Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 255

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Я.О,

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг,

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар О овогт Б.Зд холбогдох эрүүгийн 1818005610045 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О овогт Б.З /РД: /, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Зын өгсөн: 2018.07.09-ний өдөр өглөө 10 цаг гэрээсээ гараад тээврийн хэрэгслийн суудлыг бүрээсийг сугалж аваад угаахаар гэрт оруулсан. Гарч ирээд тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулах гээд ухраад толиндоо хартал эмээ хойно хэвтэж байсан. Тэгээд очоод асуутал чамайг ухрахаар айгаад үсэрчихлээ гэж хэлсэн гэх мэдүүлэг,

Хохирогч Я.Оийн өгсөн: Тухайн үед тээврийн хэрэгслийн хоёр талын хаалга, хойд багаж онгорхой байсан. Тэгтэл уг тээврийн хэрэгсэл гэнэт ухраад ороод ирсэн. Би тээврийн хэрэгслийн хойд хэсгийг гараараа тулаад “Яаж байна аа чи?” гээд үсрээд газар унасан. Би маш их гомдолтой байна. Одоо эмчилгээний зардалд 14.765.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Шинжээч Э.Отгончимэгийн өгсөн: ...Я.Оийн биед үзлэг хийхэд баруун шуу, сарвууны гадна хэсэгт 11х6 сантиметр, баруун гуяны гадна дээд хэсэгт18х14 сантиметр , умдаг, гадна бэлэг эрхтний баруун тал, баруун цавины хэсгийг хамарсан зах ирмэгээр шимэгдэж байгаа шаргал өнгөтэй, голоороо хөхөлбөр ягаан өнгөтэй цус хуралттай байсан. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хатуу гадарга дээр унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Харин цус хуралтууд унах үед үүсэх боломжтой гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

Гэрч Д.Эын өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад Я.О гэх хүн түнхээр өвдөнө гэсэн зовууртай ирсэн. Яагаад гэмтсэнийг асуухад “байрны гадаа машин ухарч байхад ирэхэд нь айж зугтааж байгаад унасан” гэж хэлсэн. Энэ талаар нь би өвчний түүх дээр нь бичсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

Гэрч Д.Үын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн жижүүрийн албанаас зам тээврийн ослын талаар дуудлага ирэхээр нь Нэгдсэн эмнэлэгт очиж жолооч нь болох 20 орчим насны залуутай уулзаад осол болсон газар луу дагуулж явсан. Хэргийн газарт очиж нөхөн үзлэг хийсэн. Зам тээврийн ослын бүдүүвч зурагт тэмдэглэсэн Б-2 буюу явган зорчигчийн унасан цэг, Б-1 буюу 00-00 ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл байсан цэгийг хохирогч Я.О болон жолооч Б.З нарын мэдүүлгээр тогтоосон. Явган зорчигч нь зугтааж байгаад тээглэж унасан гэж ярьсан байсан. Үзлэг хийж байхад тээврийн хэрэгсэлд хүн мөргөсөн гэх ямар нэгэн ул мөр тэмдэг байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 58/,

Гэрч Б.Гийн өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагчид иргэн Заас ......... дугаарын утсаар “Байрны гадна машинаараа ухарч байгаад хүн шүргэчих шиг боллоо” гэсэн утгатай дуудлага өгсөн. Жижүүрийн бүрэлдэхүүн очиж шалгаад 102-т дуудлага мэдээллээ хэрхэн шалган шийдвэрлэсэн тухайгаа буцааж мэдэгддэг. Дуудлага мэдээллийн бүртгэлд энэ цаг хугацааг тэмдэглэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 60/,

Гэрч Ц.Эын өгсөн: ...2-3 минутын дараа О эгч утсаар залгаад “намайг машин дайрчихлаа, босож чадахгүй байна. Гарч ирээд аваач” гэж ярихаар нь гүйгээд гарсан. Тэгтэл ... дүгээр байрны 6 дугаар орцны урд талд О нь бүсэлхийгээс доош хэсэг нь авто машины зам дээр, бүсэлхий хэсэг нь замын хашлага дээр, биеийн цээж хэсэг нь явган хүний зам дээр орц талд дээшээ хараад ёолоод хэвтэж байсан. Оээс юу болсон талаар асуухад тэр хүүхэд намайг дайрчихлаа гээд ... дүгээр байрны 5 дугаар орцны хаалганы баруун талд цагаан өнгийн суудлын авто машины хажууд зогсож байсан залууг гараараа заасан. Тэр залуу нь “би ухарч байхдаа анзаарсангүй” гэж хэлсэн. Машин болон жолооч нь 5 дугаар орцны үүд орчимд, О нь 6 дугаар орцоос 5 дугаар орц руу явах талд 1 алхам орчим зайд газарт дээшээ хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,

Гэрч Э.Бий өгсөн: ...эмээг 6 дугаар орцны гадаа машин зам дээр машинд мөргүүлчихлээ” гэхээр нь эмээ дээр очиход замын хашлага дээр бөгсөн биеэ бариад хэвтэж байсан. Тэр үед эмээг мөргөсөн гэх 00-00 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч “эмээг чинь байгааг харсангүй” гэж хэлсэн. Тэгээд жолоочтой хамт эмээг эмнэлэгт хүргэж өгөхөд эмч хүнд гэмтсэн байна хөдөлгөж болохгүй, гийпс тавих шаардлагатай гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,

Гэрч Ч.Эы өгсөн: ...гал тогооны өрөөний цонхоор харахад мөргүүлсэн гэх эмээгийн зээ хүү Билгүүн болон улаан шаргал өнгийн хувцастай, эрээн алчуур зүсэн эмэгтэй 2 тэр эмээгийн хоёр талаас сугадсан байдалтай, манай хүү Б.З нь дэргэд очоод зогсчихсон байсан. Тэдгээр хүмүүс 6 дугаар орцны зүүн урд хэсэгт явган хүний зам дээр зогсож байсан. Тэгээд манай хүү машин руугаа очоод машинаа ухраагаад нөгөө 3 хүний харалдаа очиж зогсоод эмээг жолоочийн хажуугийн суудалд суулгаад, Б арын суудалд суусан. Зын машин манай гал тогооны өрөөний цонхны харалдаа модны доор байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68/,

Тус хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг ... дүгээр байрны 6 дугаар орцны харалдаа ертөнцийн зүгээр урд талын хорооллын дундах зам дээр тул нөхөн үзлэг хийв... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-17/,

Мөрдөн шалгах туршилтын ажиллагааг явуулж эхлэн 00-00 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гэрч Б.З болон гэрч Ц.Э нараар хохирогч явган зорчигч Я.О газарт унасан байдалтай байсан гэх газрыг Б гэж тэмдэглэн гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-22/,

...Хохирогч Я.О нь 6 дугаар орцноос ертөнцийн зүгээр баруун зүгт 1,2 метр зайд автомашины замын хашлага хэсэгт дээш хараад ёолоод хэвтэж байсан, хохирогчийг мөргөсөн гэх автомашин болон жолооч нь 5 дугаар орцноос ертөнцийн зүгээр урд талд, зүүн зүгээс баруун зүг рүү чиглэсэн байрлалтай, 5 дугаар орцны урд талд, 6 дугаар орцны зүгт хараад зогсож байсан... гэх гэрч Ц.Эын өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24/,

...Хохирогч Я.О нь 6 дугаар орцны урд явж байхад 5 дугаар орцноос ертөнцийн зүгээр зүүн зүгт байрлан хэсэг явсны харалдаа урд зогсож байсан машин гэнэт ухраад ирсэн. Тухай үед би хоёр гараараа машины баруун хойд талын гэрэл хэсэгт тулаад зугтах гэсэн боловч түлхэгдэж ... дүгээр байрны 6 дугаар орцны урд замын хашлага дээр унасан... гэх хохирогч Я.Оийн өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26/,

Я.Оийн биед баруун дунд чөмөг төвгөр дайрсан хугаралтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 76/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 751 дугаартай “Я.Оийн биед баруун дунд чөмөгний битүү хугарал, баруун шуу, сарвуу, умдаг, гадна бэлэг эрхтэн, цавь орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хатуу гадаргуу дээр унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 80/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай “Б.Зын жолоодож явсан 00-00 ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, ямар нэг эд анги эвдрэлгүй, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 83-86/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Нямцогтын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаартай “Б.З нь 00-00 ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 бүлгийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөн. Явган зорчигч Я.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 90/,

Шүүгдэгч Б.З нь дуудлага өгсөн тухай Цагдаагийн газрын дуудлага мэдээллийн бүртгэл /хх-ийн 93/,

Хохирогч Я.От яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн тухай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 94/,

Хохирогч Я.О нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 4340 дугаартай өвчний түүх /хх-ийн 95-100/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.З нь 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 13-14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар  баг 6 дугаар хороолол ... дүгээр байрны урд замын зорчих хэсэгт 00-00 ДАР улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 бүлгийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Я.Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлджээ.

Шүүгдэгч Б.З нь ...би машинаа зогсоолд байрлуулах гээд ухарч яваад толиндоо харахад хохирогч хойно газар уначихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь машинаа зогсоогоод эмээ дээр очсон. Би машинаараа мөргөөгүй... гэж мэдүүлж байна. 

Харин хохирогч Я.О нь мөрдөн байцаалтын шатанд  “...1 жижиг тэрэг ухраад эрчтэй ороод ирсэн. Би хойшоо ухарч байгаад хашлага даваад үсрэх гэж байгаад хашлагад тээглээд унасан. Уг машин намайг мөргөж унагаагаагүй, би зугтаж байгаад хашлага дээр унасан юм ...” гэж,  “...2 хаалга нь онгорхой, багааж нь онгорхой нэг машин зогсож байгаад гэнэт ухраад ороод ирсэн. Би орилоод хойшоо ухрахад тэр машин зогсохгүй байсан. Би 2 гараараа тулахад цохигдоод унасан...” гэж мэдүүлж байгаа ба шүүхийн хэлэлцүүлэгт “би анх мэдүүлэг өгөхдөө залуу хүнийг хэрэгт оруулаад яахав гэж бодоод намайг мөргөөгүй, би зугтаж байгаад хашлагад тээглээд унасан гэж худал мэдүүлэг өгсөн юм...” гэж мэдүүлж байна.

Тухайн хэрэг, учрал болох үед хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй ба хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход хохирогчийн мэдүүлэг чухал ач холбогдолтой.

Гэвч хохирогчийн өгсөн мэдүүлгүүд нь өөр хоорондоо илтэд зөрүүтэйгээс түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна.

Хэрэг учрал болсны дараа хэргийн газар дээр хамгийн түрүүнд очсон гэрчүүд болох гэрч Ц.Эрдэнэбаярын өгсөн: ...О эгч утсаар залгаад “намайг машин дайрчихлаа, босож чадахгүй байна. Гарч ирээд аваач” гэж ярихаар нь гүйгээд гарсан... Оюунчимигээс юу болсон талаар асуухад тэр хүүхэд намайг дайрчихлаа гээд ... дүгээр байрны 5 дугаар орцны хаалганы баруун талд цагаан өнгийн суудлын авто машины хажууд зогсож байсан залууг гараараа заасан. Тэр залуу нь “би ухарч байхдаа анзаарсангүй” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Э.Билгүүний өгсөн: ...эмээг 6 дугаар орцны гадаа машин зам дээр машинд мөргүүлчихлээ” гэхээр нь эмээ дээр очиход замын хашлага дээр бөгсөн биеэ бариад хэвтэж байсан. Тэр үед эмээг мөргөсөн гэх 00-00 ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч “эмээг чинь байгааг харсангүй” гэж хэлсэн... гэх мэдүүлгүүд нь дамжмал нотлох баримт бөгөөд хэргийн үйл баримтыг тогтоосон шууд нотлох баримт биш юм.

Мөн хохирогч Я.Оийн ...машин зогсож байгаад гэнэт ухраад ороод ирсэн. Би орилоод хойшоо ухрахад тэр машин зогсохгүй байсан. Би 2 гараараа тулахад цохигдоод унасан. Машин хөдлөхгүй байж байгаад Билгүүн, Эрдэнэбаяр нарыг ирсний дараа намайг суулгаад эмнэлэг явсан гэх мэдүүлэг нь

гэрч Ц.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан ...хохирогч Я.О 6-р орцноос ертөнцийн зүгээр баруун зүгт 1,2 метрийн зайд замын хашлага хэсэгт дээшээ хараад ёолоод хэвтэж байсан. Хохирогчийг мөргөсөн гэх машин нь 5-р орцноос ертөнцийн зүгээр зүүн урд талд байсан... гэж заав гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн ...авто машины хойд голоос хүн унасан газар хүртэл ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт хэмжихэд 4.7 метр байна... гэх тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт,

Гэрч Д.Эын өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр жижүүр эмчээр ажиллаж байхад Я.О гэх хүн түнхээр өвдөнө гэсэн зовууртай ирсэн. Яагаад гэмтсэнийг асуухад “байрны гадаа машин ухарч байхад ирэхэд нь айж зугтааж байгаад унасан” гэж хэлсэн. Энэ талаар нь би өвчний түүх дээр нь бичсэн... гэх мэдүүлэг

Гэрч Д.Үын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн жижүүрийн албанаас зам тээврийн ослын талаар дуудлага ирэхээр нь Нэгдсэн эмнэлэгт очиж жолооч нь болох 20 орчим насны залуутай уулзаад осол болсон газар луу дагуулж явсан. Хэргийн газарт очиж нөхөн үзлэг хийсэн. Зам тээврийн ослын бүдүүвч зурагт тэмдэглэсэн Б-2 буюу явган зорчигчийн унасан цэг, Б-1 буюу 00-00 ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл байсан цэгийг хохирогч Я.О болон жолооч Б.З нарын мэдүүлгээр тогтоосон. Явган зорчигч нь зугтааж байгаад тээглэж унасан гэж ярьсан байсан. Үзлэг хийж байхад тээврийн хэрэгсэлд хүн мөргөсөн гэх ямар нэгэн ул мөр тэмдэг байгаагүй гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Эы өгсөн: ...гал тогооны өрөөний цонхоор харахад мөргүүлсэн гэх эмээгийн зээ хүү Билгүүн болон улаан шаргал өнгийн хувцастай, эрээн алчуур зүсэн эмэгтэй 2 тэр эмээгийн хоёр талаас сугадсан байдалтай, манай хүү Б.З нь дэргэд очоод зогсчихсон байсан. Тэдгээр хүмүүс 6 дугаар орцны зүүн урд хэсэгт явган хүний зам дээр зогсож байсан. Тэгээд манай хүү машин руугаа очоод машинаа ухраагаад нөгөө 3 хүний харалдаа очиж зогсоод эмээг жолоочийн хажуугийн суудалд суулгаад, Билгүүн арын суудалд суусан... гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Иймд шүүгдэгч Б.Зыг 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 13-14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар  баг 6 дугаар хороолол ... дүгээр байрны урд зам дээр 00-00 ДАР улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч Я.Оийг мөргөсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зд холбогдох эрүүгийн 1818005610045 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Зыг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Я.Оийн 14.765.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Б.Зын өмчлөлийн 00-00 ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 5, 36.3 дугаар 1, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.Зд холбогдох эрүүгийн 1818005610045 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Зыг цагаатгасугай.

2. Хохирогч Я.Оийн 14.765.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

3. Шүүгдэгч Б.Зын өмчлөлийн 00-00 ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Зд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР