Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 96

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

Шүүгдэгч Л.Э

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүрд овгийн Л.Э т холбогдох 1982000000058  тоот эрүүгийн нэг хавтас хэргийг 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Өмнөговь аймаг Ханхонгор сум .......................... гэх газарт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2  хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн, Бүрд овгийн Л.Э , регистрийн дугаар ..........................,

Яллах дүгнэлтэд бичигдснээр:

Шүүгдэгч Л.Э  нь 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг Баян гэх газарт оршин суух Т.Б ийн илүү гэрээс 11 кг 400 грамм ноолуур гэрийн гадна байсан улсын дугааргүй Юу би мото /UB moto/ маркийн мотоциклийг хулгайлж бусдад нийт 2.162.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай нөхрийн найз Л.Э  гэдэг залуу манайд мал самнахаар аймгаас хүнээр хүргүүлж очсон юм. Л.Э  манай малыг 4 хоног самнасан. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр манайд ямаа самнаж байсан ах эгч хоёр манайд ирэхдээ 0.75 граммын ерөөл нэртэй архи авчирч өгсөн юм. Тухайн орой Л.Э  ямаа самнаж дуусчхаад орой тэр архийг манайд ямаа самнаж байсан 2 хүнтэй нийлж уусан. Тэгээд бид нар 22 цаг өнгөрөөгөөд унтацгаасан юм. Бид нар унтаж байсан чинь манай нөхөр Т.Б  намайг дуудсан тухайн үед цаг 00 өнгөрч байсан. Нөхөр намайг сэргээгээд Л.Э  ноолуур аваад явчих шиг боллоо мотоцикл асаагаад явчихлаа чи илүү гэрт ороод үзээтэх гэж хэлсэн. Тэгэхээр нь би босоод 2-лаа хамт оръё гэсэн тэгээд бид хоёр илүү гэрт орсон чинь 4 хавтагатай ноолуур байснаас 1 ууттай ноолуур нь алга болчихсон байсан мөн гэрийн гадаа байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикль байхгүй байсан. Тэгээд манай нөхөр араас нь мотоцикльтой гарсан чинь алга болчихлоо гээд хүрээд ирсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Алдагдсан 11 кг ноолуур алдагдсан 1.162.800 төгрөг болсон. Хохирол төлөгдөөгүй,  мотоциклоо бол бүрэн бүтнээр авчихсан гэжээ. /хх-13/,

Шүүгдэгч Л.Э  мөрдөн  байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ: Миний бие 2019 оны 04 дүгээр сарын эхнээс айлуудаар явж ямаа самнаж эхэлсэн би Т.Б ийнд 04 дүгээр сарын сүүлээр очиж ямаа самнаж эхэлсэн анх би 2019 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр байх найз Т.Б ийн утас руу залгаж ямаа самнуулах уу гэж асуухад арай болоогүй байгаа чи тэгж байгаад хүрээд ирэхгүй юу гэсэн. Тэгээд би аймаг дээр баруун сайхны 16-24 тоотод 2 хоноод Т.Б ийн гэр  рүү өөрийн дүүгээрээ хүргүүлж очсон. Очиход Т.Б  эхнэр 2 хүүхдийн хамт байсан. Очоод би гурав хоног ямааг нь самнаагүй гэрт нь байсан учир нь тэнгэр муухайраад байсан. Дараа өдрөөс нь ямаа самнаж эхэлсэн эхний өдөр 9 ямаа, дараагийн өдөр 6, дараагийн 9, дараагийн 2 өдөр 10 ямаа самнасан. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би 10 ямаа нийт 47 ямаа самнасан. Сүүлийн өдөр болох 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр ямаагаа самначхаад хоолоо идчихээд би Т.Б  болон ямаа самнаж байсан 2 хүнтэй бид хэд 1 шил 0.75 грамммын ерөөл болон 2 литрийн том пиво уусан мөн өдөр нь бид нар 3 том 2 литрийн пиво хувааж уусан. Гэрт байсан хүмүүс 23 цагийн үед унтаад өгөхөөр нь би гэрийн гадна байсан Т.Б ийн мотоциклийг аваад зүүн талд байсан ноолуураа хураадаг жижиг гэрт ороход 4 ууттай 10 кг аар чихээд тавьчихсан ноолуурууд байсан. Би баруун талын ногоон ууттай ноолуурыг гэрээс аваад мотоциклийг унаад аймаг орохоор засмал руу явсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. Би ноолуурыг аваад урд талын банкан дээрээ тавиад явсан. Би засмал руу ороод жаахан явж байгаад мотоциклийнх нь мотор зуурах гээд байхаар нь засмалын хойд талд мотоциклийг орхичхоод машин зогсоож аймаг орохоор болсон. Тэгээд нэг цагаан фургон зогсоод би аймаг хүргээд өгөөч гэхэд тэг тэг суучих гээд аймаг орсон машин дотор 3 эрэгтэй хүн байсан би ноолуураа хажуудаа тавиад явсан. Би аймаг дээр орж ирээд өөрийн гэр болох Баруун сайхны 16-24 тоотод буусан. Гэртээ ороход гэрт хүн байгаагүй ба ноолуураа гэрт тавьчихаад утсаар такси дуудаж дэлгүүр орж 0.75 граммын ерөөл архи аваад харьсан. Цаг 02-03 цаг болж байсан. Архиа шөнийн дэлгүүрээс авсан. Маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед унтаад өгсөн. Маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө 08 цагийн үед босоод ноолуураа аваад Хотол руу очиж ноолуураа тушаахаар болсон. Өглөө эрт өөр газар олдоогүй. Хотол руу очоод ноолуураа жигнүүлээд 11 кг 400 грамм ноолуурыг 1 кг 102.000 төгрөгөөр нийт 1.162.800 төгрөг болсон. Нягтлан дээр нь очиж мөнгөө авахаар болоход мөнгө байхгүй байна. Өдөр үлдэгдлийг нь ирээд авчих гээд бэлнээр 162.800 төгрөгийг авсан. Тэгээд би  энэ мөнгөнөөс 3 ширхэг өмд 120.000 төгрөгөөр аваад гарсан. Тэгээд би гэртээ 0.5 граммын ерөөл авч уучхаад буцаж Хотол дээр такси аваад 13 цагийн үед очиж үлдэгдэл 1 сая төгрөгөө бэлнээр аваад гэртээ харьж жаахан унтаж байгаад босоод хамаатныхаа эгчийнд ирээд 2 том пиво нэг 0.5 граммын ерөөл архи ганцаараа уугаад байх байхад цагдаа нар ирээд хэлтэс дээр ирсэн гэжээ. /хх-14-15/,

Шүүгдэгч Л.Э  мөрдөн  байцаалтын шатанд дахин гэрчээр мэдүүлэхдээ: 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Т.Батууриас авсан ноолуураа Хотол төвд 1.162.800 төгрөгөөр зарж борлуулсан. Тухайн мөнгөнөөс 90.000 төгрөгөөр 3 ширхэг өмд найз Баттөрөөс зээлсэн 500.000 төгрөгөө өгсөн. Урд нь хүний утас авч явж байгаад гээчихсэн юм тэрний мөнгө 450.000 төгрөг Л.Э т өгсөн. Үлдсэн мөнгөөр нь би архи авч уусан. Ноолуур авсан гэрийн хаалгыг модоор сүвэлсэн байсан. Би модыг авч хаалгыг онгойлгоод буцаагаад сүвлээд орхисон гэжээ. /хх-16-17/,

Гэрч Ч.А  мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ямаагаа самнаж эхлээд байж байтал манайд Л.Э  нь 15 цагийн үед саахалт айлын залуугаар хүргүүлээд хүрээд ирсэн би гайхаад чи чинь юу хийж явж байгаа юм бэ гэхэд танайд ямаа самнахаар ирлээ гээд нэг цүнхтэй юм бариад хүрч ирсэн. Цүнхэн дотор нь нэг палчик тамхи нэг талх нэг ундаа л байсан...2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлээд ямаа самнаж эхэлсэн ба 25 ямаа самнасан ирээд манайд 7 хоносон нээх ямаа самнаагүй утсаар яриад мэссэж бичээд хэвтээд байсан. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө намайг нөхөр маань 00 цагийн үед сэрээгээд Л.Э  ноолуур аваад мотоцикл унаад явчих шиг боллоо чи гараад илүү гэр рүү ороод ноолуураа хараад хүрээд ир гэсэн би гэрт ороод харахад нөгөө ууттай 10-аад кг ноолуур байхгүй байсан. Тэгээд гараад харахад хойд овоон дээгүүр Л.Э  давж байгаа харагдсан гэжээ.” /хх-18/,

Гэрч Т.Б ь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манайх 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ямаагаа самнаж эхэлсэн ба тухайн өдөр Л.Э  миний утас руу залгаад танай ямааг самнаж өгье гэсэн ба би хүрээд очих уу гэхээр нь тэгвэл тэг манайд бол одоогоор самнаж байгаа хүн байхгүй байна гэсэн. Маргааш нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны 14 цагийн үед ирсэн ба ирээд эхний өдрөө  10 ямаа самнасан, дараах өдөр нь 5 ямаа самнасан ба нийт 25 ямаа самнасан. Нэг ямааг 7000 төгрөгөөр самнуулсан. Бүх ямаагаа самнаж дуусчхаад цалингаа өгнө гэж тохирсон байсан. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 19 цагийн үед ямаагаа самнаж дуусчхаад ундаа идчихээд унтахаар болсон. Би 22 цагийн үед унтаад 00 цагийн үед мотоцикль дуугархаар нь сэрээд хартал Л.Э  нь байхгүй байсан бид нар бүгдээрээ нэг гэрт унтацгаадаг юм. Гараад хартал хотны урдуур хойд зүг рүү миний мотоциклийг аваад яваад өгсөн. Тухайн үед гайхаад хоцорсон. Манайх илүү гэртээ ямааныхаа ноолуурыг хадгалж байсан ба шууд ороод харахад тэр өдөр 40 ямаа самнасан ба миний жигнээд тавсан 10 аад  кг ноолуурыг аваад явчихсан байсан. Цаана нь 4 шуудайтай 4 кг ноолуур тавиатай байсан. Тэгээд сумын цагдаа руу утасдаж мэдэгдсэн. Мотоциклоо аймаг явах замд засмал замд засмалын хажуугаас олсон. Эвдэрч гэмтсэн зүйл байхгүй түлхүүр нь байхгүй тавиатай байсан...” гэжээ /хх-19-20/,

          Гэрч Т.Б ь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр би ямаа самнаж байсан нэг залуу Л.Э  бид гурав том пиво уусан. Орой нь Л.Э  гуйгаад байхаар нь хагас шил архиа гаргаж өгсөн тэрийг тэр 2 хувааж уусан. Би маш жоохныг уусан. Тухайн үед согтсон зүйл байхгүй болж буй үйл явдлыг мэдэж байсан. Тухайн өдөр ноолуур хулгайд алдагдсан гэх жижиг гэр нь 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цоожгүй байсан. Модоор хаяа тэвхдчихдэг юм. Л.Э  нийт 47 ямаа самнасан нэг ямааг 7000 төгрөгөөр самнасан. Төлбөр тооцоог хийгээгүй бүх ямаагаа самнаж дуусчхаад тооцоог хийнэ гэж тохирсон байсан. Одоо нийт гарсан хохирлоос ажлын хөлсийг хасаж авахаар тохирсон...” гэжээ /хх-21/,  

          Гэрч М.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ 08:30 минутын үед ирсэн ба ажлын үүдэнд гадаа 3хүн зогсож байсан хоёр эмэгтэй, 1 эрэгтэй хүн зогсож байсан. Би өрөөндөө ороод 2 хүүхний тооцоог бодож өгөөд тэр залуу баримтаа аваад ороод ирсэн. Баримтыг нь харахад 11.4 грамм ноолуурыг нэг кг-ыг 102.000 төгрөгөөр авахаар баримтад дээр бичигдсэн байсан. Нийт дүн нь 1.162.800 төгрөг болсон байсан...” гэжээ. /хх-24/

          Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 318 дугаартай дүгнэлтэд: “...Ноолуур цагаан 11.4 кг нэгжийн үнэ 102.000 төгрөг нийт үнэ 1.162.800 төгрөг 2019 оны 04 сарын 29-ний өдрийн ханш, БНХАУ-д 2017 онд үйлдвэрлэгдсэн UB-MOTO маркийн мотоцикль 1 ширхэг 1.000.000 төгрөг элэгдэлд тооцов.” гэжээ. /хх-24-26/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-10/,

Хохирогчоор тогтоох тухай тогтоол /хх-11/,

Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол /хх-12/,

Шүүгдэгч Л.Э ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоол /хх-51-54/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн тодорхойлолт /хх-66/,

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн засаг даргын тодорхойлолт /хх-67/,

Шүүгдэгч Л.Э ын өвчний түүх /хх-74-102/ зэргийг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Э т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Э ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Э т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Шүүгдэгч Л.Э ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх  үзлээ.

  Шүүгдэгч  Л.Э  нь 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23-00 цагийн орчимд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг Баян гэх газарт оршин суух Т.Б ийн илүү гэрээс 11 кг 400 грамм ноолуур гэрийн гадна байсан улсын дугааргүй Юу би мото /UB moto/ маркийн мотоциклийг хулгайлж бусдад нийт 2.162.800 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.

Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,

 Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,

Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр  далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.

Учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

Машин механизм гэж хүн, ачаа тээвэрлэх зориулалттай бүх төрлийн автомашин, мотоцикль, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх, зориулалттай машин, механизмууд хамаарна. 

  Шүүгдэгч  Л.Э  нь 2019 оны 04 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 23-00 цагийн орчимд учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн нутаг Баян гэх газарт оршин суух Т.Б ийн илүү гэрээс 11 кг 400 грамм ноолуур гэрийн гадна байсан улсын дугааргүй Юу би мото /UB moto/ маркийн мотоциклийг хулгайлж бусдад нийт 2.162.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Э  нь Т.Б ь, Ч.А  нарын илүү гэрээс 11.4 килограмм ноолуурыг хулгайлж, түүнийг зөөж тээвэрлэхийн тулд Т.Б ийн эзэмшлийн UB MOTO маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Э ын мөрдөн байцаалтын шатанд гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-14-15, 33-35/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А ын гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-13,18/, гэрч Т.Б ийн мэдүүлэг /хх-19-20/ зэргээр тогтоогдож байх тул учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч Л.Э ын хувийн байдлын тухайд авч үзвэл: Өмнөговь аймаг Ханхонгор сум 3 дугаар баг Сайрын бууц гэх газарт оршин суудаг, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээр 1 удаа 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэл шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-43/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-54/, багийн засаг даргын тодорхойлолт /хх-67/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-42/, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын мэргэжлийн сургалттай сургуулийн тодорхойлолт /хх-66/ зэргээр  тогтоогдож байна.

           Шүүгдэгч Л.Э  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр болох ноолуурын үнэ 1.162.800 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А д төлж барагдуулсан, мөн UB moto  маркийн мотоциклийг буцаан өгсөн болох нь хохирол төлбөр барагдуулж, гомдол саналгүй, эвлэрсэн гэх хүсэлт /хх-123/, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул  шүүгдэгч Л.Э ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.  

           Шүүгдэгч Л.Э ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

           Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Иймд  аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э ыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

          Шүүгдэгч Л.Э ын үйлдсэн гэмт хэргээ тууштайгаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан, биеийн эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3, 5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Э ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдлыг харгалзан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нь 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний үйлчлүүлэгч Л.Э  нь эрүү нүүрний мэс засал хийлгээд удаагүй бөгөөд Өмнөговь аймгийн БОЭТ-д 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үзүүлэхэд хагалгаа бүрэн эдгээгүйн улмаас дахин идээ үүссэн учраас эмчилгээ хийж байгаад мэс ажилбар хийх шаардлагатай гэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр түдгэлзүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

            Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.2-т “яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол” хэргийг түдгэлзүүлэхээр хуульчилсан бөгөөд шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг товлон зарласан ба шүүгдэгч Л.Э  нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирсэн, мөн энэ талаарх шинжээчийн дүгнэлт болон эмнэлгийн байгууллагын тодорхойлолт хавтаст хэрэгт авагдаагүй ба хуулбарлан ирүүлсэн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийн хуулбарыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

 Монгол улсын Үндсэн хуульд заасан эрүүл мэндээ хамгаалуулах эрхийнхээ хүрээнд шүүгдэгч Л.Э  нь хорих ял шийтгүүлсэн ч эрүүл мэндтэй холбоотой асуудлаа аль ч шатанд зохих журмын дагуу хамгаалуулах эрхтэйг болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.Э  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлоггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хяналтын камерны бичлэг бүхий СД-ийг тус хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалж шийдвэрлэв.

             Шүүгдэгч Л.Э т хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Бүрд овгийн Л.Э ыг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Э ыг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Э  хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.А д 2.162.800 төгрөгийн хохирол, төлбөр төлж барагдуулсан болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Л.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч Л.Э т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий CD-ийг хэргийн хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Л.Э т авсан цагдан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ