Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 97

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Д.Мөнхтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл,

Шүүгдэгч: Э.Э ,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бичээч овгийн Э.Э т холбогдох 1928000510043 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багийн Сангийн далай гэх газар оршин суух, урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 665 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон мөн 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 5 сарын хугацаагаар тэнссэн, Бичээч овгийн Э.Э , регистрийн дугаар ...............

Шүүгдэгч Э.Э  нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв 1 дүгээр баг Бумбат хорооллын 29 тоот хашаанд байх Ц.О гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, 90000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Э ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Э  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Архи уугаад буруу хэрэг хийсэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.О  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Цогт-Овоо сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Билэг цайны газарт ажилладаг. 2019 оны 02 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа яваад шөнө 00 цагаас ажлаас тарж ирсэн. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 02-р сарын 24-нд авдарнаас хүүхэддээ мөнгө авч өгөх гээд онгойлгоход хэтэвчин дотроос мөнгө алга болсон байсан. Би хүүхдээсээ мөнгө үзэж харсан талаар асуухад манай хүү Б  мэдэхгүй гэсэн. Тэгээд тэр өдөр өнгөрсөн. 2019 оны 2-р сарын 24-ний өглөө ажилдаа явах гээд гэрээ түгжих гэхэд түгжиж болохгүй байсан. Тэгэхээр нь би өөр цоож авч гэрээ цоожилсон. Маргааш нь буюу 2019 оны 02-р сарын 25-нд сумын цагдаад мэдэгдсэн. Манай авдарт байсан мөнгө бол манай хүү Б  цагаан сараар айл хэсэж цуглуулсан мөнгө байсан. Нийт 90 000 төгрөг хулгайд алдагдсан байсан. Мөнгөө буцааж авсан. /хх-ийн 18-19-р хуудас/

Гэрч Ч.У  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манайх сумын төвд дэлгүүр ажиллуулдаг. Би тэр дэлгүүрт одоогоор худалдагчаар ажилладаг. 2019 оны 02-р сарын 23-ны өдөр дэлгүүрт байж байхад Эрхэмбаяр орж ирээд эхлээд манай дэлгүүрт 30.000 төгрөгийн өр байсныг өгсөн. Тэгээд 0.5 граммын ерөөл нэртэй архинаас 13000 төгрөгөөр нэг шил архи авсан. Дахиад жаахан байж байгаад Э.Э  ах согтуу орж ирээд 0.5 граммын ерөөл нэртэй архинаас нэг шил архи 9000 төгрөгөөр аваад гараад явсан. Тэгээд байж байтал Э.Э  ах дахиад нэлээн согтуу ороод ирсэн. Тэгсэн цагдаа Ба Э.Э ыг аваад гарсан. Эргээд согтуу орж ирснээ дахиад ерөөлийн 0.33 граммын архинаас 6500 төгрөгөөр шил архи аваад гарсан. Тэгсэн төд удалгүй эргэж орж ирээд дахиад нэг шил архи авъя гэхээр нь би зээлээр өгөхгүй гэхэд Э.Э  мөнгөөр нь авъя гээд ерөөлийн граммын архинаас 13000 төгрөгөөр нэг шил архи, 1400 төгрөгөөр нэг ундаа аваад гарсан. Тэгээд Э.Э  манай дэлгүүрт эргэж орж ирээгүй. Орой нар жаргасны дараа Хархүү гэх хүн Э.Э ын хэтэвчийг нь авч ирж өгсөн. Тэгэхэд тэр хэтэвчинд нь 27000 орчим төгрөг байсан. /хх-ийн 22-р хуудас/

Гэрч М.Х  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр орой Э.Э  надтай тааралдахад нэлээд согтуу байсан. Би дэлгүүр ороод гараад ирэхэд Э.Э  Чойжилсүрэнгийн дэлгүүр ороод буцаж гараад цаашаа гэр рүүгээ явж байгаа харагдсан. Тэгээд би ардаас нь очиж Э.Э ын гэрийнх нь үүдэнд уулзсан. Би Э.Э ын гэрт орчихоод эргэж гарсан. Э.Э  дэлгүүрийн үүдэнд тааралдахдаа намайг гэрт очиж архи ууя гээд байсан. Би гэрт ирчихээд Э.Э т клонк орж бензин авчихаад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд би колонк орчихоод Э.Э ынд ирэхэд Э.Э  гэртээ хэвтэж байсан. Тэгсэн Э.Э  куртикны ханцуйнаас 0.75 граммын нэг шил архи, 0.33 граммын 1 шил архи гаргасан. Э.Э  0.75 граммын архийг задлаад бид 2 хувааж уухад шилтэй архины талыг нь уугаад Э.Э  согтоод унтсан. Тэгээд би шилтэй хагас архийг аваад эхнэрийн араар сундлаад хөдөө гэр рүүгээ явсан. Э.Э  гэртээ унтаад үлдсэн. /хх-ийн 25-р хуудас/

Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Э  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Тархины гэмтлийн шалтгаант бие хүний болон төрх үйлийн органик эмгэг хэмээх сэтгэцийн өвчтэй. 2016 оны авто осолд орсноос хойш эхэлсэн болно. Э.Э  нь хэрэг хариуцах чадваргүй /хх-ийн 32-33-р хуудас/

Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 733 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: 1.Э.Э  нь Тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь сэтгэцийн эмгэг болно. 2014 оноос дээрх эмгэгээр өвчилсөн байх боломжтой байна. Э.Э ын дээрх эмгэг нь уналт таталтын улмаас ухамсарт ухаан алдагдах, эмгэг бухимдал үүсэх зэргээр өвчин нь хөдөлж дахисан үедээ өөртөө эсхүл бусдад аюул учруулах байдал үүсэх боломжтой. Э.Э  нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Э  нь хэрэг хариуцах чадвартай байна. Өмнөговь аймгийн Төвийн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн шинжээчдийн гаргасан 2019 оны 04-р сарын 10-ны өдрийн 11/169 дугаартай дүгнэлтийн “Б” дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. Харин A, В, Г дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй байна. /хх-ийн 88-р хуудас/

Шинжээч Л.Өсөхжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Э.Э ын тархины гэмтлийн дараах уг эмгэг, уналт таталт, илэрсээр байгаа тул бие хүний болон зан төрхийн өөрчлөлт нь гүнзгийрч бодит шүүмж, бодол үүсэх нь буурч гэмт хэрэгт холбогдох, архи согтууруулах ундаанд донтох зэрэг өөрчлөлтүүдэд хүрсэн байна. Иймээс дээрх дүгнэлтийг гаргасан. Э.Э  нь 2018 онд хулгайн хэрэгт холбогдоход би сэтгэцийн дүгнэлтийг гаргаж байсан. Тухайн үед Э.Э ын тархины гэмтлийн дараах бие хүний болон зан төрхийн өөрчлөлт хэмээх өвчтэй байсан учраас үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байсан болохоор би хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэрэг хариуцах чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Миний гаргасан 11/19 дугаартай тогтоол нь хуулийн, эмнэлгийн шалгуурт үндэслэлтэй болно. Тархины гэмтлийн дараах бие хүний болон төрх үйлийн эмгэг гэсэн өвчтэй. Уг өвчний шинж тэмдэг нь бие хүний доройтол, бодит сэтгэхүй буурах, үнэлэх шүүмжлэх чадвар буурах эмгэгээр зан төрхийн өөрчлөлт, нийгмийн харилцаа буурч аливаад донтох эмгэгүүдэд хамрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. 1 жилд 2-оос 3 удаа хэвтэн тархины цусан хангамж сайжруулах, нойр нэмэгдүүлэх, уналт таталтын эмчилгээг хийлгэдэг мөн байнга уналт таталтын эм хэрэглэж байж уналт таталтыг цөөрүүлдэг. Албадан эмчилгээнд хамрагдах боломжтой хамрагдсан ч гэсэн уг өвчтөний хувьд эдгэрэх боломжгүй тархины өвчтэй. Манай тасагт 2016 оноос хойш эмчлүүлж байгаа /хх-ийн 35-36-р хуудас/

Шүүгдэгч Э.Э  мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Цогт-Овоо сумын төвд 2019 оны 02 дугаар сард 13 цагийн үед байх гэртээ байж байгаад Билэг гэдэг найзыгаа хөдөөнөөс ирсэн байвал нэг шил архи хамт уух санаатай Отгоо гэдэг эгчийнд нь очтол гэр нь ил харагддаг хужаа цоожоор цоожилсон байсан. Тэгээд тухайн цоожийг нь татсан чинь онгойчихсон. Тэгээд би гэрт нь ороход гэрийн баруун хойно нь бас хятад цоожтой том авдар байсан. Тухайн авдраа түгжээгүй хятад цоожоо зүгээр зүүчихсэн байсан болохоор цоожийг нь аваад авдрыг ухтал эмэгтэй хүний жижиг хар цүнх гарч ирсэн. Цүнхийг онгойлгож үзтэл дотор нь цахилгаантай хэтэвч байхаар нь уудалж үзтэл нэлээн их мөнгө байсан. Би хэтэвчнээс нь 20.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, 10.000 төгрөгний мөнгөн дэвсгэрт 1 ширхгийг аваад хэтэвчийг нь буцаагаад цүнхэнд нь хийсэн. Тэгээд цүнхээ авдар дотор нь буцааж хийгээд цоожийг нь зүүгээд хаалгыг нь хааж цоожийг нь буцааж зүүчихээд хулгайлсан 90.000 төгрөгөөрөө архи авч уух санаатай дэлгүүр явж байтал Хархүү гэдэг найз маань тааралдаад Мал эмнэлгийн дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Ерөөл архи аваад бид хоёр хамт гэртээ ирж авсан архиа хувааж уугаад дуусчихаар нь дахиад Ерөөл нэртэй 0.75 литрийн архи авч гэртээ ирж уугаад тэгээд тасарчихсан. Би тасарчихсан байсан болохоор үлдсэн мөнгөөрөө юу юу хийснээ сайн мэдэхгүй байна. /хх-ийн 42-43-р хуудас/

Зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-ийн 06-12-р хуудас/

Тэтгэмжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 49-50-р хуудас/

Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0237338 дугаартай хөдөлмөрийн чадвар 60 хувь алдалттай талаарх шийдвэр /хх-ийн 53-58-р хуудас/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Э  нь 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын төв 1 дүгээр баг Бумбат хорооллын 29 тоот хашаанд байх Ц.О гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, 90000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.О д 90.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Ц.О д учруулсан хохирол, хор уршгийн төлбөр 90.000 төгрөгийг шүүгдэгч Э.Э  нь хохирогчид буцаан төлсөн болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...хохирол төлбөр төлсөн, гомдол саналгүй гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Уг хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Э ын сэтгэцийг тодорхойлох Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/19 дугаартай шинжээчийн дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 733 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарчээ.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д ”шинжээчийн дүгнэлт” гэж шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн шинжилгээний явц, үр дүнг тусгасан нотлох баримтын эх сурвалж болох баримт бичгийг хэлнэ гэж тодорхойлсон.

Хавтаст хэрэгт авагдсан 2 удаагийн шинжээчийн дүгнэлтүүд тус бүр 3 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй гарсан ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ...хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэж заасны дагуу шинжээчийн дүгнэлтүүдийг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа эсэхэд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг үнэлж дүгнэв.  

Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/19 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Тархины гэмтлийн шалтгаант бие хүний болон төрх үйлийн органик эмгэг хэмээх сэтгэцийн өвчтэй /хх-ийн 32-33-р хуудас/ гэх дүгнэлт гарсан ба Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 733 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Э  нь тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь сэтгэцийн эмгэг болно. 2014 оноос дээрх эмгэгээр өвчилсөн байх боломжтой байна. Э.Э ын дээрх эмгэг нь уналт таталтын улмаас ухамсарт ухаан алдагдах, эмгэг бухимдал үүсэх зэргээр өвчин нь хөдөлж дахисан үедээ өөртөө эсхүл бусдад аюул учруулах байдал үүсэх боломжтой /хх-ийн 88-р хуудас/ гэснээр шүүгдэгч Э.Э ыг сэтгэцийн эмгэг өвчтэй болохыг шинжээчид санал нэгтэйгээр  тогтоожээ.

Шүүгдэгч Э.Э ын сэтгэцийн эмгэг өвчний талаар шинжээчдийн дүгнэлт зөрүүгүй байх боловч шүүгдэгчийн хэрэг хариуцах чадварын талаар гаргасан дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй ба улмаар түүнийг хэрэг хариуцах чадвартай ба чадваргүй гэсэн дүгнэлтүүд гарч, улсын яллагч болон оролцогчид холбогдох дүгнэлтүүдийг шинжлэн судлав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан шинжээч эмч Л.Өсөхжаргал: Э.Э ын тархины гэмтлийн дараах уг эмгэг, уналт таталт, илэрсээр байгаа тул бие хүний болон зан төрхийн өөрчлөлт нь гүнзгийрч бодит шүүмж, бодол үүсэх нь буурч гэмт хэрэгт холбогдох, архи согтууруулах ундаанд донтох зэрэг өөрчлөлтүүдэд хүрсэн байна. Иймээс дээрх дүгнэлтийг гаргасан. Э.Э  нь 2018 онд хулгайн хэрэгт холбогдоход би сэтгэцийн дүгнэлтийг гаргаж байсан. Тухайн үед Э.Э ын тархины гэмтлийн дараах бие хүний болон зан төрхийн өөрчлөлт хэмээх өвчтэй байсан учраас үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байсан болохоор би хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлтийг гаргасан. Хэрэг хариуцах чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. Миний гаргасан 11/19 дугаартай тогтоол нь хуулийн, эмнэлгийн шалгуурт үндэслэлтэй болно. Тархины гэмтлийн дараах бие хүний болон төрх үйлийн эмгэг гэсэн өвчтэй. Уг өвчний шинж тэмдэг нь бие хүний доройтол, бодит сэтгэхүй буурах, үнэлэх шүүмжлэх чадвар буурах эмгэгээр зан төрхийн өөрчлөлт, нийгмийн харилцаа буурч аливаад донтох эмгэгүүдэд хамрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. 1 жилд 2-оос 3 удаа хэвтэн тархины цусан хангамж сайжруулах, нойр нэмэгдүүлэх, уналт таталтын эмчилгээг хийлгэдэг мөн байнга уналт таталтын эм хэрэглэж байж уналт таталтыг цөөрүүлдэг. Албадан эмчилгээнд хамрагдах боломжтой хамрагдсан ч гэсэн уг өвчтөний хувьд эдгэрэх боломжгүй тархины өвчтэй. Манай тасагт 2016 оноос хойш эмчлүүлж байгаа /хх-ийн 35-36-р хуудас/ гэсэн мэдүүлэг өгсөн байх бөгөөд шинжээчийн мэдүүлэг хуульд заасан журмын дагуу авагдсан, түүнээс мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй төдийгүй шинжээчийн энэхүү мэдүүлгийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх шинжээчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт ...1 жилийн өмнө шинжээчийн дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай гэх дүгнэлт гарсан гэх тайлбар дүгнэлт гаргаж байх боловч 2016 оноос хойш хяналт тавьж, эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй мэргэжлийн эмч болох шинжээчийн мэдүүлэгт ...Тухайн үед Э.Э ын тархины гэмтлийн дараах бие хүний болон зан төрхийн өөрчлөлт хэмээх өвчтэй байсан учраас үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байсан болохоор би хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэсэн дүгнэлтийг гаргасан. Одоо Э.Э  нь хэрэг хариуцах чадваргүй, үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй. ...Тархины гэмтлийн дараах бие хүний болон төрх үйлийн эмгэг гэсэн өвчтэй. Уг өвчний шинж тэмдэг нь бие хүний доройтол, бодит сэтгэхүй буурах, үнэлэх шүүмжлэх чадвар буурах эмгэгээр зан төрхийн өөрчлөлт, нийгмийн харилцаа буурч аливаад донтох эмгэгүүдэд хамрах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. 1 жилд 2-оос 3 удаа хэвтэн тархины цусан хангамж сайжруулах, нойр нэмэгдүүлэх, уналт таталтын эмчилгээг хийлгэдэг. Мөн байнга уналт таталтын эм хэрэглэж байж уналт таталтыг цөөрүүлдэг...Албадан эмчилгээнд хамрагдах боломжтой хамрагдсан ч гэсэн уг өвчтөний хувьд эдгэрэх боломжгүй тархины өвчтэй...гэж мэдүүлсэн байна.

Үүнээс үзэхэд шинжээч шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлын талаар болон эдгэрэх боломжгүй тархины өвчтэй талаар, 1 жил гаруйн өмнө “бие хүний болон зан төрхийн өөрчлөлт хэмээх өвчтэй” байсан бол одоогийн байдлаар тэрээр “...бие хүний болон төрх үйлийн эмгэг... гэсэн өвчтэй болж өвчний онош улам бүр хүндэрсэн байгаа талаар тодорхой мэдүүлжээ.

         Хэрэгт авагдсан 11/19, 733 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийн хувьд тус бур 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан, дүгнэлт гаргасан шинжээчдийн мэдлэг, ур чадвар, ажилласан жил, туршлага зэрэг нь адил түвшинд байх бөгөөд хамгийн сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлт нь үнэн зөв байна гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт …эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал түүнийг ...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан ба шүүгдэгч Э.Э ын эрүүл мэндийн талаар цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар холбогдох нотлох баримтуудыг дэнсэлж үзэхэд шүүгдэгчийг “хэрэг хариуцах чадваргүй” гэх нотлох баримтууд нь давамгайлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11/19 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгийг тус тус нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Э ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгч гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгчийг албадан эмчилгээнд хамрагдах боломжтой гэх шинжээчийн мэдүүлэг байгаа хэдий ч прокурор энэ талаар санал гаргаагүй тохиолдолд шүүх уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хуванцар бүрээстэй, 2.5”3 см хэмжээтэй төмөр цоож 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар бүрээстэй 2”2 см хэмжээтэй төмөр цоож 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.Э ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Бичээч овгийн Э.Э ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар шүүгдэгч Э.Э  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр шүүгдэгч Э.Э т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн хуванцар бүрээстэй, 2.5х3 см хэмжээтэй төмөр цоож 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар бүрээстэй 2х2 см хэмжээтэй төмөр цоож 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ДЭЛГЭРМАА