Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 275

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Од холбогдох эрүүгийн 1918003850289 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Б.О /РД: /, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “” НҮТББ-ын харьяа “” фитнесс клубд дасгалжуулагч ажилтай, ам бүл 1, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Гг 2019 оны 3 дугаар сарын 22, 28-ны өдрүүд, 2019 оны 4 дүгээр сарын дундуур, 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус хэл амаар доромжилж, хоолойг нь боож унагаах, үснээс чирч гулдрах, толгойн тус газарт цохиж унагаах зэргээр зодож, О.Ггийн эрүүл мэндэд гэмтлийн гаралтай 2 хэнгэргийн цоорхой, гэмтлийн гаралтай төвөнх дууны хөвчийн үрэвсэл, тархи доргилт, нүүр, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины няцрал, салстын доорх цус харвалт, 2 өвдөгний зулгаралт, 2 чихний дүлийрэл бүхий хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- Б.Отэй 2011 онд танилцаад 2013 оноос хамт амьдарсан. 2014 оны 5 сард хүүтэй болсон. Бид хоёрт албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Гэр бүлийн хэрүүл маргаан, хардалтаас болоод би нөхрөөсөө салахаар шийдээд 2017 оны 7 дугаар сараас бид 2 тусдаа амьдарч байгаа. Нэг гэрт орсон цагаасаа надад гар хүрэх болсон. Би 2019 оноос өмнө зодсон асуудлын цаг хугацааг санахгүй байна. 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бид 2 гэрт байхад миний гар утсанд эрэгтэй найзаас зурвас ирсэн. Тэгтэл Б.О нь миний өмнөөс зурвас бичиж байгаад надаас “энэ хэн юм бэ? Ямар учиртай хүн бэ?” гэхээр нь би “зүгээр таньдаг хүн байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.О нь босож ирээд намайг алгадаад буйдан дээр боож унагаад 2 чих рүү хүчтэй алдсан. Тэгтэл миний толгой дүүрээд чих рүү салхи сийгээд байгаа юм шиг болсон. Тэгэхээр нь би уурлаад “чи яагаад байгаа юм бэ? зүгээр хүн байна шүү дээ. Чихний хэнгэрэг цоолчихсон юм биш биз дээ?” гэхэд манай нөхөр “юун сүртэй юм бэ? тэгж байгаад зүгээр болчихно шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд бас миний хоолойг боогоод “тэр хүн чинь хэн юм? Тэрийгээ заавал хэл” гээд байсан. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр найз Гын гэрт нөхөртэйгөө хамт байхад би нөхрийнхөө фэйсбүүкээр орчихсон байсан юм. тэгтэл Б.О нь мэдээд надад уурлаж “чи миний хувийн эрх чөлөөнд халдлаа, чи өөрийгөө миний эхнэр гэж бодоо юу?” гээд элдвээр хараагаад хажуугаар өнгөрөх болгондоо уурлаад миний хөл гар руу өшиглөөд байсан. Тэгэхээр нь би “чи ч гэсэн үздэг шүү дээ. Чиний фэйсбүүкт зөндөө юм байна шүү дээ. Гэхдээ би чамд юм ярьдаггүй шүү дээ” гэж хэлэхэд Б.О нь шууд уурлаад намайг алгадаад дахиад боосон. Тэгээд манай найзын эмээ нь салгасан. Би маргааш нь “Бид” эмнэлэгт үзүүлэхэд 2 чихний хэнгэрэг цоолчихсон байсан. 2019 оны 4 сард би захирлаар гарын үсэг зуруулах гэж хүлээж байгаад жоохон оройтоод гэртээ ирэхэд нөхөр маань байрны гадаа сууж байсан. Тэгээд удаан хүлээлгэлээ гээд уурлаад элдвээр хараагаад байхаар нь би “чамд хоол хийж өгөх албатай юм уу?” гээд уурлахад намайг орцны шатан дээр боогоод “чи баахан хүлээлгэчхээд намайг гэртээ оруулахгүй байхдаа яадаг юм? Хэн байвал оруулах юм бэ?” гэхээр нь би гарыг нь түлхээд гараад явахад миний араас ирээд намайг явуулахгүй гээд сандал дээр суулгасан. Тэгээд “энд чамайг хэн ч биш болгочихъё” гээд баахан алгадсан, чичилж мөргөсөн. 2019 оны 4 дүгээр сарын 25-нд хаалга нүдээд агсамнаад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.О нь “...........” кафед хүрээд ир гээд дуудахаар нь очтол мэндийн зөрүүгүй “яасан чи хэнийг дуудсан гэж бодоод гараад ирэв? Ээждээ юу гэж хэлж гарч ирсэн? Машинтай хүн хүлээж байсан уу?” гээд хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би Б.Ог аваад гартал миний нүүр, дух руу мөргөөд намайг хананд шахаад орилоод байсан. Тэгээд би гудамжинд хэл ам хийгээд яахав гээд Б.Ог гэр лүүгээ аваад явахад “чи намайг эрүүлжүүлэхэд хонуулсан биз дээ” гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би орлоо гэхэд миний гараас татаж байгаад алгадаад газарт унагаасан. Тэгээд намайг чирээд явсан. Миний хоёр өвдөг шалбарсан, зугтаах гэхэд үснээс зулгаагаад чирсэн. Тэгээд манай байрны ах ирээд болиоч гэхэд Б.О тэр ах руу “яасан чи үүнтэй унтчихсан юм уу?” гэхэд тэр ах “чи чинь ямар хачин амьтан бэ?” гээд явчихсан. Тэгээд Б.О нь намайг “чи энэ залуутай унтчихсан болохоор чамайг өмөөрч байгаа юм байна” гээд намайг шанаадсан. Тэгтэл би нээх сонин ухаан алдах шиг болсон. Бас миний гэдэс рүү өшиглөсөн... гэх хохирогч О.Ггийн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Манай охин О.Г нь 2011 онд Б.Отэй танилцаад 2013 оноос хамт амьдарсан. 2014 онд тэр хоёр дундаасаа хүүтэй болсон. Охин маань зоддог талаар надад хэлдэггүй байсан сүүлд надад хэлэхдээ жирэмсэн байхаас нь эхлээд зодсон гэж хэлсэн. Б.О нь эрүүл, согтуу хамаагүй зоддог, зодохдоо толгой руу нь мөргөдөг, нүүр, нүд рүү нь алгаддаг, хоолойг нь боодог, элдэв бусын үг хэлж доромжилдог, үснээс нь зулгаадаг, хана мөргүүлдэг, их хэрцгий зантай. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Б.О нь манай гэрт ирж агсам тавиад гараа зангидаж байгаад хана руу хэд хэдэн удаа цохисон. Тэгэхэд манай охин “ээжийн даралт ихэслээ. Чи яв” гээд гарч ирэхэд охины маань толгой дух хэсэг рүү нь духаараа мөргөсөн. Ингэж би анх удаа зодохыг нь харсан. Тэгээд би охиноосоо яаж, ямар байдалтай зоддог талаар нь асуугаад цагдаагийн байгууллагад хандсан. 2017 оны 7 дугаар сарын 24-нд цагдаад өргөдөл бичиж өгөхөд нь сануулаад шийдэгдсэн. Сүүлд чихний хэнгэрэг нь цоорсон гэхэд нь охиноо “Бид” эмнэлэгт үзүүлсэн... гэх гэрч Б.Нийн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- ...2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.О нь манай кафед орж ирээд миний утсаар эхнэрийгээ дуудсан. О.Г нь ороод ирэхэд мэндийн зөрүүгүй “чи яасан өөр хүн дуудсан ч ингээд ороод ирэх юм байна” гээд үг хаяад өдсөн янзтай яриад байсан. Тэгтэл О.Г нь хэрүүл хийх гэж байгаа бол би явлаа гээд явтал араас Б.О нь үсрээд гарсан. Тэгээд 30 минутын дараа гадаа эмэгтэй хүн хашхирах шиг сонин чимээ гарахаар нь би гараад хартал О.Г нь байрны буланд газар хэвтчихсэн, нөхөр нь хажууд нь хашхираад элдвээр хараагаад өшиглөөд байсан. Би О.Гг аваад кафедаа ороход О.Г нь уйлчихсан, үс нь сэгсийгээд хог болчихсон, хувцас нь тоос шороо болчихсон байсан. О.Г нь гар эвгүй болчихлоо гээд гараа хөдөлгөхгүй байсан... гэх гэрч Х.Бын мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- ...О.Гтай дотно найзууд. Өмнө нь ямар байсныг мэдэхгүй. Сүүлийн 2 жил нөхөр нь хардаад тайван ажлыг нь хийлгэхгүй, элдвээр харааж зүхдэг, салах гэхээр салдаггүй, янз бүрийн утаснаас залгаад доромжилж, хэрүүл хийдэг болсон, их хэрцгий зантай. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай гэрт Б.О, О.Г хоёр хүүтэйгээ ирсэн. Тэгээд Б.О нь О.Гг “миний фэйсбүүк рүү орж, миний юмнуудыг үзлээ” гэж уурлаад шууд О.Ггийн нүүр лүү гараараа цохиж, хоолойг нь боож зодож эхэлсэн. Тэгээд би салгаад том өрөө рүүгээ ороод гараад ирэхэд Б.О нь О.Ггийн үснээс зулгааж чирээд жижиг өрөө рүү орох гэж байхаар нь би эмээтэйгээ нийлээд болиулаад Б.Ог хөөж гаргасан... гэх гэрч Б.Гын мэдүүлэг /хх-ийн 15/,

- ...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад манай эхнэрийн утсанд нэг залуугаас зурвас ирэхээр нь би уурлаад “хэн юм бэ?” гэхэд манай эхнэр аймаар уурлаад утсаа булааж аваад хугалчихсан. Бас над руу ус буцалгагч, аяга авч шидсэн. Тэгэхээр нь би уурлаад чих рүү алгадсан нь үнэн. Тэр үед ганц нэг цохисон. 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэрийн найз Б.Гынд байж байхад би “миний фэйсбүүк рүү орж зурвас уншлаа” гэж уурлахад “чи бас уншдаг биз дээ?” гээд байсан. Тэгээд О.Г нь миний хойноос халуун пицца шидэхээр нь би О.Ггийн хүзүүг боогоод алгадсан. 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болсон асуудлыг би санахгүй байна. Нэг мэдэхэд аймаар царай зүстэй сууж байсан. Эхнэрийн найз Б.Г над руу залгаад О.Гг зодсон талаар хэлсэн... гэх шүүгдэгч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- О.Ггийн биед гэмтлийн гаралтай 2 хэнгэргийн цоорхой, гэмтлийн гаралтай төвөнх дууны хөвчийн үрэвсэл, тархи доргилт, нүүр, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины няцрал, салстын доорх цус харвалт, 2 өвдөгний зулгаралт, 2 чихний дүлийрэл зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. О.Ггийн биед илэрсэн 2 чихний хэнгэргийн цоорхой, гэмтлийн гаралтай төвөнх дууны хөвчний үрэвсэл нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 2 чих рүүгээ алгадуулж зодуулснаас үүсэх боломжтой ба 2019 оны 5 дугаар сарын 07-ны байдлаар хэнгэрэг нөхүүлэх эмчилгээ хийлгээгүй байна. О.Ггийн биед илэрсэн тархи доргилт, нүүр, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины няцрал, салстын доорх цус харвалт, 2 өвдөгний зулгаралт нь 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой. О.Ггийн биед илэрсэн 2 чихний олдмол дүлийрэл нь гавал тархины гэмтэл, халдварт өвчний хүндрэл, байнга өндөр дуу чимээтэй орчинд байснаас сонсголын эрхтэн ядрах зэрэг олон зүйлээс нөлөөлж үүсэж болно. Энэ тохиолдолд ямар шалтгаанаар үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. О.Ггийн биед учирсан гэмтэл нь эмчилгээ хийлгэсэн тохиолдолд цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 469 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/,

- Хохирогч О.Ггийн баруун нүдний зовхины няцрал, 2 чихний хэнгэргийн цоорхой, толгой зэргийн гэрэл болон рентген зураг /хх-ийн 24-28/,

- Хохирогч О.Гг түр хамгаалах байранд байршуулах, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлэхээр шийдвэрлэсэн тухай хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 30-31/,

- Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэрэг 13 оноо буюу өндөр түвшинд гэх үнэлгээ /хх-ийн 32-33/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.О, хохирогч О.Г нар нь хамтран амьдрагч, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч Б.Н нарын мэдүүлэг, тэдний хүү О.Эийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55/ зэргээр тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж, бие махбод болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдлийг ойлгох бөгөөд Б.Огийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Гг 2019 оны 3 дугаар сарын 22, 28-ны өдрүүд, 2019 оны 4 дүгээр сарын дундуур, 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус хэл амаар доромжилж, хоолойг нь боож унагаах, үснээс чирч гулдрах, толгойн тус газарт цохиж унагаах зэргээр зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Огийн үйлдлийн улмаас хохирогч О.Ггийн биед гэмтлийн гаралтай 2 хэнгэргийн цоорхой, гэмтлийн гаралтай төвөнх дууны хөвчийн үрэвсэл, тархи доргилт, нүүр, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины няцрал, салстын доорх цус харвалт, 2 өвдөгний зулгаралт, 2 чихний дүлийрэл бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 300.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогчийн эмчилгээний зардалд 1.200.000 төгрөг төлөхөө илэрхийлж хохирогчтой сайн дураар эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Огээс хохирогч О.Ггийн ХААН банкны ................. дугаарын дансанд 3 удаагийн үйлдлээр 300.000 төгрөг шилжүүлсэн тухай төлбөрийн баримт, орлогын мэдүүлэг /хх-ийн 44-46/, хохирогч О.Ггийн “Эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилснээс 300.000 төгрөгийг төлсөн. Үлдэх 1.200.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжилнэ. Надад гомдол санал байхгүй...” гэх шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 70-71/-ээр нотлогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж заасан байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.

Иймд шүүгдэгчээс 1.200.000 төгрөг гаргуулж хохирогчид олгож, шүүгдэгч нь 1.200.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн төлөхөөр хохирогчтой тохиролцсоныг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Огийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Гг 2019 оны 3 дугаар сарын 22, 28-ны өдрүүд, 2019 оны 4 дүгээр сарын дундуур, 2019 оны 5 дугаар сарын 11-ний өдрүүдэд тус тус хэл амаар доромжилж, хоолойг нь боож унагаах, үснээс чирч гулдрах, толгойн тус газарт цохиж унагаах зэргээр зодож, О.Ггийн эрүүл мэндэд гэмтлийн гаралтай 2 хэнгэргийн цоорхой, гэмтлийн гаралтай төвөнх дууны хөвчийн үрэвсэл, тархи доргилт, нүүр, бүсэлхий орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхины няцрал, салстын доорх цус харвалт, 2 өвдөгний зулгаралт, 2 чихний дүлийрэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.  

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь гомдол саналгүй, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “............” НҮТББ-ын харьяа “.........” фитнесс клубд дасгалжуулагч ажилтай болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/, “Бүтээлч залуус нэмэх мөрөөдөл” НҮТББ-ын тодорхойлолт /хх-ийн 49/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Огийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ог дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд тэнссэн хугацаанд зан үйлээ засах 30 цагийн сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Б.Од тэнссэн хугацаанд зан үйлээ засах 30 /гуч/ цагийн сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгчээс 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б овогт О.Г /РД:, утас: /-д олгож, шүүгдэгч нь 1.200.000 төгрөгийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр хохирогчтой эвлэрснийг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР