Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 261

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Хохирогч Л.М,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Бод холбогдох эрүүгийн 1918003550290 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “................” ХХК-нд туслах ажилтан ажилтай, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэртээ эхнэр Л.Мтэй маргалдсан, улмаар 6 настай Х.Шыг цохисон, эхнэр Л.М нь Х.Шыг өмөөрч харилцан маргалдах үед түүний нүүрэн тус газарт нь олон тооны удаа цохиж, хоолойг нь боож унагаан эрүүл мэндэд нь тархи доргилт, 2 нүдний зовхи, уруулын цус хуралт, зүүн бөөрний доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Бын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 285.000 төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Мгийн өгсөн: ...21:00 цаг өнгөрч байхад Б.Б гэрт ирээд, угаасан бүтээлэг дээгүүр гуталтайгаа гарч, орон дээр очиж хэвтсэн. Би чи яагаад угаасан бүтээлэг дээгүүр гуталтайгаа яваад байгаа юм бэ гэхэд над руу салаавч өгөөд хэвтээд байсан. Манай ахын 6 настай хүүхэд миний асрамжид байдаг юм. Гэтэл Б.Б манай ахын хүүхдийг чи эцгээсээ юутай манай гэрт ирсэн юм бэ гээд цохиод авсан. Чи яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэхэд хүүхэд руу орилоод байсан. Би Б.Быг жоохон хүүхэдтэй яаж харьцаад байгаа юм бэ гэж хэлэхэд Б.Б намайг цохиж унагаагаад, миний гэдсэн дээр гарч суугаад багалзуурдсан. Энэ үед манай том охин Б.Бын үснээс нь зулгааж, хүү Б.Бын гараас нь хазаж багалзуурдсан гарыг нь тавиулсан. ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй гэрч Х.Шын өгсөн: ...Б ах согтуу орж ирээд гуталтайгаа орон дээр хэвтсэн. Би хичээлээ хийгээд сууж байхад Б ах миний толгой руу цохисон. Тэгтэл ээж М намайг өмөөрсөн чинь Б ах ээжийг цохиж газарт унагаад дээр нь гараад суусан... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Насанд хүрээгүй гэрч Б.Гын өгсөн: ...аав согтуу ирээд Шын толгой руу цохиход ээж босож ирээд аав руу уурласан. Тэгтэл аав ээжийн толгой руу цохиж газарт унагаад дээр нь гараад суусан... /хх-ийн 17/,

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: ...орой 21 цагийн үед гэртээ ирээд шууд орон дээр хэвтэхэд манай эхнэр Л.М нь “Чи ямар жаргалтай юм бэ? Ямар гавьяа байгуулж байгаад ирж байгаа юм?” гэхээр нь миний уур хүрээд Л.Мд “чи муу өөр хүний хүүхдийг тээж байгаа биз дээ?” гэж хэлсэн. Тэгээд Л.М бид 2 хэрүүл маргаан хийсэн. Тэгэхэд Л.М нь цагдаа дуудна гэхээр нь би Л.Мгийн толгой руу нэг удаа цохиод гар утсыг булааж авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 40/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 433 дугаартай “Х.Шын биед зүүн нүдний зовхины дотор булан, хамрын уг орчмын зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай “Л.Мгийн биед тархи доргилт, нүдний зовхи, уруулын цус хуралт, зүүн бөөрний доргилт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл болно. Л.Мгийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/,

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэрэг 12 оноо буюу дунд түвшинд гэх үнэлгээ /хх-ийн 47-48/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Б, хохирогч Л.М нар нь эхнэр нөхөр, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч Б.Г нарын мэдүүлэг, Б.Б, Л.М нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49/, ........... дугаартай гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 58/, охин Б.Гын төрсний гэрчилгээ /хх-ийн 57/ зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж, бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох бөгөөд Б.Бын согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хамт амьдардаг 6 настай Х.Шыг цохисон, улмаар өөрийн бага насны хүүхдүүдийн дэргэд эхнэр Л.Мг зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Бын согтуурсан үедээ 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэртээ эхнэр Л.Мтэй маргалдсан, улмаар 6 настай Х.Шыг цохисон, эхнэр Л.М нь Х.Шыг өмөөрч харилцан маргалдах үед түүний нүүрэн тус газарт нь олон тооны удаа цохиж, хоолойг нь боож унагаасан үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, 2 нүдний зовхи, уруулын цус хуралт, зүүн бөөрний доргилт бүхий хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой байх тул Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Мгийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Л.Мгийн “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “................” ХХК-нд туслах ажилтан ажилтай, сарын 600.000 төгрөгийн цалинтай зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/, “................” ХХК-ийн 18 дугаартай тодорхойлолт /хх-ийн 44/-оор нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргажээ.

Шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох  нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Быг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР