| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 189/2024/00034/И |
| Дугаар | 210/МА2025/00564 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 210/МА2025/00564
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 193/ШШ2025/00059 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* дүүрэг дэх *******, *******-д тус тус холбогдох,
*******-ийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* дүүрэг дэх ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:
Шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу хийгдэж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу хураагдсан *******-ийн өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө болох ******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг *******-ийн шинжээч 6,578,000 төгрөгөөр, ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг 24,905,000 төгрөг, нийт 31,482,000 төгрөгөөр үнэлсэн байна. Шинжээчийн зах зээлийн үнэ ханшийн мэдээллийг нягтлан шалгаж, нэгтгэсэн хүснэгтийг хянаж үзэхэд жишиг хөрөнгийн үнэлгээнүүдээс 20-30 хувиар бага үнэлсэн гэж үзэж байна. Уг хөрөнгүүдийг үнэлэхдээ адил төстэй техникүүдээс илүү хямдаар харьцуулсан гэж үзэж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
2. Хариуцагч *******, ******* дүүрэг дэх ******* тайлбарын агуулга:
*******-ийн 2 хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хурааж үнэлгээ хийсэн, нийт 31,482,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Зах зээлийн үнийн хувьд боломжит үнээр үнэлэгдсэн гэж үзэж байна. маркийн ******* гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол аккумляторгүй, мотор зогсонги, хөдөлгүүр нь зогссон, замын хөдөлгөөнд оролцох боломжгүй, 4 дугуй нь хагарсан, хаалга цонх нь эвдэрсэн байсан тээврийн хэрэгслийг хурааж, битүүмжилсэн. Дараагийн тээврийн хэрэгсэл ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг 24,905,000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь зах зээлийн үнэлгээтэй нийцсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:
Зах зээлийн үнээс бага үнэлсэн байна гэж байна. Нөгөө талаас харьцуулалт хийх үедээ тухайн үнэлгээний өдрийг сонгоод, тухайн хөрөнгөтэй ойролцоо хүчин чадалтай, ойролцоо даацтай ижил маркийн хөрөнгийг авч харьцуулж хийж үнэлгээг гаргасан. Тухайн техникүүд бүрэн бус байсан. Тодорхой хэмжээнд тээврийн хэрэгслийг засах шаардлагатай байсан зардлуудыг тооцоолоод зах ээлийн үнээс хасаж өгсөн. Уг хөрөнгүүд бүрэн бус байсан тул зах зээл дээр борлуулагдаж байгаа тээврийн хэрэгслүүдтэй харьцуулах боломжгүй байсан гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар *******-ийн нэхэмжлэлтэй *******, ******* дүүрэг дэх *******, ******* нарт холбогдуулан гаргасан *******-ийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* дүүрэг дэх *******, ******* нараас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн байна.
5. Хариуцагч *******, ******* дүүрэг дэх ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
5.2. Хураагдсан хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнийн саналыг төлбөр төлөгч *******-ийн захирал 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр биечлэн бичгээр гарган өгснийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр төлбөр авагч -д танилцуулахад харилцан тохиролцоогүй, зөрүүтэй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар *******-ийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн.
Үнэлгээний тайланг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч талуудад 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/533, 01/534 дугаартай албан бичгүүдээр тус тус 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн. Үнэлгээг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй *******-ийн шинжээч хийсэн болно. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.2-т заахдаа Зүй нь шинжээчид шинээр буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлах ёстой байсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна хэмээн заасан. Шинжээч томилох тухай 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/03 дугаар тогтоолын 2-т дээрх хуульд заасан эрх үүргийг тус тус нэг бүрчлэн танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
2023 оны Хөрөнгийн үнэлгээний шинжилгээ хийх журмын 5.2-т зааснаар 2022 оны Шүүх шинжилгээний тухай хуулийн 34, 49 дүгээр зүйлийн 49.2, 2022 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12 дахь хэсэгт эрх үүргийг хэрэгжүүлж ажиллана гэж тус тус заасан. Гэтэл хэргийн 119 дүгээр талд авагдсанаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шинжээчид хууль сануулахдаа 2009 оны хүчингүй болсон Шүүх шинжилгээний тухай хууль, 2010 оны хүчингүй болсон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг танилцуулсан. Энэ нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт Шинжилгээний байгууллагын шинжилгээний хуваарилалтыг баталгаажуулах эрх бүхий албан тушаалтан шинжээчид эрх, үүргийг тайлбарлан өгч зориуд худал дүгнэлт гаргасан тохиолдолд түүнд хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулна гэх заалтыг ноцтой зөрчиж шинжээчид хуулиар хүлээлгэх эрх үүргийг тайлбарлаагүй учраас тухайн шинжээчийн дүгнэлт нь хуульд нийцсэн байх ёстой гэх шаардлагыг хангаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* дүүрэг дэх *******, *******-д тус тус холбогдуулан хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нараас бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 104/ШШ2020/00336 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь 11,477,183 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь 30,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор нэхэмжлэгч -д төлөхөөр талууд харилцан тохиролцож, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх10-13/
3.3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 189/ШШ2021/00020 дугаар Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагч ******* нь 9,834,400 төгрөгийг нэхэмжлэгч *******-т төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх25-28/
3.4. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 189/ШШ2021/00039 дугаар Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагч ******* нь 22,825,200 төгрөгийг нэхэмжлэгч ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. /хх17-19/
3.5. ******* нь дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжуудыг сайн дураар биелүүлээгүй тул шүүхээс 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 00015, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 252, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 189/ГХ2022/00001, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 189/ГХ2023/00014 дугаар гүйцэтгэх хуудсууд тус тус бичигдэж, шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 20310277, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 21310037, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 22310186, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 23310199 дугаар тогтоолуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаар тус тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 45,51,52,57,58,62,63,67/
4. *******, ******* дүүрэг дэх ******* *******-ийн маркийн ******* гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 20310277/08, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20310277/14 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 20310277/17 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журамд нийцсэн байна.
5. Дээрх хураагдсан хөдлөх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа төлбөр төлөгч нь ******* маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг -д төлөх ёстой төлбөр 30,307,950 төгрөг болон 160,000 зардлын хамт тооцуулах, маркийн ******* гэх улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст төлөх 22,027,805 төгрөгт тооцуулан төлбөрийг барагдуулах саналыг ирүүлсэн байна. /хх112/
Харин, төлбөр авагч -аас үнийн саналыг хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/03 дугаар тогтоолоор дурдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т заасанд нийцсэн. /хх 116/
5.1. Шинжээч тогтоолд заасан маргаан бүхий тээврийн хэрэгслүүдийг нийт 31,482,000 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/533 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гардуулсан байна./хх 124/
6. Хариуцагч шийдвэр гүйцэтгэх хэлтсээс шинжээчээр шинжээчээр томилж, улмаар *******-ийн үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй байна.
6.1. Шинжээчээр томилогдсон *******-ийн үнэлгээчин д хариуцагч байгууллагаас 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 05/03 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор Шүүхийн шинжилгээний тухай хууль/2022 оны/-ийн 8-10, 35, 49 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль/2022 оны/-ийн 11, 12 дугаар зүйлд заасан эрх үүргийг нь танилцуулж, шинжээчид дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж, гарын үсэг зуруулсан байна./хх116/
6.2. Гэтэл, анхан шатны шүүхээс, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хууль сануулахдаа 2009 оны хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний тухай хууль, 2010 оны хүчингүй болсон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч шинжээчээр гарын үсэг зуруулсан гэж дүгнэж, хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсан шинжээчид хууль сануулсан тухай тэмдэглэл гэсэн баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
Түүнчлэн, шинжээчид эрх үүрэг, хууль сануулсан эсэх асуудлаар талууд мэтгэлцээгүй байна.
6.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэхээр заасан. Мэтгэлцэх зарчим нь төвийг сахисан шүүгчийн өмнө харилцан эсрэг сонирхол бүхий талууд өөр өөрсдийн байр суурийг өрсөлдөн нотлох хэлбэрээр илрэх учиртай. Шүүгчээс талуудыг маргааны зүйл рүү мэтгэлцээнийг чиглүүлэх үүрэгтэй байхад талуудын маргаагүй асуудалд шүүх оролцож, талуудын хэн нэгэнтэй мэтгэлцээн өрнүүлж байгаа нь шүүх хөндлөнгийн, төвийг сахисан байх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байгааг тэмдэглэх нь зүйтэй.
7. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болох маргааны зүйл нь шинжээч хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэ ханшаас 20-30 хувиар бага үнэлсэн гэх ба уг тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
7.1. Шинжээч нь, үнэлж буй хөрөнгийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор шинжилгээний обьект 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дээр биечлэн үзлэгийг хийж дараах байдлыг тогтоосон байна.Үүнд:
-******* дүүргийн 1-р хорооны үйлдвэрийн хэсэгт байрлах ******* улсын дугаартай ******* маркийн ачааны тээврийн хэрэгсэл нь 2001 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд импортлогдсон, тээврийн хэрэгслийн ангиллын 12882 сс дизель хөдөлгүүртэй, хуучин, одоогоор ашиглаагүй, аккумлятор байхгүй тул асаах боломжгүй, аккумлятор тавибал ашиглах боломжтой, удаан тавигдсан тул гадна өнгө үзэмж засвартай, импортоор орж ирээд 6 жил болсон, хөдлөх эд анги хэвийн, асаагаагүй тул явсан км/цаг тодорхойгүй,
-******* улсын дугаартай ******* маркийн 2013 онд үйлдвэрлэгдсэн, 2013 онд импортлогдсон авто ачигч ковш нь хүнд тоног төхөөрөмжийн ангиллын О сс дизель хөдөлгүүртэй, удаан гадаа тавигдсан тул өнгө үзэмж сэв болон зэвэрч зарим хэсгээр тасарсан засвартай, асаах боломжгүй тул цахилгаан байхгүй, мотор солих шаардлагатай, цахилгааны засвартай шанаганы шүд унаж гадна хэсгээрээ цохигдож гулзайсан, кабин тойроод сэв ихтэй, баруун хаалганы шил, хаалганы толь хагарсан, явах эд анги болон хөдлөх эд ангид ээлж хийх, асахгүй байсан тул явсан гүйлтийг шалгаагүй. Уг ковшийн мэдээлэл дутмаг гэрчилгээ түүнтэй дүйцэх бичиг баримтгүй, улсын дугаараар болон тээврийн хэрэгслийн мэдээллийн сайтууд дээр бүртгэлгүй тул тухайн техникийн мэдээллийг бүрэн тогтоогдоогүй. Үнэлгээг хийхдээ техникийн үзлэг болон шийдвэр гүйцэтгэгчийн ирүүлсэн мэдээлэлд үндэслэсэн гэжээ.
Шинжээч тухайн төрлийн ижил техникүүдтэй харьцуулан зах зээлийн үнэ цэнийг суурийг ашиглан, ******* улсын дугаартай ******* маркийн ачааны тээврийн хэрэгслийг 24,905,000 төгрөгөөр, ******* улсын дугаартай ******* маркийн ковшийг 6,578,000 төгрөгөөр тус тус үнэлж дүгнэлтийг гаргасан байна. /хх182-204/
7.2. Шинжээчийн дээрх дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээ хийх арга, журам болон хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.
7.3. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 193/ШШ2025/00059 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* дүүрэг дэх *******, *******-д тус тус холбогдох 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ