Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 265

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Хохирогч Б.Ж,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг,

Шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Д.Бд холбогдох эрүүгийн 1818006110302 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Д.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч инженер мэргэжилтэй, “........................” ХК-нд Цувимал үйлдвэрлэх цехийн ган сувигч ажилтай, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь “........................” ХК-ийн Цувимал үйлдвэрлэх цехийн технологийн мастераар ажиллаж байхдаа Ерөнхий захирлын 2018 онд баталсан “Үйлдвэрт мөрдөх аюулгүй ажиллагааны ерөнхий заавар”-ын 4.1, 4.2, 4.3, 4.7, 4.8, 4.9-д тус тус заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 2 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “........................” ХК-ийн Цувимал үйлдвэрлэх цехийн эхлэн боловсруулах цувих машинд тус компанийн Засвар механикийн албаны тоног төхөөрөмжийн засварчин Б.Ж нь засварын ажил гүйцэтгэх явцдаа зүүн гарын 3 хуруугаа таслуулж эрүүл мэндэд нь зүүн гарын сарвууны 4, 5 дугаар хуруунуудын дунд үеийн төвшин дэх, 3 дугаар хурууны алга-хурууны үеийн төвшин дэх үгүй байдал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...Болдсайхан бид хоёулаа зогс гэсэн дохио өгөхөд Н, А хоёр панел дээр зогсож байсан. Ингээд би зогссон гэж ойлгоод аагилсан гинжний түгжээг салгах гээд угалник төмрөөр цохиход түгжээ нь салахгүй байсан. Хэд хэдэн удаа цохиод салахгүй байхаар нь зүүн гараараа гинжийг барьж байгаад сэгсрэхэд аагилсан гинж гэнэт хөдөлгөөнд ороод миний зүүн гарын гурван хуруу тасарсан. Ингээд би хэн залгачхав аа гээд орилоод босоод ирэхэд ээлжийн мастер Д.Б панелны наад талд царай нь сонин болчихсон хэн ч залгаагүй гэж хэлээд зогсож байсан. ...Миний хувьд технологийн мастер Д.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин эмчилгээний болон бусад зардлаа “........................” ХК-аас иргэний журмаар нэхэмжилнэ гэх хохирогч Б.Жы мэдүүлэг /1-р хх-ийн 15-16, 2-р хх-ийн 130/,

- ...2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн шөнө 02:20 цагт үйлдвэрийн эмч “танай нөхөр гараа гэмтээчихлээ, эмнэлэгт хүрээд ир” гэж утсаар хэлсэн. Эмнэлэгт иртэл эмч надад “яаралтай 3 хурууг нь тайрах шаардлагатай, цус их алдсан байна” гэж хэлсэн. Тэгээд хагалгаанд ороод зүүн гарын чигчий, ядам, дунд хуруунууд болон алганы дээд хэсгийн талыг тайрсан... гэх гэрч З.Шийн мэдүүлэг /1-р хх-ийн 19-20/,

- ...халуун хайчны дамжуулах ширээний орчим хүмүүс бужигнаад байхаар нь харсан чинь Ж гараа бариад гарах хаалга руу чиглээд явж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Ж гинжинд хуруугаа тасалчихлаа гэж хэлсэн... гэх гэрч Э.Иын мэдүүлэг /1-р хх-ийн 21/,

- ...манай хэсэгт 4 хүн үүрэг гүйцэтгэхээр ажилдаа гараад 01:30 цаг хүртэл хэвийн ажиллаж байтал эхлэн боловсруулахцувих машинд гэмтэл гарсан. Б, Ж нар зогсоох дохио өгсөн. Би яаж зогсоохыг мэдэхгүй байсан тул ажлын байр луугаа буцаад явсан. Тэр үед Б нь Аэд дахиад зогсоо гэсэн өгч байгаа харагдсан. Удалгүй Ж яаж байгаа юм бэ гээд орилсон бөгөөд осол гарах үед панелын хажууд ээлжийн мастер Д.Б зогсож байсан... гэх гэрч Н.Нийн мэдүүлэг /1-р хх-ийн 24/,

- ...би тэр үед гагнуур хийж байгаад Жд туслах санаатай очиж явтал гэнэт гинж ажиллаж осол гарсан. Хажуу тийшээ хартал засварчин Ж гараа бариад орилоод байсан. Зүүн гарын 3 хуруу нь бээлийтэйгээ тасарчихсан бололтой байсан... гэх гэрч Ц.Нын мэдүүлэг /1-р хх-ийн 25/,

- ...Цувих цехэд гарсан осол нь үйлдвэрлэлийн осол мөн бөгөөд хүнд зэргийн үйлдвэрлэлийн осол гэж “........................” ХК-ийн ослыг судлан бүртгэх комиссын шийдвэрээр дүгнэсэн. Энэ осол нь ээлжийн мастер Д.Б, ахлах ган цувигч Т, ган цувигч Ш.Б, Н.Б, төгсгөлийн цувих машины ган цувигч П.А, засварын тасралтгүй цувих машины ган цувигч Н.Н, цувих хэсгийн цахилгаанчин Н.Б нарын буруутай үйл ажиллагаанаас гарсан гэж үзсэн бөгөөд ослын актад эдгээр хүмүүсийн хэн нь ямар дүрэм, заавар, журам, хууль зөрчсөнийг тодорхой заасан... гэх гэрч О.Гийн мэдүүлэг /1-р хх-ийн 26/,

- ...лоом авах гээд ширээ дээр гарахад гэнэт шугаман дээрх бэлдэц хөдөлсөн. Тэгэхээр нь би “хүүе наана чинь хүн байгаа шүү дээ” гэж хэлээд панел руу харахад ээлжийн мастер Д.Б панелын хажууд зогсож байсан. Доороос нь Ж “яаж байгаа юм бэ?” гээд орилсон. Хэн ажиллуулчхав аа гэж орилоход Б “би харин сая зогсоолоо” гэж хэлсэн... гэх гэрч Ш.Бийн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28/,

- ...би панелын зогсоогоод буцаад ажлын байр луугаа явж байхад ээлжийн мастер Б панел руу ирж явсан. Тэгэхээр нь би нэг гараа өргөөд панелд хүрч болохгүй гэсэн дохио өгсөн бөгөөд ээлжийн мастер Б панелд хүрсэн. Тэгээд шууд төхөөрөмж ажилд ороод цаанаас Ж “яаж байгаа юм бэ” гээд орилоод гараад ирсэн. Ээлжийн мастер Б над руу хүрч ирээд “олигтойхон дохио өгөхөд яадаг юм бэ?” гээд загнасан... гэх гэрч П.Аийн мэдүүлэг /1-р хх-ийн 30-31/,

- ...тухайн осол болох үед хөдөлмөрийн аюулгүй байдлыг технологийн мастер буюу тухайн шөнийн ээлжийн мастер Д.Б хариуцах үүрэгтэй байсан... гэх гэрч П.Бын мэдүүлэг /2-р хх-ийн 34/,

- ...Би 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “........................” ХК-ийн Цувимал үйлдвэрлэх цехийн технологийн мастерын ажил гүйцэтгэж байхдаа ажлын хариуцлага алдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хариуцлагагүй байдлаас Б.Жы эрүүл мэндэд хохирол учирсан харамсаж байна. Би ажлын хариуцлага алдсанаасаа болж албан тушаал буурсан... гэх шүүгдэгч Д.Бын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 116-117/,

- ...”........................” ХК-ийн үйлдвэрийн “Цувих цех” гэсэн хаалгаар  үйлдвэрт орж осол гарсан гэх газрыг заалгаж үзлэг хийхэд 5 хэсэг гинж бүхий араа байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /1-р хх-ийн 7-11/,

- ...Осол гарах үед “........................” ХК-ийн ерөнхий захирлын 2018 оын А/80 дугаар тушаалаар батлагдсан “ЦҮЦ-д ажиллах тоног төхөөрөмжийн засварчны мөрдөх аюулгүй ажиллагааны заавар. ЗМА-АА3-10С01”-ын 1.8, 2.5, 2.11 дэх заалтууд зөрчигдсөн... гэх шинжээч С.Энхжингийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10-06-019/06 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 34/,

- Б.Жы биед зүүн гарын сарвууны 4, 5 дугаар хуруунуудын дунд үеийн төвшин дэх, 3 дугаар хурууны алга-хурууны үеийн төвшин дэх үгүй байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15%-аар алдагдуулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 874 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 38/,

- Б.Жы биед үүссэн зүүн гарын сарвууны 4, 5 дугаар хуруунуудын дунд үеийн төвшин дэх, 3 дугаар хурууны алга-хурууны үеийн төвшин дэх үгүй байдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Б.Ж нь зүүн гараараа үйл ажиллагаа явуулдаг, зүүн гараараа бичдэг бол энэ нь гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй хүндэвтэр зэргийн гэмтэл юм гэх шинжээч Д.Туяагийн мэдүүлэг /2-р хх-ийн 28/,

- “........................” ХК-ийн Хөдөлмөр хамгааллын инженерээс хэрэгт хавсаргасан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх акт бүхий 188 хуудас материал /1-р хх-ийн 67-250, 2-р хх-ийн 1-21/,

- Хохирогч Б.Жы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарах үед ажиллаж байсан ажилтнуудын байрлал, Цувимал үйлдвэрлэх цехийн хэсэгчилсэн план зураг /2-р хх-ийн 35-39/,

- “........................” ХК-ийн Цувимал үйлдвэрлэх цехийн ажилчны ажлын байрны тодорхойлолт /2-р хх-ийн 42-77/,

- Тухайн үйлдвэрлэлийн осол гарах үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, 28.1.8-д заасныг ээлжийн мастер Д.Б, ХАБ-ын инженер О.Г нар, “........................” ХК-ийн Ерөнхий захирлын 2018 онд баталсан “Үйлдвэрт мөрдөх аюулгүй ажиллагааны ерөнхий заавар”-ын 1.2, 1.4-д заасныг осолдогч Б.Ж, мөн дүрмийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.7, 4.8, 4.9-д заасныг ээлжийн мастер Д.Б, ХАБ-ын инженер О.Г нар тус тус зөрчсөн байна... гэх дахин шинжилгээ хийсэн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 05/092/09 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 83-86/,

- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7, 28.1.8 дахь заалтууд нь инженер техникийн ажилчдын зайлшгүй хэрэгжүүлж ажиллах заалт юм. “........................” ХК-ийн ээлжийн мастерын ажлын байрны үдсэн зорилтын 2-т “ээлжийн технологийн горим, хөдөлмөрийн сахилга батыг чанд мөрдүүлэх, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд технологийн болон чанарын хяналт тавина. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэх, байнгын хяналт тавина” гэж заасан байдаг... гэх шинжээч С.Баяраагийн мэдүүлэг /2-р хх-ийн 89/,

- ...“........................” ХК-ийн Ерөнхий захирлын 2018 онд баталсан “Үйлдвэрт мөрдөх аюулгүй ажиллагааны ерөнхий заавар”-ын 1.2, 1.4, 1.6-д заасныг осолдогч Б.Ж, мөн дүрмийн 4.1, 4.2, 4.3, 4.7, 4.8, 4.9-д заасныг ээлжийн мастер Д.Б тус тус зөрчсөн гэх 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 05-092/19 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 93-94/,

- Аюулгүй ажиллагааны зааврууд батлах тухай “........................” ХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны А/80 дугаартай тушаал /2-р хх-ийн 122-123/,

- Шүүгдэгч Д.Б нь технологийн мастераас ЗТЦМны ган цувигчаар өөрчлөн томилогдсон тухай “........................” ХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1076 дугаартай тушаал /2-р хх-ийн 124-125/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Бын болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Б.Жы биед зүүн гарын сарвууны 4, 5 дугаар хуруунуудын дунд үеийн төвшин дэх, 3 дугаар хурууны алга-хурууны үеийн төвшин дэх үгүй байдал бүхий хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Жы “...Миний хувьд технологийн мастер Д.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин эмчилгээний болон бусад зардлаа “........................” ХК-аас иргэний журмаар нэхэмжилнэ” гэх мэдүүлэг болон хүсэлт /2-р хх-ийн 130, 145/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Бын “........................” ХК-ийн Цувимал үйлдвэрлэх цехийн технологийн мастераар ажиллаж байхдаа Ерөнхий захирлын 2018 онд баталсан “Үйлдвэрт мөрдөх аюулгүй ажиллагааны ерөнхий заавар”-ын 4.1, 4.2, 4.3, 4.7, 4.8, 4.9-д тус тус заасан үүргээ биелүүлээгүй үйлдлийн улмаас 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 2 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй “........................” ХК-ийн Цувимал үйлдвэрлэх цехийн эхлэн боловсруулах цувих машинд тус компанийн Засвар механикийн албаны тоног төхөөрөмжийн засварчин Б.Ж засвар хийж байгаад аагилсан гинжинд зүүн гарын сарвууны 4, 5 дугаар хуруунуудыг дунд үеийн төвшингөөр, 3 дугаар хурууг алга-хурууны үеийн төвшингөөр тасдуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй ба түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч нь цаашид зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай болох нь түүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “........................” ХК-нд Цувимал үйлдвэрлэх цехийн ган сувигч ажилтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 134/, “........................” ХК-ийн Ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1076 дугаартай тушаал /2-р хх-ийн 124-125/, Д.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 139/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Бын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Бын ам бүлийн байдал, цалин хөлсний хэмжээ, бусад орлого олох боломжийг харгалзан үзээд түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 140.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 140.000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хохирогч Б.Ж нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР