| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/04048/И |
| Дугаар | 210/МА2025/00492 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00492
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00258 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгож, цалин хөлстэй тэнцэх олговор болон ээлжийн амралтын цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч 2015 онд 11 дүгээр сард ******* ХХК-д тогоочоор орсон. Туршилтын хугацаанд ажиллаж байгаад үндсэн ажилтан болж, нэг сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан.
ХХК-ний гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 423 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсвэл хөдөлмөрийн эрхлэлтийг харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Уг зохицуулалтыг Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-т дэх хэсэгт тайлбарласан. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлыг давтан гаргасан буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш гаргахыг ойлгоно. Зөрчил тус бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай, тус бүрт сахилгын шийтгэл заавал ноогдуулсан байхыг шаардахгүй. Давтан гарсан зөрчлүүдийн хугацаа өмнө сахилгын зөрчил хүлээлгэсэн бол 1 жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байхаар тайлбарласан.
Сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан, ажил дээр зүй бус авирладаг гэх үндэслэлээр хариуцагч компани ажлаас чөлөөлсөн. Ноцтой зөрчлийг мөн Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаах, түүний эрх ашигт нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл эс үйлдэхүй байхыг ойлгоно гэж тайлбарласан.
Гэрээний талууд ноцтой зөрчлийн талаар хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заах ёстой. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан шат дараалсан арга хэмжээг аваагүй. Амраад ажилдаа орохоор очиход нь шууд гэрээг цуцалж ажлаас халсан. Нэхэмжлэгч гурван талт хороонд хандсан боловч ажил олгогчтой эвлэрээгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор болон ээлжийн амралтын г нөхөн гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Ажилтан хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Талууд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 6 дугаар зүйлд ноцтой зөрчлийн талаар харилцан тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээний 6.11.8, 6.11.12, 6.11.16 дахь заалтуудыг зөрчсөн. Ажилтан *******ийн биеэ авч явах байдалтай холбоотой ажилтнуудаас гомдол удаа дараа ирж байсан. Компанийн нэр хүндэд нөлөөлөх зохисгүй үйлдэл гаргасан талаар 2024 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд илтгэх хуудас ирүүлсэн. Уг зөрчлийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчид тайлбар өгөх талаар мэдэгдэхэд ХАБ-ын мэргэжилтэн болон талбайн менежерт уурлаад 2 п.да чинь гэж хэлсэн, тэгээд өөр хэрэлдсэн зүйл байхгүй гэсэн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг ирүүлсэн.
Нэхэмжлэгч нь өөрийн оронд байгууллагад хамааралгүй гадны хүнийг ажиллуулсан, компанид мэдэгдэлгүй би амарлаа, миний оронд ажиллах хүн гэж хэлсэн. Тухайн ажилтныг ажиллуулахтай холбоотой маргаан үүсэхэд наад хүүхэн чинь газ ажиллуулж мэднэ, ажилласан цагийг миний цаг дээр бүртгэнэ гэж хэлсэн. Тогоочоор ажиллуулахаар авчирсан хүн нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эсэх нь тодорхойгүй, ХАБ-ын зааварчилгаа, байгууллагын хүний нөөцөөс зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байсан. Энэ талаар нэхэмжлэгчид шаардлага тавьсан байдаг. Түүнчлэн боомт дээр хөрөнгө оруулагч ХХК 2024 оны 04 дүгээр сарын 10-26-ны өдрийн хооронд ажиллаж байх үед талбай дээр бусадтай хэрүүл маргаан үүсгэж, төлөөлөгчийн хажууд зүй бус үйлдэл үзүүлсэн. Үүнтэй холбоотойгоор арга хэмжээ авах талаар хөрөнгө оруулагч байгууллага манайд мэдэгдсэн.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь тогтоогдоно. Байгууллагын зүгээс сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр биш, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул ажлаас халсан тушаал хууль зүйн үндэслэлтэй. Нэмж хэлэхэд манай компани нь улсын онцгой объект, хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэвтэрч байгаа ажилтан бүр тусгай зөвшөөрлийн дагуу нэвтэрдэг тул өөрийн оронд зөвшөөрөлгүй хүн ажиллуулах нь ноцтой зөрчил бөгөөд их хэмжээний эрсдэл дагуулах аюултай.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус нэхэмжлэгч *******ийн ******* ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговорыг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.******* тус компанид 2023 оны 11 дүгээр сард тогоочоор ажилд орсон. 15 хоногоор ажилладаг, ээлжийн ажилтай. 15 хоногийн цалин 1,200,000 төгрөг, үүнээс татвар нийгмийн даатгал төлүүлээд гар дээр 900,000 орчим төгрөг авдаг байсан. Миний цалин 2024 оны 01 дүгээр сард нэмэгдэж 2,800,000 төгрөr болсон. Гэтэл гэнэт 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ажлаас халсан тушаал миний утсаар ******* менежерийн утаснаас явуулсан байсан. Надад албан ёсоор тушаал гардуулаагүй.
Миний бие ажлын байран дээр худал хулгай хийж, архи ууж танхайрсан, мөн ажил тасалсан удаа байхгүй. Ингээд миний бие ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч, хуульд заасны дагуу дүүргийн гурван талт хороонд өргөдөл өгч, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хорооны хурлаар орсон боловч ажил олгогч бид хоорондоо шийдэлд хүрээгүй. Ажил олгогч намайг үндэслэлгүй халсан, мөн миний гэм бурууг нотолсон нотлох баримт гаргаж ирээгүй тул шүүхэд хандсан.
4.2.Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан үндэслэлээр халсан. Хөдөлмөрийн хуулиар 5 удаагийн шатлалтайгаар халах ёстой юм байна. Хаалттай сануулах, нээлттэй сануулах, сарын цалинг 3 сар 20% хасах, албан тушаал бууруулах, ажлаас халах гэх мэт шат дараалсан арга хэмжээ авах ёстой. Гэтэл миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж үндэслэлгүйгээр ажлаас халсан. Гэхдээ би хов ярьж, хэрүүл хийж, хэн нэгний эрхийг зөрчөөгүй. Хэрвээ миний бие компанийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг зөрчсөн бол хуульд шат дараалсан арга хэмжээ авах ёстой юм байна.
4.3.Гэтэл компани менежертэй таарамжгүй гэх шалтгаанаар хувийн өс хонзонгоор ажлаас халлаа гэж ойлгож байна. Ямар нэгэн ёс зүйн зөрчил гаргасан бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой байсан. Надтай байгууллагын зүгээс хувьчилж уулзаж анхааруулга сануулга өгөөгүй. Миний бие хэд хоногийн ээлжийн амралтаа авъя гэж удирдлагуудад удаа дараа хэлсэн. Ямар ч зохицуулалт арга хэмжээ авч өгөөгүй. Нөгөө ээлжийн менежерт хэлэхэд орондоо ажиллуулах хүн олоод ир гэсэн, би хүн олж өгсөн. Гэхдээ компани миний явуулсан хүнтэй албан ёсоор түр болон үндсэн ажилтнаар ажиллуулах талаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч ажиллуулах байсан. Энэ нь компанийн эрх, үүрэг гэтэл анхан шатны шүүх дээр намайг дураараа аашилж компанийн онцгой объект руу зөвшөөрөлгүй хүн оруулсан гэж мэтгэлцсэн. Хариуцагчийн мэтгэлцээн тайлбарыг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээ гаргахдаа үндэслэл болгосон. Ер нь менежер *******ын буруутай үйлдлээс болж ажлаас халсан.
Хөдөлмөрийн гэрээнд 2-оос доошгүй зөрчил гаргасан бол ажлаас халах шалтгаан нөхцөл болсон гэж үзсэн. Би ямар ч зөрчил гаргаагүй. *******той л муудалцсан. Айхтар сүртэй ажлаасаа халагдах болтол муудалцаагүй. Хамт олон мэдэж байгаа. Хөдөлмөр хамгаалал болон өөрийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар менежер *******т шаардлага тавихаар хэрүүл тэмцэл хийлээ гэж уцаарлаж уурладаг, шаардлага хүлээж авдаггүй. Менежер ******* шүүхийн шатанд гэрчээр орж ирсэн. Миний гаргасан зөрчлийг бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Мөн компанийн захирал ******* шүүхэд хариуцагч компанийг төлөөлж оролцсон, шат дараалсан сахилгын шийтгэл оногдуулаагүй гэдгээ хүлээсэн.
Үнэхээр ёс зүйн зөрчил удаа дараа гаргалаа гэж үзэж байгаа бол надад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан шат дараалсан арга хэмжээг авах ёстой. Гэтэл шууд ажлаас халсан нь учир дутагдалтай юм. Энэ компанийн хувьд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх ёстой. Хуулиас давсан гэрээ, дотоод журам гэж байхгүй. Хэн нэгэн удирдах ажилтантай ажлаас болж маргасан эсэх, эсвэл хувийн таарамжгүй байдал зэргийг салгаж ялгаагүй байж ажлын байрнаас чөлөөлж халж болохгүй. Миний бие ажлын байран дээр алдаа дутагдал гаргаагүй. Миний хийсэн хоол хүнснээс хүн хордоогүй, ажлын багаж зэвсэг хулгайлаагүй, менежер *******той хэрэлдсэн гэж халсан. Мөн харилцагч компанийн төлөөлөгчтэй ч хэрэлдэж муудалцаагүй. Тэдгээр төлөөлөгч нар өвөрмонгол хүмүүс байсан, миний хийсэн хоолыг сайхан болсон байна гээд надад талархаад л явсан. Би хэл мэдэхгүй. Тэр хүмүүс миний ажлын байрыг шалгаж яваа биш, мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүстэй муудалцах шаардлага байхгүй. Намайг хууль дүрэм мэдэхгүй, эрх зүйн байдал нимгэн байдлыг минь далимдуулж харилцагч компаниар тодорхойлолт гаргуулсан гэж үзэж байна.
Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажил олгогч компанийн нэр хүндэд сөргөөр халдсан асуудал байхгүй. Анхан шатны тойргийн шүүх нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Иймд гомдлын хүрээнд биш бүхэлд нь хянаж анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00258 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны тойргийн шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй ба анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хариуцагч байгууллагын зүгээс тухайн ажилтныг ажлаас халахдаа сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр халаагүй. Ажлаас халсан үндэслэлийг тодорхой заасан буюу талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэх үндэслэлээр халсан. Нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа гаргасан зан байдал, харилцааны доголдолтой асуудлуудыг өмнө хэд хэд хэдэн удаа гаргасан. Сүүлд гаргасан асуудал нь дэд албан тушаалтнуудын тавьсан шаардлагыг эсэргүүцсэн. Нэхэмжлэгч хөрөнгө оруулагч нартай маргаагүй гэх зүйл ярьсан. Гэхдээ тухайн хөрөнгө оруулагч нарын хажууд ажлын байран дээр байгаа ажилтнуудтай хэрүүл маргаан хийж, зохисгүй үйлдэл гаргасан.
5.2.******* сануулсангүй, шат дараалсан арга хэмжээ авсангүй гэж гомддог боловч Улсын дээд шүүхийн тайлбар болон хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэглээнд тодорхой буюу тухайн ажилтны гаргасан зөрчлийн шинж байдал заавал шат дараалсан гарга хэмжээ авахгүй шууд ажлаас халж болно. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн хийж байгаа ажил үүрэгтэй холбоотой буюу цай, хоолны амт чанар муу гэх асуудлаар ажлаас халаагүй тул гаргасан гомдол нь үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх *******ийн гомдлыг Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон байх ба тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4.******* нь хариуцагч байгууллагад 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын хугацаагаар, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар тогоочоор ажилласан талаар зохигч талууд маргаагүй.
5.******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/423 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 20 дугаар зүйлийн 20.7.8, 20.7.10, хөдөлмөрийн гэрээний 6.11.8, 6.11.12, 6.11.16, ажилтны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гаргасан тайлбарыг үндэслэн тогооч *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
6.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан.
6.1.Талуудын байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.11.8-д үйлчлүүлэгч, хамтран ажиллагч нараас ажилтны харилцааны ёс зүй, биеэ авч явах байдалтай холбоотой гомдол 2 ба түүнээс дээш ирсэн, 6.11.12-т удирдах ажилтны даалгавар, шийдвэрийг эсэргүүцэх, худал цуурхал тараах, бусдыг турхирах, өдөөн хатгах, мушгин гуйвуулах, буруу биелүүлэх, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, сэтгэл санааны дарамтанд орох нөхцлийг санаатайгаар бий болгох, 6.11.16-д албан тушаалаа урвуулан ашигласан, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зохисгүй үйлдэл удаа дараа гаргасан, аливаа мэдээллийг компанийн нэр хүнд, ажиллагсдын эрх ашигт сөргөөр нөлөөлөх хэлбэрээр ашигласан үйлдлийг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тусгажээ.
6.2.Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 20 дугаар зүйлийн 20.7-д Ажилтны гаргасан хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдэгт дараах зөрчлүүдийг хамруулна. Үүнд:, 20.7.8-д Байгууллага, хамтран ажиллагч болон харилцагч, үйлчлүүлэгчийн нэр хүндэд халдсан, 20.7.10-т Ажилтны ёс зүйн дүрэм-д заасан хориглох зүйлсийг удаа дараа гаргасан болон ёс зүйн ноцтой зөрчлийг гаргасан гэж заажээ.
7.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан ХАБ хариуцсан менежер , талбайн менежер ******* нарын илтгэх хуудас, ******* ХХК-ийн албан бичиг зэрэг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, ажилтан *******ийн харилцааны ёс зүй, биеэ авч явах байдалтай холбоотой 2 ба түүнээс дээш гомдол байгууллагад ирсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн оронд ажиллуулахаар хүн явуулсан, үүнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнуудаас хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн шаардлагыг тавихад хэл амаар доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэж зүй бус харилцсан, мөн харилцагч компанийн төлөөлөгчийн дэргэд хэрүүл маргаан үүсгэж ёс зүйгүй үйлдэл гаргасан байна.
Талбайн менежер *******ын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгт ...өөр тогооч ирсэн байсан. Хаанаас ирсэн тогооч вэ, биеийн байцаалтаа өгөөч гэж хэлсэн. Тэр хүнд бичиг баримт байгаагүй. Энэ талаар ХАБ-д танилцуулсан. Намайг зааварчилгаа өг гэж хэлсэн. Би зааварчилгаа өгсөн. Орой нь над руу ******* эгчээс мессеж ирсэн байсан. Наад хүнээсээ юу асуугаад байгаан бэ, ажлаа мэднэ, миний оронд ажиллаж байгаа хүн, 2 п.да чинь гэх чат над руу явуулсан Компанийн удирдлагад нөхцөл байдлын талаар илтгэх хуудсаар танилцуулсан. Гадны хүмүүс ирчихсэн байхад ХАБ-тай хэрэлдсэн. Гадны хөрөнгө оруулагч нар тухайн нөхцөл байдлыг хараад гайхсан гэж мэдүүлснээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчил давхар нотлогдсон байна.
8.Иймд ******* нь хөдөлмөрийн гэрээний 6.11.8, 6.11.12, 6.11.16-т заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж шийдвэрлэсэн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/423 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг зөрчөөгүй, түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэлийг заавал шат дараалан авах талаар тус хуульд зохицуулаагүй тул шүүх хариуцагчид холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, холбогдох үр дагаврыг шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА