| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05728/И |
| Дугаар | 210/МА2025/00491 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2025/00491
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00275 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 24,249,589.04 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь ******* ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээ байгуулан автомашин худалдан авахтай холбогдуулан 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. ******* нь зээлийн гэрээ болон хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд зээлийн гэрээний дагуу зээлдэгч *******аас зээл 15,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 659 хоногийн үндсэн хүү 9,749,589.04 төгрөгөөс төлсөн 500,000 төгрөгийг хасаж үлдэгдэл 9,249,589.04 төгрөг, нийт 24,249,589.04 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ******* ХХК нь тухайн үед зээлийн үйл ажиллагаа эрхлэхдээ барьцаалан зээлдүүлэх газар гэсэн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байсан. Барьцаалан зээлдүүлэх газрын журмаар зээл олгож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 286 дугаар зүйлээр талуудын хоорондын харилцаа зохицуулагдана гэж үзэж байна. 15,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлж авсан боловч, зээлийн гэрээ 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичгээр байгуулагдсан. Бичгээр гэрээ байгуулагдсанаас хойш зээлийн хүү тооцох асуудал яригдана.
2.2.Хариуцагч нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хүү төлөх үүрэг үүссэн ч уг үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 286.3 дахь хэсэгт зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах, тухайн зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Уг үүргээ нэхэмжлэгч тал биелүүлж бичгээр мэдэгдээгүй. Ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгоно гэж заасан. Уг заалтыг Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх хэрвээ 1 сарын хугацаа өнгөрөөд хүү төлөөгүй тохиолдолд 10 хоногийн хүү бодоод, цаашид хүү бодогдохгүй гэж зөвлөмжөөр тайлбарласан. Тэгэхээр 10 хоногийн л хүү бодогдох тул нэхэмжлэгч талын бодсон хүү нь үндэслэлгүй.
2.3.Мөн Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас тухайн автомашиныг ******* ХХК 2024 оны 03 дугаар сард хураан авсан байдаг. Зээлийн зориулалт нь хариуцагч автомашиныг худалдан авч, түүний үр шимийг ашиглах байсан боловч үр шимийг нь ашиглаж чадаагүй. Тэгэхээр үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа, гэрээний хугацаа дуусахаас өмнө автомашиныг хураагаад авсан. Үүнээс хойш хүү төлөх үүрэггүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйл, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хүү бодох эрхээ алдсан тул хүү төлөх үндэслэлгүй. Автомашиныг хураан авсан, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн өмчлөлд нь байгаа учраас үндсэн зээлийн төлбөр болох 15,000,000 төгрөг төлөгдсөн гэж үзэж байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 23,050,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,199,589.04 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,198 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 273,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 23,050,000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн. Зээлийн гэрээний 3.5-д Хэрэв зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлсэн мөнгө, түүний хүү, алдангийн хамт 1 сар төлөөгүй тохиолдолд 1 сар хүлээж 1 дэх хоногоос хуульд заасны дагуу дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгийг худалдан борлуулж зээлсэн мөнгөө, түүний хүү алданги, бусад зардлын хамт гаргаж авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэв. Мэдэгдэлтэй танилцаж зөвшөөрсөн зээлдэгч гэж *******ы гарын үсгийг зурсан байдаг. ******* нь үүний дагуу автомашиныг хураан авч худалдан борлуулж зээл, зээлийн хүүг зээлдэгч гаргаж авсан байсан гэж бодсон. Мөн барьцааны гэрээний 1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт барьцааны зүйлийг зээлдэгч ашиглаж явах нөхцөлтэйгөөр талууд гэрээгээр тохиролцсон байсан. Эдгээр үүргээ зээлдэгч зөрчсөн. Үүнээс харахад Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт зааснаар хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний дагуу ашиглах эрхтэй байсан автомашиныг хураан авснаар хариуцагч нь зэрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэлтэй байна. Тэгэхээр хариуцагч нь автомашин хураан авсан өдрөөс хойш үүрэг гүйцэтгэхээс татгалзах үндэслэлтэй. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч өөрөө автомашиныг хураан авсны дараа гэрээний дагуу хохирлоо барагдуулах байсан боловч энэ үүргээ биелүүлээгүйгээс хугацаа зөрчсөн ба мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү, анз авах эрхээ алдсан. Гэтэл анхан шатны шүүхээс энэхүү хуулийн заалтуудыг хэрэглээгүй. 20,000,000 төгрөгийн автомашиныг нэхэмжлэгч хураан авч өөрийн өмчлөлд шилжүүлсэн байхад үүнд үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
Түүнчлэн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлсэн мөнгө болон хүүгээ хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно гэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
******* нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ******* улсын дугаартай Тоёота акуа маркийн автомашиныг барьцаалсан. Барьцааны гэрээний 1.2.13, 2.4-т заасны дагуу зээлдэгч унаж явах буюу ашиглах нөхцөлтэй байгуулсан. Мөн гэрээний 3.2-т барьцаалуулагч нь төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцааны автомашиныг хурааж, төлбөр төлөгдсөн тохиолдолд буцаан олгоно гэж заасан. Хариуцагч тал автомашиныг хурааж байгаа үйлдлийг фидуцийн гэрээ гэж хутган ярьж байна. Барьцаа хөрөнгийг хурааж авч байгаа үйлдэл нь зээлийн гэрээний төлбөрийг төлүүлэх зорилготой ба худалдан борлуулах эсвэл зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгогүй. Зээлийн гэрээний хугацаа 36 сар буюу 2025 онд дуусгавар болно. Нэхэмжлэгч тал автомашиныг хураан авч зээлийн гэрээний төлбөр төлүүлэхийг шаардсан боловч ******* огт төлөөгүй. Мөн барьцаа хөрөнгийг дур мэдэн зарах эрх нэхэмжлэгч талд байхгүй буюу хариуцагч тал автомашиныг зарах зөвшөөрөл өгөөгүй. Хариуцагч тал урьдчилгаа 5,000,000 төгрөгийг ******* ХХК-д төлсөн мэт тайлбарладаг. Гэвч ******* автомашин худалдаж авахдаа худалдагч талд төлсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 15,000,000 төгрөг, хүү 9,249,589.04 төгрөг, нийт 24,249,589.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.******* ХХК, ******* нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХХК нь 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.Зээлдүүлэгч нь зээл 15,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгчид шилжүүлсэн байх бөгөөд зээлийн гэрээ бичгээр байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хүү тооцох үндэслэлтэйг анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зөв дүгнэжээ.
Зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна.
5.Талууд 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Барьцааны гэрээ байгуулж, ******* улсын дугаартай, 2012 онд үйлдвэрлэсэн, Тоёота акуа маркийн, цагаан өнгийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцжээ.
Анхан шатны шүүх дээрх гэрээг барьцааны гэрээ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
5.1.Гэрээний 2.2-т барьцаалуулагч барьцаанд тавих автомашины өмчлөх эрхээ зээлийн барьцаанд байх хугацаанд ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэн, 2.3-т барьцаалуулагч нь төлөх хуваарийн дагуу зээлийн хүү, хасалтыг 1 сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд барьцааны автомашиныг хураан автозогсоолд байршуулах нөхцөлд шилжүүлэн, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлсөн тохиолдолд барьцааг буцаан олгоно, 2.5-д барьцаалуулагч Мөнхчулуун би зээлийн гэрээний заасан хугацаанд зээл, хүүгээ төлөөгүй 1 сараас дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд барьцаанд тавьсан хөрөнгө болох акуа маркийн автомашиныг хураалгаж худалдан борлуулж төлбөрөө барагдуулахыг, хураахтай холбоотой зардлыг төлөхөө зөвшөөрч байна гэж тус тус заасан.
5.2.Тээврийн хэрэгсэл 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийн нэр дээр шилжин бүртгэгдсэн, мөн нэхэмжлэгч 2024 оны 03 дугаар сард тээврийн хэрэгслийг хураан авсан болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, талуудын тайлбараар тогтоогджээ.
5.3.Дээрх гэрээнд автомашиныг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга тусгагдсан байх боловч нэхэмжлэгч нь автомашиныг худалдан борлуулах зөвшөөрлийг хариуцагч олгоогүй, мөн үнийн талаар тохиролцоогүйгээс автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж тайлбарласан.
Нэхэмжлэгч нь автомашиныг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн, түүнчлэн автомашиныг хариуцагчийн эзэмшлээс хураан авсан байдлаас дүгнэхэд дээрх харилцаа нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний шинжийг илүү агуулж байна. Барьцаалан зээлдүүлэх газар нь зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй тул талуудын байгуулсан фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байна.
Гэрээ хүчин төгөлдөр бус нөхцөлд талуудад эрх, үүрэг үүсэхгүй учир нэхэмжлэгч автомашиныг хураан авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэх хариуцагчийн татгалзал, мөн энэ агуулгаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.Зээлдэгч нь зээлийн гэрээний 1.1-д зааснаар сарын 3 хувийн хүү төлөх үүрэгтэй ба анхан шатны шүүх төлбөл зохих хүүг 2023 оны 01 дүгээр сараас 2024 оны 08 дугаар сар хүртэл 19 сарын хугацаагаар тооцон 8,550,000 төгрөг, үүнээс төлөгдсөн 500,000 төгрөгийг хасч, төлбөл зохих үүргийг 8,050,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлтэй. Хүүний энэ тооцоололд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.
7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 8,050,000 төгрөг, нийт 23,050,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
8.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй, харин давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж, хариуцагчийн эзэмшилд автомашиныг шилжүүлж, түүний нэр дээр өмчлөх эрхийг бүртгэхийг нэхэмжлэгч болон Автотээврийн үндэсний төвд даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/00275 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт 2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар ******* улсын дугаартай, Тоёота акуа маркийн автомашиныг хариуцагч *******ы эзэмшилд шилжүүлэхийг нэхэмжлэгч ******* ХХК-д, өмчлөх эрхийг хариуцагч *******ы нэр дээр бүртгэхийг Автотээврийн үндэсний төвд тус тус даалгасугай. гэсэн 2 дахь заалтыг нэмж, дугаарлалт 2 гэснийг 3 гэж, 3 гэснийг 4 гэж, 4 гэснийг 5 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА