Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00488

 

 

 

 

 

 

 

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/00576 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөр 16,830,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Миний бие ******* ХК-тай 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 203853033120002 дугаартай орон сууцны даатгалын гэрээ байгуулсан. Тус даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр даатгалын зүйл болох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байр, ******* хаягт байрлах миний өмчлөлийн орон сууцанд цахилгааны хэлбэлзлээс үүссэн гал гарч бага хүүгээ алдсан. Тус осолтой холбоотой мөрдөн шалгах ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1632 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай шийдвэр гаргасныг миний бие 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан.

1.2.******* ХК-д орон сууцанд учирсан эд хөрөнгийн хохирлыг төлүүлэхээр хандсан боловч 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 01/2012 дугаар албан бичгээр нөхөн төлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол" нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж байна гэсэн. Уг албан бичигтэй холбоотой гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 9/164 дугаар албан бичгээр даатгалын байгууллагын шийдвэр үндэслэлтэ, даатгалын гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөж байна гэсэн хариу өгсөн.

1.3.Даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг гаргасан ******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хохирлын үнэлгээний тайланд хохирлын үнийн дүн 15,330,000 төгрөг болохыг тогтоосон бөгөөд үнэлгээний төлбөр 1,500,000 төгрөг болсон. Миний бие ******* ХК-тай байгуулсан даатгалын гэрээнд 5.1.10 гэх заалт байхгүй, даатгалын байгууллагад 90 хоногийн дотор мэдэгдэх тухай үндэслэл нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг болон талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 5.1.1-5.1.4 дэх хэсэгт заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй байна.

1.4.Даатгалын гэрээний 3 дугаар зүйлд даатгалын хамгаалалтад дараах эрсдэлүүд хамаарна гээд 3.1.1 дэх хэсэгт Гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол, 3.1.2 дахь хэсэгт Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзлээс учирсан хохирол хамаарахаар заасан бөгөөд даатгалын зүйлд учирсан эрсдэл нь дээрх төрлийн эрсдэлд хамаарах болох нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын дээр дурдсан тогтоолоор тогтоогдсон. Миний бие даатгалын гэрээний 4.1 дэх хэсэгт заасан бүрдүүлэх бичиг баримтуудыг бүрэн бүрдүүлэн өргөдөл гаргасан боловч даатгалын байгууллага даатгалын гэрээний 4.2 дахь хэсэгт заасан даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100%-аар тооцож даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно гэх заалтаа биелүүлсэнгүй гэж үзэж байна.

1.5.Даатгалын гэрээний 6.1.5, 6.1.6 дахь заалтад даатгалын эрсдэл үүссэн тухай даатгагчид мэдэгдэх талаар зохицуулалт туссан байх бөгөөд миний бие бага хүүгээ алдсан уй гашуутай үед эд хөрөнгөтэй холбоотой өргөдөл хүсэлт гарган явах боломжгүй байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажил явуулж байсан тул уг асуудлыг хуулийн байгууллагын зүгээс шалган тогтоон, шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байсан. Даатгуулагч нь гэрээний дээрх заалтын 72 цаг, 90 хоногийн хугацаанд мэдэгдэх боломжгүй нөхцөл байдлууд үүсэхийг даатгалын байгууллагын зүгээс өөрт ашигтай байдлаар ашиглан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан гэрээний нөхцөлийг даатгуулагчид тулгасан үйлдэл гэж үзэж байна.

Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан.

Иймд хариуцагчаас даатгалын гэрээний үүрэгт 15,330,000 төгрөг болон үнэлгээний зардал 1,500,000 төгрөг нийт 16,830,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.******* нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 90С2010030745 дугаартай Орон сууцны даатгалын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байр, *******од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203020289 дугаартай, 39 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай даатгуулсан байна. Даатгалын гэрээгээр гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол, цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзлээс учирсан хохирол, сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохирол, байгалийн гамшиг, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй учруулсан аливаа хохирол, хулгай дээрмийн сэдлээр учруулсан хохирол гэсэн эрсдэлүүд хамгаалагдсан.

2.2.Даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр даатгалын зүйл болох даатгуулагчийн өмчлөлийн орон сууцанд гал гарсан. Тус галын талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх *******гийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1632 дугаар тогтоолд Иргэн ******* орон сууцанд богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл гэх мэтчилэн шалтгааны улмаас цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүсэж, гэнэтийн байдлаар гал гарсан гэж тогтоосон.

2.3.Гэвч даатгуулагч нь даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол болсноос хойш 72 цагийн дотор энэ тухай даатгагчид мэдэгдэх үүрэгтэй боловч даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 2 жил 11 сарын дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бүрдүүлж өгсөн байна. Тодруулбал, 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан даатгалын гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь хэсэгт "Даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах бөгөөд энэ талаар Даатгагчид 72 цагийн дотор /Даатгуулагч нас барсан тохиолдолд хамаарахгүй / 1800-1990 утсаар мэдэгдэх гэж заасны дагуу мэдэгдээгүй, мөн гэрээний 6.1.6 дахь хэсэгт Хохирол гарсан тухай дэлгэрэнгүй албан тоот /хувь хүн бол өргөдөл/ нотлох баримт, материалуудын хамт Даатгагчид 90 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй гэж тус тус заасан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Дээрх үүргүүдээ даатгуулагч биелүүлээгүй нь даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн 90 хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол нөхөн төлбөр олгохоос татгалзана гэсэн заалтын үндэслэл болдог. Нэхэмжлэгч нь даатгалын гэрээгээр хүлээсэн дээр дурдсан үүргүүдээ биелүүлээгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1-т зааснаар хариуцагч ******* ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 16,830,000 төгрөг гаргуулах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11 дэх хэсэгт "...татгалзсан хариуг 2023.12.04-ний өдрийн 01/2012 албан бичгээр өгөхдөө талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээний 5.7 дахь заалтыг 5.1.10 гэж ташаа бичсэн байх тул гэрээний заалтыг ташаа бичсэнтэй холбоотойгоор хохирлыг нөхөн төлөх үндэслэл болохгүй гэж үзэв" гэж дүгнэсэн байх боловч хэрэгт авагдсан ямар нотлох баримтаас дээрх дүгнэлтийг хийсэн нь тодорхойгүй байна. Учир нь хэрэгт авагдсан даатгалын гэрээнд 5.1.10 гэх заалт байхгүй, мөн 5.7 дахь заалтад ямар нэг хоног байхгүй байна.

4.2.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлд хариуцагч талын гаргаж буй татгалзал хамаарахгүй байгаа талаар болон тухайн татгалзал болгож буй үндэслэл нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа талаар маргаж байхад эрх зүйн үндэслэлийг бүрэн дүгнээгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дахь хэсгийн а/-д "...даатгуулагч даатгалын тохиолдолд бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болох бөгөөд даатгуулагчийн үл мэдээлсэн явдал нь даатгагчид хохирол учруулахгүй гэх үндэслэл баритаар нотлогдоогүй, даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй гэж үзэн нөхөх олговор 16,830,000 төгрөгийг даатгагчид шууд хариуцуулах эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв" гэж дүгнэснийг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж байна. Учир нь Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсгийн "Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй" гэх агуулгын хүрээнд нотлох баримт бүрдүүлж өгөх үүрэг нь даатгагч байгууллагад хамаарахаар байна. Шүүх энэ төрлийн нотлох баримт буюу даатгагч байгууллага ноцтой хохирол учирсан эсэхээ нотлох баримтаар ирүүлсэн эсэхэд дүгнэлт хийх байтал "үл мэдээлсэн явдал нь даатгагчид хохирол учруулахгүй гэх үндэслэл баримтаар нотлогдоогүй" гэж нэхэмжлэгч талыг нотлох баримт бүрдүүлэн өгөх байсан мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, харин ч энэ төрлийн нотлох баримт байхгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохоор байна.

4.3.Мөн Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт нөхөн төлбөр олгохоос татгалзах 5 үндэслэлийг тодорхой заасан бөгөөд үүнд гэрээнд заасан үндэслэлээр татгалзах боломжийг даатгагч байгууллагад олгоогүй байгааг анхан шатны шүүх анхаарч дүгнэлт хийгээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.******* ХК-тай байгуулсан даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр даатгалын тохиолдол болсон. Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол болсноос хойш 72 цагийн дотор даатгагчид мэдэгдэх үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч тал даатгалын тохиолдол болсон өдрөөс хойш 2 жил 11 сарын дараа буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бүрдүүлж өгсөн. Тодруулбал, даатгалын гэрээний 6.1.5-д даатгалын тохиодол болсон тохиолдолд даатгуулагч нь даатгагчид 72 цагийн дотор мэдэгдэх, 6.1.6-д даатгалын гэрээтэй холбоотой материалуудыг даатгагчид 90 хоногийн дотор хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж заасныг биелүүлээгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд даатгуулагчийн эрх үүргийг заасан бөгөөд 10.1.5-д даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасныг даатгуулагч биелүүлээгүй. Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон үед даатгагчид нэн даруй мэдэгдсэнээр аль болох хугацаа алдахгүйгээр зохих шалгалтыг хийх, нөхөн төлбөрөө хурдан авах боломжийг бүрдүүлэх, ослын шалтгаан, нөхцөл, учирсан хохирлын хэмжээгээр нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл зэргийг тогтооход чухал ач холбогдолтой байдаг. Гэтэл даатгалын тохиолдол болсноос хойш 2 жил 11 сарын дараа даатгагчид мэдэгдэж байгаа нь дээрх нөхцөл байдлыг тодруулахад даатгуулагчид хүндрэлтэй буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй.

5.2.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний чөлөөт зарчмын хүрээнд талууд даатгалын гэрээгээр нөхөн төлбөрийн материалыг бүрдүүж өгөх хугацааг 90 хоног гэж тохирсон байхад дээрх үүргүүдээ биелүүлээгүй буюу даатгалын нөхөн төлбөрийн материалыг даатгалын гэрээнд заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж бүрдүүлж өгсөн. Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт заасныг нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо дурдаж байна. Даатгалын компани нь даатгуулагч нарын даатгалын хураамжаар даатгалын нөөц санг бүрдүүлдэг бөгөөд тус нөөц сангаас даатгуулагчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээдэг. Даатгалын гэрээ, Даатгалын тухай хууль, Иргэний хууль, бусад хууль тогтоомжид нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэл нь байхад нөхөн төлбөр олгосон тохиолдолд нийт даатгуулагчийн болон даатгалын компани өөрийн ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн үйлдэл болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 16,830,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.******* болон ******* ХК-ийн хооронд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч ******* нь орон сууцаа даатгуулах, даатгалын хураамжид даатгалын үнэлгээний 0.1 хувиар тооцож хураамж төлөх, даатгагч ******* ХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол үүссэн тохиолдолд нөхөн төлбөр төлөх, гэрээ нэг жилийн хугацаатай байхаар харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

4.Нэхэмжлэгч нь даатгалын хураамжид 108,000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаар зохигч маргаагүй.

 

5.Даатгалын гэрээний хугацаанд 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 44 дүгээр байр, ******* хаягт байрлах орон сууцанд гал гарч, нэхэмжлэгчийн хүү 4 настай угаартаж нас барсан, мөн орон сууц, эд хөрөнгөнд хохирол учирчээ. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаад, цахилгааны богино холболтын улмаас гал гарсан болохыг тогтоож, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1632 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэжээ.

Даатгалын гэрээний 3.1.1-3.1.6-д даатгалын хамгаалалтад хамаарах эрсдэлүүдийг тодорхойлсон ба 3.1.1-д гал түймэр, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлтээс учирсан хохирол, 3.1.2-т цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзлээс учирсан хохирол гэж тус тус тусгажээ. Талууд орон сууцанд гал гарсан дээрх тохиолдлыг даатгалын эрсдэлд хамаарах талаар маргаагүй, анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв тогтоосон.

 

6.Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдлын талаар хариуцагчид 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэж, нөхөн төлбөрийн материалыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр бүрдүүлж өгсөн байх ба хариуцагч нь гэрээнд заасны дагуу даатгалын тохиолдлын талаар 72 цагийн дотор мэдэгдээгүй, нөхөн төлбөрийн материалыг 90 хоногийн дотор бүрдүүлж өгөөгүй үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзжээ.

6.1.Даатгалын тухай хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 дэх хэсэгт Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай Даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй, даатгалын гэрээний 6.1.5-д Даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээ авах бөгөөд энэ талаар даатгагчид 72 цагийн дотор мэдэгдэх гэж тус тус заасан ба нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй.

Гэвч дээрх үүрэг нь даатгалын тохиолдлын улмаас үүсэх хохирлыг багасгах зорилготой бөгөөд нэхэмжлэгч ийнхүү мэдэгдээгүйн улмаас хариуцагчид нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхүйц сөрөг үр дагаврыг үүсгэсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Нөгөө талаар, даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлийн талаар талууд гэрээгээр тохиролцохдоо дээрх үүргийн зөрчлийг үүнд хамааруулаагүй.

Иймээс Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.3 дахь хэсэгт Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй гэж заасан тул хариуцагч нь даатгалын тохиолдлын талаар 72 цагийн дотор мэдэгдээгүй үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй.

6.2.Даатгалын гэрээний 5 дахь хэсэгт Даатгалд хамрагдахгүй нөхцөл-ийг тохиролцсон байх ба 5.7-д Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээ болон даатгалын нөхцөлүүдэд тусгагдсан баримт материалыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хуанлийн хоног дотор хүлээлгэн өгөөгүй бол гэжээ.

Даатгалын гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон буюу стандарт нөхцөл-тэй гэрээ бөгөөд стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар мөн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасан.

Дээрх 5.7 дахь заалтад даатгуулагчаас нөхөн төлбөрийн материалыг даатгагчид хүлээлгэн өгөх хоног гэж тусгасан боловч хоногийн тоог тодорхой заагаагүй тул стандарт нөхцөлийг тайлбарлах дээрх журмын дагуу талуудыг хугацааны талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй.

6.3.Мөн гэрээний 6.1.6-д Хохирол гарсан тухай дэлгэрэнгүй өргөдөл, нотлох баримт, материалуудын хамт Даатгагчид 90 хоногийн дотор хүргүүлэх үүрэгтэй. Аюул осол, хохирол нь хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагаар шалгагдаж байгаа тохиолдолд нөхөн төлбөрийн материал бүрдүүлж өгөх хугацааг сунгаж болно гэж заасан.

Нэхэмжлэгчийн орон сууцанд гал гарч хүний амь эрсэдсэн асуудлаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан ба гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр уг ажиллагааг хаахаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1632 дугаар тогтоолыг нэхэмжлэгчид 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гардуулжээ.

Түүнчлэн уг галын улмаас нэхэмжлэгчийн хүү 4 настай угаартаж нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч бага хүүгээ алдсан уй гашуутай үед эд хөрөнгөтэй холбоотой өргөдөл хүсэлт гарган явах боломжгүй байсан, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан тул уг асуудлыг хуулийн байгууллагаас шалгаж тогтоож шийдвэрлэнэ гэсэн хүлээлттэй байсан гэж тайлбарласантай харьцуулж үзвэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас уг хугацааг сунгагдсан гэж үзнэ.

6.4.Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзаж болох үндэслэлүүдийг хуульчилсан ба үүнд нөхөн төлбөрийн материалыг бүрдүүлж өгөх хугацаатай холбоотой үндэслэл тусгагдаагүй. Гэхдээ талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийн хүрээнд татгалзах үндэслэлийг гэрээгээр тогтоож болох боловч дээрх 5.7-д заасан даатгалд хамрагдахгүй нөхцөл бий болсон гэж дүгнэх үндэслэлгүй.

7.Даатгалын гэрээний 3.2-т Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100%-иар тооцож, Даатгагчаас Даатгуулагчид нөхөн төлбөр олгоно гэж заасан.

Нэхэмжлэгчийн орон сууцанд галын улмаас 2021 оны 01 дүгээр сарын байдлаар 15,330,000 төгрөгийн хохирол учирсан болохыг даатгалын хохирол үнэлэх эрхтэй Бодит хэмжээ ХХК тогтоосон байх ба уг үнэлгээний талаар хариуцагч маргаагүй. Мөн үнэлгээний зардалд нэхэмжлэгч 1,500,000 төгрөг төлсөн баримтыг шүүхэд ирүүлжээ.

8.Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******* нь даатгалын нөхөн төлбөрт 16,830,000 төгрөгийг хариуцагч ******* ХК-аас гаргуулахаар шаардах эрхтэй.

9.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/00576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХК-аас 16,830,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж, 2 дахь заалтын ...56.2 гэснийг 56.1 гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч ******* ХК-аас 242,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******эс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА