| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 101/2024/07185/И |
| Дугаар | 210/МА2025/00541 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 210/МА2025/00541
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 150,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
******* нь *******-д ажилладаг байсан бөгөөд *******гийн компани *******-аас 600,000,000 төгрөгийн зээл авсан гэдгийг мэдсэн. *******д ******* нь манай гэр бүл том машин авах гээд 100,000,000 төгрөг дутаад байгаа тул 2 сарын хугацаатай зээлээч гэж гуйсан. Банкнаас авсан компанийн мөнгөнөөс 100,000,000 төгрөгийг зээлье, банканд цааш нь хүүг төлж байгаа тул хугацаандаа өгөөрэй, хугацаандаа өгөөгүй тохиолдолд алданги хамгийн өндрөөр тооцно гэж тохиролцож, гэрээ хийхээр болсон. Эхнэр нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нотариат дээр ирж гэрээ байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор зээлийн төлбөрийг төлөхөөр тохиролцож, эхнэр *******ы дансаар зээлийг шилжүүлж авсан. Ингээд 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойш шалтаг, шалтгаан тоочиж, эхнэр нь жирэмсэн болж, хүүхдээ төрүүлсэн, залуу гэр бүл байсан учраас миний бие зээлийн төлбөрийг шаардахгүй тэвчээртэй хүлээсэн. Бичгийн гэрээг ******* байгуулсан боловч зээлийг ******* авч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй тул үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, алданги 50 хувиас хэтэрсэн тул 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь Хятад улсад ажлын шугамаар хүнд даацын машин худалдаж авахаар явж байх үедээ *******тэй холбогдож 100,000,000 төгрөгийг зээлэхээр болсон. Тухайн үед 100,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд 3 хувийн хүүтэйгээр нийт 106,000,000 төгрөг болгож өгөхөөр амаар тохиролцсон. ******* нь Хятад улсад явж байсан учраас ******* нь эхнэр *******тай гэрээ байгуулж, мөнгийг шилжүүлсэн. Эхнэр ******* нь *******г огт танихгүй. *******тай гэрээ байгуулахдаа амаар тохиролцсон нөхцөлийн дагуу байгуулаагүй, алданги төлөхөөр гэрээ хийж, их хэмжээний төлбөрийг нэхсээр ирсэн. Хариуцагч ******* нь өөрөө 100,000,000 төгрөгийг төлөх нь гарцаагүй боловч нэхэмжлэгчийн шаардаж байгаа алданги 50,000,000 төгрөгийг төлөх боломж байхгүй. Нэхэмжлэгчээс авсан мөнгөө хугацаанд нь төлж чадаагүй хэд хэдэн шалтгаан нь 2023 оны 11 дүгээр сарын сүүлээс 2024 оны 01 дүгээр сарын дунд хоног хүртэл 2 сар Монгол Улсад шатахууны нийлүүлэлт зогссон учраас бизнесийн үйл ажиллагаагаа явуулж ашиг орлого олж чадаагүй. ******* нь нэхэмжлэгчтэй банкны зээлийн эдийн засагч байх үедээ танилцаж, нэхэмжлэгчийн хэд хэдэн зээлийн асуудлыг шийдэж өгч байсан. Иймд хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ы тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. ******* зээлийг бодитоор аваагүй. Зээл авах өдрийг хүртэл байдлаар *******г танихгүй байсан. *******, ******* нар хоорондоо харилцаатай байснаас биш *******тай ямар нэгэн харилцаа холбоогүй байсан. 100,000,000 төгрөгийн хувьд 2 сарын хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэй буюу сард 3,000,000 төгрөгийн хүү төлөх байдлаар тохирсон. *******эд яаралтай мөнгө хэрэг болоод ...100,000,000 төгрөгийг зээлээч, би хүүг нь баталгаатай өгнө гэж байсан учраас түүнд зээлэхээр болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан. ******* нь уг зээлийг авах өдрөө Хятад Улсад ажлын шугамаар явж байсан учраас *******тэй ямар нэгэн бичгээр гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдалтай байсан ч утсаар холбогдоод, бүх нөхцөлүүдээ тохирчихсон байсан учраас зээлэхээр тохиролцоонд хүрсэн. *******ыг нотариат дээр очоод зээлийн гэрээ байгуулъя гэж ******* шаардсан учраас зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээг *******гийн зүгээс өөрийнхөө эрсдэлийг хаах зорилгоор бичгээр байгуулсан. ******* 100,000,000 төгрөгийг ******* авч байгаа гэдгийг өөрөө мэдэж байсан. *******ы зүгээс ч гэсэн нөхөр ******* нь *******гээс бизнестээ хэрэглэх байдлаар зээлж авч байгааг мэдэж байсан. *******д зээл авах хүсэл сонирхол байгаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар *******тэй байгуулсан зээлийн гэрээ дүр үзүүлэн байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байна. ******* нь энэ авсан зээлийг хариуцах үндэслэлгүй. ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа учраас *******ы хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 150,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээ, хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь 100,000,000 төгрөгийг ******* биш, ******* нь *******гээс зээлж, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэдэг нь тодорхой харагдаж байгаа.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл ******* нь зээлийн гэрээ байгуулагдах өдөр БНХАУ-д зорчиж байсан буюу Монгол Улсад байгаагүй нь тогтоогддог. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа *******т мөнгө зээлэхээр тохирсон боловч тэрбээр 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод байгаагүй, тиймээс *******тай гэрээг байгуулсан гэх тайлбарыг гаргасан.
Дээрх нотлох баримт, зохигчдын тайлбар зэргээс үзвэл дараах үйл баримтууд хөдөлшгүй тогтоогдсон байна. Үүнд:
1. ******* нь *******гээс 100,000,000 төгрөг зээлдэх хүсэлт гаргасныг ******* хүлээн зөвшөөрч түүнд зээл олгохоор харилцан тохирсон.
2. ******* нь зээл авах хүсэлт гаргахдаа БНХАУ-д байсан тул *******тэй биечлэн уулзах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
3. ******* Монгол Улсад байхгүй байсан тул ******* *******ийн эхнэртэй бичгээр гэрээ байгуулсан.
Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд *******ийн зээл авах хүсэл зоригоо *******д илэрхийлж, ******* түүнийг хүлээн зөвшөөрснөөр зээлийн гэрээ тэдгээрийн хооронд байгуулагдаж байгаа. Харин *******гийн *******тай байгуулж буй зээлийн гэрээ нь нэгэнт байгуулагдсан зээлийн гэрээг бататгах зорилготой буюу *******гийн *******т зээл олгосон гэдгээ нотлох үүднээс хийж буй дүр үзүүлсэн хэлцэл юм.
*******гийн хувьд ажил эрхэлдэггүй, 8 сартай жирэмсэн эмэгтэйд 100,000,000 төгрөгийг зээлж, түүнийг буцаан төлүүлэх сонирхол огт байгаагүй, харин түүний нөхөр болох ажил хөдөлмөр эрхэлдэг, урьдын танил, өмнө нь зээл олгож байсан *******т тус мөнгийг зээлдүүлэх хүсэл зориг байсан бөгөөд 100,000,000 төгрөгийг зээлэх, зээлдүүлэх хүсэл сонирхол ******* болон ******* нарт байсан үйл баримтыг харгалзан *******ээс 100,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлүүдийн шинж нь тухайн хэлцлүүд хууль зүйн хэлбэрийн шаардлагыг зөрчсөн байхаас гадна хэлбэрийн шаардлагыг хангасан боловч агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх тухай ойлголт юм. Хэрэв шүүхийн дүгнэж байгаачлан гарын үсэг зурсан гэрээ бүр хүчин төгөлдөр гэж дүгнэх юм бол бичгээр хийсэн гэрээний хувьд хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэх ойлголт яригдах боломжгүй болох юм.
Мөн шүүхээс *******ыг тухайн зээл болох 100,000,000 төгрөгийг дансаараа хүлээн авсан гэх үйл баримтад ач холбогдол өгч, түүнийг энэхүү зээлийг хариуцах ёстой гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэдийгээр ******* зээлийг дансаараа хүлээн авсан боловч нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй, нэхэмжлэгч түүнд зээл олгох хүсэл зориг байгаагүй гэдэг нь хангалттай нотлогддог билээ.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулах хүсэлтийг гаргасан. Тодруулбал, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдөр болох 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр болох 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулгыг гаргуулахыг хүссэн боловч хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.
Гэтэл хариуцагч нь тус хүсэлтдээ ******* нь зохих зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа талаар дурдсан бөгөөд хэрэв нэхэмжлэгч зөвшөөрөлгүйгээр зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа буюу мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа бол талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар тодорхой тайлбарласан байдаг. Иймд дээрх хүсэлт нь хариуцагчийн татгалзлыг нотлох чухал ач холбогдолтой хүсэлт байсан.
Энэхүү маргааны хувьд ч тусгай зөвшөөрөлтэй зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг эсэх талаар талууд маргасаар байтал түүнийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэн гаргасан хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
5.3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан. Тус гэрээний үндсэн дээр алданги болох 50,000,000 төгрөгийг шаардаж байгаа. Гэтэл ******* нь тус зээлийн гэрээг байгуулснаас хойш зээлийг эргэн төлөх талаар шаардаж байгаагүй атлаа алдангийн хэмжээ Иргэний хуульд заасны дагуу дээд хэмжээнд хүрсний маргааш шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь алдангийн хэмжээ ихсэхийг зориуд хүлээж байсан гэж үзэж байна. Иймд тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нөхцөлд алдангийн хэмжээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасны дагуу багасгаж, давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 150,000,000 төгрөгийг багасгаж өгөөч гэж хүссэн бөгөөд талууд эвлэрэх талаар ярьж байсан. Шүүх хурал дээр нэхэмжлэгчийн дансны хуулгыг гаргуулъя гэж *******ийн төлөөлөгч хүсэлт гаргасан. Өнөөдөр *******ы төлөөлөгч хүсэлтүүдийг гаргасан юм шиг тайлбар гаргаж байна. Мөн *******, ******* нар гэр бүлийн хүмүүс. *******гийн хувьд нялх хүүхэдтэй, залуу гэр бүл гэж шүүхэд өгөхгүйгээр, утсаар яриад яваад байсан. Мөнгөө огт шаардаагүй гэж тайлбарлаж болохгүй. ******* нь банкны ажилтан бөгөөд *******гийн компани 600,000,000 төгрөгийн зээл авсныг мэдэж байсан. ******* нь байнгын мөнгө зээлдэг хүн биш. Зөвхөн *******, ******* нарын зээлийн гэрээг баталгаажуулж гарын үсэг зурсан гэдэг тайлбараар шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл болохгүй. Энэ хоёр хүн гэр бүлээрээ зээл авсан гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шийдвэрт өөрчлөлт оруулав.
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, алдангид 50,000,000 төгрөг, нийт 150,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь 100,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангид 50,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч ******* нь зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байна.
2. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******тай байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1140 дугаартай Зээлийн гэрээ-гээр *******д 100,000,000 төгрөгийг хүүгүйгээр, 2 сарын хугацаатайгаар зээлэхээр талууд харилцан тохиролцсон; /хх6/
2.2. Уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгийг хариуцагч *******ы харилцах дансанд шилжүүлсэн;
2.3. Хариуцагч ******* нь зээлийн 100,000,000 төгрөгийг эхнэр *******аар дамжуулан хүлээн авсан байна.
3. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
4. Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гээс 100,000,000 төгрөгийн зээлийг авсан тухайгаа хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр *******аас зээлийн мөнгөн хөрөнгийг гаргуулан шийдвэрлэсэн алдаа гаргасныг залруулна.
4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын дээр дурдсан бичгээр хийсэн зээлийн гэрээний дагуу *******д шилжүүлсэн 100,000,000 төгрөгийг хариуцагч ******* хүлээн авч захиран зарцуулсан үйл баримтад зохигч талууд маргаагүй.
4.2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулж, улмаар зээлийн мөнгөн хөрөнгийг *******ы дансаар шилжүүлсэн ба хариуцагч ******* нь зээлийн мөнгөн хөрөнгийг цааш *******т шилжүүлсэн үйл баримт нь түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
4.3. Хариуцагч нар нь гэр бүлийн харилцаатай, зээлийн гэрээ байгуулах тухай саналыг ******* гаргасан зэрэг нь хариуцагч *******ыг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан хуулийн үндэслэлд хамаарахгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.4. Хариуцагч ******* нь дээрх зээлийг авсан болохыг хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргээс чөлөөлж шийдвэрлэсэн нь талуудын зарчимд нийцэхгүй, мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулах өөрчлөлт оруулна.
5. Хариуцагч *******ы зээлийн гэрээний алдангийг төлөхгүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.1. Зээлийн гэрээний 3.7-д зааснаар Гэрээнд заасан хугацаанд хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан тул алданги шаардах эрхтэй.
6. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******гийн Хаан банк дахь дансны хуулгыг 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар Хаан банкнаас гаргуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШЗ2025/05232 дугаар шүүгчийн захирамжаар хангаагүй орхисон байх бөгөөд энэхүү нотлох баримт нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна.
Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/00742 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 150,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,
шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... хариуцагчаас гэснийг хариуцагч *******, ******* нараас гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 908,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.АЛТАНЦЭЦЭГ