Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2025/00593

 

 

  

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01192 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

5,369,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь 2024.03.15-ны өдөр ******* ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байрлах ******* уурхайд уурхайн даргын албан тушаалд томилогдсон.

Ажил олгогч нь Ланд круйзер 300 маркийн, (одоо ) улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажил үүргийн хэрэгцээнд ашиглуулахаар хариуцуулан өгсөн. Нэхэмжлэгч нь компанийн захирлын даалгасны дагуу тээврийн хэрэгсэлд өөрийн зардлаар нийт 10,469,000 төгрөгийн үйлчилгээ хийлгэсэн. Үүнд: 2024.04.09-ний өдөр гадна дотор МАТ XPEL брэндийн хуулга 4,500,000 төгрөгөөр ******* ХХК-аар наалгасан, бүтэн доторлогоо битүүмжийг 1,800,000 төгрөгөөр ******* ХХК-аар хийлгэсэн, түлшний эко системийг 1,489,000 төгрөгөөр ******* ХХК-аар суурилуулсан, 2024.04.11-ний өдөр савхин бүрээс, шалавч нийт 1,880,000 төгрөгөөр гэх газраар хийлгэсэн, 2024.05.14-ний өдөр ялаа шумуулаас хамгаалах тор 150,000 төгрөгөөр хийлгэсэн, 2024.06.06-ны өдөр урд нүүрийг 650,000 төгрөгөөр ******* ХХК-аар будуулсан, дээрх зүйлсийг тээврийн хэрэгслээс салган авах боломжгүй, салган авсан ч өөр зүйлд ашиглах боломжгүй юм.

1.2.Нэхэмжлэгч нь 2024.07.01-ний өдөр ажлаас гарч тээврийн хэрэгслийг бүрэн хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь тус тээврийн хэрэгсэлд хийгдсэн засвар, үйлчилгээний төлбөрийг бүрэн олгоогүй, 5,100,000 төгрөгийг барагдуулсан ч 5,369,000 төгрөгийг өгөөгүй, удахгүй өгнө гэсээр өдийг хүрсэн гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* нь ******* ХХК-тай 2024.03.15-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байрлах Бүдүүн ухаа уурхайд уурхайн даргын албан тушаалд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаандаа компанийн Ланд круйзер 300 маркийн, улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж байсан.

2.2.******* ХХК-ийн захирлын Б/191 дугаар тушаалаар 2024.06.17-ны өдрөөр тасалбар болгон *******ийг үүрэгт ажлаас чөлөөлсөн ба компанитай тооцоо нийлэхэд тээврийн хэрэгсэлд зөвшөөрөлгүйгээр, өөрөө дур мэдэн үйлчилгээ хийсэн байсан. Доторлогоо битүүмж 1,800,000 төгрөг, эко систем 1,489,000 төгрөг, савхин бүрээс 680,000 төгрөг, шалавч 600,000 төгрөг, ялаа шумуулын тор 150,000 төгрөг, урд нүүрийг солиулсан зардал 381,000 төгрөг нийт 5,100,000 төгрөгийг санхүүгийн анхан шатны баримтуудад тулгуурлан тохиролцож 2024.09.18-ны өдөр *******ийн банкны ******* тоот дансанд шилжүүлсэн.

2.3.******* ХХК-аас *******ид 2024.04.09-ний өдөр гадна дотор МАТ XPEL брэндийн хуулга наалгуулсан гэх 4,500,000 төгрөгийг төлж чадахгүй гэдгээ анхнаасаа хэлж ******* уг мөнгийг авахгүй байхаар тохиролцсон. Учир нь тээврийн хэрэгслийг ******* ХХК-аас шинээр худалдан авч нэхэмжлэгчид өгсөн ба ямар нэгэн сэв зураас, элэгдэл байхгүй. Нэхэмжлэгчийн наалгуулсан хуулга нь автомашины өнгийг халтартуулж хуучин мэт харагдуулдгаас гадна тээврийн хэрэгслийг хүлээж авахад энд тэндээ хуйларч муудсан байдалтай, нисдэг хорхой шавж наалддаггүй сайн хуулга гэж ******* хэлсэн боловч худал байсан. Мөн компани уг хуулгыг хуулахад 1,200,000 төгрөг, шинэ гялгар хуулга наалгахад 5,800,000 төгрөг нийт 7,000,000 төгрөгөөр солиулсан.

2.4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-аас тээврийн хэрэгсэлд эд зүйл худалдан авсан болон үйлчилгээний зардал нийт 5,100,000 төгрөгийг гаргуулан авч, наалгасан хуулганы зардал 4,500,000 төгрөгийг авахгүй байхаар тохиролцож авлагын үлдэгдэлгүй болсон.

Иймд ******* ХХК нь *******ид өгөх өр төлбөр байхгүй учир нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-аас 5,369,000 төгрөг гаргуулахыг хүссэн *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182,454 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.*******нь ******* ХХК-д 2024.03.15-ны өдрөөс 2024.07.01-ний өдрийг хүртэл туршилтаар ажиллах хугацаандаа тус компанийн Ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгслийг ашиглаж байсан ба гүйцэтгэх захирлын амаар мэдэгдсэний дагуу хадгалах, арчлах, засан сайжруулах зорилгоор 2024.04.09-2024.06.06-ны өдрийн хооронд хийлгэсэн нийт 10,469,000 төгрөгийн үнэлгээ бүхий доторлогоо, битүүмж, эко систем, савхин бүрээс, шалавч, ялаа шумуулаас хамгаалах тор, урд нүүр будуулах, хамгаалалтын хуулга наалгуулах зэрэг салган авах боломжгүй засвар, үйлчилгээний зардлаас компанийн төлсөн 5,100,000 төгрөгийг хасч 5,369,000 төгрөг нэхэмжилсэн.

4.2.Зохигч дээр дурдсан зүйлсээс хамгаалалтын хуулганы үнийг шаардах эрхтэй талаар маргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт заасан эзэмшигчийн шаардах эрх үүсээгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын хүрээнд хамгаалалтын хуулга наалгуулсан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Үндэслэх хэсгийн 10-13шүүх туршилтын хугацаанд ажиллаж байгаа ажилтан байгууллагын тээврийн хэрэгслийг хамгаалах зорилгоор өөрийн зардлаар, өөрийн хүслээр 4,500,000 төгрөгийн хамгаалалтын хуулга наалгуулсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм.

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж заасан нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хүрээнд эд хөрөнгө эзэмшиж байгаа этгээдэд ч мөн хамаарна гэж үзэж байна. Тус үндэслэлээ шүүх тайлбарлахдаа "Үндэслэх" хэсгийн 12-д "Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа түүнийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй. Энэ зардал нь эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглахад шаардагдах зайлшгүй зардал буюу арчилсан, засан сайжруулсан явдал өмчлөгч болон эзэмшигчийн хэн алиных нь хэрэгцээ шаардлага байсан тохиолдолд хамаарна" гэж дүгнэжээ. Гэвч тус хуульд "зайлшгүй зардал гэх үг тусгагдаагүй төдийгүй тус хамгаалалтын хуулга нь хадгалах, арчлах, засан сайжруулахад чиглэсэн зайлшгүй зардал мөн бөгөөд ямар нэгэн гоёл чимэглэлийн үүрэгтэй дагалдах хэрэгсэл биш юм. Учир нь хариуцагч байгууллагын үйл ажиллагаа явуулдаг байршил буюу Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байрлах ******* гэх уурхай нь шороон замаар зорчдог, салхи шуурга ихтэй, автомашинд сэв зураас үүсэх өндөр эрсдэлтэй тул шинэ автомашинд зайлшгүй хамгаалалтын хуулга наалгуулах шаардлагатай. Хамгаалалтын хуулгыг нэхэмжлэгч 2024.04.09-ний өдөр наалгуулсан бөгөөд хариуцагчийн баримтаас үзвэл 2024.10.01-ний өдөр солиулсан буюу 6 сарын турш ашигласан байна. Ийнхүү шүүх хуулийг буруу тайлбарласан, зөв хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Хариуцагч тал нэхэмжлэгчид тус тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн, ажлаас гарах үед нь хүлээн авсан талаар маргаагүйгээс үзвэл нэхэмжлэгчид Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан эзэмшил үүссэн гэж үзэх үндэслэлтэй юм. Ийнхүү эзэмшил үүссэн тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д заасны дагуу шаардах эрх ч мөн нэхэмжлэгчид үүссэн гэж үзэж байна.

4.3.Түүнчлэн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14-д "...урд талын нүүр будуулсан 650,000 төгрөгөөс 381,000 төгрөг нийт 5,100,000 төгрөгийг өгөхөөр, харин гадна дотор талд наалгуулсан хамгаалалтын хуулга нь чанарын шаардлага хангахгүй, өнгө үзэмж алдагдуулж байсан учир түүний үнэ 4,500,000 төгрөгийг авахгүй байхаар харилцан тохиролцсон. Дараа нь бид тээврийн хэрэгсэлд наалгасан хуулгыг шинээр сольсон... гэсэн тайлбарыг нэхэмжлэгч *******оос няцаан үгүйсгэж чадаагүй болно" гэсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 4,500,000 төгрөгийг өгөхгүй байх ямар нэгэн тохиролцоо огт байхгүй ба шүүхээс нотлох боломжгүй, нотлох баримтгүй үйл баримтад дээрх дүгнэлтийг гаргасан нь учир дутагдалтай юм. Дахин дурдахад өмнө нь ямар нэгэн төлбөр тооцоо дуусгавар болсон тохиролцоо, хэлцэл хийлгүйгээр 5,100,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн ба хэрэв тийм тохиролцоо байсан бол үүнийг хариуцагч нотлох үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 5,369,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.******* нь ******* ХХК-тай 2024.03.15-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд байрлах ******* уурхайд уурхайн даргын албан тушаалд томилогдон 2024.06.17-ны өдрийг хүртэл ажилласан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсчээ.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д ажил олгогч нь ажилтныг ажлаар хангаж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, баримт бичиг, бусад зүйлээр хангах, зааварчилгаа өгөх үүрэгтэй гэж заасан ба энэ үүргийн хүрээнд ******* ХХК-аас Ланд круйзер 300 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ажлын хэрэгцээнд *******ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгсэлд өөрийн зардлаар үйлчилгээ хийлгэсэн бөгөөд хариуцагч нь тээврийн хэрэгслийн доторлогоо битүүмж 1,800,000 төгрөг, эко систем 1,489,000 төгрөг, савхин бүрээс 680,000 төгрөг, шалавч 600,000 төгрөг, ялаа шумуулын тор 150,000 төгрөг, урд нүүрийг солиулсан зардал 381,000 төгрөг, нийт 5,100,000 төгрөгийг 2024.09.18-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

5.Хариуцагч нь 2024.04.09-ний өдөр наалгасан гадна дотор хуулга 4,500,000 төгрөг, мөн савхин бүрээс, шалавчны нийт үнээс 600,000 төгрөг, урд нүүр будуулсан зардлаас 269,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөс татгалзсан нь маргааны зүйл болжээ.

Хөдөлмөрийн гэрээний хүрээнд ажил олгогчийн шилжүүлсэн тээврийн хэрэгслийн ашиглалттай холбоотой ажилтны гаргасан зардал нь хуульд заасан ажилтныг шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бусад зүйлээр хангах ажил олгогчийн үүрэгт хамаарахаар байх тул тус маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг баримтлах нь оновчтой. Анхан шатны шүүх эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйн эзэмшлийн талаарх зохицуулалтыг маргаанд хэрэглэсний улмаас үйл баримтыг алдаатай дүгнэсэн байх тул дор дурдсанаар залруулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай.

5.1.Нэхэмжлэгч нь савхин бүрээс, шалавчид нийт 1,880,000 төгрөг зарцуулсан болохыг 88086058 гэсэн утга бүхий гүйлгээг үндэслэн эргэлзээгүй байдлаар дүгнэх боломжгүй, мөн урд нүүрийн засвартай холбоотой Оношилгоо, засвар үйлчилгээний хуудасны хавсралт №RO2405-37941 баримт, 6058UAU гэсэн утга бүхий гүйлгээ нь үнийн дүн зөрүүтэй, тээврийн хэрэгслийн дугаар өөр байх тул уг засварт 650,000 төгрөг төлөгдсөн гэж үзэхээргүй байна. Энэ үндэслэлээр зөрүү төлбөр 869,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2.Харин гадна дотор хуулга 4,500,000 төгрөгийн хувьд, ******* ХХК-ийн ЗМ, засвар үйлчилгээний хуудасны хавсралт №RO2404-35010 баримт, 1743UЕU гэсэн утга бүхий дансны гүйлгээг харьцуулахад эдгээр баримт нь тухайн засвар үйлчилгээнд хамааралтай байх тул нэхэмжлэгч уг зардлыг бодитой төлсөн гэж үзэв.

5.3.Хариуцагч 4,500,000 төгрөгийг төлж чадахгүй гэдгийг анхнаасаа нэхэмжлэгчид хэлж нэхэмжлэгч уг мөнгийг авахгүй байхаар тохиролцсон, нэхэмжлэгчийн наалгуулсан хуулга автомашины өнгийг халтартуулж хуучин мэт харагдуулдгаас гадна тээврийн хэрэгслийг хүлээж авахад энд тэндээ хуйларч муудсан байдалтай, нисдэг хорхой шавж наалддаггүй сайн хуулга гэсэн нь худал байсан гэж татгалзсан боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

5.4.Иймээс тээврийн хэрэгсэлд хуулга наалгасны зардал 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 4,500,000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, түүний давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/01192 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 869,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтад ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 86,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,854 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА