Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 257

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Р овогт Б.Эт холбогдох эрүүгийн 1903003940215 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Р овогт Б.Э /РД: /, Төв аймгийн Заамар суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Агар нь шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар төмөр замын 236 дугаар галт тэргээр зорчиж Дархан-Уул аймгийн Орхон суманд буухдаа иргэн Л.Агийн цүнхтэй Айпоне-6 загварын гар утас, Нокиа загварын гар утас, Контас загварын бугуйн цаг, цагаан өнгийн спорт загварын бугуйн цаг, үнэртэй ус, амин дэм, гар утасны цэнэглэгч, чихэвч зэрэг 772.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг авч буусан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Эын өгсөн: Хохирогч болон бусад хүмүүс унтаж байсан. Цүнх нь дээд суудал дээр байсан. Өөрийн мэдэлгүй буухдаа цүнхийг аваад буусан. Хохирлын мөнгийг төлсөн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Л.Агийн өгсөн: ...Улаанбаатараас Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум руу явах галт тэрэгний 7 дугаар хэсгийн 5 дугаар суудлын тасалбар авсан. 22.39 цагийн үед ажлын газрын хүнтэй утсаар яриад гар утасныхаа цэнэгийг харахад 4 хувьтай байхаар нь унтраагаад цүнхэндээ хийсэн. Намайг унтахад миний гар цүнх толгойн дээд хэсэгт хананд тулаад байж байсан. Тэгээд шөнө 03:50 цагт сэрээд ойр орчмоо харахад би ганцаараа байсан бөгөөд үйлчлэгчээс “надтай хамт сууж явсан хүмүүс хаачсан юм бол? Миний толгой дээр байсан гар цүнх байхгүй байна” гэж хэлсэн. Миний гар цүнхэнд нүүрний будаг, хавтастай бичиг баримт, үнэртэй ус, 2 ширхэг эмэгтэй хүний цаг, Айпоне-6 загварын саарал өнгийн гар утас, цэнхэр өнгөтэй хар товчлууртай Нокиа загварын гар утас зэрэг эд зүйлс байсан. Би хохирлын мөнгө 772.000 төгрөгийг хүлээж авсан. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 11/,

Гэрч Ө.Сийн өгсөн: ...Э ах миний хажууд сууж байгаад гэнэт босоод унтаж байсан охины толгой дээрх өлгүүрт өлгөсөн байсан цүнхийг нь аваад өөрийнхөө цүнх дотор хийсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Д.Мын өгсөн: ...Б.Э нь “С бид 2 галт тэргэнд суугаад Орхон буусан. С намайг хүний цүнхтэй эд зүйл хулгай хийсэн гэж цагдаад хэлээд цагдаа нар намайг саатууллаа” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Н.Бын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цагдаа, дэд ахлагч Г.Бын хамт 236 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэсэн. 03:40 цагийн үед 7 дугаар хэсгийн 5 дугаар суудлын зорчигч цүнхтэй эд зүйлээ алдсан гэсэн дуудлагын дагуу очиход Л.А гэх эмэгтэй хүн хар өнгийн гар цүнхтэй эд зүйлээ алдсан гэж хэлсэн. Миний ойролцоо баруун аймгийн аялгатай 2 залуу сууж байсан. Тэр  2 залууг сэжиглэж байна гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Г.Бын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр цагдаа, ахлах ахлагч Н.Бын хамт 236 дугаар галт тэргэнд үүрэг гүйцэтгэсэн. 03:40 цагийн үед 7 дугаар хэсгийн 5 дугаар суудлын зорчигч цүнхтэй эд зүйлээ алдсан гэсэн дуудлагын дагуу очиход Л.А гэх эмэгтэй хүн хар өнгийн гар цүнхтэй эд зүйлээ алдсан гэж хэлсэн. Миний ойролцоо баруун аймгийн аялгатай 2 залуу сууж байсан. Тэр 2 залууг сэжиглэж байна. Тэр 2 Дарханд буухдаа аваад буучих шиг боллоо гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар өгсөн: ...3 цаг өнгөрч байхад Орхон руу дөхөж байхаар нь би босоод унтаж байсан эмэгтэйн хар өнгийн гар цүнхийг аваад буусан. Тэр эмэгтэй сэрэхгүй унтаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “иргэн Л.Агийн эзэмшлийн Айпоне-6 загварын хуучин гар утас 1 ширхэг, Нокиа загварын товчлууртай хуучин гар утас 1 ширхэг, Контас загварын эмэгтэй хүний шар өнгийн хуучин бугуйн цаг 1 ширхэг, цагаан алаг өнгийн спорт загвартай эмэгтэй хүний хуучин бугуйн цаг, Гучи загварын хэрэглэж байсан үнэртэй ус 1 ширхэг, Дуовит нэртэй амин дэм 2 ширхэг, гар утасны цэнэглэгч 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, эмэгтэй хүний гар цүнх 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 772.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/,

Хохирогч Л.А, шүүгдэгч Б.Э нарын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 263 дугаар галт тэргээр зорчсон тухай тасалбар /хх-ийн 50-51/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Эын 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар төмөр замын 236 дугаар галт тэргээр зорчиж Дархан-Уул аймгийн Орхон суманд буухдаа иргэн Л.Агийн цүнхтэй Айпоне-6 загварын гар утас, Нокиа загварын гар утас, Контас загварын бугуйн цаг, цагаан өнгийн спорт загварын бугуйн цаг, үнэртэй ус, амин дэм, гар утасны цэнэглэгч, чихэвч зэрэг нийт 772.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг нь авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар буюу өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байна.

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Ад 772.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Л.Агийн “...Би хохирлын мөнгө 772.000 төгрөгийг хүлээж авсан. Одоо надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/, “...хулгайд алдсан эд зүйлийнхээ хохирлыг бэлэн мөнгөөр төлүүлж авсан...” гэх хохирогчийн хэргийн материалтай танилцаад гаргасан хүсэлт /хх-ийн 56/-ээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Эт 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, настай эхийн хамт амьдардаг тул хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Эыг дахин гэмт хэрэгт үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Р овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Эт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эт тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР