| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2024/08704/И |
| Дугаар | 210/МА2025/00517 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00517
******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/00989 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 76,841,087 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Зээлдэгч ******* нь ******* банк ХК-ийн Толгойт тооцооны төвтэй 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/202045439536 тоот зээлийн гэрээг байгуулж, 60,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, бизнесийн шуурхай бичил зээлийн зориулалтаар, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/202146319343 тоот зээлийн гэрээг байгуулж, 50,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, ажлын байрыг дэмжих зээлийн зориулалтаар тус тус зээлсэн.
Дээрх гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний эргэн төлөлтийн хуваарь болон хүүнд өөрчлөлт оруулсан.
1.2.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр БГҮ/202045439536 тоот, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр БГҮ/202146319343 тоот барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/ байгуулж, *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 хороо, 2-36 байр, *******од байрлах, 16.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, БГХ202045439536 тоот, БГХ2021/46319343 барьцааны гэрээ /хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/ байгуулж, гэрийн эд хогшил болон бараа материал, ирээдүйд орж ирэх бизнесийн орлого зэргийг тус тус барьцаалуулсан.
1.3.Зээлдэгч ******* нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй ба банкны зүгээс нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй.
Тиймээс зээлдэгч *******гаас зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 76,481,087 төгрөгийг гаргуулж, барьцааны гэрээний дагуу *******, ******* нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:
Би Орбитод хүнсний худалдаа үйлчилгээ эрхэлдэг, ******* банк ХК-аас хүнсний бараа үйлчилгээний зориулалтаар зээл авсан нь үнэн. Тухайн байгууллагаас бодсон хүү, үлдэгдэл төлбөрийн хэмжээний тухайд маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Ковидын үе таарч ажил маань зогссон тул зээлийн хүүг бууруулж, хугацаа олгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
******* зээлээ хурдан төлөөд барьцаа хөрөнгийг маань аваад өгнө гэж хэлсэн тул *******д итгээд ******* бид хоёр өөрсдийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 2-36 байр, *******од байрлах, 16.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан. Өмнө нь *******тай уулзаж зээлээ төлсөн эсэх талаар асуухад зээлээ төлөөд дууссан, удахгүй байрыг барьцаа хөрөнгөөс чөлөөлнө байх гэж байсан. ******* бид хоёрт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие барьцаа хөрөнгө болох орон сууцыг өөрийн хүү *******ын хамт өмчилдөг. Уг орон сууцанд одоо би өөрөө амьдардаг. Хүү ******* нотариат орж гарын үсэг зурах шаардлагатай байна гэж хэлсний дагуу ямар учиртайг нь мэдэхгүй нотариат орж гарын үсэг зурсан. Нотариат орж хийлгэсэн итгэмжлэлийг ойлгоогүй гарын үсэг зурсан. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 76,841,087 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 2-36 байр, *******од байрлах, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 16.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 612,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 612,355 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
6.Хариуцагч *******ийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1.******* нь ******* банкны зээлийн барьцаанд тавьж байгаа гэдгийг ойлгоогүй, зөвхөн өөрийн хүү ******* нотариат дээр очоод гарын үсэг зураад өг гэсний дагуу би өөрөө очиж итгэмжлэл гэдэг бичгэн дээр гарын үсэг зурсан. Гэтэл тухайн итгэмжлэлийн дагуу миний хүү болон ******* нар зээлийн барьцаанд тавьсан байна. Миний өөрийн амьдарч байгаа орон сууц маань ******* банкны барьцаа хөрөнгө болоод хураагдах дээрээ болоод шүүх дээр явж байгаа.
6.2.Миний бие тухайн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцож чадаагүй. Гэтэл шүүх хуралдааныг намайг байхгүй үед хийсэн байна. Би өөрөө иргэнийхээ хувьд, дээр нь миний өмчлөх эрх байдлын хувьд энэ байрандаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаагийн хувьд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох байсан. Мөн хууль зүйн туслалцаа авч оролцох эрхийг миний олгоогүй шүүх хуралдааныг явуулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүх хуралдааны товыг талуудад мэдэгдсэн. Хариуцагч товлогдсон шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Өмнө нь хойшилсон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* шүүх хуралдаанд биечлэн оролцох болон өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасан бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжтой байсан. Гэтэл хариуцагч ******* шүүх хуралдаанд оролцоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 76,841,087 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.******* банк ХК болон ******* нарын хооронд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* банк ХК нь 60,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай шилжүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
Мөн талууд 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний зээлээс 50,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай нөхцөлд шилжүүлж дахин санхүүжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 3,160,948 төгрөг, хүү 2,119,114 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 244,181 төгрөг, нийт 5,524,243 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт зээл 47,159,148 төгрөг, хүү 21,661,692 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,417,003 төгрөг, нийт 71,237,844 төгрөгийг төлөөгүй гэж тодорхойлсныг хариуцагч маргаагүй. Түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой төлсөн нотариатын зардал 79,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг мөн маргаагүй.
Талууд зээлийн гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага болох хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү тус тус төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул анхан шатны шүүх хариуцагч *******гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 76,841,087 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.
5.Талууд 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр болон 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ /үл хөдлөх хөрөнгө/ байгуулж, хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, 2-36 дугаар байрны *******од байрлах, 16.5 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
5.1.Хариуцагч *******, ******* нар нь 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр *******д дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг *******д 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл үйлдэж, нотариатчаар гэрчлүүлсэн байна.
Хариуцагч ******* нь 18 насанд хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвартай этгээд тул ямар учиртайг нь мэдэхгүй, итгэмжлэлийг ойлгоогүй гарын үсэг зурсан гэх агуулгаар гаргасан түүний татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.
5.2.Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт Хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заасан тул *******, ******* нарыг төлөөлөн *******гаас ******* банк ХК-тай дээрх барьцааны гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
5.3.Иймээс нэхэмжлэгч ******* банк ХК нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч *******, ******* нараас шаардах эрхтэй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
6.Анхан шатны шүүх хариуцагч *******т эрх, үүргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танилцуулсан байх ба тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
Мөн шүүх 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч *******т 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр утсаар мэдэгдсэн, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүлээн авсан баримтад хариуцагч гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч *******ээс хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт, баримт шүүхэд ирүүлээгүй. Иймээс шүүх түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
7.Дээрх үндэслэлээр хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/00989 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 612,355 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА