Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 276

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Ц.Эт холбогдох эрүүгийн 1918003180300 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Ц.Э /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагаас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 05 цаг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм”-ийн “Цэгээн уст ам” гэх газарт эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр нийт 257.3 м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул явуулан 21.0 грамм алт олборлож байгаль экологид 274,675 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Эын өгсөн: Би угаасаа экскаваторын операторчноор ажилладаг байсан. 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хонгор сумын 2 дугаар багт байрлах газарт Г, С, Э, Д нарын хамт шөнө 12 цагийн үед очиж газар ухсан. Өмнө нь өөр хүмүүс угаагаад овоолсон шороог угаахад гайгүй байх гэж бодсон. Тухайн талбайд экскаватор, усны помп, алт угаах буу зэргийг ашигласан. Экскаваторыг найзаасаа 10.000.000 төгрөгөөр түрээсэлсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч Т.Аийн өгсөн: ...Хонгор сумын 2 дугаар багт байрлах Цэхэр цөөрөм Цэгээн уст ам гэх газар нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгогдоогүй, ойн сан бүхий газар юм. Ц.Э нь уг газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй. Одоо Ц.Эаас Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчинд учирсан хохирлыг 2-5 дахин нэмэгдүүлж, 608,054.53 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 473.510 төгрөг, нийт 1,081,564.53 төгрөгийг нэхэмжилж байна мэдүүлэг /хх-ийн 13/,

Гэрч Т.Гийн өгсөн: Би Э, Д, Э, С, Х, А, Ж, Б нарын хамт 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Хонгор сумын 2 дугаар багийн Цэхэр цөөрөм гэх газарт алт ухахаар ирсэн. Бид нар экскаватороо асаагаад 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 00 цагийн үед газар ухаж эхэлсэн. Тэгтэл 05 цагийн үед цагдаа ирж шалгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

Гэрч Ц.Бийн өгсөн: ...Надад Э, Д 2 энэ газарт ажиллах санал тавьж, сарын 600.000 төгрөг өгнө гэж ярилцсан. Би цахилгаан мотор ажиллуулах үүрэгтэй байсан. Тэгээд бид экскаватороо асаагаад ажиллаж байх үед үүрээр цагдаа нар ирж шалгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,

Гэрч Ц.Хын өгсөн: Э над руу “экскаваторын операторчин хийх үү?, Сарын 1.500.000 төгрөгийн ажил хийх үү?” гэж ярихаар нь би энд ирсэн. А бид 2 экскаватороо асаагаад хуучин хөрс хуулчихсан газрын баяжилттай шороог хуулаад нэлээд хэсэг газрын шороог овоолж байх хооронд хамт ирсэн хүмүүс усан бууг холбож ашиглалтад оруулчихсан байсан. 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 03 цагийн үед баяжилттай шороог угааж эхэлсэн. Тэгээд цагдаа нар ирж шалгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

Гэрч М.Бийн өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18 цагийн үед энэ хүмүүс ирсэн. Техникээ бэлдэж асаагаад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

Гэрч Б.Дийн өгсөн: Э, Э, С, Х, А, Ж, Б нарын хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Цэхэр цөөрөм гэх газарт алт ухахаар Эын машинаар ирцгээсэн. Би усан буу дээр ажиллахаар ирсэн. Э нь надад 1 өдрийн 50.000 төгрөг өгнө гэхээр нь би ирсэн. Бид нар ирээд ууланд нуусан байсан экскаватороо асаагаад 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 00 цагийн үед ажиллаж эхэлсэн. 05 цагийн үед цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

Гэрч М.Аийн өгсөн: Х над руу “Э экскаваторын операторчин хийх үү гэж байна?” гэхээр нь би зөвшөөрөөд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 10 хүний хамт ирсэн. Тэгээд Х бид 2 уулын модон дотор Дүүсон-300 маркийн экскаватор байхаар нь асаагаад хуучин ухчихсан талбай руу гаргаж ирсэн. Х эхлээд шөнө гарахаар тохиролцсон. Үүрээр цагдаа нар ирээд бид нарыг дагуулаад экскаватор ажиллаж байсан газарт ирсэн. Энд ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Э зохион байгуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч А.Сын өгсөн: Э надад “алтны уурхайд туслах ажилтан хийх үү” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Би уулын модон дотор орчихсон байсан Дүүсон-300 маркийн экскаваторыг асаахад тусалсан. Ухчихсан талбай дээр байрлуулсан усан бууны хоолой, усны насос зэргийг холбосон. Э бүх үйл ажиллагааг зохион байгуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Гэрч Н.Эын өгсөн: Этай “уг газарт өөрийн экскаватороо өвөл үлдээчихсэн. Одоо очиж авах гэж байгаа. Авахдаа хэд хоног ажиллана. Ажил дуусахаар хэдэн төгрөг өгнө” гэж тохиролцоод 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Тэгээд ууланд байсан Дүүсон-300 маркийн экскаваторыг асаахад тусалсан. Уг экскаваторыг хуучин ашигласан талбай дээр буулгаж ирээд хөрс хуулах ажлыг Х хийж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Гэрч М.Тын өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1 цагийн орчим өөрийн найз Эны хамт энэ хүмүүстэй таараад наашаа унаанд нь дайгдаж ирсэн. Энэ хүмүүс орой болсон хойно зарим хүмүүс нь майхнаа бариад, зарим нь экскаватороо асааж ирээд ажлаа эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Х.Бийн өгсөн: Э нь “Цэхэр цөөрөмд миний экскаватор байгаа. Цуг очоод буулгалцаад өгөөч. 50.000 төгрөг өгнө” гэж хэлсэн. Тэгээд Э болон 8 хүний хамтаар Эын ЗИЛ-131 маркийн автомашинаар Цэхэр цөөрөмд ирсэн. Тэгээд Эын экскаваторыг асаагаад 21 цагийн үеэс газар ухах ажил эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

Гэрч Б.Эны өгсөн: ...өөрийн найз болох Ттай замын унаанд сууж яваад буухад энэ хүмүүстэй таарсан. Тэгээд машинд нь дайгдаж наашаа ирсэн. Энэ хүмүүс багажаа нааш цааш зөөж байгаад техникээ асаагаад ажлаа эхэлсэн. Энд 1 ширхэг экскаватор, 1 ширхэг усан буу ажилласан гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч О.Мийн өгсөн: Дүүсон-300 маркийн 33-70 УН улсын дугаартай экскаваторын эзэмшигч О нь надаас 60.000.000 зээлчхээд өгөхгүй байхаар нь би экскаваторыг нь 3 жилийн хугацаанд түрээслэхээр итгэмжлэл хийлгэсэн. Э нь алтанд явдаг болохоор нь сарын 10.000.000 төгрөгөөр экскаваторыг түрээслэхээр гэрээ хийсэн. Э нь өвөл 1 сард надаас экскаватор авч явсан. Э нь 4 сарын сүүлээр над руу яриад экскаватороор алт ухаж байгаад цагдаад баригдсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Цэгээн ам” гэх газарт иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор Дүүсон-300 маркийн экскаватор ашиглаж газрын хэвлийд олборлолт явуулж байсан талбайд 6 цэг авч эвдэгдсэн талбайн хэмжээг тогтоов. Ц.Эын ашиглалт явуулсан шорооноос 21.4 грамм алт мэт металлыг хураан авав... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан 783.82* сорьцтой 21.0 грамм алтыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11/,

“Монслов” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 19/040 тоот “Иргэн Ц.Э нь нийт 257.3 м3 талбайд олборлолт явуулж, уг талбайд учирсан хохирлын хэмжээ нь 274,675 төгрөг байна. Үүнээс эдэлбэр газарт учирсан хохирол 14,105.19 төгрөг, газрын хэвлийд учирсан хохирол 231,570 төгрөг, хөрсөн бүрхэвчид учирсан хохирол 21,200.05 төгрөг, ургамлан нөмрөгт учирсан хохирол 7,799.76 төгрөг байна. Нөхөн төлбөрийн хэмжээ нийт 608,054.53 төгрөг болно. Техникийн нөхөн сэргээлтийн зардал 424,247.45 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн зардал 49,262.8 төгрөг, нийт нөхөн сэргээлтийн зардал 473,510.25 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-38/,

Хэргийн газрын үзлэгээр хураан авсан алт мэт металл 21 грамм, 783.82о алтны, 136о мөнгөний сорьцтой гэх үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44/,

Шүүгдэгч Ц.Эын эдэлбэр газарт учруулсан хохирлыг 3 дахин, газрын хэвлийд учруулсан хохирлыг 2 дахин, хөрсөнд учруулсан хохирлыг 3 дахин, ургамалд учруулсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэн тооцож нийт 608,055 төгрөгийн нөхөн төлбөрийг тогтоосон Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10-04-305/08 дугаартай акт /хх-ийн 54/,

Шүүгдэгч Ц.Э нь 00-00 УН улсын дугаартай, Дайвоо Солар-370 Эл Си Ви маркийн экскаваторыг гэрч О.Мээс 6 сарын хугацаагаар сарын 10.000.000 төгрөгөөр түрээсэлсэн гэх 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ /хх-ийн 83-84/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, 2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан ба шүүгдэгч Ц.Эын эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 21 цагаас 2019 оны 4 дүгээр сарын 26-ны 05 цаг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Цэхэр цөөрөм”-ийн “Цэгээн уст ам” гэх газарт нийт 257.3 м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж 21 грамм алт олборлосон үйлдлийн улмаас байгаль экологид хор хохирол учирчээ.

Иймд Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 274,675 төгрөгийн шууд хохирол учирсан ба нөхөн төлбөр 608,055 төгрөг, нөхөн сэргээлтийн зардал 473,510.25 төгрөг болох нь шинжээчийн дүгнэлт, улсын байцаагчийн акт зэргээр тогтоогдох бөгөөд шүүгдэгч Ц.Э нь байгаль орчин учруулсан хохирлын нөхөн төлбөр болон нөхөн сэргээлтийн зардалд нийт 1,081,565.25 төгрөгийг төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын төрийн сан банк дахь 100190200914 тоот дансанд 1.082.000 төгрөг төлсөн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийг хураах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 УН улсын дугаартай, Дайвоо Солар-370 Эл Си Ви маркийн экскаватор нь иргэн Э.Оийн эзэмшлийнх, зах зээлийн үнэ нь 20.000.000 төгрөг болох нь хэрэгт авагдсан “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн “...Дайвоо Солар-370 Эл Си Ви маркийн экскаватор нь 20.000.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 85/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаваторын зах зээлийн үнэ болох 20.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Ц.Э нь урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог болох нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-66/, шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгчийн ХААН банк дахь ....... тоот дансны хуулга зэргээр тус тус нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Эт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг зэрэг байдлыг харгалзаж торгох ялыг хамгийн бага хэмжээгээр оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Ц.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 төгрөгөөр торгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд түүний орлого олох боломжийг харгалзаж түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 1.000.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 783.82 сорьцтой 21.0 грамм алтыг хураан авч улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Эт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд сар бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 грамм алтыг улсын орлого болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эаас 20.000.000 /хорин сая/ төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР