| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2017/0017/З |
| Дугаар | 36 |
| Огноо | 2017-05-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 36
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ц.Бямбажавын нэхэмжлэлтэй тус аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142 дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Ажилд томилох тухайБ/143 дугаар захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өлзийт багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Бямбажав, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ганбаатар, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Бямбажав миний бие 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хуралдсан Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон 259 иргэний 152 хүн буюу 58.68 хувийн санал авч багийн Засаг даргаар сонгогдон улмаар 9 дүгээр сарын 19-ний өдөр Улиастай сумын Засаг даргаас батламжлагдан багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан билээ. Улиастай сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно ... гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэг Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй... гэсэн заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна... гэсэн заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно ... гэсэн заалтыг тус тус зөрчиж, Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бусаар, далд зарлан хуралдуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бусаар хуралдуулж, багийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлж , миний ажиллаж, хөдөлмөрлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл гаргасан ба Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайханд тус хууль бус хурлын талаарх асуудлыг хүчингүй болгож өгөх талаар хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан боловч 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Аймгийн Засаг даргаас Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаартай захирамж нь тус сумын Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 тогтоолыг үндэслэн гаргасан захирамж байна. Дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус акт болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэсэн хариу бичгийг өгсөн. Иймд тухайн хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/143 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/143 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өлзийт багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Бямбажав нь 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хуралдсан Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар сонгогдон, улмаар 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Улиастай сумын Засаг даргын Б/194 дүгээр захирамжаар Өлзийт багийн Засаг даргаар томилогдсон байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь Өлзийт багийн Засаг даргаар ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Өлзийт багийн илт хууль бус хуралдаанаас Ц.Бямбажавыг Ажлаас чөлөөлөх тухай 03 дугаар тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолыг үндэслэж, Улиастай сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б/142 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Бямбажавыг ажлаас нь чөлөөлсөн. Улиастай сумын Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.1-т заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Мөн Ц.Бямбажавын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаар байсан. Гэтэл Улиастай сумын Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.4-т заасныг зөрчсөн байгаа. Энэ хуулийн заалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1, 32.2 дахь хэсгүүд дээр тодорхой заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 60.2 дахь заалтыг зөрчсөн. Иймд Улиастай сумын Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тийм учраас нэхэмжлэгч Ц.Бямбажав нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улиастай сумын Өлзийт багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Бямбажавын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3 дугаар тогтоолоор багийн Засаг дарга Ц.Бямбажавын сонгогдсон хугацааны бүрэн эрхийг нь дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлөх, хуралдаанд оролцогсдын олонх буюу 53,8 хувийн санал авсан Б.Эрдэнэбаярыг багийн Засаг даргаар томилуулах санал уламжилсаныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалтын дагуу Засаг дарга, хотын захирагч Б.Эрдэнэбаатар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар захирамжаар Ц.Бямбажавыг Өлзийт багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.5, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоол гаргасан байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж заасан нь багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд нэгэн адил хамаарах тул Ц.Бямбажавын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх үндэслэлгүйг үүгээр уламжилж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5-т зааснаар багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх эрх нь сумын Засаг даргад байгаа. Энэ хуулийн заалтыг хэрэглэхээр бол багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэхээр байна. Энэхүү санал нь тогтоол хэлбэрээр авагдсан. Энэ санал нь хаанаас, яаж гараад байгаа юм бэ? гэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.2-т зааснаар багийн Засаг даргыг томилж, чөлөөлөх эрх нь иргэдийн Нийтийн Хуралд байгаа. Ийнхүү багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслээд, Улиастай сумын Засаг дарга Б/142 дугаар захирамжийг гаргасан тул ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй.
Нэхэмжлэгч тал нь Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бус байсан гэж тайлбарлалаа. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А.Мөнхжаргалын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иймд Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бус хуралдсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бус явагдсан гэж тогтоогоогүй байгаа. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5-т зааснаар багийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх бүрэн эрхтэй. Багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5 дахь хэсэгт зааж өгсөн. Энэ хуулийн заалтыг хэрэглэхдээ багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэдэг байгаа. Ер нь багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дууссан байсан ч гэсэн өөр ямар заалтаар чөлөөлөх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1, 32.2-т зааснаас бусад тохиолдолд багийн Засаг даргыг чөлөөлөх эрхгүй гэж тайлбарлалаа. Тэгэхээр багийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх хуулийн заалтгүй болчихоод байна. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5 дахь заалтыг баримталж багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөхөөс өөр арга байхгүй. Хэрвээ энэ хуулийн заалтаар багийн Засаг даргыг чөлөөлөхгүй юм бол хэзээ ч энэ албан тушаалаасаа буухгүй. Мөн цалин хөлсний тухайд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид цалин олгосон харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ
Иргэн Ц.Бямбажав нь Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142 дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Ажилд томилох тухай Б/143 дугаар захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Өлзийт багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргажээ.
Тус шүүхээс сумын Засаг дарга нь багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө чөлөөлсөн асуудал нь тухайлсан хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эсэх болон багийн Засаг даргыг чөлөөлөх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхэд анхаарч, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэг: Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаартай Ажлаас чөлөөлөх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/143 дугаар Ажилд томилох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, Өлзийт багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар захирамжаар нэхэмжлэгч Өлзийтбагийн Засаг дарга Ц.Бямбажавыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/143 дүгээр захирамжаар Б.Эрдэнэбаярыг Өлзийт багийн Засаг даргаар томилсон байна. Нэхэмжлэгч Ц.Бямбажав өөрийг нь Өлзийт багийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142, Улиастай сумын Өлзийт багийн Засаг даргаар Б.Эрдэнэбаярыг томилсон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/143 дугаар захирамжууд нь хууль бусаар хуралдсан Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэж гарсан, уг 03 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх заалт, 26.3 дахь заалтыг зөрчсөн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар захирамж нь Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг үндэслэж чөлөөлсөн гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/194 дүгээр захирамжаар Улиастай сумын Өлзийт багийн Засаг даргаар 4 жилийн хугацаатай томилогдсон ба түүний бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болохоор байна. Багийн Засаг даргыг томилж чөлөөлөх эрх бүхий этгээд нь сумын Засаг дарга ба багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэлийн талаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгээр зохицуулсан байна. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт .... Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга .....түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэжээ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх .... асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болохоос өмнө чөлөөлөх хуульд заасан үндэслэл нь тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл байх ба энэхүү асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр хуульчлагдсан байна.
Маргаан бүхий Б/141 дүгээр захирамжийн үндэслэл болох Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Өлзийт багийн Засаг дарга Ц.Бямбажавын сонгогдсон бүрэн эрхийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг Улиастай сумын Засаг даргад уламжилсан байх ба 2 дахь заалтаар хуралдаанд оролцогчдын олонхийн буюу 53.8 хувийн санал авсан нэр дэвшигч Б.Эрдэнэбаярыг Өлзийт багийн Засаг даргаар томилуулах саналыг Улиастай сумын Засаг даргад уламжилсан байна. НэхэмжлэгчӨлзийт багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө чөлөөлөх санал уламжилсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нэхэмжлэгчийн маргаж буйгаар хуульд заасан журмын дагуу хуралдсан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлж, дүгнэхэд Өлзийт багийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж хуралдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн зохицуулалтын агуулгаас үзэхэд багийн хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар байна. Гэтэл тус багийн хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид товлож хуралдуулаагүй болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 44, 45, 46, 50, 51, 67-70-р хуудас/
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан нөхцлөөр товлогдсоноор багийн иргэдийн Нийтийн Хурал хууль ёсны дагуу явагдах урьдчилсан нөхцөл бүрдэх бөгөөд мөн хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар багийн Засаг дарга нь ... 4 жилийн хугацаагаар томилогдох зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байхад чөлөөлсөн захирамж гаргасан нь буруу байна. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргыг хугацаанаас өмнө чөлөөлөх хууль зүйн үндэслэл үүсээгүй, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад дээрх нөхцөл байдлыг харгалзалгүй, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлох эрх хуулиар тухайн Хурлын Тэргүүлэгчдэд байхад энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчиж товлогдсон хуралдаанаас нэхэмжлэгчийг Өлзийт багийн Засаг даргын үүрэгт ажлаас хугацаанаас нь өмнө чөлөөлөх тус багийн иргэдийн Нийтийн Хурлын саналын дагуу хариуцагч нь Б/142 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай захирамж, мөн тухайн хурлаас Өлзийт багийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан гуравдагч этгээд Б.Эрдэнэбаярыг Засаг даргаар томилуулах саналын дагуу Ажилд томилох тухай Б/143 дүгээр захирамжийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар сумын Засаг дарга нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллахаар заасан байна.
Иймд хууль зөрчин товлож, хуралдсан Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэгчийг тус багийн Засаг даргаас хугацаанаас нь өмнө чөлөөлсөн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар захирамж, мөн гуравдагч этгээдБ.Эрдэнэбаярыг Өлзийт багийн Засаг даргаар томилсон тус сумын Засаг даргын мөн өдрийн Б/143 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч Ц.Бямбажавыг Өлзийт багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтээ байна.
Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч Улиастай сумын Засаг дарга нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.Бямбажавын ажилгүй байсан 112 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.731.728 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.Бямбажавын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Бямбажавыннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142, Б/143 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ц.Бямбажавыг Завхан аймгийн, Улиастай сумын Өлзийт багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.Бямбажавын ажилгүй байсан хугацааны цалин 3.731.728 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Бямбажавд олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР