүүжилт аваагүй мэт шүүхэд хандаж байгаад гомдолтой байна. Би *******од мөнгө өгөхгүй гэж хэлээгүй, үлдсэн мөнгийг нь өгнө. Туслах ажилчдын цалин 9,315,000 төгрөг, өнгөлгөөний шавар 122,711,550 төгрөг, өнгөлгөөгүй шавар 24,701,625 төгрөг, нийт 156,728,175 төгрөг болж байна. Одоо 24,129,175 төгрөгийг төлнө гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас 39,354,986 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, үлдэх 9,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 405,272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 354,725 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч *******ын зүгээс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр *******-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.6-т ...хавсаргасан баримт бичгийн жагсаалт...гэж заасан хуулийн заалтыг зөрчиж нэхэмжлэл гаргасан байх ба өөрөөр хэлбэл, хавтаст хэргийн нэгдүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дээрх хуульд заасан хавсаргасан баримт бичгийн жагсаалт тусгагдаагүй байхад Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 102/Ш32024/16020 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж xyyль зөрчсөн. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авч эрх, үүрэг тайлбарласан баримтад гарыг үсэг зурсан байх ба хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан байгаа. Үүнээс үзэхэд анхан шатны шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлаж өгсөн гэдэгт эргэлзэж байгаа. Түүнчлэн, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр багасгаж, үндэслэлээ тодруулж өгсөн байх ба хамтад нь шийдвэрлүүлэхээр тухайн өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.3-т заасан арга хэмжээг хариуцагч *******-д авхуулахаар буюу хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг битүүмжлэх хүсэлт нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хүсэл сонирхол байсан эсэх нь тодорхойгүй.
Хариуцагч *******-ийн захирал ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах агуулга бүхий өөрийн өвчтэй талаарх баримт буюу өрхийн эмнэлгийн магадалгааг хүргүүлсэн боловч анхан шатны шүүх хариуцагчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэхгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж нэхэмжлэгчээс гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй буюу хариуцагч *******-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дүгээр заалтад ...Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас ажлын хөлсөнд *******өд төлсөн 9,000,000 төгрөг хасаж гэж зөв дүгнэсэн мөртлөө хариуцагчаас 39,354,986 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй болсон.
Учир нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өөрийн Худалдаа хөгжлийн банкны ******* дугаар дансны хуулга /хх 12-38/, мөн Голомт банкны ******* тоот дансны хуулга /хх80-81/ нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан үндэслэл зэргээс дүгнэвэл хариуцагч ******* нь өөрийн Голомт Банкны тоот данс захирал *******ын Хаан Банкны ******* тоот данс ******* ******* гэх дансаар нийт 131,099,000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх уг дансны хуулгуудыг буруу дутуу үнэлснээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62, 65 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс өмгөөлөгч авах шаардлагатай юу гэж хариуцагчаас асуудаг байсан ба хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчтэй оролцоогүй. Үүнээс харвал анхан шатны шүүх хариуцагчийг хууль зүйн туслалцаа авах эрхээр хангасан. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй байсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байвал түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим юм. Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулахдаа ямар байдлаар дансанд мөнгө орсон талаарх баримтыг дэлгэрэнгүй хүснэгт, дансны хуулгыг хэрэгт баримтаар өгсөн. Дээрх тооцооллоор 130,999,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгч ...дээрх үйл баримттай холбоотой маргаан байна уу гэж хариуцагчаас асуухад ...маргаан байхгүй гэж хэлсэн. 9,900,000 төгрөгийн ажил нэмэлтээр хийлгэсэн талаар хариуцагч хүлээн зөвшөөрдөг тул ямар нэгэн маргаан байхгүй бөгөөд тогтоогдсон үйл баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, үнэн зөв гарсан гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 48,354,986 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 24,129,175 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ЛГ/2024/05 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ-гээр ******* нь Орхон аймаг Баян-Өндөр суманд баригдаж буй 16 давхар барилгын 14,000 м.кв ханын шавар, ротбанд тэгшилгээний ажлыг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, *******-аас ажлын хөлсөнд 273,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.
/хх4-11/
3. Нэхэмжлэгч нь ...14,000 м.кв талбайн шавар болон тэгшилгээний ажил хийж ажлыг 273,000,000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгэхээр тохиролцсон боловч гэрээ хэрэгжих явцад шавардлага хийх талбайн хэмжээ багасч нийт 7980 м.кв талбайг 155,610,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон тул гэрээний үлдэгдэл хөлс 33,611,000 төгрөг, нэмэлт ажлын хөлсөнд 9,900,000 төгрөг, алданги 4,843,986 төгрөг, нийт 48,354,986 төгрөгийг *******-аас гаргуулна гэж, хариуцагч нь ...2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 10 давхар буюу нийт 7,980 м.кв шаврын ажлыг нэхэмжлэгч нь хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн. Туслах ажилчдын цалин 9,315,000 төгрөг, өнгөлгөөний шавар 122,711,550 төгрөг, өнгөлгөөгүй шавар 24,701,625 төгрөг, нийт 156,728,175 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Нийт ажлын хөлсөнд 132,599,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэх 24,129,175 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэж тус тус тайлбарласан байна.
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Талууд хийсэн ажлын тоо хэмжээний талаар маргахгүй байх боловч ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөний тооцоолол болон нэмэлт ажлын хөлсний талаар тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд ажлын хөлсний тооцооллыг бүрэн хийгээгүй, мөн нэмэлт ажлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.1. Хариуцагч нь, ажлын хөлсөнд 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчид 18,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх боловч энэ талаар нотлох баримтгүй байх тул нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн 17,000,000 төгрөгийн хэмжээнд уг дүнг тооцох үндэслэлтэй гэж үзнэ.
5.2. Иймээс нэхэмжлэгч нь 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 17,000,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 25,000,000 төгрөг, нийт 43,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан ба Хаан болон Голомт банкны дансаар нийт 80,099,000 төгрөгийг хүлээн авч, ажлын хөлсөнд нийт 123,099,000 төгрөгийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
/хх12-38, 80-81/
5.3. Түүнчлэн, гэрч *******, ажлын хөлсний 9,000,000 төгрөгийг хариуцагч талаас хүлээн авсан талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй.
Иймд нийт гүйцэтгэсэн ажлын хөлсний талаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ 156,728,175 төгрөгөөс дээрх ажлын хөлсөнд хариуцагч талаас төлсөн 132,099,000/123,099,000+9,000,000/ төгрөгийг хасч тооцон үлдэх 25,729,175 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
6. Талуудын байгуулсан гэрээний 4.3.8-д Захиалагч тал гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөлгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцох эрхтэй гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгчийн шаардсан алдангид 4,843,986 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.
7. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх явцад гэрээгээр тохиролцоогүй нэмэлт ажлын зардалд 9,900,000 төгрөгийг өөрөөсөө гаргасан гэж хариуцагч талаас нэхэмжилсэн байх боловч уг шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
7.1. Тодруулбал, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар 9,900,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
8. Алдангийн шаардлага нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаагүй тул энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх, болон анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлах шаардлагагүй тул хассан өөрчлөлт оруулна.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг хангахгүй. Учир нь, нэхэмжлэлд хавсаргасан бичиг баримтын жагсаалт тусгагдаагүй нь шүүх иргэний хэрэг үүсгэхгүй байх үндэслэл болохгүй. Мөн хэргийн оролцогчдод зохигчийн эрх үүргийг танилцуулсан баримт авагдсан, нэхэмжлэгч талаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах талаар хүсэлтээ шүүхэд ирүүлсэн, шүүх уг хүсэлтийг үндэслэн хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох тухай захирамж гаргасан зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох журмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны үед даргалагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг асуухад, хариуцагчийн төлөөлөгч *******: хүсэлт гэхээр юу гэсэн үг вэ, би ойлгохгүй байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хариулсан нь шүүхээс зохигчийн эрх, үүргийг тайлбарлаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн, хариуцагчийн төлөөлөгч *******д зохигчийн эрх үүргийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхээс танилцуулсан байна. /хх45-46/ Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 30,473,161 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******од олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,881,825 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 354,725 гэснийг ... 310,316 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,995 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ