Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00513

 

 

 

 

*******гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/04483 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* банк ХХК-д холбогдох

Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний үүрэгт 8,800,518,802.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 418,956,100 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т "Сангийн актив хөрөнгийг аюулгүй, хөвөх чадвартай, ашигтай байх зарчмыг баримтлан дараах санхүүгийн хэрэгсэлд байршуулж болно", 12.1.2-т Монголбанкны үнэт цаас гэснийг үндэслэн ******* банк ХХК-тай 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг байгуулан тухайн үеэс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Төв банкны үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд тус банкаар зуучлуулан сангийн хөрөнгийг хөрөнгө оруулалтад байршуулан ажиллаж ирсэн.

1.2.Монголбанкаас 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А-5/564 тоот албан бичгээр Хадгаламжийн даатгалын корпорацийг Үнэт цаас буцаан худалдан авах нөхцөлтэй зарах ерөнхий гэрээ, Төв банкны үнэт цаасны цахим арилжааны ерөнхий гэрээнээс хасах болсныг мэдэгдсэн.

Үүнтэй уялдуулан цаашид ******* банкаар зуучлуулж Төв банкны үнэт цаасыг үргэлжлүүлэн худалдан авах боломжгүй болсон тухайгаа мэдэгдэж, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдан авч 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа нь дуусах 10.0 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасны эх үүсвэрийг, өгөөжийн хамт Монголбанкин дахь ******* тоот харилцах данс руугаа татахаар шийдвэрлэж, төлбөрийн даалгавар бичиж хүргүүлсэн боловч уг даалгавар биелэгдээгүй.

******* банк ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 04/03 дугаар Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгч Хадгаламжийн даатгалын корпорацид төлөх ёстой 10,061,000,000 төгрөгийг төлөөгүй болно.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т "үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ", Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т "Банк харилцагчийн даалгавраар түүний харилцах дансны үлдэгдэлд багтаан мөнгөн хөрөнгийг шилжүүлэх гүйлгээ хийх бөгөөд шүүх болон банкны эрх хүлээн авагчийн шийдвэр, эсхүл үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно, Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2020 оны 92 дугаар тогтоолоор батлагдсан Хөрөнгө оруулалтын журмын 2.1-д Арилжааны банкууд дахь корпорацийн харилцах дансанд байгаа үлдэгдлийг Төв банкны үнэт цаасны анхдагч захын арилжаанд оролцохоос бусад тохиолдолд Монголбанкин дахь харилцах данс руу шилжүүлж байна гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн төлбөрийн даалгаврыг биелүүлэхгүй, гүйлгээг хийлгүй буцаах зэргээр хууль болон гэрээний үүргийг зөрчсөн. Банкны удирдлагын зүгээс "Банкны төлбөр гүйцэтгэх чадвар алдагдаад байна, хэвийн түвшинд очих хүртэл төлбөрийг хойшлуулж өгөөч, цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлт багассан. Бид банкны зохистой засаглал, эрсдэлийн удирдлагыг сайжруулж, чанаргүй активыг бууруулах, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх талаар бүхий л боломжуудыг ашиглан чармайн ажиллаж байна гэсэн тайлбаруудыг ирүүлсэн.

Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т "заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх шаардлагыг хангаж ажиллах" гэж заасан байна. Мөн Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 5.3-т Зуучлагч нь гэрээний дагуу хариуцлагыг хүлээх хангалттай санхүүгийн эх үүсвэртэй гэдгээ баталсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

1.3.Нэхэмжлэгч нь хариуцагч ******* банк ХХК-аас Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу Төв банкны үнэт цаас худалдан авах зориулалтаар ******* тоот дансанд байршуулсан эх үүсвэр 10,000,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдан авсан бөгөөд мөн оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа нь дуусах үнэт цаасны өгөөж 59,806,272 төгрөг, эдгээрийн үнийн дүнгээс гэрээний 4.1.4-т заасны дагуу алдангийг 0,1 хувиар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцож 3,383,021,921.12 төгрөг, мөн харилцах дансны үлдэгдэл 1,384,333.70 төгрөгийн хамт нэхэмжилсэн.

Талууд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2021/01/25 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын үндсэн эх үүсвэр болох 9,430,000,000 (2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс гэрээ байгуулах өдөр хүртэлх хугацаанд 631,235,430.76 төгрөгийг төлж барагдуулсан) төгрөгийг төлөх хуваарийг гэрээний 1 дүгээр хавсралтаар, мөн тухайн өдрийн байдлаар төлбөл зохих алданги 4,451,546,270.71 төгрөгийг төлөх хуваарийг 2 дугаар хавсралтаар баталсан ба уг гэрээний дагуу "******* банк" ХХК нийт 5,658,000,000 төгрөг төлсөн, 3,772,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд тооцсон алданги 5,029,903,136 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1."Хадгаламжийн даатгалын корпораци" сан болон "******* банк" ХХК нь анх 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ, түүнийг дагалдуулан Байгууллагын харилцах дансны гэрээг тус тус байгуулсан бөгөөд хожим 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг шинэчилж, ******* банк ХХК дахь *******гийн ******* тоот харилцах дансанд Төв банкны үнэт цаас худалдан авах эх үүсвэрийн хөрөнгө болох 10,000,000,000 төгрөгийг байршуулсан.

2.2.Үүнээс хойш *******гаас ирүүлсэн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А-1/230 тоот албан бичигт 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдан авсан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дуусах 10,000,000,000 төгрөгийн Төв банкны үнэт цаасыг хугацаа дуусмагц эргүүлэн татахаар мэдэгдсэн. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас бид мөнгийг шууд эргүүлж өгөх боломжгүй болж 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01/01-627 тоот албан бичгээр дээрх эх үүсвэрийг 1 жилийн хугацаанд тус банкинд байршуулж хамтран ажиллахыг хүссэн. Энэ хугацаанд ******* банк ХХК нь *******д эх үүсвэрийн хөрөнгөөс нийт 6,228,000,000 төгрөг төлсөн, үлдэх 3,772,000,000 төгрөг төлөхөд маргаангүй.

2.3.Банкны зүгээс зуучлалын үйл ажиллагаатай холбогдуулан заавал Харилцах дансны гэрээг байгуулдаг. Учир нь зуучлуулагч нь зуучлалын харилцаанд оролцохын тулд банкны дансанд мөнгөө байршуулах шаардлагатай бөгөөд ямар дансанд хэрхэн мөнгөө байршуулах асуудлыг Харилцах дансны гэрээгээр зохицуулдаг. Харин Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ нь Монголбанкны үнэт цаасны арилжаанд орохтой холбоотой харилцааг зохицуулдаг. Энэ талаар Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний Нийтлэг үндэслэлийн 1.2-т гэрээний зорилгыг тодорхой заасан.

Гэтэл нэхэмжлэгч эх үүсвэрийн хөрөнгийн үлдэгдэл 3,772,000,000 төгрөг болон Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсгийг үндэслэн алданги шаардаж байна. Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний заалт бол зөвхөн Монголбанк, ******* банк ХХК хоорондоо үнэт цаасыг худалдаж аваад, буцаагаад дансанд нь байршуулаагүйтэй холбоотой 0.1 хувийн хүүний алдангийг тооцохтой холбоотой асуудал болохоос энэ данснаас мөнгө гаргаад, гаргасан мөнгийг өөр нэг банкны данс руу шилжүүлээгүйтэй холбоотой алданги төлөхийг зохицуулсан харилцаа биш юм. Тэгэхээр нэхэмжлэгч тал гэрээг буруу тайлбарлаж алданги шаардаж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр *******гийн гаргасан нэхэмжлэлийн алданги нэхэмжилсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.Талуудын хооронд үүссэн Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний харилцаа нь Монгол Улсын холбогдох хуулийн зохицуулалтыг зөрчсөн, Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулж байна. Тодруулбал, Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт банк Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр 11 төрлийн үйл ажиллагааг эрхлэх талаар тодорхойлон заасан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.2.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр банкны үйл ажиллагаar эрхлэх ёстой.

Гэвч маргаан бүхий гэрээ байгуулагдахаас 9 сарын өмнө буюу 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Монголбанкны ерөнхийлөгчийн А-192 дугаар тушаал гарч, ******* банк ХХК-ийн Төв банкны үнэт цаас худалдан авах эрхийг хүчингүй болгосон. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны А-43 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Төв банкны үнэт цаасны арилжааны журамд заасны дагуу Монголбанк мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор өөрийн үнэт цаасыг арилжаалдаг. Арилжаанд шаардлага хангасан банк оролцож болох буюу олон нийтэд нээлттэй бус хаалттай хүрээнд Монголбанкны зөвшөөрлийн үндсэн дээр арилжаанд оролцдог талаараа Үнэт цаасны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтэд нээлттэй үнэт цааснаас ялгаатай.

Аливаа хэлцэл нь эрх зүйн үндэслэлтэй байх зарчмыг хангах шаардлагатай бөгөөд талуудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ нь нэг талаас тухайн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх эрхгүй этгээд оролцсон, гэрээний үүрэг бодит байдалд биелэх боломжгүй байсан нь дээрх гэрээг эрх зүйн үндэслэлгүй хэлцэл гэдгийг илтгэж байгаа тул тус гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, 56.1.8-т заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахаар байна.

3.2.Хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу зохицуулагдах учиртай. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээгээр зуучлуулагч буюу нэхэмжлэгчийн Банкин дахь дансанд байршиж буй эх үүсвэрээр Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцох, худалдаж авсан үнэт цаасыг буцааж худалдах замаар оруулж ирсэн хөрөнгө болон түүний өгөөжийг Банкин дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн дансанд байршуулах харилцааг зохицуулдаг. Ийнхүү уг гэрээний харилцаанаас нэхэмжлэгч нь хөрөнгө оруулалтын өгөөж буюу гэрээний 2.2-т заасан өгөөжийг Банкин дахь нэхэмжлэгчийн дансанд нэмж байршуулснаар хүртдэг бол хариуцагч нь гэрээний 2.11-т заасны дагуу хөрөнгө оруулалтын зуучлалын шимтгэлийг суутган авдаг. Гэрээ байгуулагдсан хугацаанд буюу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Банк нь Төв банкны үнэт цаасны өгөөжид нийт 418,956,100 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд байршуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь тус 418,956,100.00 төгрөгийг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй байна.

Иймд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу өгөөжид төлсөн 418,956,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан. Дээрх хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн тайлбарт "56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хуулиар хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгдөг" гэж заасан, өөрөөр хэлбэл энэхүү заалт нь тодорхой нэг хэлцэл, гэрээний төрлийг (Хамтран ажиллах гэрээ, Түрээсийн гэрээ, Зуучлалын гэрээ г.м.) хуулиар хориглосон бус, харин тус гэрээг эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдтэй хийсэн, эсхүл гэрээлэгч талын зөвшөөрөлгүй хийсэн гэх мэт хуулиар хориглосон нөхцөл байгаа тохиолдолд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хамаатуулан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох зохицуулалт юм.

Харин талуудын байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ болон гэрээгээр зохицуулах харилцаа, бодит нөхцөл байдал нь хууль дахь өгөгдсөн нөхцөлтэй тохирохгүй буюу тухайн заалтад хамаарахгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлд хуулийн ямар заалтыг зөрчиж маргаан бүхий гэрээ байгуулсан талаар тайлбар, хуулийн үндэслэл дурдагдаагүй, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн ямар зан суртахууны хэм хэмжээнд энэхүү гэрээ нь харшилсан талаар тайлбар үндэслэл хийгээгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4-т зааснаар хариуцагч ******* банк ХХК-иас 3,772,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.2.3-т зааснаар хариуцагч ******* банк ХХК-иас алданги 5,029,903,136 төгрөг, нэхэмжлэгч *******гаас 418,956,100 төгрөг гаргуулах тухай үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,253,931 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 19,017,950 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 /хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөх зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл/-т заасан хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж түүндээ алдаатай дүгнэлт хийсэн. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.1-т "Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан "хууль зөрчсөн" гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй" гэж тайлбарласан бөгөөд Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зүйлгүй, энэ төрлийн гэрээг байгуулахад бусад этгээдээс зөвшөөрөл авах шаардлагагүй буюу хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй болно.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ нь Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-т "үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах" гэж заасан зохицуулалтыг зөрчсөн гэж тайлбарласан. Гэтэл Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг байгуулж болох, болохгүйг Монголбанк банкинд эрх олгосон, зөвшөөрсөн хуулийн зохицуулалт байхгүй ба энэхүү гэрээ нь аливаа хуулийн зохицуулалтыг зөрчин хийсэн хэлцэлд хамаарахгүй байна.

Мөн шүүхийн шийдвэрт Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т "санхүүгийн хэрэгсэл" гэж үнэт цаас, үүсмэл санхүүгийн хэрэгсэл, мөнгөний болон зохицуулалттай зах зээлд арилжихыг зөвшөөрсөн бусад санхүүгийн хэрэгслийг" гэж заасан зохицуулалтыг зөрчсөн гэж дурдсан, гэтэл уг заалт нь нэр томьёоны тайлбар бөгөөд дагаж мөрдөх хэм хэмжээ агуулаагүй заалт тул Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний харилцаа энэхүү заалтыг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн тайлбарт Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэдгийг "...56.1.1 дэх заалтаар аливаа хэлцлийг хуулиар хориглосон бус харин хуулиар хориглосон бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгдөг" гэж заасан, өөрөөр хэлбэл энэхүү заалт нь тодорхой нэг хэлцэл, гэрээний төрлийг (Хамтран ажиллах гэрээ, Түрээсийн гэрээ, Зуучлалын гэрээ г.м.) хуулиар хориглосон бус, харин тус гэрээг эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээдтэй хийсэн, эсхүл гэрээлэгч талын зөвшөөрөлгүй хийсэн гэх мэт хуулиар хориглосон нөхцөл байгаа тохиолдолд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хамаатуулан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох зохицуулалт гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ нь Иргэний ххуулийн 56.1.1.-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд хамаарахгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийн тухайн хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн 5,029,903,136 төгрөг буюу тус гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой гаргасан алдангийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаж, тухайн хүсэлтийг хангасан учраас давж заалдах журмаар гомдол гаргасан. Талуудын хэн аль нь хугацаа сэргээлгэх хүсэлтэд гомдол гаргах эрхгүй. Мөн хугацаа сэргээлгэх хүсэлт гаргаагүй байхад анхан шатны шүүхээс гомдол гаргах хугацаа сэргээсэн гэх асуудлыг анхаарч үзэхийг хүсэж байна.

Анхан шатны шүүхээс талуудын хооронд ямар агуулгатай хэлцэл байгуулагдсан талаарх зорилгыг биелүүлэх боломжтой байсан эсэх асуудлыг дүгнэсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн зүгээс ******* банк ХХК-ийн үнэт цаас худалдаж авах эрхийг хүчингүй болгосон талаар талуудын хэн аль нь маргаагүй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан холбогдох тайлбарыг харгалзан үзэж, санхүүгийн хэрэгсэлд үнэт цаас орно гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхээс Монгол банкны зүгээс ******* банк ХХК-ийн үнэт цаас худалдаж авах эрхийг хүчингүй болгосон үйл баримт нь тодорхой байгаа учраас уг хэлцлийг хийх эрх зүйн чадваргүй байсан гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Уг нөхцөл байдлын улмаас талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн хүрээнд нэхэмжлэгчийн зүгээс алданги шаардах эрхгүй гэж үзэж байна. Монгол банкнаас зөвшөөрөл олгоогүй тохиолдолд хууль зөрчиж хийсэн хэлцэлд тооцох ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс харилцах дансны гэрээний дагуу уг дансанд байгаа мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг хүрээнд 2020 онд талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу алданги төлөх гэх нэхэмжлэлийн шаардлагыг давхардуулж гаргасан. Гэвч хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээний зохицуулалт нь уг хэргийн үйл баримттай хамааралгүй. Анхан шатны шүүхээс хэргийг үнэн зөв, хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* банк ХХК-д холбогдуулан Төв банкны үнэт цаас худалдан авахаар байршуулсан эх үүсвэр, өгөөжийн үлдэгдэл 10,059,806,272 төгрөг, харилцах дансны үлдэгдэл 1,384,333 төгрөг, алданги 3,383,021,921 төгрөг, нийт 13,444,212,526 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв банкны үнэт цаас худалдан авахаар байршуулсан эх үүсвэрийн үлдэгдэл 3,770,615,666.25 төгрөг, харилцах дансны үлдэгдэл 1,384,333.75 төгрөг, алданги 5,029,903,136 төгрөг, нийт 8,800,518,802.25 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын алдангиас бусад хэсгийг хүлээн зөвшөөрч, Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 418,956,100 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1.******* нь ******* банк ХХК-тай 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Харилцах дансны гэрээ байгуулж, ******* тоот төгрөгийн данс эзэмшиж, мөнгөн хөрөнгө тодорхой нөхцөлтэйгөөр байршуулж, төлбөр тооцоо хийх үйлчилгээг банкнаас авч байжээ. (1хх 211-215 дахь тал)

 

3.2.Мөн хэрэгт тэдгээрийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан 04/03 дугаар Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ авагдсан ба уг гэрээгээр ******* нь өөрийн эзэмшлийн ******* тоот дансанд хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг байршуулах, ******* банк ХХК нь байршуулсан мөнгөн хөрөнгөөр Төв банкны үнэт цаасны анхдагч болон хоёрдогч захаас Төв банкны үнэт цаас худалдан авах, худалдан авсан үнэт цаасны хугацаа дуусахад үнэт цаасны төлбөр болон өгөөжийг дээрх дансанд буцаан төвлөрүүлэхээр харилцан тохиролцжээ. (1хх 15-17 дахь тал)

 

3.3.******* нь 2014 оноос хойш ******* банк ХХК-аар зуучлуулан Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцсон байх ба 2020 оны 09 дүгээр сарын 08, 21-ний өдрийн А-1/230, А-1/236 дугаар албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлж, арилжааны банкаар зуучлуулан Төв банкны анхдагч захын арилжаанд цаашид оролцох боломжгүй болсон шалтгаанаар ******* тоот харилцах данснаасаа 10,061,000,000 төгрөгийг Монголбанк дахь өөрийн ******* тоот дансанд шилжүүлэхийг мэдэгдэж, 4643 тоот төлбөрийн даалгавар хүргүүлсэн боловч гүйлгээ хийгдээгүй. (1хх 38, 39, 2хх 85 дахь тал)

 

3.4.Талууд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, хариуцагч нь Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн эх үүсвэр 9,430,000,000 төгрөг болон алданги 4,451,546,270.71 төгрөгийг тус тус хуваарийн дагуу нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон. (1хх 78-82 дахь тал)

 

4.Хариуцагч нь Төвбанкны үнэт цаас худалдан авах түүний эрхийг Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А-192 дугаар тушаалаар хүчингүй болгосны дараа талууд 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

Монголбанкны ерөнхийлөгчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ******* банкинд хийсэн шалгалтын дүнгийн тухай А/192 дугаар тушаалд хариуцагчийн зээл болон санхүүгийн бусад хэрэгсэл худалдан авах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар дурдсан. (2хх 42-43 дахь тал)

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монголбанкнаас ирүүлсэн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А-5/905 дугаар лавлагаанд хариуцагчийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хугацаанд Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцсон талаар, мөн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б-10/153 дугаар лавлагаанд хариуцагч нь 2019-2020 оны хооронд Төв банкны үнэт цаасны арилжаанд оролцох эрхтэй байсан болохыг тус тус тодорхойлсонтой харьцуулж үзвэл, талууд маргаан бүхий гэрээг байгуулах үед хариуцагчийн тусгай зөвшөөрөл хүчингүй болсон байсан гэж эргэлзээгүй байдлаар дүгнэх боломжгүй. (1хх 160-161,177 дахь тал)

Иймээс талуудын байгуулсан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй анхан шатны шүүхийн алдааг дээрх байдлаар залруулж дүгнэнэ.

 

5.Талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний дагуу шилжүүлсэн эх үүсвэр, өгөөж, мөн дансны үлдэгдэл нийт 9,430,000,000 төгрөгийг хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, улмаар 5,658,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ******* тоот харилцах дансанд төлж (1хх 103 дахь талын ард), 3,772,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон ба энэ талаар хариуцагч маргаагүй.

Анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 445 дугаар зүйлийн 445.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

6.Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээний 2.5-д Зуучлагч нь 2.3-ын дагуу худалдаж авсан үнэт цаасны хугацаа дуусахад үнэт цаасны төлбөр болон өгөөжийг 2.2-т заасан дансанд буцаан төвлөрүүлнэ, 2.7-д Зуучлагч нь Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг гэрээний 2.3-ын дагуу худалдаж авсан үнэт цаасны хугацааны эцэст төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй төлбөрийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 (аравны нэг) хувиар алданги тооцно, 4.1.4-т хэрэв гэрээний 2.2-д заасны дагуу хөрөнгө оруулалтын эх үүсвэр түүний өгөөжийг бүтнээр буюу хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй хэсэгт хугацаа хэтрүүлсэн хоног тутамд буцаан төлөгдөөгүй мөнгөн дүнгээс энэхүү гэрээний 2.7-д заасан хувиар тооцож алдангийг төлнө гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан ба дээрх тохиролцоо тус зохицуулалтад нийцжээ.

 

6.1.Талуудын үйлдсэн Төв банкны үнэт цаасны арилжааны төлбөрийн баталгаанд 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн арилжаагаар 28 хоногийн хугацаатай, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа дуусах 10.000 тоо хэмжээ бүхий үнэт цаасны багц хуваарилагдсан талаар тусгасан. (1хх 22 дахь тал)

Улмаар нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 08, 21-ний өдрийн А-1/230, А-1/236 дугаар албан бичгүүд, 4643 тоот төлбөрийн даалгаврын дагуу 10,061,000,000 төгрөгийг Монголбанкин дахь өөрийн ******* тоот дансанд шилжүүлэхийг мэдэгдсэн боловч хариуцагч уг гүйлгээг хийгээгүй учир түүнийг дээрх гэрээний 2.5-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

6.2.Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа алдангийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр тооцон 3,383,021,921 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг үндэслэн 4,451,546,270 төгрөг, мөн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаагаар 5,029,903,136 төгрөг гэж тус тус тооцсон.

Талууд 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээгээр алдангийг 4,451,546,270 төгрөгөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцэх тул алдангийг энэ хэмжээнд хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. (1хх 82 дахь тал)

 

7.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 418,956,100 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алдангийг 4,451,546,270 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Ийнхүү өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2024/04483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 445 дугаар зүйлийн 445.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* банк ХХК-аас 8,223,546,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс 576,972,532 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан Хөрөнгө оруулалтын зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 418,956,100 төгрөг буцаан гаргуулах тухай хариуцагч ******* банк ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын ...19,017,950... гэснийг 41,275,681 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА