| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2016/05346/И |
| Дугаар | 562 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 562
| 2016 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 184/ШШ2016/00562 | Улааанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн гудамж, Мандал оффисийн байранд оршин байх “Мандал Женерал Даатгал” ХХК/РД-5473489/-ийн,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол/Өнөр хороолол/, 33 дугаар байрны 186 тоотод оршин суух Баатад овогт Борхүүгийн Жаргалсайхан/РД-ЧЗ82100670/-д холбогдох
Даатгалын гэрээний үүрэгт 980.125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов. Хариуцагч Б. Жаргалсайханд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Жаргалсайхан нь 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Мобиком Корпораци”-тай 20172990 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж, 99104423 дугаар авч ашигласан. 2013 оны 06 дугаар сарын 01-ны өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2013 оны 05 дугаар сар, 06 дугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл төлбөр нь 645,415 төгрөг болсон. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Даатгалын гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд 120 хоног өнгөрмөгч даатгалын тохиолдолд үүсэхээр заасан байгаа. Мөн “Мобиком корпораци” ХХК болон “Мандал Женерал Даатгал” ХХК-ийн хооронд байгуулсан 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №12076 FD-PSD 12134 тоот “төлбөр тасалдлын даатгалын хэлцэл” дагуу Б.Жаргалсайханы 20172990 тоот гэрээнд төлбөрийн тасалдал үүссэний улмаас учирсан хохирлын 645.415 төгрөгийг хүлээн авсан. Иргэний болон даатгалын хуулийн дагуу “Мандал Женерал Даатгал” ХХК-д “Мобиком корпораци” ХХК нь төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамт шаардах эрхийг шилжүүлсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 645.415 төгрөг, алданги 322.707 төгрөг, нийт 968.123 төгрөг, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох нотариатын үйлчилгээний хураамж 12.000 төгрөгийн хамт нийт 980.123 төгрөг болсон байх тул хариуцагчаас гаргуулж өгнө үү. “Мандал Женерал Даатгал” ХХК нь “Мобиком Корпораци” ХХК-тай "Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ" байгуулсан. Уг гэрээгээр “Мобиком Корпорац”-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсч даатгалын нөхөн төлбөр олгоно. “Мобиком Корпораци” нь “Мандал Женерал Даатгал” ХХК-аас нөхөн төлбөрт 645,415 төгрөг хүлээн авсан болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйл. 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д "Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ" гэжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйл. 8.7-т зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ. Иймд хариуцагчаас 980.123 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Жаргалсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2012 онд Мобикомоос 99104423 гэсэн дараа төлбөрт дугаар дээр Samsung маркийн Note-2 хэмээх гар утсыг лизингээр авсан бөгөөд урьдчилгаа утасны төлбөр ойролцоогоор 360.000 төгрөг өгч дугаар дээрээ лизингээр авсан болно. Уг утасны үндсэн үнэ нь 1.100.000 орчим байсан бөгөөд үлдэгдэл 700.000 орчим төгрөгийг сар бүрийн утасны төлбөр дээр нэмж төлөгдөхөөр гэрээ хийгдсэн байсан. Уг дугаараа утас авснаас хойш 5-6 сар хэвийн төлж байгаад уг дугаараа төлбөрийн чадамж муудсан учраас ашиглахаа больсон. Мөн уг лизингээр авсан утсаа тухайн үед 3-4 дүгээр хороололд автобусанд суйлуулж алдсан. Ингээд утас авсан урьдчилгаа 360.000 төгрөг, мөн лизингээ 5-6 сар төлсөн, дугаарынхаа барьцаа 100.000 төгрөгийг нэмээд нийт 900.000 төгрөг орчим мобиком корпорацид төлсөн байна. 1 сарын утас лизингийн төлбөр ойролцоогоор 80.000 төгрөг. Иймд мобиком компанид 900.000 орчим төгрөг төлснийг минь бодолцон үзэж 1.100.000 төгрөгний утаснаас 900.000 төгрөгийг төлсөн гэж үзэн, үлдэгдэл 200.000 төгрөгийг төлөх эсхүл Note-2 утсыг одоогийн ханшаар бодон тооцож суутгахыг хичээнгүйлэн хүсэж байна. Гэр бүлийн хувьд бага хүүхдээ сүүлийн 1 жил гэртээ харж суусан, мөн барилгын ажил хийдэг бөгөөд хямралтай холбоотой сүүлийн 1 жил гэртээ суусныг минь харж үзэн бодитой шийдвэр гаргаж өгнө үү, мөн ямар нэгэн төлбөр төлөгдөхөөр дээр дурьдсан хэлбэрээр шийдвэр гаргахад уг төлбөрийг хүү тооцохгүйгээр нийт төлбөрийг ар гэрт минь хүндрэл багтайгаар сар бүрт ноогдуулан хуваах зарчмаар шийдвэрлэж өгч туслана уу хэмээн чин сэтгэлээсээ дахин гуйя. Анхнаасаа Мобиком компанийн хэрэглэгч байж дэмжиж ирсэн бөгөөд ийм хариуцлагагүй үйлдэлдээ харамсаж буйгаа илэрхийлье, одоо ч Мобикомын хэрэглэгч байгаа билээ гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК нь хариуцагч Б. Жаргалсайханд холбогдуулан даатгалын гэрээний үүрэгт 980.123 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Б.Жаргалсайхан нь 2011 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Мобиком Корпораци” ХХК-тай 99104423 дугаарын үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний 20172990 тоот гэрээ болон 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр гар утас/төхөөрөмж/ худалдах худалдан авах нэмэлт гэрээг байгуулж, Galaxy Note 2 гар утасыг 100.000 төгрөгийн барьцаа хураамжтайгаар 12 сарын хугацаатай сар бүр 63.800 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцон үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний дугаарын гэрээ болон гар утас худалдах худалдан авах нэмэлт гэрээнд гарын үсгээ зуран баталгаажуулсан байна.
“Мобиком корпораци” ХХК нь 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хууль болон даатгалын хууль, гэрээний дагуу Б.Жаргалсайханы 20172990 тоот гэрээний төлөгдөөгүй үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, алдангийн хамтаар шаардах эрхийг “Мандал Женерал Даатгал” ХХК-нд шилжүүлсэн байна./ХХ-ийн 4 дүгээр хуудас/
“Мандал Женерал Даатгал” ХХК нь хариуцагч Б.Жаргалсайханаас “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан гэрээний үүргүүдэд шаардах эрх шилжсэн тул төлөгдөөгүй өр төлбөр 645.415 төгрөг, алданги 322.707 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 12.000 төгрөгийн хамт нийт 980.123 төгрөг нэхэмжилдэг.
Хариуцагч Б.Жаргалсайхан нь шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул эзгүйд нь шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч байгууллага нь яриа болон утасны төлбөрт 645.4/63.800+171.297+63.800+446.600=745.497-100.000=645.415/ төгрөг, 50 хувийн алданги 322.707 төгрөг, нотариатын үйлчилгээний зардал 12.000 төгрөгийг нэхэмжилдэг боловч хариуцагч хариу тайлбартаа үндсэн төлбөрт 200.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангийг хасаж тооцуулахаар хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч татгалзлаа нотолсон нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байдаг.
“Мобиком корпораци” ХХК болон Б.Жаргалсайхан нарын хооронд Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах тухай гэрээг хийсэн талаар зохигчид маргахгүй байгаа бөгөөд энэ гэрээ ёсоор худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч үнийг төлж, эд хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээдэг байна. Гэрээ ёсоор “Мобиком корпораци” ХХК нь гар утас Б.Жаргалсайханд шилжүүлж, Б.Жаргалсайхан нь гар утсыг хүлээн авч, үнийг төлөх үүргийг хүлээсэн байна. Иймд Б.Жаргалсайхан болон “Мобиком корпораци” ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан болох, гэрээгээр хүлээсэн төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна. /ХХ-ийн 5-9 дүгээр хуудас/
Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 645.415 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн худалдах худалдан авах гэрээний үүргийг хангуулахаар алданги төлүүлэхээр заасан байх ба хариуцагч алдангийг үл хүлээн зөвшөөрсөн боловч татгалзлаа нотлоогүй тул энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчтлгээний гэрээний 5 дугаар зүйлийн 5.11-д хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр бичгээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцон 322.707/645.415/2=322.707/ төгрөг гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нотариатын үйлчилгээний зардалд 12.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг гаргуулах нь зүйтэй байна. Нотариатын үйлчилгээний зардал нь хавтаст хэргийн 12, 23 дугаар хуудсанд авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйийн 123.2-т зааснаар “Мобиком корпораци” ХХК нь шаардах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэн, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №12076 FD-PSD 12134 тоот “Даатгалын гэрээ”, “төлбөр тасалдлын даатгалын хэлцэл”, “төлбөр тасалдлын даатгалын хэлцлийн нэмэлт 12134-1 тоот” гэрээ, хэлцлүүдийг “Мандал Женерал Даатгал” ХХК-тай байгуулж, уг хэлцэл гэрээний дагуу даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирлыг даатгуулагчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар “Мандал Женерал Даатгал” ХХК болон “Мобиком” ХХК-иудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдож байна.
Даатгалын гэрээний үүрэгтэй холбогдуулан “Мандал Женерал Даатгал” ХХК-д даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж шаардах эрх шилжүүлэх гэрээг хийсэн нь хууль зөрчөөгүй байна. Шинэ үүрэг гүйцэтгүүлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар үндсэн үүрэг, түүнийг хангах арга шилжихийн сацуу түүнтэй холбоотой бусад үүрэг нэгэн зэрэг шилжиж болохоор заасан байх тул хариуцагчаас алдангийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч Б.Жаргалсайханаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.4-д зааснаар худалдах худалдан авах, 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар даатгалын гэрээний үндсэн үүрэгт 645.415 төгрөг, алданги 302.707 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 980.125 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.072 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Жаргалсайханаас 28.073 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 431 дүгээр зүйийн 431.1, 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар хариуцагч Б.Жаргалсайханаас худалдах, худалдан авах болон даатгалын гэрээний үүрэгт 980.125 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.072 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Жаргалсайханаас 28.073 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Мандал Женерал Даатгал” ХХК-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б. БАЯРМАА