| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/02239/И |
| Дугаар | 210/МА2025/00514 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2025/00514
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00812 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
684,418 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан ба дуудлага худалдааны ялагч төлбөрийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүрэн төлсөн.
Гэтэл, ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиплагааны явцад хураан авсан, төлбөр авагчид шилжүүлбэл зохих мөнгөн хөрөнгийг ажлын 3 өдрийн дотор төлбөр авагчид шилжүүлнэ гэж заасныг зөрчиж, 1 сар 13 хоногийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр авагч ******* ББСБ ХХК-ийн дансанд дуудлага худалдааны орлогыг шилжүүлсэн.
1.2.******* ББСБ ХХК-ийн гаргасан гомдлын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга бөгөөд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга *******ын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3-1/2321 дугаар албан бичгээр хуулийн хугацаа хэтрүүлсэн албан хаагчид хариуцлага тооцох үүргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад өгсөн атлаа 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3-1/2935 дугаар албан бичгээр албан хаагчийн буруутай үйлдлийн улмаас ажиллагаа удааширсан үндэслэл тогтоогдоогүй талаар хариу ирүүлсэн гэх, мөн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3-1/3210 дугаар албан бичгээр Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар гомдлыг дахин хянах боломжгүй гэх хариуг тус тус ирүүлсэн. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад гомдол гаргахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд хурандаа *******ийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 07-01/392 дугаар албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэх хариу ирүүлснийг тус банк бус санхүүгийн байгууллага хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дэд дарга ******* нь өөрийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хангуулахгүйгээр өмгөөлөн хаацайлсан үйлдэл гаргаж, тус банк бус санхүүгийн байгууллагын олох ёстой орлогыг өөрийн байгууллагын дансанд авч үлдэхийн тулд хууль зөрчсөн гэж үзэж байна.
1.3. банк 2023 оны 02 дугаар сараас эхлэн нийт байгууллагын харилцах дансанд жилийн 2 хувийн хүү тооцон олгож байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ХХК-ийн төлбөрийг хуулийн хугацаанд шилжүүлсэн бол 290,480,000 төгрөгийг харилцах дансандаа байршуулснаар 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл 43 хоногийн хугацаанд 684,418 төгрөгийн хүүний орлого тус банк бус санхүүгийн байгууллагын дансанд орох ёстой байсан. Энэ нь банкны 10/353 дугаар албан бичгээр нотлогдож байгаа юм. ******* нь ХХК-ийн төлбөрийг хуулийн хугацаанд шилжүүлэлгүйгээр хууль зөрчин 684,418 төгрөгийн хүүний орлогыг өөрийн дансанд авч үлдсэн гэж үзэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжаар ХХК-аас 287,900,000 төгрөгийг гаргуулж Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, од байрлах, 180 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Монгол шуудан банкны хойд талд ХХК-ийн барилгын 2 давхарт байрлах, 29 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, шинжээчээр үнэлүүлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй.
2.2.2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дээрх 180 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө 493,600,000 төгрөгөөр ялагч д худалдагдсан ба 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 7/5 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан. Төлбөр төлөгчид хөрөнгийг сайн дураар султган чөлөөлөх тухай 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4-119/14122, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4-119/13439 дугаар мэдэгдлүүдийг хүргүүлэхэд тогтоосон хугацаанд ирдэггүй, хүлээлгэн өгөх хугацаа тохироход мөн ирээгүй.
Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02-119/16218 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг хүргүүлж, дуудлага худалдааны ялагчийн төвлөрүүлсэн мөнгийг төлбөр авагч ******* ББСБ ХХК-ийн дансанд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
2.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.16-д Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн хувиар бүртгүүүлэх эрх эдлэнэ, 74 дүгээр зүйлийн 74.1-д Хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч орлого хуваарилах он, сар, өдөр, цагийг товлож талууд болон ипотекийн эрхтэй этгээдэд мэдэгдэнэ гэж тус тус заасан ба Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-т Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу дуудлага худалдааны орлогыг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаанд албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас удааширсан гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д заасныг баримтлан хариуцагч *******т холбогдуулан 684,418 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71, 74 дүгээр зүйлд заасан ажиллагаа хийгдсэний дараа хуулийн 105 дугаар зүйлийн зохицуулалт хэрэглэгдэх учиртай бөгөөд тус хууль нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесс дарааллыг зохицуулна гэж дүгнэсэн.
Төлбөр авагчийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж байгаа тул тус банк бус санхүүгийн байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасан дараалал хамаарахгүй. Учир нь төлбөр авагчийн барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан бол зөвхөн тухайн төлбөр авагчийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангана. Харин барьцаанд бүртгэлгүй хөрөнгө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдаад албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдвол албадан дуудлага худалдааны орлогыг хуваарилах дарааллыг тогтоож төлбөр авагч нарт мэдэгдэх юм.
Энэ тохиолдолд ******* нь тус банк бус санхүүгийн байгууллагын барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан. Иймд албадан дуудлага худалдааны орлого нь ажиллагааны явцад хураан авч буй төлбөр авагчид шилжүүлбэл зохих мөнгөн хөрөнгө тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасны дагуу ажлын 3 өдрийн дотор тус банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж, тус банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах ёстой.
Хэрэв албадан дуудлага худалдааны орлогоос барьцаалагчийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангаад мөнгө үлдвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан дарааллыг тогтоож, бусад төлбөр авагчийн шаардлагыг хангах нь зүйтэй юм. Гэтэл ******* нь энэхүү заалтыг зөрчиж, 1 сар 13 хоногийн дараа буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр тус банк бус санхүүгийн байгууллагын дансанд дуудлага худалдааны орлогыг шилжүүлсэн. Энэ зөрчил нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны дэд дарга бөгөөд Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга *******ын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 3-1/2321 дугаар албан бичгээр нотлогдсоор байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.2.Анхан шатны шүүх дуудлага худалдааны ялагч 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд мөнгийг байршуулсан, шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөр авагч ******* ББСБ ХХК-д төлбөрийг шилжүүлсэн цаг хугацаанд шийдвэр гүйцэтгэх байгууллага мөнгийг хугацаатай хадгалуулж, 684,418 төгрөгийн хүүгийн орлого олсон байдал баримтаар тогтоогдохгүй, нэхэмжлэгч талын үндэслэл болгосон банкны 10/353 дугаар тодорхойлолтоор тус байгууллага 684,418 төгрөгийн хүүгийн орлого олох байсан гэж үзэхгүй, нэхэмжлэгч байгууллага дуудлага худалдааны орлогыг ямар дансанд хүлээн авсан, уг данс нь хадгаламжийн данс байсан эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй байна. гэж дүгнэжээ.
Тус банк бус санхүүгийн байгууллага нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг албадан дуудлага худалдааны орлого болох 290,480,000 төгрөгийг хугацаатай хадгаламжиндаа байршуулж 684,418 төгрөгийн орлого олсон гэж үзээгүй. Харин хуулийн хугацаанд шилжүүлэхгүйгээр өөрсдийн харилцах дансандаа байршуулснаар 684,418 төгрөгийн орлого олсон байна. Энэ нь банкны харилцах дансандаа 2023 оны 02 дугаар сараас эхлэн хүү тооцон олгож байгаа гэх 10/353 дугаар албан бичиг, мөн банк *******тай байгуулсан харилцах дансны үйлчилгээ үзүүлэх гэрээ болон уг дансны 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хуулгаар хүүний орлого олсон болох нь нотлогддог.
Арилжааны банкнууд 2023 оны 02 дугаар сараас эхлэн байгууллагын харилцах дансанд хамгийн багадаа 2 хувийн хүүг тооцон олгож байгаа тул 280,480,000 төгрөгийг тус банк бус санхүүгийн байгууллага ямар дансанд хүлээн авсан нь чухал биш бөгөөд тус банк бус санхүүгийн байгууллага уг мөнгийг өөр өндөр хүүтэй хугацаатай хадгаламжинд ч байршуулж болох байсан. Харин тус банк бус санхүүгийн байгууллага нь олох байсан орлого бус, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд орсон хүүнээс өөрт ногдох бодит хохирлоо нэхэмжилж байгаа юм. Гэтэл шууд тус банк бус санхүүгийн байгууллагыг орлого олох байсан гэх баримт байхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцоолсон алдааг залруулсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 684,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь төлбөр төлөгч ХХК-ийн төлбөрийг хуулийн хугацаанд шилжүүлэлгүйгээр хууль зөрчин 684,418 төгрөгийн хүүний орлогыг өөрийн дансанд авч үлдсэн гэж тодорхойлсон ба хариуцагч нь дуудлага худалдааны орлогыг төлбөр авагчид шилжүүлэх ажиллагаанд албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас удаашраагүй гэж тайлбарласан байна.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:
4.1.Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжаар өргөдөл гаргагч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 287,900,000 төгрөгийг эвлэрэлд уригдагч ХХК хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулсан ба ******* нь уг шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр үүсгэсэн;
4.2.Мөн хариуцагч нь төлбөр төлөгч ХХК-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, од байрлах, 180 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, шинжээчээр үнэлүүлж, анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй;
4.3.2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар дээрх үл хөдлөх эд хөрөнгө 493,600,000 төгрөгөөр худалдан борлогдож, дуудлага худалдааны оролцогч ялагч болж, улмаар нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 48,960,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 444,640,000 төгрөг, нийт 493,600,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлж, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн;
4.4.Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/5 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч д шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор чөлөөлөхийг төлбөр төлөгч ХХК-д даалгах, уг хугацаанд чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх ажиллагаа явагдахыг мэдэгджээ. Мөн шийдвэр гүйцэтгэгчээс 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4-119/14122, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4-119/13439 дугаар мэдэгдлүүд, 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 119/09 дугаар мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч ХХК-д хөрөнгийг сайн дураар чөлөөлөхийг мэдэгдсэн;
4.5.Улмаар ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02-119/16218 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, од байрлах үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг сэргээж, дуудлага худалдааны ялагч гийн өмчлөлд бүртгэн гэрчилгээ олгохыг мэдэгдсэн;
4.6.Мөн хариуцагч нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 290,480,000 төгрөгийг төлбөр авагч ******* ББСБ ХХК-ийн дансанд шилжүүлж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 23/9-1060 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
5.Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч нь хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа дуудлага худалдааны орлогыг хуваарилах ба хариуцагч байгууллагын дор дурдсан ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.
5.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10, 71.11 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулснаас хойш 14 хоногийн хугацаанд дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчөөс дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх эсэх шийдвэрийг танилцуулах ба уг шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн овог, нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн, өмчлөх эрх үүсэх, мөн эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заана.
Дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 7/5 дугаар тогтоолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагч д шилжүүлэхээр шийдвэрлэж, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дотор хөрөнгө чөлөөлөх хугацаа тогтоосон. Гэвч төлбөр төлөгч уг хугацааг зөрчсөнөөс чөлөөлөх хугацааг 2023 оны 08 дугаар сарын 04, 09, 12-ны өдрөөр тогтоож холбогдох ажиллагааг явуулсан.
5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрт 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй тул уг эрх эдлэх нөхцлийг хариуцагч байгууллага хангах үүрэгтэй.
5.3.Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 02-119/16218 дугаар Өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичгийг Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.16 дахь хэсэгт ...өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ гэж заасантай нийцжээ.
5.4.Дээрхээс дүгнэхэд, хариуцагч байгууллага нь дуудлага худалдааны ялагч д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэлээр шилжүүлэх, мөн эзэмшлийг шилжүүлэх, төлбөр төлөгчийн эрхийг хангах зэрэг хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсний эцэст дуудлага худалдааны ялагчийн шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангасан буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуудлага худалдааны орлогоос 290,480,000 төгрөгийг төлбөр авагч ******* ББСБ ХХК-д шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.4 дэх хэсэгт заасанд нийцсэн, мөн тус хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан ажлын 3 хоногийн хугацааг зөрчөөгүй байна.
6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд хариуцагч байгууллагын ажилтны хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүй, түүний гэм буруу тогтоогдсон байхыг шаардах ба хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагааг явуулсан, ажилтны гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй байна.
Хариуцагч байгууллага нь хуульд заасан хугацаа, журмыг баримтлан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст шилжүүлэх мөнгөн хөрөнгийн хүү нь нэхэмжлэгчийн тодорхойлсон хохиролд хамаарахгүй тул 684,418 төгрөгийн хүүгийн орлогыг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь ...дуудлага худалдааны ялагчийн төлсөн төлбөр хариуцагч байгууллагын дансанд байрших хугацаанд 684,418 төгрөгийн хүүгийн орлого төвлөрсөн нь манай байгууллагын олох ёстой байсан орлого... гэж нэхэмжлэлдээ дурдсан нь үндэслэлгүй.
Иймээс ******* нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 89 дүгээр захирамжийг албадан гүйцэтгэхдээ үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах борлуулах журмыг зөрчиж төлбөр авагч ******* ББСБ ХХК-д хохирол учруулсан нь тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 105 дугаар зүйлийн 105.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 20,976 төгрөг урьдчилан төлснийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 116,203 төгрөг гэж тусгаж, техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд залруулах нь зүйтэй.
8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 191/ШШ2025/00812 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...116,203... гэснийг 20,976 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,976 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА