Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 4560

 

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг

                                           хүлээн зөвшөөрснийг батлах тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойт 107 гудамж, 19 тоотод оршин суух, Боржигон овогт Мижиддоржийн Эрдэнэмөнх /РД:МЗ82012201/

            Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Зүүн тасган 2 гудамж, 10 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбаагийн Цэцэнбилэг /РД:МУ85092260/

Гэм хорын хохиролд 2.351.700 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Эрдэнэмөнхийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү, хариуцагч Б.Цэцэнбилэг, иргэдийн төлөөлөгч Х.Баатар, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Эрдэнэмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Жаргалант сум руу салдаг уулзвараас 5 км зайд асфальтан замд “Энхцэцүүн” ХХК-ийн эзэмшлийн БМБ-325 маркийн 17-08 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн Б.Цэцэнбилэг нь жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн М.Эрдэнэмөнхийн Тоёота приус маркийн 74-69 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.773.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Төв аймгийн прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 190 тоот тогтоол, “Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн СХД-511 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлангаар тус тус тогтоогдсон. Мөн иргэн М.Эрдэнэмөнхийн хүү Б.Тэлмэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Тухайн прокурорын тогтоолд дурьдсанаар эд хөрөнгийн болон эрүүл мэндэд учирсан хохирол түүнтэй холбогдон гарсан бусад зардлыг гэм буруутай этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх нь хуульд нийцэхээр байна.

Иймд тээврийн хэрэгсэл ашиглах явцдаа М.Эрдэнэмөнхийн эд хөрөнгөнд учруулсан 1.773.000 төгрөг түүнтэй холбоотой гарсан оношилгооны зардал 57.500, хохирлын үнэлгээний төлбөр 71.000 төгрөг, эвдрэлтэй машин ачуулсаны төлбөр 400.000 төгрөг, архиваас материал хуулбарлан авсаны төлбөр 12200 төгрөг, нотариатын зардал, 6000 төгрөг, хүү Б.Тэлмэнгийн биеийг эмчлэх зорилгоор худалдан авсан эм тарианы үнэ 32000 төгрөг, нийт 2.351.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.     

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагны явцад хариуцагч Б.Цэцэнбилэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, нийт 2.351.700 төгрөгийг төлж барагдуулна гэсэн тул нэхэмжлэгч нь хариуцагч “Энхцэцүүн” ХХК-иас татгалзаж байна. Иймд хариуцагч Б.Цэцэнбилэгийн зөвшөөрлийг баталж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Цэцэнбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэцэнбилэг миний бие 2016 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Жаргалант сум руу салдаг уулзвараас 5 км зайд асфальтан замд “Энхцэцүүн” ХХК-ийн эзэмшлийн БМБ-325 маркийн 17-08 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан. Уг тээврийн хэрэгсэл нь манай хадам ах Г.Сэргэлэнбаатарын автомашин бөгөөд “Энхцэцүүн” ХХК-ийн зээлийн барьцаанд байсан болно. Миний бие М.Эрдэнэмөнхийн нэхэмжилж буй 2.351.700 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Эрдэнэмөнх нь хариуцагч “Энхцэцүүн” ХХК, Б.Цэцэнбилэг нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2.351.700 төгрөг гаргуулахыг шаардсан нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Цэцэнбилэг нь М.Эрдэнэмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 2.351.700 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, тайлбар гаргажээ. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч тал хариуцагч “Энхцэцүүн” ХХК-иас татгалзаж, хариуцагч Б.Цэцэнбилэгийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан тул зохигчийн хүсэлтээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Б.Цэцэнбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хариуцагч Б.Цэцэнбилэг нь М.Эрдэнэмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 2.351.700 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.Цэцэнбилэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэцэнбилэгээс 52600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эрдэнэмөнхөд олгосугай.

 

3. Нэхэмжлэгч нь хамтран хариуцагч “Энхцэцүүн” ХХК-иас татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Хариуцагч уг тогтоолыг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид уг тогтоолд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.                                     

                 

 

                            

                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                            Ж.КУЛЬДАНА

 

                                    ШҮҮГЧИД                                           Б.АЗБАЯР

 

                                                                                    А.САРАНТУЯА