Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2025/00630

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01246 дугаар шийдвэртэй

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК, ******* нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 655,987,570 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. *******тай 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 3.8 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэл хангуулах зорилгоор*******,*******,******* тоот хаягт байрлах, 66.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,*******,, тоот хаягт байрлах, 66.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,*******,*******, тоот хаягт байрлах 66.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, нийт 3 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан. Улмаар ******* нь 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр найз ы ХААН банкны тоот данснаас 100,000,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг, нийт 200,000,000 төгрөгийг *******ын ХААН банкны тоот данс руу шилжүүлснээр гэрээний үүргээ биелүүлсэн.

1.2. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах, мөн нэмж 100,000,000 төгрөг зээлдүүлэх хүсэлт тавьсан тул 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр өмнө зээлдүүлсэн 200,000,000 төгрөгийг нэмж нэгтгэн 300,000,000 төгрөгийг 1 сарын 3.8 хувийн хүүтэй, 5 сар 7 хоногийн хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 2021 оны 07 дугаар 25-ны өдөр өөрийн найз ы ХААН банкны тоот данснаас 80,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг *******т шилжүүлсэн.

Үүний дараа хариуцагч нь зээлийн мөнгөө хугацаанд нь төлөлгүй гэрээний хугацааг 2022 оны 02 дугаар сарын 28-ныг дуустал 1 сарын хугацаагаар, 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар гэх мэтээр удаа дараа сунгасаар 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өмнөх зээл дээр нэмж 100,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 50,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, өмнөх зээлийн хөрөнгөтэй нийт 500,000,000 төгрөгийг хариуцагчийн хүсэлт, гуйлтын дагуу дахин нэмж зээлдүүлсэн.

1.3. Хариуцагч нь дээрх зээлийн төлбөрөөс үндсэн зээлийн төлбөрт 150,000,000 төгрөгийг төлж, улмаар талууд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нийт зээлийн үлдэгдэл төлбөрийг тулгаж тооцоо нийлэхэд хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 350,000,000 төгрөг байсан болохыг харилцан баталгаажуулсан. Мөн өдөр *******, ******* нар 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлтөөр хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчээр Нэг Шугам ХХК-ийг оруулж, зээл буцаан төлөх хугацааг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл сунгасан боловч өнөөдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй.

1.4. Талуудын байгуулсан гэрээний 3.7 дугаар зүйлд гэрээний хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцно гэж зааснаар алданги тооцоход 227,517,570 төгрөг /428,470,000*0.3%=1,285,410 төгрөг, 1,285,410*177=227,517,570 төгрөг/, хүүний төлбөрт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 5 cap, 27 хоногийн хүү 78,470,000 төгрөг /350,000,000*3.8%=13,300,000/ болох ба нийт 655,987,570 төгрөгийн зээл, зээлийн хүү, алдангийн төлбөрийг төлөөгүй.

Иймд хариуцагч нараас зээлийн нийт төлбөрт 655,987,570 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 548,209,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, үлдэх хэсэг болох 72,008,370 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,508,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 2,898,966 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд хандаж хариуцагч *******, ******* ХХК нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 655,987,570 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Шүүхээс хариуцагч *******ыг дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэлд дурдсан хаягаар хүргүүлсний дагуу хариуцагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардан авч, тухайн өдрөө нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн баримтуудтай танилцсан. Шүүхээс нэхэмжлэлд хариу тайлбарыг бичгээр ирүүлэх хугацааг 2024 оны 12 сарын 16-ны өдөр байхаар тогтоосон. Энэ хугацаанд хариуцагч ******* нь шүүхэд бичгээр хариу тайлбарыг ирүүлээгүй.

Нөгөө хариуцагч болох ******* ХХК-ийг шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудсан эсэх, тухайн мэдэгдэх хуудсыг гардуулсан эсэх хуульд заасан ажиллагааг шүүхийн зүгээс хийсэн эсэх нь эргэлзээтэй, уг ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүх хуралдааныг товлож, тус шүүх хуралдаанд хариуцагч ******* нь өмгөөлөгч авах хүсэлт ирүүлсний дагуу шүүх хуралдааныг хойшлуулсан. Дараагийн шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хийхээр товолж ингэхдээ тус өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч *******т мэдэгдсэн эсэх нь эргэлзээтэй, хэдийгээр шүүхийн баримтад утсаар мэдэгдэхэд за гэв гэсэн байх боловч энэ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, талуудыг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор буюу зээл болон барьцааны гэрээ, тэдгээрийг байгуулсан үйл баримт, гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил, мөн гэрээний дагуу төлбөрийг хэрхэн яаж төлж барагдуулах, барьцааны зүйл өөр этгээдийн өмчлөлд байгаа, тус хөрөнгөөр хэрхэн яаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны зүйлийн өмчлөгч гэх хүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах гэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд чухал гол нөхцөл байдлыг тодруулах, энэ үндэслэлээр талуудыг мэтгэлцүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. 2025 оны 01 сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжпэгч талаас шинээр 14 хуудас баримтыг нотлох баримтаар гарган өгснийг шүүх хүлээн авч хэрэгт хавсаргасан. Гэтэл эдгээр нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулах, үүнтэй холбоотойгоор тайлбар авах ажиллалааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Тодруулбал, хариуцагч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжпэлийн хувийг гардаж авахдаа хэргийн материалтай танилцсан байх бөгөөд тус хугацаанаас хойш дахин шинээр баримтууд ирсэнтэй танилцаагүй нь хэрэгт авагдсан шүүхийн ажиллагааны баримтаар тогтоогддог.

4.3. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн гэж дурдан дүгнэсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь нөхцөл байдал нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтад үндэслэн хэргийг бүрэн шийдвэрлэх боломжтой нөхцөл байдалд илүү хамааралтай зохицуулалт байх ба тус хэргийн хувьд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагад гаргаж буй тайлбарыг авахгүйгээр хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай болсон. Шүүх дээрх байдлыг анхаарч үзэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулж зээлийн гэрээний үүргийг хэрхэн яаж биелүүлэх, маргаан байгаа эсэх, үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тохиолдолд гэрээний тал биш хөндлөнгийн гуравдагч этгээдийн нэр дээр байгаа барьцааны хөрөнгийг хэрхэн яаж шийдвэрлэх зэрэг нөхцөл байдалд тайлбар авсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байхад шүүх дээрх ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн үндэслэлгүй. Мөн хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй үлдсэн.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх хариуцагч талын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох оролцогчийн эрхийг зөрчсөн тул нэхэмжлэгч талыг гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1. нь тай харилцан тохиролцож мөнгө зээлэхээр болсон бөгөөд зээлийн гэрээг *******, ******* нарын хооронд байгуулуулсан. Зээлсэн мөнгийг , ******* нараас *******т, ******* нь д тус тус шилжүүлсэн. Зээлийг авсан гийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ы ХААН банкны тоот дансанд 52 удаагийн гүйлгээгээр 393,220,140 төгрөг, *******д 48,088,345 төгрөг, нийт 441,308,485 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа надаас гадна г хариуцагчаар татсан байхад шүүхээс нэхэмжлэлийг д гардуулж өгөөгүй. Шүүх нэг хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах, хариу тайлбар авах, нотлох баримт гаргаж өгөх, шүүхэд хүсэлт, гомдол гаргах зэрэг хариуцагчид хуулиар олгогдсон эрхийг нь хууль бусаар хязгаарласан.

6.2. Зээлийг тай анх ярьж авахаар тохирсон, зээлийг хэрэглэсэн, буцаан төлж байсан г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хууль бусаар оролцуулаагүй учир миний бие итгэмжлэл хийж г шүүх хуралд оролцуулахаар болсон. Гэтэл шүүгчийн туслах шүүх хуралдаан Баянгол дүүргийн шүүхийн байранд болох талаар надад болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдээгүйн улмаас нь шүүхийн өөр байранд очсоноор шүүх хуралдаанд оролцох, нотлох баримтууд гаргаж өгөх, мэтгэлцэх боломжоо алдсан.

Хэрэв шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж хурал болох газрыг хариуцагч талд мэдэгдсэн бол нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр нэмэлтээр гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцах, өөрсдийн гаргаж өгөхөөр бэлдсэн, авч явсан нотлох баримтуудтай харьцуулах, шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх боломжтой байсан. Нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүргээ биелүүлээгүй, шүүх хурал өөр газар болох талаараа мэдэгдээгүй, гол хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, тайлбар мэдүүлэг, нотлох баримтуудаа гаргаж өгөх боломжийг хуульд заагдаагүй аргаар буюу хууль бусаар хязгаарласан.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагчаас 9 үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд эхний 3 үндэслэл нь үйл баримтын талаар дурдсан, сүүлийн 3 үндэслэлд процессын зөрчлийг дурдсан. Үйл баримттай холбогдуулаад нэхэмжлэгч тал эсрэг байр суурьтай байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, татгалзал нь холбогдох баримтаар нотлогддог тул хариуцагч талын давж заалдах гомдлын үйл баримттай холбоотой хэсэг нь хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэнэ. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилтэй холбоотой гомдлын үндэслэл нь манай гаргасан гомдлыг агуулгатай давхардаж байгаа учраас энэ хэсэгт нэмж хэлэх тайлбар байхгүй, процессын зөрчилтэй холбоотой гомдлыг дэмжиж оролцож байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 350,000,000 төгрөг, зээлийн хүү 78,470,000 төгрөг, алданги 227,517,570 төгрөг, нийт 655,987,570 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

 

4. Нэхэмжлэгч *******, хариуцагч нарын хооронд 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №528 дугаартай байгуулсан 200,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон зээлийн гэрээ,

 

4.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд мөн өдрийн №529 дугаартай,гийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, ,, тоотод байрлах, 53.6 мкв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, ,, тоотод байрлах, 53.6 мкв талбайтай 2 өрөө орон сууц, улсын бүртгэлийн дугаартай, ,, тоотод байрлах, 53.6 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ, /хх-ийн 58, 10-11/

4.2. Мөн талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №621 дугаартай зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр өмнөх зээлийн гэрээгээр олгосон 200,000,000 төгрөг дээр 100,000,000 төгрөгийг нэмж, 300,000,000 төгрөгийг 5 сар, 7 хоногийн хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон зээлийн болон барьцааны гэрээнүүд тус тус хэрэгт авагдсан байна. /хх-ийн 7-9/

 

4.3. Талууд 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №621 дугаартай зээлийн гэрээний хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №0002 дугаартай, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №0167 дугаартай, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №0909 дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №0646 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №1193 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тус тус сунгажээ. /хх-ийн 11-15/

 

5. Харин талуудын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр гэрээний хугацааг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, зээлийг хамтран хариуцаж төлөх хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтэгчээр ******* ХХК-ийг нэмж оруулан, тус компани зээлийг хамтран хариуцаж төлөхөөр харилцан тохиролцсоноор ******* ХХК-ийн захирал гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулсан. /хх-ийн 16/

 

5.1. Түүнчлэн, ******* ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн эргэн төлөх баталгаа гэх баримт үйлдсэн бөгөөд уг баримтад ...*******, нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үлдэгдэл нь өнөөдрийн байдлаар үндсэн төлбөр 350,000,000 төгрөг, хүүний төлбөр 42,700,000 төгрөг, нийт 392,700,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 9 хоногийн хүүгийн хамт бүрэн төлж барагдуулна. Дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд дахин хугацаа сунгахгүй бөгөөд барьцаа хөрөнгийг ямар нэгэн маргаангүйгээр зээлийн үнийн дүнд дүйцэх хөрөнгийг шилжүүлэн өгч төлбөрийг барагдуулна гэжээ. /хх-ийн 21/

 

5.2. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.

 

5.3. Дээрх зээлийн гэрээний нэг тал болж ******* ХХК нь гэрээ байгуулахад оролцсон байхад ******* ХХК-ийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь ******* ХХК нь хамтран зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүсэлт зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан, мөн зээл төлөх баталгаа гаргасан байхад шүүх хэргийн оролцогчдод эрх үүрэг тайлбарлах замаар чиглүүлэх гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөхөөр байгаа талаар тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

6. Энэ нөхцөл байдлыг тодруулах нь хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох, хэргийг хянан шийдвэрлэхэд хууль хэрэглээг тайлбарлан хэрэглэхэд ач холбогдолтой байх бөгөөд уг ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул зохигчийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2025/01246 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 3,508,100 төгрөг, хариуцагч *******ын төлсөн 2,898,996 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.АЛТАНЦЭЦЭГ

                                                                      ШҮҮГЧИД                                                 С.ЭНХБАЯР

                                                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ