Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 000057

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           Ч.Санжаад холбогдох

                                          эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 221/2013/0090/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:         

 

Прокурор                                                  Б.Жавхлантуяа

Ялтан                                                        Ч.Санжаа

           Ялтны өмгөөлөгч                                    Д.Оюунчимэг

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Ц.Цэрэнпагма

           Насанд хүрээгүй хохирогч                    С.Мөнгөншагай

           Нарийн бичгийн дарга                           Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой Чойговын Санжаад холбогдох, 201214000368 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 30-06 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ФМ-70082792 регистрийн дугаартай, Хар сүрэгтэн овогт Чойговын Санжаа.

Шүүгдэгч Ч.Санжаа нь Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант баг 16-р гудамжны зүүн талд 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 75-66 ОРО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин жолоодож яваад явган зорчигч С.Мөнгөншагай, Ц.Цэрэнпагма нарыг мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Хар сүрэгтэн овогт Чойговын Санжааг зам тээврийн ослын газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2.т зааснаар Ч.Санжааг 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар шүүгдэгч Ч.Санжаад оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1.д зааснаар шүүгдэгч Ч.Санжаагаас 859.690 /найман зуун тавин есөн мянга зургаан зуун ер/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн 21-А тоотод оршин суух Ц.Цэрэнпагма-д /ФБ55100465/ олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Санжаад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Анхан шатны шүүх Ч.Санжааг бусдыг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулаад зугтаасан гэм буруутай гэж тогтоосон нь үндэслэлгүй юм. Шүүх хохирогчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж анхнаасаа тодорхой бус байсныг анхаараагүй. Өөрөөр хэлбэл хохирогч Цэрэнпагма анх өөрийгөө мөргөсөн машины дугаарыг Цагдаагийн газарт хэлээгүй бөгөөд өөрийн хамаатан садан болох цагдаа Батболдын зааж өгсөний дагуу Санжаагийн хашааны завсраар очиж хараад машины дугаарыг нь 6 хоногийн дараа тайлбар өгөхдөө хэлсэн байдаг. Энэ 6 хоногийн дотор цагдаагийнхан бор өнгийн УАЗ 469 макийн машиныг хайгаад байсан болох нь Аймгийн авто тээврийн газарт болон Замын цагдаагийн тасагт тус тус албан бичиг явуулсанаар тогтоогддог. Ингэж ослын газрыг орхисон машиныг хайж байх хугацаанд цагдаа Батболд машины дугаарыг өөрийн албан үүргийн дагуу Цагдаагийн байгууллагад биш өөрийн сандангийн эгч болох Цэрэнпагмад хэлсэн болох нь бас тогтоогдсон юм.

 

Хэрэв Цэрэнпагма тухайн үедээ машины дугаарыг хэлсэн юм бол Цагдаагийнхан яагаад эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, хэрэг шилжүүлсэн тогтоол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд энэ тухай тусгадаггүй юм бэ? Яагаад бүх УАЗ 469 маркийн машинуудыг шалгаад байдаг юм бэ? гэдэг асуулт гарна.

 

2012 оны 08 дугаар сарын 14-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн 16 дугаар гудамжны зүүн талд автомашины осолд өртөж биедээ гэмтэл авч хүмүүсийн гомдлоор анх 2012 оны 08 сарын 19-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч энэ хэрэгт Ч.Санжааг бүр хожим сэжигтэнээр тооцсон байдаг. Хэрэв Цэрэнпагма өөрийгөө мөргөсөн машины дугаарыг хэргийн газрын үзлэг хийж байсан цагдаагийн ажилтнуудад хэлсэн юм бол Санжааг тэр дор нь сэжигтнээр тооцно биз дээ.

 

Мөн Цагдаагийн газрын дуудлагын дэвтэрт мөргөсөн машины дугаар гэж тэмдэглэсэн нь засвартай байдаг. Энэ хэргийг анх 2013 оны 04 сарын 10-нд шүүх хуралдаанаар хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан. Шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагааг хийгээд С.Санжааг буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт цуглараагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгоод харин осол гаргасан болон ослын газраас зугтсан хэргийг түдгэлзүүлсэн байсан юм.

 

Гэтэл түүнээс хойш 2 жил гаруй хугацааны дараа хэн ч гомдол гаргаагүй байхад хэрэгсэхгүй болгосон хэргээ сэргээгээд, түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгоод мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж осол гаргасан этгээдийг олж тогтоогоогүй мөртлөө зөвхөн ослын газрыг орхисон гэсэн Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт дүгнэлт үйлдэж Ч.Санжааг шүүх рүү шилжүүлсэн. Шүүгч өөрийнхөө гаргасан захирамжинд заасан ажиллагааг хангалтай хийгээгүй байгааг мэдсээр байж Ч.Санжааг буруутай гэж үзэх нэг ч нотлох баримт байхгүй байхад түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн.  

 

Хэрэгт хяналт тавьсан, яллах дүгнэлт үйлдсэн прокурор хэргийг сэргээсэн тухай, яллах дүгнэлт үйлдэх тухай, шүүх рүү шилжүүлж байгаа тухай яллагдагчийн өмгөөлөгчид огт мэдэгдээгүй нь яллагдагийн болон түүний өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн байгааг анхаараагүй.

 

Ч.Санжаа ослын газрыг орхиж зугтаасан гэм буруу нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хохирогч Ц.Цэрэнпагма давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

 

Ч.Санжаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 

Миний бие болон зээ хүү Ч.Мөнгөншагай нар 2012 онд уг хэргийн улмаас осолд орсоноос хойш 4 жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд Д.Оюунчимэг өмгөөлөгч нь тус хэргийг удаашруулж өнөөдрийг хүртэл явуулж байна. Хуульч хүний хувьд дагаж мөрдөх ёстой дүрэм журам, ёс зүй байх ёстой гэж үзэж байгаа тул энэ талаар Хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоонд түүний талаар ёс зүйн асуудлаар гомдол гаргах болно.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой үндэслэлтэйгээр дүгнэж хэргийг шийдвэрлэсэн.

 

Иймд Ч.Санжаагийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй худал зүйл байх тул 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Хар сүрэгтэн овогт Чойговын Санжаа нь 2012 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Рашаант баг 16-р гудамжны зүүн талд 75-66 ОРО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашин жолоодож яваад явган зорчигч С.Мөнгөншагай, Ц.Цэрэнпэгма нарыг мөргөж бие махбодид нь хөнгөн зэргийн  гэмтэл учруулж зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Хохирогч Ц.Цэрэнпагмын: ...Энэ хэрэг гараад 4 жил болж байна. 2012 оны 08 дугаар сарын 14-нд зээ хүүгээ дагуулаад явж байтал бор ногоон өнгийн 75-66 ОРО УАЗ-469 машин шүргэчихээд зугтаасан. Энэ ослын улмаас миний хөл гэмтэж хохирсон. Би нойморыг нь зөв харсан. Тэрийгээ хэлж байна. Шүүгдэгчийн хувьд надтай үг дуугардаггүй. Энэ хүний хувьд гомдож явдаг. Би биш, өөр хүн андуураад байгаа юм биш биз гэж бидэнд хэлдэг. Өнөөдрийг болтол нэг ч дуугардаггүй. Би энэ хүнээс эмчилгээний мөнгө нэхэж уурлаж бариагүй. Одоо өчнөөн хонолоо. Уг нь хохирол барагдуулаад өгчих болов уу гэж бодож байсан. Тухайн үед хүү бид 2 нийлээд 700.000-800.000 төгрөг гарч байсан. Одоо 1.000.000 төгрөг өгчихвөл гомдол чирэгдэл гээд яваад баймааргүй байна. Энэ хэргийг дуусгамаар байна. Би хүн гүтгээгүй. Харсан зүйлээ хэлсэн. Би тухайн үед цагдаа Тулгаад хэлсэн. Энэ дугаарын талаар газар унасан үеэсээ л хэлээд байгаа гэсэн мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй хохирогч С.Мөнгөншагайгийн: ....Эмээ группээ сунгуулах гээд бид 2 явсан. Замын хажууд явж байтал ногоон өнгийн УАЗ-469 машин дайрч унагаасан. Тэгээд зугтаад явсан. Би нойморыг нь хараагүй гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч Ш.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Орхон аймгиин Наран багийн 26-01 тоот байрлах Цагаан-Уул 3 дэлгүүрт зурагт засвар ажилуулдаг юм. Ингээд 2012 оны 08-р сарын14-ний өдөр ажил дээрээ зурагт засаад байж байсан бөгөөд өдөр 13 цагийн үед надаар зурагтаа засуулж байсан нэг эрэгтэй хүн гаднаас гүйж орж ирээд урд зам дээр нэг бор ногоон өнгийн УАЗ-469 маркын машин хүн дайраад зутгаачихлаа 75-66 ОРО гээд дугаарыг тэмдэглээд аваарай гэж хэлсэн. Би тухайн үед яг зурагт засаж байсан болохоор тэмдэглэж аваагүй. Тэгээд тэр хүн өөрөө гар утсаа гаргаж ирээд цагдаагийн газар луу яриад дуудлага өгөөд байсан. Би сүүлд гараад харсан чинь замын цаад талд нэг эмэгтэй газарт хөлөө жийгээд суучихсан хажууд нэг хүүхэд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд цагдаа эмнэлэг ирсэн гэсэн мэдүүлэг /хх 101 хуудас/,

-Гэрч Д.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2012 оны 08 сарын 14-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Намайг үүрэг гүйцэтгэж байхад өдөр 13 цаг 11 минутанд 94133992 дугаарын утаснаас иргэн Батмөнх гэж хүн гэр хороолол Цагаан уул дэлгүүрийн цаад талын авто зам дээр 75-66 оро гэсэн дугаартай бор ногоон өнгийн УАЗ 469 маркын машин хоёр хүн шүргээд хойшоо зугтаасан гэж дуудлага өгсөн бөгөөд би дуудлагын дагуу замын цагдаагийн зохицуулагч а/а Гунаажавд уг дуудлагыг өгсөн. ...Би аймгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарт станцаар зарлан мэдээлсэн болно гэсэн мэдүүлэг /хх 103 хуудас/,

-Гэрч М.Батмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2012 оны 08 сарын 14-ний өдрийн 13 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сум, Наран багийн нутаг дэвсгэрт байрлах 3-р 10 жилийн сургуулийн ертөнцийн зугээр хойд талд буюу засмал замын хажууд байрлах Цагаан-Уул 3 дэлгүүрт ороод засуулсан зурагтаа аваад боогоод гарах гэж байсан чинь нэг эмэгтэй яанаа машин дайрчихлаа гэж орилсон. Би тэгэхээр нь харсан чинь замын цаад талд нэг эмэгтэй газар уначихсан хажууд нь 10-15 орчим насны эрэгтэй хүүхэд уйлаад байж байсан. Би тэгэхээр нь хойшоо харсан чинь нэг бор ногоон өнгийн УА3 469 маркын машин тэр орилоод хэвтэж байсан эмэгтэйн гудамжаар ороод цаашаа хурд ихтэй ороод явсан. Би дугаарыг нь харж чадаагүй бөгөөд шинэвтэр өнгө үзэмж сайтай машин байсан. Тэгээд би цагдаа дуудах гээд 7035102 гэсэн дугаар луу залгаад хорооллын сургуулийн хажууд хүн машинд дайруулсан байна дуудлага өгсөн чинь хажууд нэг цагаан өнгийн портер маркын машинтай 50 орчим настай хүн 7566 ОРО дугаарын УА3 469 маркын машин гэж надад хэлэхээр нь би цагдаад дуудлага өгөхдөө уг дугаарыг өгч тэмдэглүүлсэн гэсэн мэдүүлэг /хх 104 хуудас/,

-Гэрч А.Алтанхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би сандраад гүйгээд очсон чинь Цагаан-уул дэлгүүрийн хажууд замын баруун талд манай эхнэр, Мөнгөншагай хоёр газар уначихсан ёолоод уйлаад байж байсан. Би очоод эхнэрээс юу болов яасан бэ гэж асуусан чинь Мөнгөншагай бид хоёрыг зогсож байсан чинь бор ногоон өнгийн УА3 469 маркын машин шүргээд унагаачихаад явчихлаа гэж хэлсэн. Би тэгэхээр нь хэд гэсэн дугаартай машин байсан юм, харж амжсан уу гэсэн чинь харж амжсан 7566 ОРО дугаарын бор ногоон өнгийн УА3 469 маркын машин байсан гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 106 хуудас/,

-Гэрч П.Гунаажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012 оны 08-р сарын 14-ний өдрийн 13 цагийн орчим 102-оос Рашаант багийн 16-р гудамжны ойролцоо хүн машинд мөргүүлсэн байна яваад очоорой гэсний дагуу очиход 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхэдтэйгээ хамт байсан бөгөөд биднийг бор ногоон өнгийн 7566 оро дугаартай УАЗ-469 маркын авто машин мөргөөд зугтаачихлаа гэж байсан. Энэ тухай би 102-ын жижүүрт мэдэгдсэн, намайг ослын газарт очиход хүн мөргөсөн машин нь зугтаад явчихсан байсан, надтай хамт автын байцаагч Гэрэлчулуун хамт явж байсан юм гэсэн мэдүүлэг /хх 151 хуудас/,

-Гэрч О.Тамирбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012 оны 08-р сарын 14-ний өдөр 15-16 цагийн орчим Наран багийн 30-6 тоотод очиход бор ногоон өнгийн УА3 469 маркын машин байсан бөгөөд хажууд нь саарал өнгийн 69 машин байсан. Тэр айлд 50 орчим Text Box: ■■насны нэг эгч байсан. Энэ бор ногоон өнгийн машин хэнийх юм бэ? гэхэд тэр эмэгтэй энэ саарал машины эзэн нь бас энэ бор ногоон УА3 469 машиныг авсан юм аа гэж хэлж байсан бөгөөд урьд шөнө Булган аймгийн Тэшиг сумаас ирсэн гэж ярьж байсан. Тэгээд Батболдын хамтаар машины доогуур нь шалгаж үзэхэд доод эд ангид нь өвс наалдсан байсан. Ингээд тасгийн даргад энэ талаар мэдэгдсэн гэсэн мэдүүлэг /хх 154-155 хуудас/,

-Гэрч Д.Губираагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2012 оны 08-р сарын 14-ний өдрөөс 15-ныг хүртэл миний бие 102 дугаар утсан дээр дуудлага хүлээн авагч цагдаагаар ажилласан. Энэ өдрийн 13 цаг 11 минутанд Батмөнх гэж хүнээс хорооллын эцсээс хойшоо өгсөөд Цагаан уул дэлгүүрийн орчим 7566 ОРО дугаартай машин хүн мөргөөд зугтаасан гэсэн дуудлагыг өгсөн, энэ дуудлага мэдээллийг би санаж байна. Хүн мөргөөд зугтаачихлаа гэхэд нь “та өөрөө хэн гэдэг хүн бэ, яаж мэдэж дуудлага өгч байна” гэж тодорхой асууж байгаад дуудлага хүлээн авч дэвтэр дээр бичиж тэмдэглэсний дараа тэр өдрийн замын цагдаа Гунаажавт дуудлагыг дамжуулж очиж шалга, шаардлагатай бол эндээс бүрэлдэхүүнийг явуулъя гэж хэлсэн гэсэн /хх 225 хуудас/, мэдүүлгүүд болон Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 598, 599 тоот дүгнэлтүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгчид оногдуулсан ял, түүний гэм бурууд тохирсон, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1., Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.т зааснаар өршөөн хэлтрүүлсэн нь шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Ч.Санжаа гэмт хэрэг үйлдээгүй гэж тайлбарладаг ба ялтны өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...Хэрэгт хяналт тавьсан, яллах дүгнэлт үйлдсэн прокурор хэргийг сэргээсэн тухай, яллах дүгнэлт үйлдэх тухай, шүүх рүү шилжүүлж байгаа тухай яллагдагчийн өмгөөлөгчид огт мэдэгдээгүй нь яллагдагийн болон түүний өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн байгааг шүүх анхаараагүй. Ч.Санжааг бусдыг мөргөж биед нь хөнгөн гэмтэл учруулаад зугтаасан гэм буруутай гэж тогтоосон нь үндэслэлгүй юм. Шүүх хохирогчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон бөгөөд хохирогчийн мэдүүлгийн эх сурвалж анхнаасаа тодорхой бус байсныг анхаараагүй. Ч.Санжаа ослын газрыг орхиж зугтаасан гэм буруу нь хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгоно уу” гэж гомдол гаргасан нь хавтаст хэрэгт цугларч, хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Иймд ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР