Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 246

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Б.Батсүх,

Хохирогч Ш.Т,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,

Шүүгдэгч Ш.С, С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Ш.С, М овогт С.С нарт холбогдох эрүүгийн 1918002400242 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т овогт Ш.С /РД: /, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, М овогт С.С /РД: /, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “................” зоогийн газарт тогооч ажилтай, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Ш.С, С.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ш.Сгийн гэрт Ш.С, Ш.Т нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, С.С нь Ш.Тг ах руугаа дайрч, цохиж зодлоо хэмээн мөн маргалдаж улмаар С.С, Ш.Т нар нь бие биеийнхээ үснээс зулгаах, ноцолдох, газарт унах зэргээр харилцан зодолдсон, Ш.С нь Ш.Т, С.С нарыг салгахаар Ш.Тгийн гар, хөл рүү цохижээ.

Эдгээр үйлдлийн улмаас Ш.Тгийн эрүүл мэндэд нь тархи доргилт, цээжний зүүн өмнө хэсэг, дух, баруун гуя, шилбэ, баруун бугалга, зүүн бугалга, бүсэлхий нуруун дахь цус хуралт, духны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.

Энэ байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ш.Сгийн өгсөн: Хохирогч бол миний төрсөн дүү байгаа юм. Би хохирогчийн нөхөр буюу хүргэнтэйгээ маргалдсан. Хүргэн маань намайг ална гэхээр нь миний уур хүрээд “тэгж ярих юм бол Ш.Т хүний машинд унтаж байгаад, мотороо алдсан шүү дээ” гэж хэлснийг хүргэн н.Ууганбаатар нь дүү Ш.Тд хүнтэй унтаад, мотор алдсан мэтээр буруу ойлгуулсны улмаас манай дүү Ш.Т нь манай гэрт ууртай орж ирээд, миний нүүр, амыг маажиж, нүүр нүдгүй зодоход манай эхнэр С.С нь “чи арай дэндэж байгаа юм биш үү?, ахыгаа ингэж болдог юм уу?” гэхэд Ш.Т манай эхнэрийн гар утсыг аваад шидсэнээс болж, энэ хоёр маргалдаж зодоон болсон. Үснээсээ зулгаацалдсан, би дүүгээ зодъё гэж бодоогүй боловч эхнэр дүү нарыг салгахын тулд дүүгээ гэмтээсэн гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Сгийн өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 23-ны өглөө манай нөхрийн эрэгтэй дүү н.Аг нь орж ирээд “н.У та бид хоёрыг ална” гээд байна гэж хэлсэн. Ш.С н.Уын гар утас руу залгаад “яагаад байгаа юм бэ?” гэхэд “чамайг ална” гэхэд нь “чи яагаад байгаа юм бэ? Ш.Т хүний машинд сууж байгаад мотороо алдчихсан биз дээ?” гэж хэлсэн. Гэтэл удалгүй Ш.Т манай гэрт гүйж орж ирээд, ахынхаа нүүрийг маажиж, цамцыг нь урахыг нь хараад “чи ахыгаа яаж байгаа юм бэ? болиоч” гэж хэлэхэд, “чамд хамаагүй би ахыгаа зодож байна” гэж хэлээд миний гар утсыг шидсэн юм. Би гар утсаа авахаар тонгойход хохирогч миний үснээс зулгаасан учир би хүн юм чинь яаж зүгээр байх вэ эргүүлээд үснээс нь зулгаасан. Бид 2 зууралдаж хамтдаа бор шүүгээ дээр унасан. Тэр үед хохирогчийн тархи доргисон байх. Би хохирогчийг цохиогүй гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Тгийн өгсөн: ...ах намайг хамар халзан н.Бтай машинд нь унтаж байгаад мотор алдсан гэж хэлсэн. Манай нөхөр над руу хараад “чи хүнтэй унтсан байна шүү дээ, танай ах чинь тэгж хэлж байна” гэхээр нь би Ш.С ах дээр очиж “яагаад намайг ингэж хэлсэн юм бэ?” гэж дайрсан. Гэтэл эхнэр нь намайг үстээд авсан, тэгээд бид хоёр зодолдсон. Миний хөл, цээж, нурууг Ш.С барихыг нь бариад, цохихыг цохиж, өшиглөсөн. Харин С.С миний үснээс үстэж, миний нүүрийг маажаад байсан. Би С.Сд гомдолтой, харин ахдаа гомдолгүй, шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Д.Бгийн өгсөн: ...хүү Ш.С нь хүргэн Утай утсаар ярихдаа “танай эхнэр чинь хүний машин дотор шөнө орой хонож молдок ажиллуулж мотороо алдсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл Ш.Т уурлаад “би нэрээ олж авна” гээд гэрээс гараад явсан. Ш.Т нь “миний хүзүү хоолойг маажиж, үснээс минь зулгааж туг тугаар нь унагачихлаа” гэсээр гэртээ буцаж орж ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч Б.Уын өгсөн: ...2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ш.С нь надтай утсаар яриад “чи муу яахаараа намайг ална гэдэг юм бэ? Тэгэж ярих юм бол танай эхнэр Ш.Т алтан дээр шөнө хүнтэй унтаж байгаад мотороо алдсан шүү дээ” гэж хэлэхээр нь би эхнэр Ш.Тд уурлаад гэрээсээ гараад явсан. Тэгээд 18 цагийн үед гэртээ ороход эхнэр Ш.Т нь “Ш.Стэй хэрүүл маргаан хийгээд зодолдоод ирлээ” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Шинжээч Э.Отгончимэгийн өгсөн: С.Сгийн толгойн зулай хэсгийн үс бага зэрэг унасан байсан, хуйханд ил харагдах том талбайд өөрчлөлтгүй, хаван, цус хуралт үүсээгүй байсан тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Шинжээч Д.Туяагийн өгсөн: ...Ш.Тгийн биед учирсан тархи доргилт, цээжний зүүн өмнө хэсэг, дух, баруун гуя, шилбэ, баруун бугалга, зүүн бугалга, бүсэлхий нуруун дахь цус хуралт, духны зулгаралт бүхий гэмтлийн шинж тэмдэг, өнгө зэргээс харахад хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл юм гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 281 дугаартай “Ш.Тгийн биед тархи доргилт, цээжний зүүн өмнө хэсэг, дух, баруун гуя, шилбэ, баруун бугалга, зүүн бугалга, бүсэлхий нуруун дахь цус хуралт, духны зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ш.Тгийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 304 дугаартай “Ш.Сгийн биед баруун хацар, хүзүүнд сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 303 дугаартай “С.Сгийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.С болон өмгөөлөгч Д.Оюунчимэг нар нь хохирогч Ш.Тгийн биед учирсан хөнгөн хохирол хэний үйлдлээс учирсан нь тогтоогдоогүй, шүүгдэгч С.С нь хохирогчийн үснээс зулгаахаас өөр үйлдэл хийгээгүй тул шүүгдэгч С.Сгийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан байх боломжгүй юм. Иймд шүүгдэгч С.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Гэтэл хохирогч Ш.Т нь шүүгдэгч Ш.Сд уурлаж, 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гэрт нь очиж хэрүүл маргаан хийж, шүүгдэгч Ш.С рүү дайрахад шүүгдэгч С.С нь Ш.Тг ах руугаа дайрч, цохиж зодлоо хэмээн маргалдан улмаар С.С, Ш.Т нар нь бие биеийнхээ үснээс зулгаалцаж, зууралдан ноцолдож газарт унасан болон шүүгдэгч Ш.С нь Ш.Тг болиулахаар цохиж, зодсон үйлдлүүд нь Ш.Тгийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, цээжний зүүн өмнө хэсэг, дух, баруун гуя, шилбэ, баруун бугалга, зүүн бугалга, бүсэлхий нуруун дахь цус хуралт, духны зулгаралт бүхий хөнгөн хохиролтой шалтгаант холбоотой, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.С, С.С нарын үйлдлийн улмаас хохирогч Ш.Тгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.С, С.С нарыг бүлэглэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа байнгын шинжтэй үйлдэл юм.

Шүүгдэгч Ш.С нь хохирогч С.Тгийн төрсөн ах, шүүгдэгч С.С нь хохирогч С.Тгийн бэр эгч нь бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн боловч шүүгдэгч, хохирогч нарын хоорондын үл ойлголцол, харилцан бие биенээ үл хүндэтгэснээс үүдэн тэдний хооронд хэрүүл, маргаан үүсэж энэ гэмт гарах шалтгаан болсон ба шүүгдэгч нарын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Тгийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Тгийн өгсөн “...Би С.Сд гомдолтой, харин ахдаа гомдолгүй, шүүгдэгч нараас нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Ш.С, Ш.Т нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ш.С, Ш.Т нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ш.С, Ш.Т нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдох бөгөөд хохирогчийн хэрүүл маргаан үүсгэсэн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Ш.Сд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч С.Сд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргаж, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч Ш.С нь хувиараа алт олборлох ажил эрхэлж байгаа тул торгох ялыг биелүүлэх боломжтой, С.С нь дөнгөж ажилд орсон тул шүүгдэгч нарт тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ш.С, С.С нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.С нь эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгч С.С нь  “................” зоогийн газарт тогооч ажилтай гэх боловч энэ байдлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан үзээд тэдэнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт торгох ял оногдуулсан тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Ш.С, М овогт С.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С, С.С нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.С, С.С нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.С, С.С нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.С, С.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР