| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00248/И |
| Дугаар | 00260 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 00260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1994 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р баг 30-2 тоотод оршин суух, Хөдөө аж ахуйн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, /РД:МЗ:94060703/ Тугчин овогт Батбаярын Мгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1994 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутан, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг Дэнжийн 31 тоотод оршин суух, /РД:МИ:94090134/ Боржигин овогт Отгонбаярын Цт холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, Хариуцагч О.Ц, Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь О.Цтай 2012 оны 09 дүгээр сараас эхлэн үерхэж эхэлсэн. Бидний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Энэрэл төрсөн. Мөн бид хоёр 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Охин Энэрэлээ төрүүлсэний дараа хичээлээсээ чөлөө авсан байсан учир 2015 оны 02 дугаар буюу 02 дугаар семистрээс хичээлдээ явж тусдаа байх болсон. Хамт амьдардаггүй болохоор үл ойлголцох, маргалдах, хардах асуудлууд их гардаг байсан ба хамт байхдаа ийм асуудлууд гарахгүй байх гэж үзээд хүлээцтэй ханддаг байсан. Гэвч О.Ц 2015 оны зуны амралтын хугацаанд хамт байгаад ойлголцох биш улам их хэл үгээр доромжилж гэрээс гаргахгүй, ар гэрийнхэн, найз нөхөдтэй минь уулзуулдаггүй хүнтэй хөндий харьцаатай, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, үр хүүхдээ халамжлах асуудал байдаггүй байсан. Мөн байнгын үл ойлголцол хэрүүл маргаантай байсан болохоор хичээл сургуульдаа явах, тэднийд байхад хүндрэлтэй байсан учир 2016 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тусдаа амьдарсан. Энэ хугацаанд О.Ц нь уучлалт гуйж, хамт амьдармаар байна, нэг удаа боломж олгооч гэхэд нь нэг удаа боломж олгож цуг амьдарсан боловч илүү их үл ойлголцол гарч ах, дүү хамаатан садантай минь хардаж, удаа дараа хөдөө хээр аваачин зодож, хутгалж ална гэж айлгаж сүрдүүлсэн. Энэ нь хүүхдийн цаашдын хүмүүжил, эрүүл өсөн бойжиход сөргөөр нөлөөлөх учир миний бие нь энэ хүнтэй хамтран амьдрахаас айж байна.
Иймд 2016 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тусдаа амьдарч байсан тул эвлэрэх хугацаа өгөлгүй бидний гэрлэлтийг цуцалж, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн 1 ой 09 сартай охин Ц.Энэрэлийг миний асрамжинд үлдээж, тэтгэлэгийг хуулийн дагуу эцэг О.Цаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие нь Б.Мтэй 2012 онд анх танилцсан. Түүнээс хойш бид үерхэж эхэлсэн. Тэгээд бидний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Энэрэл төрсөн. Тухайн үед Б.М манайд амьдардаг байсан. Б.Мгийн яриад байгаа шиг зодож нүдсэн, хүн тавьдаг /оршуулгын/ газар авч очсон зүйл байхгүй. Б.М өнөөдрийг хүртэл Наранбат гэх хүнтэй мессежээр харилцдаг. Би уг нь Б.Мд хүүхдээ өгөхгүй гэж хэлээгүй, өгнө гэж байсан. Гэтэл гэнэт Наранбат гэдэг хүн гарч ирээд сургуулиа төгсөөд Солонгос руу над дээр ирээрэй гэсэн мессеж бичсэн байсныг харсан. Ийм хүн охиноо аваад хаана амьдрах, хэнээр харуулах нь мэдэгдэхгүй байгаа учраас охиноо би өөрийн асрамжинд авах саналтай байгаа юм. Сургалтын төлбөрөө ч яаж төлөхөө мэдэхгүй байгаа хүн охиноо яаж харах юм бэ. Нэхэмжлэгч Б.Мгийн гаргасан нэхэмжлэлийн тухайд гэрлэлтээ цуцлуулахаас татгалзаж байна. Охин Энэрэлээ өөрийн асрамжинд авмаар байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М, хариуцагч О.Цтад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.М, хариуцагч О.Ц нар нь 2012 онд танилцаж, гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр охин Энэрэл төрсөн болох нь зохигчдын тайлбар болон 9128/000658 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /ХХ-н 6-р тал/, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрлэлтийн №4322000132 дугаартай гэрчилгээний хуулбар /ХХ-н 5-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2016 оны 02 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, гэрлэгчдийн хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн үл ойлголцол гарч үүний улмаас О.Ц нь эхнэр Б.Мг айлган сүрдүүлсэн, амгалан тайван байдал алдагдуулсан, бусадтай хардаж таарамжгүй харьцаа үүсгэж Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар 14 хоног баривчлах захиргааны арга хэмжээ авагдаж байсан нь Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаартай Захиргааны шийтгэл ногдуулах тухай “Шийтгэвэр” /ХХ-ийн 22 дугаар хуудас/, гэрч Д.Пүрэвжав, Б.М нарын тайлбар, мэдүүлэг, эмчийн тодорхойлолт, эрүүл мэндийн дэвтэр зэргээр тогтоогдож байх тул Б.М, О.Ц нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн 01 нас 10 сартай охин Энэрэлийг эх Б.Мгийн асрамжинд үлдээж эцэг О.Цаас сар бүр тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хариуцагч О.Ц охиноо өөрийн асрамжинд авна гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл, нотлох баримтуудыг няцаагаагүй, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Энэрэлийг эхийнх нь асрамжинд өгөхгүй байх хуульд заасан үндэслэл, шалтгаан хавтаст хэргээс тогтоогдоогүй болно.
Зохигч эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн О.Цаас ИХШХШТХуульд зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн нэгдсэн сангийн 130400941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд мөн хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ” гэж заасанг дурьдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Тугчин овогт Батбаярын М, Боржигин овогт Отгонбаярын Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ц.Энэрлийг эх Б.Мий асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг баримтлан 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Ц.Энэрлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон болон хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан Ц.Энэрлийг 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.Цаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч эд хөрөнгийн талаар маргаан байхгүйг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Мгээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Цаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч О.Цаас тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэг шаардсан нэхэмжлэлийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр буюу 21470 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод буюу төрийн сангийн 130400941 тоот дансанд оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.