Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 36

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Ц.*******ын нэхэмжлэлтэй тус аймгийн ******* сумын Засаг даргад холбогдох 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142 дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Ажилд томилох тухайБ/143 дугаар захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хуралдсан ******* багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцсон 259 иргэний 152 хүн буюу 58.68 хувийн санал авч багийн Засаг даргаар сонгогдон улмаар 9 дүгээр сарын 19-ний өдөр ******* сумын Засаг даргаас батламжлагдан багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан билээ. ******* сумын Засаг дарга Б. Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно ... гэсэн заалт, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэг Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй... гэсэн заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэг Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна... гэсэн заалт, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэг багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар сонгоно ... гэсэн заалтыг тус тус зөрчиж, ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бусаар, далд зарлан хуралдуулсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бусаар хуралдуулж, багийн Засаг дарга намайг ажлаас чөлөөлж , миний ажиллаж, хөдөлмөрлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл гаргасан ба Завхан аймгийн Засаг дарга Д.*******д тус хууль бус хурлын талаарх асуудлыг хүчингүй болгож өгөх талаар хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гаргасан боловч 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Аймгийн Засаг даргаас ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаартай захирамж нь тус сумын ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 тогтоолыг үндэслэн гаргасан захирамж байна. Дээрх захирамж нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус акт болохыг тогтоож, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэсэн хариу бичгийг өгсөн. Иймд тухайн хууль бус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгэх холбогдох шийдвэрийг гаргаж өгнө үү гэж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/143 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажилд томилох тухай Б/143 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.******* нь 2013 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хуралдсан ******* багийн иргэдийн Нийтийн Хурлаас багийн Засаг даргаар сонгогдон, улмаар 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ******* сумын Засаг даргын Б/194 дүгээр захирамжаар ******* багийн Засаг даргаар томилогдсон байдаг. Ийнхүү нэхэмжлэгч нь ******* багийн Засаг даргаар ажиллаж байсан. Гэтэл 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ******* багийн илт хууль бус хуралдаанаас Ц.*******ыг Ажлаас чөлөөлөх тухай 03 дугаар тогтоолыг гаргасан. Энэхүү тогтоолыг үндэслэж, ******* сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Б/142 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.*******ыг ажлаас нь чөлөөлсөн. ******* сумын Засаг дарга маргаан бүхий захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8.1-т заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн. Мөн Ц.*******ын бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр дуусахаар байсан. Гэтэл ******* сумын Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.4-т заасныг зөрчсөн байгаа. Энэ хуулийн заалтыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1, 32.2 дахь хэсгүүд дээр тодорхой заасан. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 60.2 дахь заалтыг зөрчсөн. Иймд ******* сумын Засаг дарга нь маргаан бүхий захирамжийг гаргахдаа дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Тийм учраас нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* сумын ******* багийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.*******ын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3 дугаар тогтоолоор багийн Засаг дарга Ц.*******ын сонгогдсон хугацааны бүрэн эрхийг нь дуусгавар болгож үүрэгт ажлаас чөлөөлөх, хуралдаанд оролцогсдын олонх буюу 53,8 хувийн санал авсан Б.*******ыг багийн Засаг даргаар томилуулах санал уламжилсаныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь заалтын дагуу Засаг дарга, хотын захирагч Б. 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар захирамжаар Ц.*******ыг ******* багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. ******* багийн иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.2, 23 дугаар зүйлийн 23.5, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тогтоол гаргасан байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно гэж заасан нь багийн Иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд нэгэн адил хамаарах тул Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөх үндэслэлгүйг үүгээр уламжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5-т зааснаар багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөх эрх нь сумын Засаг даргад байгаа. Энэ хуулийн заалтыг хэрэглэхээр бол багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэхээр байна. Энэхүү санал нь тогтоол хэлбэрээр авагдсан. Энэ санал нь хаанаас, яаж гараад байгаа юм бэ? гэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17.1.2-т зааснаар багийн Засаг даргыг томилж, чөлөөлөх эрх нь иргэдийн Нийтийн Хуралд байгаа. Ийнхүү багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслээд, ******* сумын Засаг дарга Б/142 дугаар захирамжийг гаргасан тул ямар нэгэн байдлаар хууль зөрчөөгүй.

Нэхэмжлэгч тал нь ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бус байсан гэж тайлбарлалаа. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А.*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иймд ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бус хуралдсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ******* багийн иргэдийн Нийтийн Хурлыг хууль бус явагдсан гэж тогтоогоогүй байгаа. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5-т зааснаар багийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх бүрэн эрхтэй. Багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5 дахь хэсэгт зааж өгсөн. Энэ хуулийн заалтыг хэрэглэхдээ багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэдэг байгаа. Ер нь багийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаа дууссан байсан ч гэсэн өөр ямар заалтаар чөлөөлөх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал тайлбарлахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.1, 32.2-т зааснаас бусад тохиолдолд багийн Засаг даргыг чөлөөлөх эрхгүй гэж тайлбарлалаа. Тэгэхээр багийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх хуулийн заалтгүй болчихоод байна. Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28.5 дахь заалтыг баримталж багийн Засаг даргыг ажлаас чөлөөлөхөөс өөр арга байхгүй. Хэрвээ энэ хуулийн заалтаар багийн Засаг даргыг чөлөөлөхгүй юм бол хэзээ ч энэ албан тушаалаасаа буухгүй. Мөн цалин хөлсний тухайд 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нэхэмжлэгчид цалин олгосон харагдаж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ

Иргэн Ц.******* нь ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142 дугаар захирамж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн Ажилд томилох тухай Б/143 дугаар захирамжуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах шаардлагууд бүхий нэхэмжлэл гаргажээ.

Тус шүүхээс сумын Засаг дарга нь багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө чөлөөлсөн асуудал нь тухайлсан хууль буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эсэх болон багийн Засаг даргыг чөлөөлөх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэхэд анхаарч, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаартай Ажлаас чөлөөлөх захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/143 дугаар Ажилд томилох тухай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах, ******* багийн Засаг даргаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх, дэвтрүүдэд бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******багийн Засаг дарга Ц.*******ыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/143 дүгээр захирамжаар Б.*******ыг ******* багийн Засаг даргаар томилсон байна. Нэхэмжлэгч Ц.******* өөрийг нь ******* багийн Засаг даргын ажлаас чөлөөлсөн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/142, ******* сумын ******* багийн Засаг даргаар Б.*******ыг томилсон 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/143 дугаар захирамжууд нь хууль бусаар хуралдсан ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолыг үндэслэж гарсан, уг 03 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4 дэх заалт, 26.3 дахь заалтыг зөрчсөн гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар захирамж нь ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг үндэслэж чөлөөлсөн гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/194 дүгээр захирамжаар ******* сумын ******* багийн Засаг даргаар 4 жилийн хугацаатай томилогдсон ба түүний бүрэн эрхийн хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болохоор байна. Багийн Засаг даргыг томилж чөлөөлөх эрх бүхий этгээд нь сумын Засаг дарга ба багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө чөлөөлөх үндэслэлийн талаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгээр зохицуулсан байна. Тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт .... Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга .....түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэжээ. Мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх .... асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ гэсэн зохицуулалттай байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болохоос өмнө чөлөөлөх хуульд заасан үндэслэл нь тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл байх ба энэхүү асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэхээр хуульчлагдсан байна.

Маргаан бүхий Б/141 дүгээр захирамжийн үндэслэл болох ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ******* багийн Засаг дарга Ц.*******ын сонгогдсон бүрэн эрхийг 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг ******* сумын Засаг даргад уламжилсан байх ба 2 дахь заалтаар хуралдаанд оролцогчдын олонхийн буюу 53.8 хувийн санал авсан нэр дэвшигч Б.*******ыг ******* багийн Засаг даргаар томилуулах саналыг ******* сумын Засаг даргад уламжилсан байна. Нэхэмжлэгч******* багийн Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаанаас өмнө чөлөөлөх санал уламжилсан тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нэхэмжлэгчийн маргаж буйгаар хуульд заасан журмын дагуу хуралдсан эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлж, дүгнэхэд ******* багийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдсан иргэдийн Нийтийн Хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасныг зөрчиж хуралдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн зохицуулалтын агуулгаас үзэхэд багийн хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулахаар байна. Гэтэл тус багийн хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид товлож хуралдуулаагүй болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 44, 45, 46, 50, 51, 67-70-р хуудас/

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан нөхцлөөр товлогдсоноор багийн иргэдийн Нийтийн Хурал хууль ёсны дагуу явагдах урьдчилсан нөхцөл бүрдэх бөгөөд мөн хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар багийн Засаг дарга нь ... 4 жилийн хугацаагаар томилогдох зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байхад чөлөөлсөн захирамж гаргасан нь буруу байна. Өөрөөр хэлбэл багийн Засаг даргыг хугацаанаас өмнө чөлөөлөх хууль зүйн үндэслэл үүсээгүй, чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй байхад дээрх нөхцөл байдлыг харгалзалгүй, мөн багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлох эрх хуулиар тухайн Хурлын Тэргүүлэгчдэд байхад энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчиж товлогдсон хуралдаанаас нэхэмжлэгчийг ******* багийн Засаг даргын үүрэгт ажлаас хугацаанаас нь өмнө чөлөөлөх тус багийн иргэдийн Нийтийн Хурлын саналын дагуу хариуцагч нь Б/142 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай захирамж, мөн тухайн хурлаас ******* багийн Засаг даргад нэр дэвшиж олонхийн санал авсан гуравдагч этгээд Б.*******ыг Засаг даргаар томилуулах саналын дагуу Ажилд томилох тухай Б/143 дүгээр захирамжийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар сумын Засаг дарга нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллахаар заасан байна.

Иймд хууль зөрчин товлож, хуралдсан ******* багийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны 03 дугаар тогтоолыг үндэслэж нэхэмжлэгчийг тус багийн Засаг даргаас хугацаанаас нь өмнө чөлөөлсөн Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142 дугаар захирамж, мөн гуравдагч этгээдБ.*******ыг ******* багийн Засаг даргаар томилсон тус сумын Засаг даргын мөн өдрийн Б/143 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэгч Ц.*******ыг ******* багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтээ байна.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч ******* сумын Засаг дарга нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******ын ажилгүй байсан 112 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.731.728 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.*******ын ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 23 дугаар зүйлийн 23.4, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.*******ыннэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/142, Б/143 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Ц.*******ыг Завхан аймгийн, ******* сумын ******* багийн Засаг даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ц.*******ын ажилгүй байсан хугацааны цалин 3.731.728 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийн нэхэмжлэгчид олгохыг хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР