Улсын дээд шүүхийн Тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 68

 

Д.Г, Н.Г, Б.Н,

Б.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13ы өдрийн 338 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18ы өдрийн 02 дугаар магадлалтай, Д.Г, Н.Г, Б.Н, Б.Бнарт холбогдох 2030000000196 дугаартай хэргийг шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Амаржаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1997 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Г.

2. Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Н.

3. Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Г.

4. Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б.

1. Шүүгдэгч Д.Г, Б.Н, Н.Г нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Төв аймаг, Зуунмод сумын Нацагдорж 5 дугаар багийн 21 дүгээр байрны гаднах зогсоол дээрээс иргэн Д.М-гийн 02-84 УАА дугаартай Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, хохирогч Д.М-д 822.300 төгрөгийн хохирол,

2. шүүгдэгч Б.Н, Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 26-наас 2020 оны 01 дүгээр сарын 09-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сум, Төв аймгийн Зуунмод сум, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын болон нэр бүхий 12 иргэний “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, нийт 10.628.300 төгрөгийн хохирол,

3. шүүгдэгч Б.Н, Б.Б, Д.Г, Н.Г нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Говьсүмбэр аймаг, Сүмбэр болон Баянтал сумын нутаг дэвсгэрээс нэр бүхий 4 хохирогчийн “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн дугуй, янданг хулгайлж нийт 3.530.000 төгрөгийн хохирол,

4. шүүгдэгч Б.Б, Д.Г нар нь бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сэлэнгэ аймаг, Сайхан сумын нутаг дэвсгэрээс нэр бүхий 3 хохирогчийн “Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг хулгайлж нийт 2.200.000 төгрөгийн хохирол,

5. шүүгдэгч Д.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 4 дүгээр баг, 7 дугаар байрны гадна өөрийн эзэмшлийн 89-44 ДАУ дугаартай Соната-7” загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ үзүүлэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн биеэ хянах чадваргүй болсныг далимдуулан П.С-ийн гадуур хувцасны халааснаас нь Самсунг А-72 загварын гар утас, зүүн гарын дунд хуруунаас нь алтан бүрмэл бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Г, Б.Н, Д.Г, Б.Бнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Н, Б.Бнарт тус бүр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Год 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Б.Б, Н.Н, Н.Г нараас тус бүр 273.875 төгрөг гаргуулан улсын орлого болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Гоос 5.525.751 төгрөг гаргуулж хохирогч Т.М-ад 333.000 төгрөг, Б.О-д 333.000 төгрөг, Т.Д-д 333.000 төгрөг, И.З-д 333.000 төгрөг, Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 250.000 төгрөг, Б.Ц-д 36.150 төгрөг, Н.О- 252.000 төгрөг, Б.Б-д 245.000 төгрөг, Б.Б-т 225.000 төгрөг, П.Ш-д 212.500 төгрөг, С.Б-жид 266.667 төгрөг, М.Г-од 400.000 төгрөг, А.Ж-сд 475.000 төгрөг, Г.Б-од 400.000 төгрөг, Л.А-ид 225.000 төгрөг, Б.Э-д 233.000 төгрөг, Ш.М-д 233.000 төгрөг, Г.Г-д 233.334 төгрөг, С.С-д 233.000 төгрөг, Д.М-д 274.100 төгрөг,

шүүгдэгч Б.Б-гээс 5.401.651 төгрөг гаргуулж хохирогч Т.М-д 333.000 төгрөг, Б.О-д 333.000 төгрөг, Т.Д-д 333.000 төгрөг, И.З-д 333.000 төгрөг, Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 250.000 төгрөг, Б.Ц-д 186.150 төгрөг, Н.О-т 252.000 төгрөг, Б.Б-д 245.000 төгрөг, Б.Б-т 225.000 төгрөг, П.Ш-жид 212.500 төгрөг          С.Б-жид 266.667 төгрөг, М.Г-дод 400.000 төгрөг, А.Ж-сд 475.000 төгрөг, Г.Б-д 400.000 төгрөг, Л.А-ид 225.000 төгрөг, Б.Э-д 233.000 төгрөг, Ш.М-д 233.000 төгрөг, Г.Г-д 233.334 төгрөг, С.С-д 233.000 төгрөг,

шүүгдэгч Б.Нгаас 752.001 төгрөг гаргуулж хохирогч Г.О-т 252.000 төгрөг, Г.Г-д 233.334 төгрөг, С.Б-жид 266.667 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Н.Г нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл узуүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 4 жилийн хорих ялыг, шүүгдэгч Н.Н, Б.Бнарт оногдуулсан 03 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг, Н.Год оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Дархан-Уул аймаг, Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар, шүүгдэгч Б.Б, Б.Н, Н.Г нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтыг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суугаа газар болох Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тус тус тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцэл, хохирогч О.О-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч Д.Г, Б.Б, Н.Н, Н.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгч Д.Амаржаргал гаргасан гомдолдоо “... Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасан “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт эсхүл дахин хэлэлцүүлэхээр буцаах” давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хязгаарласан.

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй, мөн хууль буруу хэрэглэсэн зөрчлийг зөвтгөж шийдвэрлэх боломжгүй.

Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

 Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.Н, Б.Б, Д.Г, Н.Г нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг тээврийн хэрэгсэл ашиглаж, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримттай холбоотой хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Гийн хувьд 2019 оны 12 дугаар сарын 26-наас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 4 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн байна. Уг зөрчлийг давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ тус шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээ буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Хэдийгээр 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “... анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах...” эрх хэмжээ хүчингүй болсон боловч магадлалд дээрх хүчингүй болгосон хуулийн заалтыг баримтлаагүй бөгөөд тогтоох хэсгийн “анхан шатны шүүхэд буцаасугай” гэж заасныг хяналтын шатны шүүхээс өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой тул магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн эсэхийг тогтоолгохоор гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн Д.Г нарын 4 хүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Нэр бүхий шүүгдэгч нар нь өөр хоорондоо бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 26-наас 2020 оны 1 дүгээр сарын 12-ныг хүртэлх хугацаанд нийт 22 удаагийн давтан үйлдлээр Төв, Хэнтий, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дундговь аймгуудын нутгийг дамжин “Тоёото приус” загварын тээврийн тээврийн хэрэгслийн “нүүрсэн яндан”-г хулгайлж, 21 иргэн, нэг байгууллагад 17.980.000 төгрөгийн хохирол учруулсан, тухайлбал, шүүгдэгч Д.Г, Н.Г, Б.Н нар нь бүлэглэн 1 удаа, шүүгдэгч Д.Г, Н.Г, Б.Н, Б.Бнар бүлэглэн 4 удаа, шүүгдэгч Д.Г, Б.Б, Б.Н нар бүлэглэж 13 удаа, шүүгдэгч Д.Г, Б.Бнар нь бүлэглэж 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч тус бүрт хуульд заасан төрөл, хэмжээний буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялыг ялгавартайгаар оногдуулсан боловч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэхдээ шүүгдэгч Д.Гийн хувьд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Гийн ганцаар 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарахгүй байтал өршөөлд хамруулж ялын төрлийг сольж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Энэхүү хууль хэрэглээний ноцтой алдааг давж заалдах шатны шүүх илрүүлсэн боловч засч залруулах боломжтой байтал анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин  хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ хүчингүй болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг агуулгаар сэргээн хэрэглэсэн нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн ноцтой алдаанд тооцогдох учиртай.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч мөрдөгч, прокурор, шүүгч хэн боловч хууль дээдлэх зарчмын дагуу хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтыг чанд сахиж хэлбэрэлтгүй мөрдөх үүрэгтэй бөгөөд хуульд заасан журмыг баримтлаагүй, хуулийг зөрчиж гаргасан шийдвэр хүчингүйд тооцогддог нь хууль хэрэглээний хэвшиж тогтсон жишиг юм.    

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8 дахь заалтын Д.Гт оногдуулсан 4 жил хорих ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар 4 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон хэсгийг хүчингүй болгох замаар зөвтгөж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хяналтын шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн хэсгийг хүчингүй болгох замаар хуулийн буруу хэрэглээг зөвтгөн засах нь оногдуулсан ялыг хүндрүүлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж буй явдал биш бөгөөд харин шүүхийн шийдвэрийн хууль ёсны байх шаардлагыг хангуулж буй нэг хэлбэр болно. 

Иймд шүүгдэгч Д.Гийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын "... хууль зөрчсөн магадлалыг хүчингүй болгох" тухай хэсэг үндэслэл бүхий боловч шүүгдэгчид ял завшуулсан шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18ы өдрийн 02 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13ы өдрийн 338 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 4 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай” гэсэн хэсгийг хүчингүй болгож, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, түүнийг цагдан хорьж, хорих ялыг нэн даруй эдлүүлсүгэй.

3. Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Амаржаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                ДАРГАЛАГЧ                                               Б.БАТЦЭРЭН

                          ШҮҮГЧ                                              С.БАТДЭЛГЭР

                                                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                            Б.ЦОГТ