| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0202/Э |
| Дугаар | 245 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 245
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Б.Ихтамир, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэйгээр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Иргэдийн төлөөлөгч Б.Гэрэлчулуун,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Хохирогч Т.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа, Л.Цуурай
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Б.Мид холбогдох эрүүгийн 1918000000127 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Б.М /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хэвлэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” зочид буудлын гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Т.Хыг цохиж, газар чирж, өшиглөж эрүүл мэндэд нь зүүн гуяны бохирдсон шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Мийн өгсөн: Т.Х нь зочид буудалд нүцгэн хэвтэж байхаар нь би “бос” гээд цохисон гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Т.Хын өгсөн: Б.Мтой 2014 оны 7 дугаар сард танилцаад хамтран амьдарсан. 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “...............” зочид буудалд ганцаараа унтаж байхад Б.М орж ирээд намайг чирж гаргаад зодож эхэлсэн. Миний хөл, гуя руу зөндөө өшиглөсөн. Бас шатаар бууж байхдаа чирээд байсан учраас би газарт унасан. Б.Мид зодуулсны улмаас гуяны дотор тал хөхөрч хавдсан, биеийн энд тэнд хөхөрсөн байсан. Би гуяны гэмтлээс болоод 20 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 133-134/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1118 дугаартай “Т.Хын биед зүүн гуяны бохирдсон шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралтын сорви гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 141/,
...Т.Хын зүүн талын чамархай орчмоор тэмтрэлтээр эмзэглэлтэй, зүүн нүд орчмоор хөхөрч хавдсан, зүүн шанаа хэсгээр зулгарсан, хүзүүний зүүн талаар маажсан... гэх Т.Хын амбулаториор эмчлүүлэгчдийн карт /1-р хх-ийн 158/,
Хохирогч Т.Х нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 6969 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 169-185/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар,
1.2. Шүүгдэгч Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дугаар багийн 00 дүгээр байрны 00 тоотод хамтран амьдрагч Т.Х, танил Д.Ш, гэрийн эзэн Ц.Ц нартай согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хамтран амьдрагч Т.Хыг Ц.Цтай хардан маргалдаж, толгой, цээж рүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, гавал тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 грамм хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, дагзны хуйхны булчинд цус хуралт, баруун чамархайн хуйх дахь няцарсан шарх, зүүн нүдний зовхи, уруул, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун ташаа, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсны улмаас Т.Х нь төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Хохирогч Т.Сын өгсөн: Талийгаачид насанд хүрээгүй ганц хүүхэд байгаа. Шүүгдэгч мэдүүлэгтээ архинд хамаг буруугаа чихээд байна. Өөрийгөө зөвтгөх гээд байгаа юм шиг тайлбар хэлээд байна. Архи уугаад хүн алж болдог гэсэн зүйл ерөөсөө байхгүй. Оршуулгын зардалтай холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Талийгаач 3-4 жилийн өмнөөс шүүгдэгчтэй хамтран амьдардаг гэж явж байгаа. Талийгаачийн биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт талийгаач нь өөрөө гомдолгүй гэдгээ бичиж өгсөн байсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Д.Шийн өгсөн: ...Б.М нь эргэж орж ирээд Т.Хыг Ц.Цтай хардаад байгаа бололтой янз янзаар хараахад Ц.Ц нь Батжаргалтай гараад явсан. “пизда, чи муу янхан минь Ц.Цтай унтах гээд байгаа юм уу” гэж хараасан. Т.Х нь мөчөөгөө өгөхгүй “чи муу юу гээд байгаа юм. Хуцаад бай чи. Пизда” гээд элдвээр бие биеэ харааж байсан. Тэгээд Б.М нь Т.Хын нүүр, толгой, цээж рүү нь цохиод зодохоор нь би Б.Мийг “болиоч, эмэгтэй хүнийг яагаад ингэж зодоод байгаа юм бэ?” гэхэд Б.М нь “чи юу юм? дуугүй бай, балай галзуу авгай минь” гэж хэлсэн. Т.Хыг буйдан дээр хагас сууж байхад Б.М нь цээж рүү нь өшиглөөд зодоод байсан. Тэгтэл Т.Хын толгойноос цус гарч өмсөж байсан шар өнгийн цамц нь цус болсон. Тэр хоёр зодолдсоныхоо дараа Б.Мөнцоож буйдан дээр унтаад Т.Х буйдангийн харалдаа шалан дээр унтсан. Би хамгийн захад газарт гудас дэвсээд унтсан. Тэгтэл шөнө дунд ч билүү, үүрээр ч билүү Б.М нь “Х, Х” гээд орилоод байхаар нь би хартал Б.М нь “Т.Х өнгөрчихсөн байна шүү дээ” гээд хиймэл амьсгал хийгээд байсан. Т.Хыг Б.Моос өөр хүн зодоогүй. Ц.Ц нь лав миний хажууд Т.Хыг цохиж зодоогүй... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-50/,
Гэрч Ц.Цын өгсөн: ...архи ууж байхад Б.М нь над руу “чи миний эхнэрийг оролдлоо” гэх зэргээр агсараад байхаар нь би гараад явсан. Тэгээд хэдэн минутын дараа гэртээ эргэж хариад хаалгаа онгойлгох гэтэл дотроос нь цоожилсон байсан. Тэгэхээр нь согтуу хүмүүстэй хэрүүл хийгээд яахав гэж бодоод хаалга цохилгүй, хажуугийн байрны зоорийн давхарт Энхээ ахынд очиж хоносон. Тэгээд унтаж байтал 05 цаг өнгөрч байхад эхнэр Б.Мөнхгэрэл, Батжаргал нар орж ирээд “танай гэрт Т.Х нас барсан байна, чи гэртээ очсон юм уу?” гээд намайг дагуулаад цагдаагийн байгууллагад ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/,
Гэрч Б.Мөийн өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан сумын 8 дугаар багийн 9 дүгээр Ёотон байранд ирэхэд миний төрсөн дүү Б.М, Д.Ш, Т.Х нар архи ууж байсан, Батжаргал эрүүл байсан. Ц.Цыг асуухад “мэдэхгүй аль түрүүн гараад явсан” гэж хэлсэн. ...би гэртээ унтаж байхад миний утас руу цагдаагийн албан хаагч залгаад “Ёотонгийн 9 дүгээр байрны 40 тоотыг гаднаас онгойлгох хэрэгтэй байна. Дотор нь хүн нас барсан юм шиг байна” гэж ярихаар нь очиж хаалга онгойлгож өгөхөд дотор нь манай дүү Б.М, Д.Ш, Т.Х 3 байсан. Т.Х нь газар хэвтчихсэн, нас барсан байдалтай байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 59-60/,
Гэрч Т.Аын өгсөн: Талийгаач нь Б.Мтой нийлээд 4 жил болж байгаа. Б.М нь архи уусан үедээ талийгаачийг байнга зодож, дарамталдаг байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,
Гэрч З.Цийн өгсөн: Б.М нь миний охин талийгаач Т.Хтай нийлээд 4 жил болж байгаа. Б.М нь талийгаачийг цохиж зодсон асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 67-68/,
Гэрч Б.Чийн өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед Ц.Ц нь манайд орж ирээд “Манай гэрт согтуу хүмүүс байна. Б.М авгайтайгаа манайд ирсэн байгаа. Би танайд хэсэг зурагт харж сууя” гээд 23 цаг хүртэл зурагт харж сууж байгаад “Би Энхээгийнд очиж унтлаа” гэж хэлээд манайхаас гарсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69/,
Шинжээч Э.Отгончимэгийн өгсөн: Т.Хын биед үүссэн гавал тархины битүү гэмтэл, гавал тархины баруун тал бөмбөлгийн дух зулай чамархай дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 грамм хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, дагзны хуйхны булчинд цус хуралт, баруун чамархайн хуйх дахь няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун ташаанд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уруулын баруун талд 1х0.8 сантиметр улаан шаргал өнгийн тав тогтсон, зүүн шууны урд доод хэсэгт 8х3 сантиметр хэмжээтэй зах ирмэгээр шимэгдсэн бор шаргал туяатай хүрэн ягаан өнгийн цус хуралт тогтоогдсон нь эдгэж байгаа бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. гавал тархины баруун тал бөмбөлгийн дух зулай чамархай дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 грамм хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцралтай хүн 3-4 хоног амьд явах боломжгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71/,
Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 9 дүгээр байр гэх ба уг байранд үзлэгийг эхлэхээр тогтов. Үзлэгээр уг тасалгааны гол хэсэгт дээшээ харсан байрлалтай эмэгтэй хүний цогцос байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 4-8/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 00 дүгээр байрны 00 тоот хэргийн газарт нөхөн үзлэгийг эхлэхээр тогтов... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-12/,
Хэрэг учрал болсон өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр талийгаачтай хамт архи уусан гэх Д.Ш, Б.М, Ц.Ц нарын өмсөж байгаа хувцас, биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 13-22/,
...та хэрэг учрал болсон газар болон Ц.Цын гэрт очиход хэн хэн хаана ямар байдалтай байсныг зааж чадах уу? гэж асуухад “би бүгдийг зааж чадна” гэж мэдүүлсний дагуу гэрч Д.Шийн хамт Дархан-уул аймгийн 8 дугаар багийн нутаг дэвсгэрт очив... гэх гэрч Д.Шийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 27-32/,
Талийгаач Т.Хын хэрэг болох өдөр өмсөж явсан шаргал өнгийн торон ноосон, ханцуйтай цамцыг эд мөрийн баримтаар хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-35/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шаргал өнгийн металл 1 хос ээмгийг хохирогч Т.Ст, ногоон өнгийн хугархай, түшлэгтэй модон сандлыг гэрч Ц.Цад тус тус хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 38-39/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 42 дугаартай “Шинжилгээнд авсан Т.Хын цусны бүлэг OI байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 75/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 105 дугаартай “Шинжилгээнд авсан Т.Хын ходоодны агууламжид 2.9 промилли этилийн спирт илэрсэн болно” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 76/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 104 дугаартай “Шинжилгээнд авсан Т.Хын цусанд 2.3 промилли этилийн спирт илэрсэн болно. Т.Х нь дунд зэргийн согтолттой байна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 77/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаартай “Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл, гавал тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 грамм хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, дагзны хуйхны булчинд цус хуралт, баруун чамархайн хуйх дахь няцарсан шарх, зүүн нүдний зовхи, уруул, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун ташаа, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачийн нас барсан цаг хугацааг шүүх эмнэлгийн эхний үзлэгээр тогтоосон. Талийгаачийн цус нь Анти BA системээр OI бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд 2.6 промилли этилийн спирт илэрсэн нь дунд зэргийн согтолт болно” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 78-80/,
Үзлэгээр цогцсын урт 157 сантиметр, толгойд хар өнгийн өтгөн үстэй, баруун чамархайн хуйханд 1.8х1.2 сантиметр шархтай байв... гэх цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 81-90/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1943 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Б.Мийн гэх цус нь АВО системээр OI бүлгийн харьяалалтай байна. Ц.Цын гэх цус нь АВО системээр AII бүлгийн харьяалалтай байна. Т.Х 45н эм гэсэн бичигтэй хөвөн бамбар 1 ширхэг, Т.Хын гэх хар өнгийн ноосон торкио, саарал өнгийн футболка, Ц.Цын гэх хөх өнгийн жинсэн хүрмэн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Х гэсэн бичигтэй 2 ширхэг тавиур шил, Т.Хын гэх ягаан өнгийн дотоож, хар өнгийн хөхний даруулга, тогтоолд дурдагдаагүй цагийн өнгийн ноосон цамцан дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй. Т.Хын үтрээний гэх арчдас 1 ширхэг, наалдац 2 ширхэг, ягаан өнгийн дотоож, тогтоолд дурдагдаагүй цагийн өнгийн ноосон цамцан дээр эр бэлгийн эс, үрийн шингэн болон биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 99/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1944 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Ц.Ц болон Д.Шийн гэх 10 ширхэг хумснууд дээр тус тус цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 103/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.М болон талийгаач Т.Х нар нь хамтран амьдарч байсан, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч Б.М, хохирогч Т.С, талийгаач Т.Х, гэрч Ц.Ц, Б.Мөнхгэрэл, Т.Ариунжаргал, З.Цэвээнхүү нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...............” зочид буудлын гадна хамтран амьдрагч Т.Хыг цохиж, газар чирж, өшиглөж эрүүл мэндэд нь зүүн гуяны бохирдсон шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Б.Мийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт “2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр талийгаачийг зодоогүй, талийгаачтай цуг архи ууж байхад толгойноос нь цус гарахад талийгаач “хуучин шарх сэдрээд цус гарчихлаа” гэж хэлсэн, миний бие 5 хоногийн өмнө талийгаачийг түлхээд хана мөргүүлж унагаахад талийгаачийн толгойноос цус гарч байсан” гэж мэтгэлцэж байна.
Гэвч шүүгдэгч Б.М нь 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр талийгаач Т.Хтай маргалдаж, түүнийг хардаж, улмаар толгой, цээж рүү нь цохих, өшиглөх зэргээр зодсон үйл баримт нь хэрэгт авагдсан гэрч Д.Шийн “...Б.М нь Т.Хын нүүр, толгой, цээж рүү нь цохиод зодохоор нь би Б.Мийг “болиоч, эмэгтэй хүнийг яагаад ингэж зодоод байгаа юм бэ?” гэхэд Б.М нь “чи юу юм? дуугүй бай, балай галзуу авгай минь” гэж хэлсэн. Т.Хыг буйдан дээр хагас сууж байхад Б.М нь цээж рүү нь өшиглөөд зодоод байсан. Тэгтэл Т.Хын толгойноос цус гарч өмсөж байсан шар өнгийн цамц нь цус болсон. ...шөнө дунд ч билүү, үүрээр ч билүү Б.М нь “Х, Х” гээд орилоод байхаар нь би хартал Б.М нь “Т.Х өнгөрчихсөн байна шүү дээ” гээд хиймэл амьсгал хийгээд байсан. Т.Хыг Б.Моос өөр хүн зодоогүй. Ц.Ц нь лав миний хажууд Т.Хыг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-50/, шинжээч Э.Отгончимэгийн “Т.Хын биед үүссэн гавал тархины битүү гэмтэл, гавал тархины баруун тал бөмбөлгийн дух зулай чамархай дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 грамм хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, дагзны хуйхны булчинд цус хуралт, баруун чамархайн хуйх дахь няцарсан шарх, зүүн нүдний зовхи, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун ташаанд үүссэн зулгаралт, цус хуралт гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уруулын баруун талд 1х0.8 сантиметр улаан шаргал өнгийн тав тогтсон, зүүн шууны урд доод хэсэгт 8х3 сантиметр хэмжээтэй зах ирмэгээр шимэгдсэн бор шаргал туяатай хүрэн ягаан өнгийн цус хуралт тогтоогдсон нь эдгэж байгаа бөгөөд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанаас 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. гавал тархины баруун тал бөмбөлгийн дух зулай чамархай дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 грамм хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцралтай хүн 3-4 хоног амьд явах боломжгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71/-ээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Мийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дугаар багийн 00 дүгээр байрны 00 тоотод хамтран амьдрагч Т.Х, танил Д.Ш, гэрийн эзэн Ц.Ц нартай согтууруулах ундаа хэрэглэж байхдаа хамтран амьдрагч Т.Хыг Ц.Цтай хардан маргалдаж, толгой, цээж рүү нь цохих, өшиглөх зэргээр зодсон үйлдэл нь талийгаач Т.Хын эрүүл мэндэд үүссэн гавал тархины битүү гэмтэл, гавал тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз орчмын хатуу бүрхүүл доорх 63 грамм хэлбэржээгүй хагас бүлэгнэсэн цусан хураа, уртавтар тархины эдийн цусархаг няцрал, баруун чамархай, дагзны хуйхны булчинд цус хуралт, баруун чамархайн хуйх дахь няцарсан шарх, зүүн нүдний зовхи, уруул, хүзүү, зүүн мөр, бугалга, баруун ташаа, зүүн шуунд цус хуралт, зулгаралт бүхий хүнд гэмтэлтэй шалтгаант холбоотой бөгөөд Б.Мийн дээрх үйлдлийн улмаас Т.Х нь төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Т.Хын амь хохирсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С нь шүүгдэгчээс талийгаачийн оршуулгын зардалд 5.639.556 төгрөг нэхэмжилж холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгчөө.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...амь насанд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Моос талийгаачийн оршуулгын зардал болох 5.639.556 төгрөгийг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Ст олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогч Т.С нь шүүгдэгч Б.Моос гэм хор учруулсны төлбөр нэхэмжлэх эрхтэй боловч талийгаачийн насанд хүрээгүй хүүхдэд тэтгэмж гаргуулахтай холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч бөгөөд иргэний нэхэмжлэгч нь гэм хор учруулсны төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай болох нь хэрэгт авагдсан түүний иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 201/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 41/19 дугаартай магадалгаа /1-р хх-ийн 94/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй болох нь хэрэгт авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар хамгийн доод ялыг оноож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх улсын яллагчийн ялын саналтай холбогдуулж хэлэх зүйл байхгүй гэжээ.
Шүүгдэгч Б.Мийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Мийн үйлдсэн хоёр гэмт хэрэгт 2 төрлийн ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 17 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 жил 3 сарын хугацаагаар тогтоож, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 100 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн торон ноосон цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Талийгаач Т.Х нь 8 настай охинтой болох нь Хын Эийн .......... дугаартай төрсний гэрчилгээгээр нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална” гэж заасан байх тул 2010 оны 7 дугаар сарын 04-нд төрсөн, шийтгэх тогтоол гарах үед 8 нас 11 сартай Хын Эд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхийг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт зааснаар 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Мид оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялтай нийцүүлэн тооцож, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 /арван долоо/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Мид оногдуулсан 17 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 100 /нэг зуу/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2-т зааснаар шүүгдэгчээс 5.639.556 /таван сая зургаан зуун гучин есөн мянга таван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б овогт Т.С /РД:, утас: /-т олгож, хохирогч, иргэний нэхэмжлэгч нь гэм хор учруулсны төлбөр гаргуулах нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгд эд мөрийн баримтаар хураагдсан шаргал өнгийн торон ноосон цамцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, 2010 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төрсөн Боржигон овогт Хын Эд асран хамгаалагч тогтоохыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.ИХТАМИР
Н.ИДЭР