| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0168/Э |
| Дугаар | 247 |
| Огноо | 2019-06-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 247
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Б.Сүрмандах,
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Б овогт С.Ат холбогдох эрүүгийн 1818004110137 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт С.А /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зүтгүүрийн техникч мэргэжилтэй, ...........байгууллагад ажилтай, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ нь шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.А нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт байрлах ........... байгууллагын ажилчдын хувцас солих өрөөнд засварчин Б.Мын хувцасны шүүгээнээс 680.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй Пи-8 загварын гар утсыг авч, иргэн Ц.МОод 150.000 төгрөгөөр худалдсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Аийн өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 17-ны өглөө ажлаасаа буух үедээ хувцасны шүүгээнд унтраасан байсан гар утсыг авсан. Би 2 хоног амраад эргэж ажилдаа ирэхэд гар утас алга болсон талаар ажилчдын дунд яриа гарсан байсан тул хохирогчоос санаа зовоод буцаагаад уг гар утсыг өгч чадаагүй. Ийм хэрэг хийсэндээ харамсаж, гэмшиж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Б.Мын өгсөн: 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажил дээрээ байж байгаад гар утасны цэнэг дуусахаар нь ажилчдын хувцас солих өрөөн дэх өөрийн хувцасны шүүгээнд гар утсаа хийсэн. Тэгээд ажил тараад хувцсаа солих гээд шүүгээгээ нээтэл миний гар утас байхгүй байсан. Тэгээд хамт ажиллаж байсан хүмүүсээс гар утсаа асуухад бүгд мэдэхгүй гэсэн. ...Цагдаагийн байгууллагаас миний гар утсыг олоод 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр надад хүлээлгэж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 25/,
Иргэний нэхэмжлэгч Ц.МОын өгсөн: ...С.А нь Хуавэй Пи-8 загварын гар утас олсон зараад өгөөч гэхээр нь би ээждээ уг гар утсыг 150.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Би гар утасны төлбөрийг С.Аийн данс руу шилжүүлсэн. С.А нь миний 150.000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн тул надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
Гэрч Л.Хын өгсөн: ...6 дугаар сарын 02-ны өдөр манай хүү Ц.МО нь “ээж таны гар утас гацаад ярьж болохгүй байвал энэ гар утсыг ав” гээд Хуавэй Пи-8 загварын гар утсыг надад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 48/,
Гэрч Б.Хийн өгсөн: Манай гэр бүлийн хүн болох Б.М нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гар утсаа хулгайд алдчихлаа гэж над руу утсаар хэлсэн. Уг гар утсыг зээлээр аваад нэг сар орчим ашиглаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51/,
Шүүгдэгч С.Аийн яллагдагчаар өгсөн: ...ажлаасаа буугаад ажилчдын хувцас солих өрөөнд хувцсаа солиод гарах гэхэд Б.Мын хувцасны шүүгээ онгорхой дотор нь хар өнгийн Хуавэй загварын гар утас байхаар нь авчихсан. Тэгээд Ц.МО руу “гар утас олсон, зараад өгөөч” гэж яриад Улаанбаатар луу гар утсыг хот хооронд явдаг унаанд өгч явуулсан. Хоёр хоногийн дараа Ц.МО нь над руу залгаад “гар утсыг 150.000 төгрөгөөр зарчихлаа” гээд над руу мөнгө шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 83-84/,
Гэрч Л.Хаас хар өнгийн шилэн наалттай Хуавэй гэсэн бичигтэй, дэлгэцийн зүүн хэсгээр 1 см цуурч гэмтсэн ухаалаг гар утсыг хураан авав гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 64/,
Гэрч Л.Хаас хураан авсан хар өнгийн шилэн наалттай Хуавэй гэсэн бичигтэй, дэлгэцийн зүүн хэсгээр 1 см цуурч гэмтсэн ухаалаг гар утсыг хохирогч Б.Мд хүлээлгэн өгөв гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 65/,
Хохирогч Б.М нь “Юнител” ХХК-аас Хуавэй Пи-8 загварын гар утсыг зээлээр худалдан авсан тухай гэрээ /хх-ийн 5/,
“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “иргэн Б.Мын эзэмшлийн Хуавэй Пи-8 загварын хуучин гар утас 680.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/,
Иргэний нэхэмжлэгч Ц.МОоос гар утасны төлбөр болох 150.000 төгрөгийг шүүгдэгч С.Аийн Голомт банкны .................. дугаарын данс руу шилжүүлсэн тухай шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нарын дансны хуулга /хх-ийн 74, 76/,
........................ байгууллагын ажлын график /хх-ийн 150-185/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч С.Аийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Дархан-Уул аймагт байрлах .............. байгууллагын ажилчдын хувцас солих өрөөнд засварчин Б.Мын хувцасны шүүгээнээс 680.000 төгрөгийн үнэ бүхий Хуавэй Пи-8 загварын гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар буюу өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул С.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Мд 680.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ц.МОод 150.000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба хохирогч нь гар утсаа буцаан авсан, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгчийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Мын “...Цагдаагийн байгууллагаас миний гар утсыг олоод 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр надад хүлээлгэж өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 25/, иргэний нэхэмжлэгч Ц.МОын “...С.А нь миний 150.000 төгрөгийг бэлнээр буцааж өгсөн тул надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.А нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч С.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ........... байгууллагад ажилтай зэрэг хувийн байдал нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88/, ............ байгууллагын хүний нөөцийн тасгийн даргын тодорхойлолт /хх-ийн 104/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Ат 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгч нь би банкны зээлтэй учир ажлаа сайн хийж зээлээ төлөх шаардлагатай байна гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч С.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан үзээд түүнд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
4. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР