| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2016/02973/И |
| Дугаар | 639 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 639
| 2016 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2016/00639 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Мандал оффисийн байранд оршин байх “Мандал Женерал Даатгал” ХХК/РД-5473489/-ийн,
Сонгинохайрхан дүүрэг, 9 дүгээр хороо, Баруун баян уулын 2 гудамжны 35 тоотод оршин суух Олохнууд овогт Чүлтэмийн Долгорсүрэн/РД-ВЮ91050104/-д холбогдох
Даатгалын гэрээний үүрэгт 156.360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, мөн сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов. Хариуцагч Ч. Долгорсүрэнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч. Долгорсүрэн нь 2011 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “Мобиком Корпораци”-тай 20164573 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 99100656 дугаар авч ашигласан. 2013 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 03 дугаар сар, 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл төлбөр нь 104.240 төгрөг болсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Даатгалын гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд 120 хоног өнгөрмөгц даатгалын тохиолдолд үүсэхээр заасан байгаа. Мөн “Мобиком корпораци” ХХК болон “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №12076 FD-PSD 12134 тоот “төлбөр тасалдлын даатгалын хэлцэл” дагуу Ч. Долгорсүрэнгийн 20164573 тоот гэрээнд төлбөрийн тасалдал үүссэний улмаас учирсан хохирлын 104.240 төгрөгийг хүлээн авсан. Иргэний болон даатгалын хуулийн дагуу “Мандал Женерал Даатгал” ХХК-д “Мобиком корпораци” ХХК нь төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт шаардах эрхийг шилжүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 104.240 төгрөг, алданги 52.120 төгрөг, нийт 156.360 төгрөг болсон байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. “Мандал Женерал Даатгал” ХХК нь “Мобиком Корпораци” ХХК-тай "Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр “Мобиком Корпорац”-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. “Мобиком Корпораци” нь “Мандал Женерал Даатгал” ХХК-аас нөхөн төлбөрт 104.240 төгрөг хүлээн авсан болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйл. 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ" гэжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл. 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Иймд хариуцагчаас 156.360 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК нь хариуцагч Ч. Долгорсүрэнд холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 156.360 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ч. Долгорсүрэн нь 2011 оны 07 дугаар сарын 12-ны өдөр “Мобиком Корпораци” ХХК-тай 99100656 дугаарын үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний 20164573 тоот гэрээг байгуулж, харилцан тохиролцон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний дугаарын гэрээнд гарын үсгээ зуран баталгаажуулсан байна.
“Мобиком корпораци” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хууль болон даатгалын хууль, гэрээний дагуу Ч. Долгорсүрэгийн 20164573 тоот гэрээний төлөгдөөгүй үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамтаар шаардах эрхийг “Мандал Женерал Даатгал” ХХК-нд шилжүүлсэн байна./ХХ-ийн 4 дүгээр хуудас/
“Мандал Женерал Даатгал” ХХК нь хариуцагч Ч. Долгорсүрэнгээс “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан уг гэрээний үүрэгт шаардах эрх шилжсэн тул төлөгдөөгүй өр төлбөр 104.240 төгрөг, алданги 52.120 төгрөг, нийт 156.360 төгрөг нэхэмжилдэг.
Хариуцагч Ч. Долгорсүрэн нь шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул эзгүйд нь шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч байгууллага нь яриа болон утасны төлбөрт 104.240/231.083,34+142.090,05-231.062,96-8937,04+71087,50-100.000=104.240,51/ төгрөг, 50 хувийн алданги 52.120 төгрөг нэхэмжилдэг боловч хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд шийдвэрлэхээр заасан байна. Иймд хариуцагч Ч. Долгорсүрэнг нэхэмжлэлийн шаардлагыг хүлэн зөвшөөрсөнд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
“Мобиком корпораци” ХХК болон Ч. Долгорсүрэн нарын хооронд үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулсан байх ба энэ гэрээ нь Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээнд хамаарна. Энэ гэрээ ёсоор худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг байна. Гэрээ ёсоор “Мобиком корпораци” ХХК нь 99100656 дугаарыг Ч. Долгорсүрэнд шилжүүлж, Ч. Долгорсүрэн нь дугаарыг хүлээн авч, үйлчилгээний үнийг төлөх үүргийг хүлээсэн байна. Иймд Ч. Долгорсүрэн болон “Мобиком корпораци” ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох, гэрээгээр хүлээсэн төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна. /ХХ-ийн 5-8 дүгээр хуудас/
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 104.240 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн худалдах худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар алданги төлүүлэхээр заасан байх ба хариуцагч татгалзлаа нотлоогүй тул энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-д хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр бичгээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон 104.240/104.240/2=52.120/ төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар “Мобиком корпораци” ХХК нь шаардах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэн, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №12076 FD-PSD 12134 тоот “Даатгалын гэрээ”, “төлбөр тасалдлын даатгалын хэлцэл”, “төлбөр тасалдлын даатгалын хэлцлийн нэмэлт 12134-1 тоот” гэрээ, хэлцлүүдийг “Мандал Женерал Даатгал” ХХК-тай байгуулж, уг хэлцэл гэрээний дагуу даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгуулагчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “Мандал Женерал Даатгал” ХХК болон “Мобиком” ХХК-иудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.
Даатгалын гэрээний үүрэгтэй холбогдуулан “Мандал Женерал Даатгал” ХХК-д даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж шаардах эрх шилжүүлэх гэрээг хийсэн нь хууль зөрчөөгүй байна. Шинэ үүрэг гүйцэтгүүлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар үндсэн үүрэг, түүнийг хангах арга шилжихийн сацуу түүнтэй холбоотой бусад үүрэг нэгэн зэрэг шилжиж болохоор заасан байх тул хариуцагчаас алдангийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Ч. Долгорсүрэнгээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.4-д зааснаар худалдах худалдан авах, 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын гэрээний үндсэн үүрэгт 104.240 төгрөг, алданги 52.120 төгрөг, нийт 156.360 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч. Долгорсүрэнгээс 5.341 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 431 дүгээр зүйлийн 431.1, 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар хариуцагч Ч. Долгорсүрэнгээс худалдах, худалдан авах болон даатгалын гэрээний үүрэгт 156.360 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5.700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ч. Долгорсүрэнгээс 5.341 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА