Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 94

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

  Шүүгдэгч: Б.Д ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтайчин овгийн Б.Д ид холбогдох 1928000910072 тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Монгол улсын иргэн, 1969 оны 04 дүгээр сарын 10-нд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, зээ хүүгийн хамтаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг ..................... оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, Алтайчин овгийн Б.Д , регистрийн дугаар ..............,

Яллах дүгнэлтэд бичигдснээр:

Шүүгдэгч Б.Д  нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтоор 81-33 ӨМА улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслээр хуульд заасны дагуу хориглосон эрдэнийн чулууны ангилалд хамаарах 9.9 килограмм галт уулын шилийг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 05 дугаар сарын 03-нд 81-33 ӨМА  улсын дугаартай фургонтой 10 цагийн үед хилээр орсон. Хүүхэд бие засаж яваад олж ирснийг суудлын хойд талд хийсэн. Гааль дээр С.Х  гаргаад ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч  Б.Д  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 05 сарын 03-ны өдөр 10 цаг өнгөрөөгөөд би Шивээхүрэн хилийн боомт руу Хятад улс руу гарахаар 8133 ӨМА улсын дугаартай өөрийн машинаа унаад орсон. Би гаалийн хашаа руу орохдоо 9,8 килограмм чулуутай орсон юм. Тэгээд мэргэжлийн хяналтын байцаагч Ц.Б  гэдэг хүн миний машиныг шалгасан. Тэр үед нь би чулуунуудаа машины хойд заалны хойшоо харсан суудлын араар нуусан байсан болохоор Ц.Б  хараагүй. Тэгээд гааль руу очоод зогссон. Гаалийн байцаагч танихгүй залуу гарж ирээд миний машинд үзлэг хийсэн. Миний суудлын ард нуусан чулууг гаалийн байцаагч гаргаж ирээд хурааж авсан. Тэгээд байж байтал гаалийн эрсдэлийн байцаагч Д.Г  ирж миний машиныг шалгасан. Миний авч явсан чулууг гаалийнхан хиллэж үзэхэд 9 килограмм 800 грамм болж байсан... Би Гурвантэс сумын төвөөс урагш хилийн боомт орох хуссан замаар давхиж байгаад замын хажууд шуудайтай зүйл харагдахлаар нь очоод үзтэл уг чулуунууд байсан. 2019 оны 03 сарын үед би олсон юм. Тэгээд би уг чулуунуудыг авч яваад зарах гэж байгаад сая баригдлаа... Би 8133 ӨМА улсын дугаартай машинаа 2013 онд Өмнөговь аймгийн төвөөс Санжаа гэдэг хүнээс авсан юм. Харин уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр эзэмшигч нь Ц.Д  гэж хүн байдаг. Би Ц.Д гээс уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гээд амжаагүй яваад байгаа юм...” гэжээ. /хх-17-18/

            Гэрч С.Х  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 05 сарын 03-ны өдөр би Шивээхүрэн хилийн боомтын гаалийн хяналтын талбайд улсын хилээр гарах талд хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн...10 цаг өнгөрч байхад 8133 ӨМА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл улсын хилээр гарахаар гаалийн бүртгэлд бүртгүүлээд хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчаар шалгуулсны дараа гаалийн шалгалтын хэсэгт ирсэн. Тухайн автомашиныг гаалийн үзлэг шалгалт хийхэд зорчих хэсгийн кабин дотор жолоочийн хэсгийг арын зорчигчийн хэсэгтэй заагласан таславчны хэсэг дээр үйлдвэрийн бус аргаар эд зүйл нуух зориулалттай нуувчтай байсан. Нуувч байсан тул сэжиг төрөөд нээж үзсэн. Нуувчийг нээж үзэхэд тухайн машиныг жолоодож явсан Б.Д ийг байлцуулж нээхэд дотор нь ноосон оймс хэлбэрийн материал дотор хатуу зүйлүүдийг тараан хийсэн байдалтай байсан. Тэдгээр эд зүйлийг гаргаж ирээд кабин дотор нь задлахад улаан өнгийн байгалийн чулуу байсан. Б.Д оос би өөр газар нуусан эд зүйл бий юу гэж асуусан. Гэтэл Б.Д  үүнээс өөр юу ч байхгүй гэсэн. Цаашид гаалийн шалгалтыг гүнзгийрүүлэн хяналт шалгалтыг үргэлжлүүлж хийсэн. Жолоочийн хажуу талын зорчигчийн суудлын урд байх халаалтын паарыг үзэхэд түүнийг боосон боолтнууд нь байнга нээж хаадаг бололтой элэгдсэн, паарыг гадна талаас нь тогшиж үзэхэд дотроо юмтай мэт дуу сонсогдсон. Б.Д оос энд юу байгаа юм бэ гэж асуухад юу ч байхгүй гэсэн. Паараа задлаж нээхийг шаардахад эрс татгалзсан. Нээх түлхүүр багажаа өгөөч гэхэд байхгүй гэж хариулсан. Тэгэхээр нь би өөрийн барьж явсан автеркаар боолтнуудыг нь тайлж эхэлсэн. Тайлж байхад жолооч Б.Д  нь маш их бухимдаж сөхөөстэй байсан урд суудлыг над руу савах гэх мэтээр гаалийн шалгалт хийхэд эсэргүүцэл үзүүлсэн. Энэ байдлаас болж гаалийн байцаагч миний толгойд болон гарт цохилт үүсгэсэн. Энэ байдал нь тухайн пааран дотор ямарваа нэг эд зүйл нуусан гэдэг нь тодорхой санагдсан. Үргэлжлүүлэн паарыг задлаад нээхэд түүн дотор байгалийн чулууг чихэж хийсэн байсан. Тухайн машиныг шалгалтын хэсгээс холдуулан саатуулж жолоочийн бичиг баримт болон зөрчилд холбогдох барааг түр хураан жинлэсэн. Уг машинаас гарсан чулууг жинлэж үзэхэд 9,8 килограмм байгалийн чулуу байсан. Жолооч Б.Д  нь автомашиндаа эд зүйл нууж улсын хилээр гаргах гэсэн үйлдэл байх тул зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан...” гэжээ /хх-21-22/,

Гэрч Д.Г  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 362 дугаар тушаал одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Уг тушаал нь 2009.07.30-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дарга Д.Ц ын баталсан журам батлах тухай тушаал байдаг. Уг тушаал нь 2009.07.17-ны өдрийн гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргасан тушаал юм. Уг тушаалын утга нь гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулж өгсөн байдаг. Мөн уг тушаалын хавсралтаар батлагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт хуудсыг бөглөх ёстой байдаг. Уг хуудсанд Тодорхойлолт авсан аж ахуй нэгж байгууллага, хувь хүний мэдээлэл хаяг регистр утасны дугаар, гаалийн хилээр нэвтрүүлэх үндэслэл болох баримт түүний дугаар, гэрээ протокол, барааны нэр тоо хэмжээ, үнэ, барааны код, хилээр нэвтрүүлж буй зорилго хугацаа, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн төрөл, боомтын нэр хилээр нэвтрүүлэх он сар өдөр, хүлээн авагчийн хаяг гэсэн заалтуудыг тусгаж өгч үнэн зөв бөглөж мэдүүлэх ёстой байдлаар заасан байдаг. Хэрвээ онцлог барааг тусгай зөвшөөрөлгүйгээр, гаальд мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдах юм бол уг асуудал нь харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэх үндэслэл болно... Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа гэж шинжлэх ухаан, технологийн ололт, газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал, судалгаа, шинжилгээ, геологи, байгаль, амьтан судлал, палентлогийн олдворын болон бусад бүх төрлийн дээж, сорьцыг онцлог бараа гэж ойлгож болно. Энэ тухай Гаалийн ерөнхий газрын 2009.07.30-ны өдөр батлагдсан журам батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалаар уг онцлог барааг гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулсан бичиг баримт байдаг... Гаалийн ерөнхий газрын 2009.07.30-ны өдөр батлагдсан журам; батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалын хавсралт дээр чулууны тухайд Үнэт металл, эрдэнийн чулууны дээж, үнэт металлын сорьц тогтоох, эрдэнийн чулууны чанар тодорхойлох лабораторын шинжилгээний дүнг үндэслэн Стандарт хэмжил зүйн газрын Үнэт металл сорьцын хяналтын газраас тодорхойлолтыг мэдүүлэгч маань авсан байх ёстой гэж заасан байгаа... Холбогдох эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг үндэслэн чулууг улсын хилээр нэвтрүүлдэг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж л ганцхан хилээр чулуу нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай... Чулууг тусгай зөвшөөрлийн үндэслэлээр гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд улсын хилээр нэвтрүүлдэг. Тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид олгодог. Уг тусгай зөвшөөрөл байхгүй тохиолдолд чулууг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж нь гаальд урьдчилан мэдүүлж чулууг улсын хилээр гаргадаг. Хувь хүн чулууг улсын хилээр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй...” гэжээ. /хх-21-22/,

Гэрч Ц.Б гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “.Би 2019 оны 05 сарын 03-ны өдөр Шивээхүрэн хилийн боомтын гарах чиглэлд мэргэжлийн хяналтын байгууллагын тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийх цэг дээр үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдрийн 10 цаг өнгөрч байхад 8133 ӨМА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлд би үзлэг хийсэн. Уг машиныг Б.Д  унаж орж ирсэн. Б.Д ийн машин кабин дотор 1 хайрцаг сүү, 1 хайрцаг кофе байсан. Өөр ил харагдах зүйл байгаагүй. Зорчигчийн журмаар ачаа тээш нь 5 килограмм хүртэл хүнсний зүйлийг авч хилээр гарахыг зөвшөөрдөг. Үүнийг Амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бодис бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуульд энэ тухай заасан байдаг. Тэгээд уг 2 хайрцагтай зүйлийг задлуулаад сүү, кофе мөн биш эсэхэд шалгалт хийж улмаар уг машиныг нэвтрүүлсэн. Уг машин дараагийн хяналт шалгалтын байгууллага буюу гаалийн байгууллагын хяналтын цэг рүү явсан...” гэжээ. /хх-23-24/,

Гэрч Ц.Д гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Энэ автомашиныг би 2015 онд байх \өдрийг санахгүй байна\ Өмнөговь аймгийн төвд байж байгаад машинаа зарах гэж зар өгсөн байсан. Тэгээд зарын дагуу Б.Д  ирж миний машиныг үзээд бид хоёр машиныхаа үнийг хоорондоо тохироод надаас бэлэн мөнгөөр худалдаж авсан юм... Би Б.Д ид машинаа худалдаад нэрийг нь дараа шилжүүлнэ гээд явсаар байгаад амжихгүй одоог хүртэл явж байна. Тэгээд би өөрийнхөө нэр дээрээс автомашинаа шилжүүлээгүй яваа юм... Энэ машин одоо надад хамааралгүй болсон, захиран зарцуулах эрх Б.Д ид байгаа... Би Фургон автомашинаа зарна гэж зар тавьсан байсан юм. Тэгээд Б.Д  зарын дагуу хүрч ирээд таны автомашиныг чинь худалдаж авъя гэж ирээд тэгээд бид хоёр үнээ тохироод би машинаа Б.Д ид зарчихсан юм. Одоо Б.Д  бид хоёрын ямар нэгэн мөнгөний тооцоо өр шир байхгүй.Энэ машин одоо Б.Д ийн хөрөнгө юм...” гэжээ. /хх-25-26/,

Шүүгдэгч Б.Д  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: “...Би 2019 оны 05 дугаар сарын 03-ны өглөө 10 цагийн үед Гурвантэс сумын Шивээхүрэн боомтоор урагшаа Хятад улс руу гарах гэж Монгол улсын гаалийн талбай руу 81-33 өма улсын дугаартай Фургон автомашинаар ороод гаалийн хяналтын талбай дээр очоод зогссон. Би гаалийн хашаа руу орохдоо машиныхаа голын заалны суудлын араар нь болон машины паарны дотор нь оймсон дотор чулуу хийж нуусан байсан юм.Тэгээд гаалийн байцаагч С.Х  хүрч ирээд миний машинд үзлэг хийгээд машин дотор орж заалны арын суудлын араар нь нууж хийсэн 2 ууттай чулууг гаргаж ирсэн. Тэгээд цааш нь үзэж шалгаад машины урд талын пааран дотор нь нуусан 2 жижиг ууттай чулууг мөн гаргаж ирсэн. Тэгээд гаалийн байцаагч хил авчраад миний машинаас гаргасан чулууг хиллэж үзэхэд 9.9 кг грамм болсон. Тэгээд миний машиныг цааш нь тавиулж гаалийн байцаагч надаас мэдүүлэг авч сумын цагдаад утсаар мэдэгдсэн... Би 2019 оны 03-р сарын эхээр байх Гурвантэс сумаас Шивээхүрэн хил явах гэж сумаас урагшаа сайжруулсан замаар явж байхад замын хажууд 4 ширхэг ууттай эд зүйл хэвтэж байхаар би машинаа зогсоогоод юу юм бол гээд очоод үзэхэд ууттай улаан өнгийн жижиг жижиг чулуунууд байхаар аваад урагш нь Хятад руу гаргаж зарчхаад будуу гурил болгоё гэж бодож байсан юм... Би машиныхаа заалны урд талын урд суудлын хойд талд нь хөндий төмөр сав руу 2 ууттай чулууг нь хийсэн мөн машиныхаа паарны дотор нь 2 ууттай чулууг нь нуусан байсан. Тухайн үед хэдэн кг чулуу байсныг мэдээгүй. Гаалийн байцаагчийг хиллэж үзэхэд нь би 9.9 кг грамм чулуу байна гэдгийг нь мэдсэн юм... Энэ Фургон автомашин миний эзэмшлийн хөрөнгө байгаа юм. Би Ц.Д  гэдэг хүнээс 5-4 жилийн өмнө худалдаж авсан юм. Би одоог хүртэл өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж амжаагүй явсан юм.Одоо энэ машин Ц.Д гийн нэр дээр байгаа...” гэжээ. /хх-41-42/

            2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1000093 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд “...Б.Д  -ны эзэмшлийн 8133 ӨМА улсын дугаартай 2005 онд үйлдвэрлэгдсэн 2005 онд Монгол улсад орж ирсэн 2206 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019-05-07-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 6,000,000 -н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.

            Жич: Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гурвантэс сум дахь цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б. Пүрэвдоржийн 2019 оны 5 дугаарын сарын 5-ны өдрийн ирүүлсэн "Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол" болон гэрэл зурагнаас уг машины зах зээлийн дундаж үнийг 2019 оны 5 дугаар сарын байдлаар тогтоосон болно.

...” гэжээ. /хх-28-29/,

            2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 491 дугаартай Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжээчийн дүгнэлтэд “...Танай байгууллагаас тодорхойлуулахаар ирүүлсэн 2019 оны 05 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор Бүд овогтой Б.Д  нь 8133 ӨМА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлд 9.9 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгөтэй чулуунуудаас төлөөлүүлэн тунгалаг шлиф (0.03 мм зузаантай чулуун ялтас) бэлтгэн петрографийн шинжилгээ хийж энэ чулууг галт уулын шил (обсидиан) болохыг тодорхойлов. Энэ галт уулын шил нь 0.02-0.6 мм өргөнтэй хожуу кварцын цөөн тасархай линз, судланцараар зүсэгджээ

            Танай байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна.

            Эд мөрийн баримтаар хураагдсан 9.9 кг жинтэй улаан хүрэн өнгөтэй чулуунууд нь галт уулын шил байна.

            Галт уулын шил нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн алинд ч хамаарахгүй.

            Галт уулын шил нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд галт уулын шил нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг...” гэжээ. /хх-31, 33-34/

            Шинжээч Д.Эрдэнэдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Ш.Чимгээ гэдэг хүн бол манай технологи туршилт, эрдэс, чулуу судлалын тасгийн дарга мөн хянаж гарын үсгээ зурж, тамгаа дарж баталгаажуулдаг юм.Олон дамжлагтай байдаг юм. Би бол зөвхөн чулууны найрлага, бүтэц чулууны нэрийг тогтоож өгдөг юм... Хас болон галт уулын шил чулуу нь Эрдэнийн чулууны ангилалд хамаардаг ба Хас чулуу нь эрдэнийн чулууны өнгөлгөөний, галт уулын чулуу нь гоёл чимэглэлийн чулууны ангилалд тус тус багтдаг юм. Манай байгууллагын хил бол баталгаатай, чанарын шаардлага хангасан хил байдаг юм. Шинжилгээнд ирж байгаа чулуунууд нь тухайн үед хиллэж авсан хилнээс илүү гарах буюу дутах асуудал зөндөө гардаг. Мөн чулуунуудыг бүгдийг уутнаас нь гаргаж асгаж хиллэж үздэг тэгэхэд чулууны шороо, тоос нь унадаг юм.Тийм учраас манай хил бол стандартын шаардлага хангасан хил байгаа юм” гэжээ. /хх-37/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2/,

Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-5/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-6/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-9/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-10/

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-16/

Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал зуучлалын газрын 2019.05.31-ний өдрийн албан бичиг /хх-68/

Монгол банкны 2019.06.13-ний өдрийн албан бичиг /хх-61/,

Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-64/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-91/,

Гэрлэлтийн лавлагаа /хх-78/,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-81/,

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Сайн-Эрийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-80/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-82/,

Жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-84/,

Гадаад паспортын хуулбар /хх-85-90/,

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-92-94/,

Б.Д ийн хөдөлмөрийн чадвар алдалтын магадлагаа /хх-100/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Д ид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Д ийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д ид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.  Шүүгдэгч Б.Д ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч Б.Д  нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 10-11 цагийн орчимд  Өмнөговь аймаг, Гурвантэс сум, Шивээхүрэн хилийн боомтоор 81-33 ӨМА улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслээр хуульд заасны дагуу хориглосон эрдэнийн чулууны ангилалд хамаарах 9.9 килограмм галт уулын шилийг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож  байна гэж шүүх дүгнэлээ.

Монгол Улсын үндсэн хуулийн 4 дүгээр зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж заасан.

Монгол Улсын хил гэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол улсын олон улсын гэрээгээр тодорхойлж тогтоосон шугамыг хэлнэ. Уг шугамаас дээш агаарын мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

Улсын хилээр хууль хориглосон бараа / эрдэнийн чулуу/ нэвтрүүлсэн гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар эсхүл гаалийн үзлэгээс нуун далд, тухайн эд зүйлийн нэр төрөл тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичиг зэрэг аргаар тухайлан заасан эд зүйлсийг улсын хилээр эсвэл Монгол улсын Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.9.“гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргасан үйлдэл эс үйлдэхүй байхаар хуульчилжээ. 

Хуульд “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө хамаарна.

Гаалийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.” гэж заажээ.

2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 491 дугаартай Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжээчийн “...Танай байгууллагаас тодорхойлуулахаар ирүүлсэн 2019 оны 05 сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор Бүд овогтой Б.Д  нь 8133 ӨМА улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлд 9.9 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргийн баримтаар хураагдсан улаан хүрэн өнгөтэй чулуунуудаас төлөөлүүлэн тунгалаг шлиф (0.03 мм зузаантай чулуун ялтас) бэлтгэн петрографийн шинжилгээ хийж энэ чулууг галт уулын шил (обсидиан) болохыг тодорхойлов. Энэ галт уулын шил нь 0.02-0.6 мм өргөнтэй хожуу кварцын цөөн тасархай линз, судланцараар зүсэгджээ. Танай байгууллагаас тавьсан асуултад дараах хариултыг өгч байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 9.9 кг жинтэй улаан хүрэн өнгөтэй чулуунууд нь галт уулын шил байна. Галт уулын шил нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрцийн алинд ч хамаарахгүй.           Галт уулын шил нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд галт уулын шил нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг...” гэсэн дүгнэлт /хх-31, 33-34/, Шинжээч Д.Эрдэнэдэлгэрийн “... Галт уулын чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаардаг ба Эрдэнийн чулууны гоёл чимэглэлийн чулууны ангилалд багтдаг юм. Манай байгууллагын хил бол баталгаатай, чанарын шаардлага хангасан хил байдаг юм. Шинжилгээнд ирж байгаа чулуунууд нь тухайн үед хиллэж авсан хилнээс илүү гарах буюу дутах асуудал зөндөө гардаг. Мөн чулуунуудыг бүгдийг уутнаас нь гаргаж асгаж хиллэж үздэг тэгэхэд чулууны шороо, тоос нь унадаг юм.Тийм учраас манай хил бол стандартын шаардлага хангасан хил байгаа юм” гэх мэдүүлэг /хх-37/ зэргээр шүүгдэгч Б.Д ийн Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн чулуу нь галт уулын шил болохыг тогтоосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Энэ хуулийн 46.1-д заасны дагуу бүртгүүлбэл зохих үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалт, тэдгээрийн сорьц, чанарыг тогтоох, бүртгэх журмыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол улсын засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Үнэт металлын сорьц, тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийн бүртгэх журам” батлагдсан байна. Энэ журамд заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд, галт уулын шил нь энэ ангиллын гоёл чимэглэлийн чулууны ангилалд хамрагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг Монгол банкаар дамжуулан экспортод гаргаж болно.” гэж эрдэнийн чулууг экспортод гаргахыг хориглосон ба шүүгдэгч Б.Д  нь ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй эзэмшигч биш байна.

Түүнчлэн шүүгдэгч Б.Д  нь Гаалийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу барааг буюу чулууг гаалийн хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг холбогдох этгээд гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад гаргаж өгсөн үйл баримт тогтоогдоогүй төдийгүй уг чулууг тээврийн хэрэгслийн зорчигчийн суудлын түшлэгийн арын хэсэгт хийж нуун хил нэвтрүүлсэн үйлдлээс үзэхэд шүүгдэгч Б.Д  нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан, мөнгө олох зорилгоор хүсч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Тус эрдэнийн чулууг 2019 оны 03 дугаар сард Шивээхүрэн хилийн боомт орох гээд явж байгаад замын хажуу талаас олсон гэх мэдүүлгийг шүүгдэгч Б.Д  мэдүүлэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Д  нь 1969 оны 04 дүгээр сарын 10-нд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 50 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, зээ хүүгийн хамтаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт баг Цохион усны 4-5 тоотод оршин суудаг, урьд Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалттай зэрэг болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт /хх-64/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-91/, Гэрлэлтийн лавлагаа /хх-78/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн засаг даргын тодорхойлолт /хх-81/, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Сайн-Эрийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-80/,  Жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-84/, Гадаад паспортын хуулбар /хх-85-90/, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-92-94/, Б.Д ийн хөдөлмөрийн чадвар алдалтын магадлагаа /хх-100/ зэргээр тогтоогдож байна.

Тэрээр Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр  2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 сарын хугацаатай өвчний жагсаалтын заалтаар шүүгдэгч Б.Д ийн хөдөлмөрийн чадвар 60 хувийн алдалттай болох нь тогтоогдож байх хэдий ч энэ байдал нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. 

            Шүүгдэгч Б.Д ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ. 

            Иймд шүүгдэгч Б.Д ийг Хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ид 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Д  нь 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож,  шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  Б.Д ийн гэрчээр өгсөн “...Би 8133 ӨМА улсын дугаартай машинаа 2013 онд Өмнөговь аймгийн төвөөс Санжаа гэдэг хүнээс авсан юм. Харин уг машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ дээр эзэмшигч нь Ц.Д  гэж хүн байдаг. Би Ц.Д гээс уг машиныг өөрийн нэр дээр шилжүүлэх гээд амжаагүй яваад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-17-18/, гэрч Ц.Д гийн “...Энэ автомашиныг би 2015 онд байх /өдрийг санахгүй байна/ Өмнөговь аймгийн төвд байж байгаад машинаа зарах гэж зар өгсөн байсан. Тэгээд зарын дагуу Б.Д  ирж миний машиныг үзээд бид хоёр машиныхаа үнийг хоорондоо тохироод надаас бэлэн мөнгөөр худалдаж авсан юм... Би Б.Д ид машинаа худалдаад нэрийг нь дараа шилжүүлнэ гээд явсаар байгаад амжихгүй одоог хүртэл явж байна. Тэгээд би өөрийнхөө нэр дээрээс автомашинаа шилжүүлээгүй яваа юм... Энэ машин одоо надад хамааралгүй болсон, захиран зарцуулах эрх Б.Д ид байгаа... Би фургон автомашинаа зарна гэж зар тавьсан байсан юм. Тэгээд Б.Д  зарын дагуу хүрч ирээд таны автомашиныг чинь худалдаж авъя гэж ирээд тэгээд бид хоёр үнээ тохироод би машинаа Б.Д ид зарчихсан юм. Одоо Б.Д  бид хоёрын ямар нэгэн мөнгөний тооцоо өр шир байхгүй.Энэ машин одоо Б.Д ийн хөрөнгө юм...” гэх мэдүүлэг /хх-25-26/, шүүгдэгч Б.Д ийн яллагдагчаар өгсөн  “... Энэ Фургон автомашин миний эзэмшлийн хөрөнгө байгаа юм. Би Ц.Д  гэдэг хүнээс 5-4 жилийн өмнө худалдаж авсан юм. Би одоог хүртэл өөрийнхөө нэр дээрээ шилжүүлж амжаагүй явсан юм. Одоо энэ машин Ц.Д гийн нэр дээр байгаа...” гэх мэдүүлэг /хх-41-42/ зэргээр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь иргэн Ц.Д гийн нэр дээр бүртгэлтэй боловч шүүгдэгч Б.Д  2015 онд худалдан авсан хууль ёсны эзэмшигч мөн болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Д  нь хуульд заасны дагуу хориглосон эрдэнийн чулууны ангилалд хамаарах 9.9 килограмм галт уулын шилийг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэхдээ 81-33 ӨМА улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Д ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох эд мөрийн баримтаар хураагдсан Уаз-22069 маркийн саарал өнгийн 81-33 ӨМА улсын дугаартай автомашиныг  улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Уаз-22069 маркийн саарал өнгийн 81-33 ӨМА улсын дугаартай автомашиныг мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар тооцож Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хураагдан байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  9.9 килограмм галт уулын шил чулууг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих төрийн байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Шүүгдэгч Б.Д  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Шүүгдэгч Алтайчин овгийн Б.Д ийг Хуульд заасны дагуу хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ийг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Д  нь 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д  нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, эд мөрийн баримтаар хураагдсан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа Фургон маркийн саарал өнгийн 81-33 ӨМА улсын дугаартай автомашиныг улсын орлогод оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 9.9 килограмм галт уулын шил чулууг зохих төрийн байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Б.Д  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг  өөрөө  гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолд гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Д ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ