Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00599

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/01007 дугаар шийдвэртэй

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******од холбогдох

 

55,861,531 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Манай компани лабораторын тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл болон эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. 2023 онд бизнес эрхлэгч залуучуудын байгууллагын шугамаар *******той анх танилцаж, тухайн үед манай компани БНХАУ-аас VIRTOUSE брендийн РRР төрлийн эмчилгээний шинэ бүтээгдэхүүн оруулж зах зээлд таниулах зорилгоор худалдааны төлөөлөгч хайж байх үед түүнийг уг ажлыг хариуцан ажиллах санал тавьсан. Улмаар *******той 2024 оны 02 сарын 28-ны өдөр борлуулалтын менежер албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2 сарын хугацаатай туршилтаар ажиллуулахаар ажилд авсан.

2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн сарын 3,000,000 төгрөгийн цалинтай байхаар харилцан тохиролцсон бөгөөд ******* 2024 оны 08 сар хүртэл уг ажилд томилогдон ажилласан. Мөн ******* нь ар гэрийн гачигдлын улмаас бага насны хүүхэд харах хүнгүй тул 3 сарын хугацаатай хүүхэд асрагч хөлслөх шаардлагатай гэх хүсэлтийг харгалзан үзэж 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4 дэх сараас сарын 3 хувийн хүүтэй байхаар тохиролцож зээл олгосон.

1.2. ******* нь ажиллах хугацаандаа компанийг төлөөлөн ******* ХХК-тай 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах онцгой эрхийн гэрээ байгуулж, бүтээгдэхүүн захиалгын дүн жилийн 360,000,000 төгрөг, нэг удаагийн захиалга 40,000,000-75,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэтэл тэрээр 2024 оны 05 дугаар сард үндсэн ажилтан болсноос хойш бага насны хүүхэдтэй, хүүхэд асрах хүн олдохгүй байна, гадуур ажлаа хийж байгаа гэх шалтгаанаар ажилдаа ирэх нь багассан. 2024 оны 07 сараас ажилдаа ирэхгүй байсаар 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцлах хүсэлт гаргасныг үндэслэн түүнтэй байгуулсан гэрээг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болгосон. Дээрх хугацаанд хариуцагч нь байгууллагаас олгосон дотоод мэдээлэл болон харилцагч ******* ХХК-тай байгуулсан гэрээг хувийн ашиг сонирхолд ашиглаж хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчид нийлүүлж төлбөрт 7,700,000 төгрөг, манай компанийн 1,980,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүний төлбөрийг бэлнээр авч, нийт 9,680,000 төгрөг хувийн дансаар авч ашиглаж компанийг хохироосон.

1.3. Бид *******од итгэл хүлээлгэн компанидаа авч ажиллуулан цалин хөлс, зээл олгож дэмжиж ажиллуулсан байхад бидний итгэлийг далимдуулж, бизнесийн нэр хүндийг ашиглан хохирол учруулсан. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид учруулсан хохирол болох ******* ХХК-тай байгуулсан хамтран ажиллах онцгой эрхийн гэрээний 4.1.3-т заасны дагуу олох ёстой байсан орлого болон хэрэглээний зээлийн гэрээний төлбөр, байгууллагаас авсан барааны төлбөрийг буцаан гаргуулна. Учир нь ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ******* ажилласан байсан бол манай компани 40,000,000 төгрөгийн орлого олох байсан.

Иймд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 сарыг дуустал олгосон цалин 3,898,250 төгрөг, түүний цалингаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 727,097 төгрөг, уг хугацаанд түүний хэрэглэсэн утасны төлбөр 600,000 төгрөг, байгууллагаас бэлэн авсан барааны үнэ 1,980,000 төгрөг, олох байсан орлого 40,000,000 төгрөг, хэрэглээний зээлийн гэрээний үүрэг 8,656,184 төгрөг, нийт 55,861,531 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 133 дугаар зүйлийн 133.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч *******од холбогдох 47,205,347 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******од холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,656,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 437,260 төгрөгөөс 283,811 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 153,449 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч нь ...ажилтан *******ын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарыг дуустал хугацаанд хэрэглэсэн утасны төлбөр 600,000 төгрөгийг компани төлсөн, уг хугацаанд тэрээр ажиллаагүй тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулна гэх тайлбар үндэслэлгүй. Хэрэгт ажилтны өмнөөс утасны төлбөр төлсөн талаарх баримтаа гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт ******* ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан бөгөөд хариуцагч *******ын Хаан банкны ******* тоот төгрөгийн дансанд ******* ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр унаа, утасны төлбөрт 200,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр утас, унаа, ХБ 200,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр унаа, утас 150,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Энэхүү депозит дансны хуулга нь ажилтны утасны төлбөрийг төлсөн баримт мөн болохыг нотлох бөгөөд энэ талаар хариуцагч маргадаггүй.

4.2. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс ..ажилтан ******* нь ажил үүргээ хөдөлмөрийн гэрээнд зааснаар гүйцэтгэсэн байсан бол ******* ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу манай компани 40,000,000 төгрөгийн орлого олох байсан. Тэрээр ажлаа гүйцэтгээгүй орхин явсан учраас олох байсан орлого 40,000,000 төгрөг авч чадаагүй гэж тайлбарлаж, уг мөнгөн хөронгийг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагаа баримтаар нотлоогүй ба ажилтан ******* ажлаас чөлөөлөгдсөн эсэхээс үл хамааран ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний харилцаа хэвээр байна. Уг хамтран ажиллах гэрээг ажилтан ******* компанийг төлөөлөн байгуулсан нь уг гэрээний үүрэг ажилтанд шилжихгүй буюу ******* ХХК болон ******* ХХК-иудад үлдэнэ. Гэвч ******* манай компанийг төлөөлөн ******* ХХК-тай гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.18-т ажилтан нь эрхэлж буй ажил үүргийнхээ хүрээнд тавигдах шаардлагыг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй гэж зааснаас үзэхэд ******* нь өөрийн хөдөлмөрийн гэрээний дагуу үүргээ биелүүлэн ажиллах ёстой байсан ч тэгж чадаагүйн улмаас тухайн хохирол манай компанид гарсан тул шаардах эрхтэй, үүнийг хариуцагч нь бүрэн хүлээн зөвшөөрдөг.

4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасны дагуу хариуцагч талаас ямар нэг тайлбар гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т 72.3-т хариуцагч нэхэмжпэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаапдлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрч тухайн төлбөрийг төлөхөө бүрэн илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзахгүйгээр шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.4. Зээлийн гэрээний үүрэгт 8,656,184 төгрөгийг МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитраар шийдвэрлүүлэх эрх нээлттэй гэж тайлбарлажээ. Гэвч шүүхээр мөн шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа хариуцагчид мэдэгдэж хариуцагч тал тухайн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шүүхээр шийдвэрлүүлэхийг зөвшөөрч шүүхэд хандсан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн зүгээс ямар шалтгаанаар 55,000,000 төгрөгийг нэхэмжилснийг мэдэхгүй байна. Харин би зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд маргаан үүссэн тохиолдолд арбитрын шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Би ганц бие эцэг учраас ганцаараа хүүгээ өсгөдөг, тухайн үед би өөрөө ажилд оръё гэж хэлээгүй байхад ******* ХХК-аас надад ажлын санал тавьсан. Хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээнд ямар шалтгаанаар би буруутай болж байгаагаа сайн мэдэхгүй байна. Тухайн компанид ажиллаж байхдаа би захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Намайг тухайн байгууллагад анх ажилд орох үед гүйцэтгэх захирал гэх нэрийн хуудас гаргаж өгсөн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******од холбогдуулан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 сарыг дуустал хугацаанд олгосон цалин 3,898,250 төгрөг, түүнээс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 727,097 төгрөг, уг хугацаанд хэрэглэсэн утасны төлбөр 600,000 төгрөг, байгууллагаас бэлэн авсан барааны үнэ 1,980,000 төгрөг, олох байсан орлого 40,000,000 төгрөг, хэрэглээний зээлийн гэрээний үүрэгт 8,656,184 төгрөг, нийт 55,861,531 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******той 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь ******* ХХК-ийн борлуулалтын менежерийн ажил албан тушаалд туршилтын 2 сарын хугацаагаар 2,000,000 төгрөгний цалинтай, 3 дахь сараас 3,000,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон байна. /хх-ийн 6-14/

 

3.2. Дээрх туршилтын гэрээний хугацаа дуусмагц талууд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, гэрээний хугацааг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, үндсэн цалинг 3,000,000 төгрөг, борлуулалтын төлөвлөгөөний биелэлт 30 хувиас доош бол үндсэн цалин 2,700,000 төгрөг байхаар тохиролцсон.

 

3.3. Хөдөлмөрийн гэрээ байгуулсантай холбоотойгоор ******* ХХК нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******* тоот тушаал гаргаж *******ыг энэ өдрөөс борлуулалтын менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаар томилсон байна. /хх-ийн 15-24/

Анхан шатны шүүх талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлээ хариуцагч *******ыг 2024 оны 07 дугаар сард ажилдаа ирээгүй тул олгосон цалин 3,898,250 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 727,097 төгрөг, утасны төлбөр 600,000 байгууллагаас авсан барааны үнэ 1,980,000 төгрөг нийт 7,205,347 төгрөг буцаан гаргуулна гэж тайлбарласан.

 

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ыг ажил тасалсан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

4.2. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ХХК-д 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд ажилласан, улмаар талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч байгууллагаас уг хугацааны цалин хөлс олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас 4,625,347 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д Ажил олгогч нь ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүрэгтэй гэж заасан. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 07 сарыг дуустал хугацаанд ажилласан байх тул уг хугацаанд олгосон утасны төлбөр болох 600,000 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэж шүүх энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Нэхэмжлэгч байгууллага нь ...******* ажиллаж байх хугацаандаа байгууллагаас 1,980,000 төгрөгийн бэлэн бараа авсан, уг барааны үнийг төлөөгүй, мөн хариуцагч ажил үүргээ хөдөлмөрийн гэрээнд зааснаар гүйцэтгэсэн бол ******* ХХК-тай байгуулсан гэрээний дагуу манай компани 40,000,000 төгрөгийн орлого олох байсан... гэж тайлбарласан.

5.1. ******* ХХК-ийг төлөөлөн *******, ******* ХХК нарын хооронд 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах онцгой эрхийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр VIRTOUSE брендийн РRР төрлийн мал амьтаны эмчилгээний бүтээгдэхүүнийг ******* ХХК-аас ******* ХХК-д нийлүүлэх, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх болон сургалт хийхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 31-32/

5.2. Хариуцагч ******* ажлаас чөлөөлөгдсөнөөс үл хамааран ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний харилцаа хэвээр байхаас гадна дээрх гэрээг хариуцагч ******* нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж байгуулсан байх тул уг гэрээний үүрэг ажилтанд шилжихгүй гэж шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан олох байсан орлого 40,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв болсон. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ аж ахуйн нэгж, байгууллагад өөрийн буруугаас эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтны гэм бурууг эрх бүхий байгууллага болон дотоод хяналт шалгалтаар тогтоосон байхыг шаардах ба аливаа хохирол учруулсан тохиолдолд хэний гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан болохыг урьдчилан тогтоосон байхыг шаардана.

5.3. Түүнчлэн, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******ын эд хөрөнгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдлийг тогтоолгохоор эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй, мөн дотоод хяналт шалгалтаар тогтоосон баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн хариуцагч нь 1,980,000 төгрөгийн бэлэн бараа авч үнийг төлөөгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь 10,000,000 төгрөгийг зээлдэгч *******олд 6 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон. /1-р хх-ийн 25-26/

 

6.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байв.

6.2. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 7.1-д энэ гэрээтэй холбоотой аливаа маргаантай асуудлыг Монгол Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрт түүний арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрүүлэхээр тохиролцжээ.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн тохиолдолд шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан бөгөөд уг нөхцөл байдал хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. Анхан шатны шүүх хариуцагч *******од холбогдох зээлийн гэрээний үүрэг 8,656,184 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШШ2025/01007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 437,258 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ