Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00019

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгино Цэрэнсономын Пүрэвсүрэн /РФ65051060/-гийн нэхэмжлэлтэй,

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдох "Хүү Эрхэмбаярыг Лхагвасүрэнгийн Даваажаргалаас Дамдины Лхагвасүрэн, Цэрэнсономын Пүрэвсүрэн нарт үрчлүүлснийг баталгаажуулсан захирамжийг 2017 оны 12 дугаар сард багтаан гаргахыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр, гэрч Л.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний охин Лхагвасүрэнгийн Даваажаргал 2005 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Эрхэмбаярыг төрүүлсэн. Бид хүү Эрхэмбаярыг төрсөн цагаас нь эхлэн асарч улмаар 2007 оны 11 дүгээр сард Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газарт хүү Эрхэмбаярыг үрчилж авахаар хүсэлт гаргаж өгсөн юм. Тухайн үед хүү Эрхэмбаяр маань хүндээр өвдөж байсан тул хүүгээ асарсаар үрчлэлт баталгаажуулсан захирамж гарсан эсэхэд анхаарал тавьж чадаагүй юм.

2009 онд Эрдэнэбулган сумын Засаг даргын Тамгын газрын улсын бүртгэгчтэй уулзаж хүүхэд үрчлүүлсний гэрчилгээгээ гаргуулж авсан. Тухайн үед улсын бүртгэгч Засаг даргын ямар захирамжийг үндэслэж байгаагаа ч хэлээгүй гэрчилгээ бичиж өгсөн. Улмаар 2017 оны 3 дугаар сард тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчид хандахад “4 хүүхэдтэйгээр та тэтгэвэр тогтоолгох боломжгүй юм байна, хүүхдээ 2009 онд үрчилж авсан байна” гэсэн хариу өгсөн.

Би аймгийн архиваас холбогдох захирамж гарсан эсэхийг шүүлгэхэд 2007-2009 онд хүүхэд үрчилснийг баталгаажуулсан Эрдэнэбулган сумын Засаг даргын ямар ч захирамж гараагүй байна гэсэн. Тухайн үед буюу 2007 онд сумын Засаг даргаар ажиллаж байсан П.Ариунбаттай уулзаж /одоо Засаг даргаар ажиллаж байгаа/ яагаад захирамж гараагүй болохыг асуухад тухайн үед захирамж гаргаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч, тухайн үед гаргаагүй захирамжийг одоо нөхөж гаргах боломжгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүл гэж амаар хэлсний дагуу арга буюу Засаг даргын захирамж гаргуулахаар шүүхэд хандаж байна.

Би өөрийн 3 хүүхэд болон өөрийн охины ганц хүү Эрхэмбаярыг өсгөж хүмүүжүүлэн, 4 хүүхэд өсгөж хүмүүжүүлэн “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонгоор шагнуулсан юм. Иймд хүү Эрхэмбаярыг Лхагвасүрэнгийн Даваажаргалаас Дамдины Лхагвасүрэн /аав нь/ Цэрэнсономын Пүрэвсүрэн /ээж нь/ нарт үрчлүүлснийг баталгаажуулсан захирамжийг 2007 оны 12 дугаар сард багтаан гаргахыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэж өгнө үү. Би хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ нэг л удаа гаргаж өгсөн. Эрдэнэбулган сумын иргэний бүртгэлийн ажилтанд хандан 2009 он 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүүхэд үрчлэн авах тухай өргөдөл миний бичсэн өргөдөл мөн байна. Хүү Л.Эрхэмбаярыг үрчилж авах хүсэл зориг маань хэвээрээ. Эргэж буцах асуудал байхгүй” гэв.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа “Тус сумын 4 дүгээр багийн иргэн Ц.Пүрэвсүрэн ам бүл зургуулаа амьдардаг. Ц.Пүрэвсүрэн, Д.Лхагвасүрэн нар өөрийн охин Л.Даваажаргалын хүү Эрхэмбаярыг төрсөн цагаас нь хойш асран хүмүүжүүлж ирсэн. Ц.Пүрэвсүрэн нь 2007 онд тус сумын Тамгын газарт Д.Эрхэмбаярыг үрчлэн авах хүсэлтээ өгч 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үрчлэлтийн гэрчилгээ бичүүлж авсан. Тухайн үед улсын бүртгэгчээс үрчлэлтийн гэрчилгээ олгохдоо Засаг даргын захирамж гаргаагүй үрчлэлтийн гэрчилгээ олгосон байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ц.Пүрэвсүрэн нь Л.Эрхэмбаярыг 6 сартайгаас нь хойш өсгөсөн атлаа өдгөө өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл энэ хүний эрх зүйн байдал дордоод байна. Иймд Ц.Пүрэвсүрэн Д.Эрхэмбаярыг 6 сартайгаас нь хойш өөр дээрээ авч өсгөсөн байх тул 2007 оны 12 дугаар сараас өмнө үрчилсэн гэх захирамжийг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргаар  гаргуулах нь Ц.Пүрэвсүрэнгийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх ач холбогдолтой юм” гэв.

Гэрч Л.Даваажаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би хүүхдээ төрүүлээд 6 сар болоод л орхиж явсан. Тэрнээс хойш аав ээждээ үрчлүүлнэ л гэж байнга ярьдаг байсан юм. Би 6 сар хүртэл нь хүүхдээ хөхүүлсэн, тэрнээс хойш аав, ээждээ өгсөн. Одоо бол би хүүхэдтэйгээ ямар ч харилцаа холбоогүй байдаг. Намайг ч сайн мэддэггүй. Би хүүхэддээ ганц ширхэг оймс ч авч өгч үзээгүй. Миний ээжид үнэхээр гомдолтой байх нь аргагүй юм. Буцааж авна гэсэн бодол надад огт байгаагүй. Аав, ээждээ л өгнө гэж хүүхдээ төрүүлсэн. Д.Эрхэмбаяр нь нэг нас хүрээгүй байхдаа тархины даралттай байсан. Сүүлдээ тархины даралт нь ихдээд хагас цус харван саажилттай болсон. Бараг 3 нас хүртлээ манай хүүхэд сууж чаддаггүй байсан гэсэн. Би энэ талаар сонсож л байсан. Ирж асарч байгаагүй. Ээж үрчлэлтийн талаар материалаа хүүхдийн бие гайгүй болсон үед өгснөө андуураад урд өгсөн гэж бодоод байгаа юм болов уу гэж би бодож байна. Би хүүхдээ үрчлүүлсэн хэвээр, эргэж буцсан зүйл байхгүй” гэв.

Шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                               

ҮНДЭСЛЭХ нь;

Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнгийн хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан "Хүү Эрхэмбаярыг Лхагвасүрэнгийн Даваажаргалаас Дамдины Лхагвасүрэн, Цэрэнсономын Пүрэвсүрэн нарт үрчлүүлснийг баталгаажуулсан захирамжийг 2017 оны 12 дугаар сард багтаан гаргахыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлүүдээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн иргэн Л.Даваажаргал 2005 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүү Д.Эрхэмбаярыг төрүүлсэн бөгөөд түүнийг төрсөн цагаас эхлэн Ц.Пүрэвсүрэн, Д.Лхагвасүрэн нар асран хамгаалж, өсгөсөн байна.

Л.Даваажаргал өөрийн эцэг Д.Лхагвасүрэн, эх Ц.Пүрэвсүрэн нарт хүү Д.Эрхэмбаярыг үрчлүүлэхийг зөвшөөрч 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр[1], Д.Лхагвасүрэн, Ц.Пүрэвсүрэн нар  Л.Даваажаргалын хүү Д.Эрхэмбаярыг үрчлэн авахыг хүсч 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр[2] Эрдэнэбулган сумын иргэний бүртгэлийн ажилтанд хандан өргөдөл гаргаж хүсэл зоригоо илэрхийлсэн ажээ.

Үрчлүүлэгч, үрчлэн авагч нарын хүсэлтийг үндэслэн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын иргэний бүртгэлийн ажилтан 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэбулган сумын үрчлэлтийн бүртгэлийн нэгдүгээрт Л.Даваажаргалаас хүү Д.Эрхэмбаярыг Д.Лхагвасүрэн, Ц.Пүрэвсүрэн нарт үрчлүүлсэн болохыг бүртгэж[3], хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ олгосон болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн Эрдэнэбулган сумын үрчлэлтийн бүртгэлийн 2009 оны холбогдох баримтуудаар[4] нотлогдож байна.

Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн “хүү Эрхэмбаярыг Лхагвасүрэнгийн Даваажаргалаас Дамдины Лхагвасүрэн, Цэрэнсономын Пүрэвсүрэн нарт үрчлүүлснийг баталгаажуулсан захирамжийг 2007 оны 12 дугаар сард багтаан гаргахыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол даалгах нэхэмжлэлийн шаардлага хангагдах хууль зүйн үндэслэлтэй болдог онцлогтой.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга нь Л.Даваажаргалын хүү Д.Эрхэмбаярыг Д.Лхагвасүрэн, Ц.Пүрэвсүрэн нарт үрчлүүлэх тухай захирамж гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 10/309 тоот албан бичгээр тогтоогдож байна. Харин Л.Даваажаргал, Ц.Пүрэвсүрэн, Д.Лхагвасүрэн нар 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Эрдэнэбулган сумын иргэний бүртгэлийн ажилтанд хандан өргөдөл гаргасныг[5] үндэслэн үрчлэлтийн бүртгэлд бүртгэн гэрчилгээ[6] олгожээ.

Зүй нь Л.Даваажаргал, Ц.Пүрэвсүрэн, Д.Лхагвасүрэн нар Эрдэнэбулган сумын Засаг даргад хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авах тухай хүсэлтээ гаргаж, Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргаж, уг шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэхээр Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.6, 55.7, 55.8-д заасан. Гэтэл Л.Даваажаргал, Ц.Пүрэвсүрэн, Д.Лхагвасүрэн нар Эрдэнэбулган сумын Засаг даргад хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авах тухай хүсэлтээ гаргалгүй шууд иргэний бүртгэлийн ажилтанд хандсаныг үндэслэн хүүхэд үрчилснийг бүртгэж, гэрчилгээ олгосон нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө ... хүүхдийн оршин сууж байгаа буюу урьд оршин сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж заасныг зөрчөөгүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 55.1, 55.6, 55.7, 55.8-д заасныг зөрчсөн байна.

Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” хэмээн заасан бөгөөд Л.Эрхэмбаярыг төрсөн цагаас нь асран хамгаалж, өсгөсөн Д.Лхагвасүрэн, Ц.Пүрэвсүрэн нар цаашид түүнийг өсгөн хүмүүжүүлэх нь хүүхдийн ашиг сонирхолд илүү нийцэж байгаа болох нь нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн, гэрч Л.Даваажаргал нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Л.Эрхэмбаярыг үрчлэн авах, үрчлүүлэх тухай талуудын хүсэл зориг хэвээр байгаа ба энэ нь Л.Эрхэмбаярын ашиг сонирхолд хохирол учруулахааргүй байна.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг дарга Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэснийг зөрчсөн нь хууль бус байх боловч “хүү Эрхэмбаярыг Лхагвасүрэнгийн Даваажаргалаас Дамдины Лхагвасүрэн, Цэрэнсономын Пүрэвсүрэн нарт үрчлүүлснийг баталгаажуулсан захирамжийг 2007 оны 12 дугаар сард багтаан гаргахыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Учир нь Л.Даваажаргал, Ц.Пүрэвсүрэн, П.Лхагвасүрэн нар хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авах тухай хүсэлтээ 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан болох нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтууд[7] болон гэрч Л.Даваажаргалын мэдүүлгээр тогтоогдож байна. Зүй нь хариуцагч Эрдэнэбулган сумын Засаг дарга 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргах ёстой байжээ. Гэвч хариуцагчийн энэхүү хууль бус эс үйлдэхүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй байгаа ч энэ нь Л.Даваажаргал, Д.Лхагвасүрэн, Ц.Пүрэвсүрэн нар хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авах хүсэлтээ 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан байгаа үйл баримтыг үгүйсгэж, 2007 оны 12 дугаар сард үрчилж авсан мэтээр үйл баримтыг өөрчилж чадахгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. Л.Эрхэмбаярыг үрчлэн авах, үрчлүүлэх тухай хүсэлтээ Л.Даваажаргал, Д.Лхагвасүрэн, Ц.Пүрэвсүрэн нар 2007 онд гаргаж байгаагүй болох нь гэрч Л.Даваажаргалын мэдүүлэг, нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнгийн “би хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ нэг л удаа гаргаж өгсөн. Эрдэнэбулган сумын иргэний бүртгэлийн ажилтанд хандан 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан хүүхэд үрчлэн авах тухай өргөдөл миний бичсэн өргөдөл мөн байна” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн, түүний өмгөөлөгч нарын тайлбараас үзэхэд “4 хүүхэдтэй эх гэсэн үндэслэлээр тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох субьектив эрх зөрчигдсөн” хэмээн маргаж байгаа. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” хэмээн заажээ.

Нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэн хүү Л.Эрхэмбаярыг 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үрчлэн авсан болох нь хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба энэ үед Л.Эрхэмбаяр нь хэдийнэ 3 нас хүрчихсэн байжээ. Хэдийгээр Ц.Пүрэвсүрэн нь хүү Л.Эрхэмбаярыг төрсөн цагаас нь асран хамгаалж, өсгөсөн гэх боловч үрчлэлтийн эрх зүйн харилцаа 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр үүссэн байна. Иймд Л.Даваажаргал, Ц.Пүрэвсүрэн, П.Лхагвасүрэн нар хүүхэд үрчлүүлэх, үрчлэн авах тухай хүсэлтээ 2009 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасныг үндэслэн хариуцагч Эрдэнэбулган сумын Засаг дарга 20 хоногийн дотор захирамж гаргаагүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох субьектив эрхийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Гэр бүлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Сонгино Цэрэнсономын Пүрэвсүрэнгийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад холбогдуулан гаргасан "Хүү Эрхэмбаярыг Лхагвасүрэнгийн Даваажаргалаас Дамдины Лхагвасүрэн, Цэрэнсономын Пүрэвсүрэн нарт үрчлүүлснийг баталгаажуулсан захирамжийг 2017 оны 12 дугаар сард багтаан гаргахыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ГАНЧИМЭГ

 

 


[1] Хэргийн 24 дүгээр хуудас

[2] Хэргийн 22-23 дугаар хуудас

[3] Хэргийн 30 дугаар хуудас

[4] Хэргийн 4, 22-30 дугаар хуудас

[5] Хэргийн 22-24 дүгээр хуудас

[6] Хэргийн 4 дүгээр хуудас

[7] Хэргийн 22-30 дугаар хуудас