| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/06702/И |
| Дугаар | 210/МА2025/00474 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00474
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/00931 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Орон сууцны талбайн зөрүү үнэ 15,995,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Бид 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 21А/1/80 дугаартай орон сууц захиалгын гэрээг ******* ХХК-тай байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Оргил 21 хотхон, *******, 1 дүгээр орц, ******* хаягт байрлах, 77 м.кв талбайтай орон сууцыг 277,200,000 төгрөгөөр авахаар тохирсон. Үүнээс 50 хувийн бэлэн төлөлт хийсэн гэж 1 м.кв бүрээс 100,000 төгрөг хасаж 7,700,000 төгрөгөөр хөнгөлж, орон сууцны үнийг 269,500,000 төгрөгөөр, 9.43 м.кв талбайтай гаражийг 29,000,000 төгрөгөөр тооцож, нийт 298,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Бид гэрээ байгуулсан өдөр гэрээний үнийн дүнгийн 50 хувь 149,250,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 149,250,000 төгрөгийг ******* банкнаас орон сууцны зээл авч, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төлж дуусгасан.
1.2.2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байранд орсны дараа оршин суугчдын хооронд талбайн зөрүү байна гэх яриа гарсан тул орон сууцны талбайн хэмжилт хийдэг компаниар өөрийн орон сууцны талбайн хэмжээг тогтоолгоход 72.43 м.кв буюу 4.57 м.кв-аар дутсан. Энэ талаар ******* ХХК-д хэлж уулзахад бид орон сууцны талбайн хэмжээнд барилгын ханыг оруулан тооцдоггүй, хэмжилтийн компани буруу хэмжсэн байна гэсэн хариу өгсөн. Худалдан авсан орон сууцны талбайн зөрүү 4.57 м.кв ба 1 м.кв нь 3,500,000 төгрөгөөр тооцоход нийт зөрүү 15,995,000 төгрөг болно.
1.3.Орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэйг нүдээр хараад мэдэх боломж байхгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд хууль, дүрмийг заавал биелүүлж, хууль дүрэмд захирагдаж үйл ажиллагаагаа явуулах ёстой ба MNS 6058:2009 гэх стандартыг барилгын үйл ажиллагаа эрхэлж байгаа компани заавал дагаж мөрдөх ёстой.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Гэвч тогтоосон тоо хэмжээ зөрж, хүрэхгүй, дутаж байгаа тул биет байдлын доголдолтой үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзнэ. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт Худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө гэж, 254.3 дахь хэсэгт Энэ хуулийн 251.3-т зааснаас бусад тохиолдолд худалдагч нь гэрээнд заасан тоо, хэмжээнээс дутуу эд хөрөнгө илгээсэн бол худалдан авагч уг эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах эрхтэй гэж тус тус заасан.
Иймд орон сууцны талбайн зөрүү 15,995,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1.*******, ******* нартай 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 21А/1/80 дугаартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Оргил 21 хотхоны 1 дүгээр ээлжийн 1 дүгээр орцны ******* хаягт байрлах, 77 м.кв талбайтай орон сууцыг автозогсоолын хамт худалдан авсан. Гэрээний нийт дүн 306,200,000 төгрөгөөс манай компани 7,700,000 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж, нэхэмжлэгч нар 298,500,000 төгрөгийг төлөхөөр тохирсон.
2.2.Гэрээ байгуулахаас өмнө манай компани барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж дууссан, барилгын заслын ажил явагдаж байсан ба нэхэмжлэгч нар нь гэрээний нөхцөл, зураг төсөл болон орон сууцтай танилцсаны үндсэнд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн сонгосон орон сууцыг худалдсан болно.
Гэрээний 02 дугаар хавсралт зурагт үзүүлсэн орон сууцны таналттай хэмжээг нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Хариуцагч нь орон сууцны талбайн хэмжээг өрөө хоорондын ханыг оруулахгүйгээр хэмжиж тодорхойлсон гэдгийг нэхэмжлэгч нарт гэрээ байгуулахаас өмнө хэлж тайлбарласан байсан. Тиймээс нэхэмжлэгч нь сонгосон орон сууцны талбайн хэмжээг MNS 6058:2009 гэсэн стандартын дагуу хэмжүүлбэл зөрүү гарна гэдгийг гэрээ байгуулах үед мэдсэн байсан. Нэхэмжлэгч нар нь доголдолтой гэж үзэж байсан бол гэрээ байгуулахгүй, орон сууцыг хүлээн авахгүй татгалзах эрхтэй байсан. Мөн орон сууцыг хүлээн авах үедээ гуравдагч этгээдээр хэмжүүлэн 4.57 м.кв зөрүүг тодорхойлох боломжтой байсан. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан байна.
Орон сууц захиалгын гэрээний 2.1 дэх хэсэгт гэрээний үнийн тодорхойлолтод орон сууцны талбайн хэмжээг гол нөхцөл болгоогүй бөгөөд харин хотхоны байрлал, дэд бүтцийн хөгжил, гадаад дотоод орчин, нөхцөл, өрөөний тоо, давхар, барилгын чанар материал, орон сууцны цонх ертөнцийн аль зүг рүү харсан гэх мэт хүчин зүйлүүдийг үндэслэсэн болно гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нар нь 4.57 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр үржүүлж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлсныг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээнд 1 м.кв талбайг 3,500,000 төгрөгөөр тохиролцсон зүйл байхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4, 255 дугаар зүйлийн 255.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох 15,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд автозогсоолын үнийг 29,000,000 төгрөг гэж тохироогүй, дээр дүгнэснээр орон сууц болон автозогсоолын нийт үнэ 298,500,000 төгрөг гэж тодорхойлжээ. Хариуцагчаас автозогсоолын үнийг тусад нь ялгаж үнэ тогтоогоогүй, орон сууц, зогсоолын үнийг нийт 298,500,000 төгрөгөөр тогтоосон гэж маргасныг нэхэмжлэгч нар баримтаар үгүйсгээгүй гэж буруу дүгнэлт хийсэн.
Орон сууц захиалгын гэрээний 2.1-д Гэрээний 1.2-д заасан орон сууцны үнэ 306,200,000 төгрөг бөгөөд гүйцэтгэгчээс 7,700,000 төгрөгийн хөнгөлөлт урамшууллыг захиалагчид үзүүлж, үлдэх 298,500,000 төгрөг нь захиалагчийн төлөх үүрэг бүхий гэрээний нийт үнэ болно гэж зааснаас харахад нэхэмжлэгч нарын төлсөн 298,500,000 төгрөг нь зөвхөн орон сууцны үнэд төлсөн төлбөр байна. Учир нь гэрээний 1.4-т Талуудын хооронд байгуулагдсан автомашины зогсоол захиалгын гэрээ нь зөвхөн орон сууц захиалагч нартай байгууллагддаг нөхцлөөрөө энэхүү гэрээний салшгүй хэсэг бөгөөд гэрээ тус бүрийн үүрэг биелэгдсэнээр эсвэл зөрчигдсөнөөр орон сууц болон автомашины зогсоол захиалгын гэрээ нь хамтдаа дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд автозогсоол захиалгын гэрээ байгуулагдсан ба энэ гэрээ нь орон сууц захиалгын гэрээнээс тусдаа хийгдэж хариуцагч байгууллагад хадгалагдаж байгаа болно.
Үүнээс дүгнэхэд орон сууц захиалгын гэрээний үнэ болох 298,500,000 төгрөг нь 77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ гэж үзэх ба орон сууцны 1 м.кв талбайн үнэ нь 3,876,623 төгрөг болно. Орон сууц захиалгын гэрээнд автозогсоол захиалгын гэрээг тусдаа байгуулснаар дурдаж, автозогсоолын үнийг тавиагүй бөгөөд хариуцагчаас орон сууц, автозогсоолын нийт үнэ 298,500,000 төгрөг гэж тайлбарласан нь дээрх нотлох баримтаар үгүйсгэгдэж байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарыг баримтаар үгүйсгээгүй гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
4.2.Анхан шатны шүүх Нэхэмжлэгч нараас орон сууцыг худалдан авах үедээ борлуулалтын ажилтантай хамт орон сууцанд орж үзэх замаар давхар, өрөөний сонголтыг хийж бичгийн гэрээг байгуулсан болохоо шүүх хуралдаанд тайлбарласан. Үүнээс дүгнэхэд орон сууцны барилга талуудыг гэрээ байгуулах үед баригдсан байсан, бичгийн гэрээг байгуулахаас өмнө талбайн хэмжилтийг хийлгэх замаар зөрүү байгаа эсэхийг мэдэх боломжтой байхад уг эрхээ *******, ******* нар хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн. Шүүхээс нэхэмжлэгч нарыг буруутгахаасаа өмнө хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн эсэх, талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль журамд нийцэж байгаа эсэхэд огтхон ч дүгнэлт хийсэнгүй.
Орон сууц захиалгын гэрээний 1.2-т 77 м.кв орон сууц гэж тодорхойлж гэрээний хавсралтаар 77 м.кв орон сууцны план зургийг хавсаргасан учраас нэхэмжлэгч нар нь эдгээр баримтад үндэслэн итгэж орон сууцыг банкны зээл тавин байж худалдан авсан болно. Гэтэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлээгүй, гэрээний 1.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууц шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн болно. Нэхэмжлэгч нар нь 3 өрөө орон сууцыг нүдээрээ хараад 4.57 м.кв талбай дутуу байна гэдгийг мэдэх боломжгүй байхад мэдэх боломжтой байсан гэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд эргэлзээгүй байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй болно.
4.3.Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна: 5.1.1.барилгын норм, дүрэм, 5.1.3.стандарт гэж заасан. Нэхэмжлэгч нар нь ХХК-тай хэмжилтийн зураг боловсруулах гэрээг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, орон сууцны талбайг Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал MNS 6058:2009, Монгол Улсын стандартын дагуу хэмжилт хийлгэхэд 72.43 м.кв гарсан. Энэ нь орон сууц захиалгын гэрээнд тусгагдсан 77 м.кв талбайгаас 4.57 м.кв талбай дутуу болохыг нотолдог.
Нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.4, 254.6 дахь хэсэгт зааснаар шаардлага гаргасан ба хариуцагч компани нь үйл ажиллагаандаа Иргэний хууль, Барилгын тухай хууль, барилгын норм, дүрэм, стандартыг илт зөрчсөн байхад ямар ч буруугүй нэхэмжлэгч нарыг илт буруутган хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй болно.
4.4.Хэргийг шударгаар шийдвэрлэхэд нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай байгаа ба автозогсоолын үнийг тодорхойлсон автозогсоол захиалгын 37 дугаар гэрээг хариуцагчаас гаргуулах, орон сууц захиалгын гэрээний нийт үнэ болох 298,500,000 төгрөг нь орон сууцны үнэ эсэх, эсхүл автозогсоолын үнэ орсон эсэх, орон сууцны 1 м.кв-ын үнэ хэдэн төгрөг болох эсэхийг баримтаар зайлшгүй нотлох шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нотлох баримтаа бүрдүүлэх ёстой. Гэтэл нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй байж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх гомдол гаргасан нь үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү үнэ 15,995,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.*******, ******* нар болон ******* ХХК-ийн хооронд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Оргил 21 хотхон, *******, 1 дүгээр орц, 11 дүгээр давхар, ******* хаягт байрлах, 77 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Б1 давхар, хаягт байрлах 9.43 м.кв талбай бүхий автозогсоолыг барьж гүйцэтгэн 2024 оны 4 дүгээр улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч *******, ******* нар гэрээний үнэ 306,200,000 төгрөгөөс хөнгөлөлт урамшуулал 7,700,000 төгрөгийг хасч тооцсон 298,500,000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.Нэхэмжлэгч нар нь гэрээний үнэ 298,500,000 төгрөгийг хариуцагчид төлсөн, мөн тэдэнд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр олгогдсон талаар талууд маргаагүй, уг үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.
5.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орон сууцны талбайн хэмжээг гэрээнд 77 м.кв гэж заасан боловч бодит хэмжилтээр 72.43 м.кв буюу гэрээнд зааснаас 4.57 м.кв дутуу, үнийн зөрүү 15,995,000 төгрөг гэж тайлбарласныг хариуцагч нэхэмжлэгчийн үзэж сонгосон орон сууцыг худалдсан, орон сууцыг хүлээн авах үедээ гуравдагч этгээдээр хэмжүүлж зөрүүг тодорхойлох боломжтой байсан, гэрээний үнийг тодорхойлоход орон сууцны талбайн хэмжээг гол нөхцөл болгоогүй гэж маргажээ.
5.1. ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Сууцны талбайн хэмжилтийн зурагт орон сууцны талбайн хэмжээг 72.43 м.кв гэж тодорхойлжээ.
5.2.Талуудын байгуулсан гэрээний 1.2 дахь заалтад орон сууцны мэдээллийг тусгахдаа хаяг байршил - Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо; хотхоны нэр - Оргил-21 хотхоны 1-р ээлжийн барилга; байр, орц, хаалганы дугаар - 21A байр, 1-р орц, *******; давхрын дугаар - 11; өрөөний тоо - 3; нийт талбай - 77 м.кв; авто зогсоол - Б1 , 9.43 м.кв гэжээ.
Мөн гэрээний 2.1 дэх заалтад захиалагчийн төлөх гэрээний нийт үнийг 298,500,000 төгрөг гэж тусгасан ба үнэ 306,200,000 төгрөгөөс гүйцэтгэгч 7,700,000 төгрөгийн хөнгөлөлт, урамшуулал үзүүлсэн талаар дурдаж, гэрээний үнийг тодорхойлоход орон сууцны талбайн хэмжээг гол нөхцөл болгоогүй бөгөөд харин хотхоны байрлал, дэд бүтцийн хөгжил, гадаад дотоод орчин, нөхцөл, өрөөний тоо, давхар, барилгын чанар материал, орон сууцны цонх ертөнцийн аль зүг рүү харсан гэх мэт хүчин зүйлүүдийг үндэслэсэн болно гэжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд гэрээний үнийг дээрх байдлаар тохиролцсон тул нэхэмжлэгчийн гаргасан гэрээнд зааснаас дутуу 4.57 м.кв талбайн үнийн зөрүү 15,995,000 төгрөг гэсэн тооцоо нь гэрээнд нийцээгүй байна. Анхан шатны шүүх талууд нэг м.кв талбайн үнийг тохиролцоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
5.3.Үүнээс гадна нэхэмжлэгч нар нь орон сууцыг худалдан авах үедээ хариуцагч байгууллагын борлуулалтын ажилтантай хамт сууцыг үзсэний үндсэн дээр бичгийн гэрээг байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч нарыг орон сууцны талбайн хэмжээнд зөрүү байгаа эсэхийг хүлээн авах үедээ мэдэх боломжтой байсан гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасантай нийцжээ.
6.Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдуулан гаргасан орон сууцны талбайн зөрүү үнэ 15,995,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.
Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд орон сууц захиалгын гэрээний үнэ болох 298,500,000 төгрөг нь 77 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ гэж үзэх ба орон сууцны 1 м.кв талбайн үнэ нь 3,876,623 төгрөг болно. Орон сууц захиалгын гэрээнд автозогсоол захиалгын гэрээг тусдаа байгуулснаар дурдаж, автозогсоолын үнийг тавиагүй... автозогсоолын үнийг тодорхойлсон автозогсоол захиалгын 37 дугаар гэрээг хариуцагчаас гаргуулах зайлшгүй шаардлагатай... гэж дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй, анхан шатны шүүх хуралдаанд энэ агуулгаар зохигч мэтгэлцээгүй байна.
7.Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт худалдан авагчийн шаардах эрхэд хамааралгүй зохицуулалт болох Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд хууль хэрэглээг зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/00931 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...254 дүгээр зүйлийн 245.4... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Д.ЗОЛЗАЯА