Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2025/00512

 

  

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00651 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

*******тэй ТҮЦ худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 03 дугаар сард байгуулан 35,000,000 төгрөг шилжүүлсэн боловч ТҮЦ нь миний нэр дээр шилжиж ирээгүй. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргаж, хэрэг шалгагдаж байх хугацаанд хариуцагч нь 31,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Баянзүрх дүүргийн прокурорын газраас хэрэг хаах тогтоол гаргасан. 4,000,000 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй байх тул *******эс гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.2023 оны 03 дугаар сард ******* болон түүний ээжтэй нотариат дээр гэрээ байгуулах үед уулзсан. Та ТҮЦ-ийн талаар мэдээллүүдээ бүгдийг нь авсан уу, 12 дугаар сард шинэчлэгдсэн гэрээ хийгдэж, таны нэр дээр шилжиж очно, тэр болтол миний нэр дээр байгаа ТҮЦ дээр үйл ажиллагаа явуулах боломжтой гэж би *******д ойлгуулж хэлсэн. Нотариатч ч энэ нь зөвхөн ТҮЦ худалдах, худалдан авах гэрээг зохицуулж байгаа, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, газартай холбоотой ямар нэгэн зохицуулалт байхгүй гэж тайлбарласан. Үүнийг хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулсан.

2.2.2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ******* над руу холбогдоод ТҮЦ миний бодсон шиг ашиг орлоготой биш байна, тэгэхээр ТҮЦ-ийг буцаана гэсэн. 2023 онд бороо ихтэй, гадаа үйл ажиллагаа явуулдаг учраас орлого муу байхыг үгүйсгэхгүй. Би ТҮЦ-ийг буцаах боломжгүй, та надтай холбогдоогүй *******, ******* гэдэг хүмүүсээр дамжуулан холбогдож худалдан авсан учраас энэ асуудлаа тэр хүмүүстэйгээ холбогдож шийдвэрлүүлээрэй гэж хэлсэн. 2023 оны 11 дүгээр сард намайг залилан мэхэлсэн хэргээр Баянгол дүүргийн Цагдаагийн газарт өгсөн байсан, би цагдаад очиж мэдүүлэг өгсөн, шалгагдаж байх явцад *******тай удаа дараа уулзаж, нөхцөл байдлыг тайлбарлаж өгсөн. Түрээсийн төлбөр, ашиглалтын зардлуудыг бүгдийг нь би өөрөө төлөөд тойрох хуудсаа бичүүлж авсан. Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэнээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хэрэг шийдэгдтэл үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн. Түрээсийн төлбөрт 4,000,000 төгрөг суутгаж авахаар тохиролцоод, үлдэгдэл 31,000,000 төгрөгийг нь шилжүүлээд гомдол санал гаргахгүй гэж ******* бичиж өгөөд дууссан. *******гийн ТҮЦ ажиллуулж байх хугацааны түрээс болон ашиглалтын зардлуудыг би өөрөөсөө төлсөн, 2024 онд огт ажиллуулж чадаагүй ч түрээсийн төлбөр төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагч *******д холбогдуулан гаргасан 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

  4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Шүүгч шийдвэрээ гаргахдаа нэхэмжлэгч талын шүүхэд ирүүлсэн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан талаарх баримттай хамт явуулсан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг энэ хуралдаанаар шийдвэрлээгүй, мөн шүүгч нотлох баримтыг үнэлэхдээ буруу дүгнэсэн байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

  1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1.Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч *******г оролцуулах, мөн өмгөөлөгч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд оролцох үндэслэлээр 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр товлосон шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, холбогдох баримтыг хавсаргажээ.

Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/05573 дугаар захирамжаар дээрх хүсэлтийг хангахаас татгалзахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийг өмнө нь хангаж шийдвэрлэсэн тул энэ үндэслэлээр дахин шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж дүгнэжээ.

3.2.Нэхэмжлэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байх хэдий ч нэхэмжлэгчийн гаргасан дээрх хүсэлт нь өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан буюу шүүхийн өмнө шийдвэрлэснээс өөр агуулгатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн тул уг хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн тухайн шүүх хуралдаанд хариуцагч тал нэхэмжлэгчийн хүсэлтийг хангахаас татгалзахгүй талаар байр сууриа илэрхийлжээ.

3.3.Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

4.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Харин нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримт буруу үнэлсэн гэх гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 192/ШШ2025/00651 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ЦОГТСАЙХАН

  ШҮҮГЧИД  Ц.АЛТАНЦЭЦЭГ

  Д.ЗОЛЗАЯА