| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2019/02806/И |
| Дугаар | 210/МА2025/00450 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00450
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04899 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
******* ХХК, ******* нарын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, ******* хаягтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэх үед нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дутуу гүйцэтгэлтэй барилга шилжүүлэх гэрээний үндсэн дээр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханзхутагт Дамдинбазарын гудамж 9 хаягт байрлах, 10 давхар үйлчилгээ, орон сууцтай барилгын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байх үед худалдаж авсан. Барилга 95 хувийн гүйцэтгэлтэй байх үед 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, Орон сууц санхүүжилтийн корпорацитай байгуулсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний үүрэгт барьцаалсан. Улсын бүртгэлийн Ү- дугаарт барилгын 5664 м.кв талбай бүхий хэсэг бүхэлдээ хамрагдаж байсан ба үүнд ******* 67.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууц багтаж байсан.
1.2.Дээрх байрны ******* 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхгүй ******* ХХК нь иргэн *******тай 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 05 дугаар Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ хуурамч гэрээг байгуулж, уг гэрээгээ үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч гэх ******* ХХК хүлээн зөвшөөрсөн байдлаар Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6286 дугаар захирамж гаргуулж, энэ захирамжийг үндэслэн орон сууцыг *******ын өмчлөлд шилжүүлж бүртгэсэн байдаг.
Орон сууцны өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр *******, *******, ******* нарыг бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.8-д улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1-т Улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан холбогдох материалыг буцааж өгнө, 14.1.1-д мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, 14.1.9-д ...урьд нь өөр этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрх улсын бүртгэл хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хөтлөх журмын 4.7-т ...дуусаагүй барилгын өмчлөх эрхийг анх удаа бүртгэж баталгаажуулахад нийт хэдэн м.кв талбайтай барилгын хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа болохыг өмчлөгчөөр тодорхойлуулж, бүртгүүлэх үеийн бодит гүйцэтгэлийг улсын бүртгэлд тусгах, 4.9-т ...дуусаагүй барилгаар бүртгүүлэх үл хөдлөх эд хөрөнгийг хоёр ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч захиалагч нарын хүсэлтээр салгаж бүртгэхдээ хөрөнгө оруулагч захиалагч нарын талаар урьдчилан ирүүлсэн жагсаалтын дагуу тулган хянах... гэж тус тус заасныг зөрчсөн.
1.3.******* нь хууль бус бүртгэл хийлгэх нөхцөлийг бүрдүүлсэн, баримт материалыг бүрдүүлж өгсөн, захиалгын гэрээг хуурамчаар хийсэн гэж үзээд хариуцагчаар тодорхойлсон. ******* ХХК нь маргаан бүхий ******* орон сууцны хууль ёсны өмчлөгч биш байсан, өмчлөгч байсныг нотолсон баримт хэрэгт байхгүй. ******* ХХК, ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний талаар ******* өөрөө мэддэггүй. Гарын үсэг мөн байна гэж шинжээч тогтоосон боловч мөнгө төлсөн, гэрээ байгуулснаа мэддэггүй, энэ харилцаанд оролцоогүй. , ******* ХХК нь ******* орон сууцны өмчлөх эрхийг олж авахын тулд *******ыг ашигласан үйл баримт байна.
1.4.Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон бодит байдлыг үндэслэн тухайн орон сууцыг худалдан авч, мөнгийг нь бүрэн төлсөн *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, тэдний өмчлөлд шилжсэн талаар маргахгүй. *******, ******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууныг зөрчсөн үндэслэлд хамаарах юм. Хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан. Үр дагаврыг арилгуулах шаардлага нь анхнаасаа өмчлөгч нь ******* ХХК байсныг тогтоолгож, үр дагавар арилгуулахдаа Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар эрхээ хамгаалуулах юм. Өмчлөх эрхтэй байсан болохыг тогтоолгосноор өмчлөх эрхийг зөрчиж хохирол учруулсан этгээдээс хохирлоо мөнгөн хэлбэрээр гаргуулах хууль зүйн боломж байгаа. Бид өмчөө буцаан шилжүүлж авахаас татгалзсан учраас өмчлөх эрхтэй байснаа тогтоолгосноор ирээдүйд хариуцагчаа хэн байхыг тодорхойлж, мөнгөн хэлбэрээр хохирол гаргуулах хууль зүйн үр дагавар үүсгүүлэх агуулгаар нэхэмжлэл гаргасан гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Хариуцагч нь ******* ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Гэрээний үүргээ бүрэн биелүүлж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. 2012 оны 12 дугаар сард ашиглалтад орж, хариуцагчид хүлээлгэж өгсөн боловч ******* ХХК нь орон сууцны гэрчилгээг *******ын нэр дээр гаргаж өгөхгүй байсан тул хариуцагч нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01215 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, захирамж өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.
2.2.******* ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэсэн, бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь тус тус хууль бус болохыг тогтоолгох, Голомт банктай байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхээс гомдлыг хэлэлцэхээс татгалзсан.
Иймд хариуцагч *******ын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр, өмчлөгчөөр тогтоосон иргэний шүүхийн шийдвэр, *******, *******, ******* нарыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн тайлбарын агуулга:
3.1.*******, ******* нар нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, ******* хаягтай орон сууцыг Голомт банкны зээлээр худалдан авч тус орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан тул уг орон сууцыг бодитоор худалдан авсан, шударга өмчлөгч нар мөн юм.
3.2.Мөн "*******" ХХК нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, ******* орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Голомт банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан боловч захиргааны хэргийн 3 шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд хариуцагч ******* болон ******* ХХК нарын байгуулсан Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ, уг гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр *******ыг тогтоосон шүүгчийн захирамж болон орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөгүй болохыг тогтоосон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 56 дугаар зүйлийн 56.4 дэх заалтыг баримтлан хариуцагч *******т холбогдох, ******* ХХК-ийн *******тай 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 05 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулах тухай хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, *******ын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэсэн бүртгэл хийгдэх үед ******* ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14, 15, 16 дахь хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
*******, ******* нар нь Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, ******* орон сууцыг Голомт банкны зээлээр худалдан авч тус орон сууцны өмчлөгчөөр ҮХЭХ-ийн Улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан тул уг орон сууцыг бодитоор худалдан авсан, шударга өмчлөгч нар мөн юм. Мөн "*******" ХХК нь орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоолгох, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Голомт банктай байгуулсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээний бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан боловч захиргааны хэргийн 3 шатны шүүхээс "*******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Өөрөөр хэлбэл "*******" ХХК нь "" ХХК-аас барилгыг 75 хувийн гүйцэтгэлтэй 5664 м.кв талбайг шилжүүлэн авах үед маргаан бүхий ******* орон сууц нь тус талбайд багтаж байсан талаарх жагсаалт байдаггүй, барилга байгууламжийг 100 хувь барьж дуусган улсын бүртгэлд анхны бүртгэл хийгдэх үед мөн "*******" ХХК-ийн өмчлөн авсан 5,664 м.кв талбайд маргаан бүхий ******* орон сууц орсон байгаа талаарх жагсаалтыг бүртгэлийн байгуулллагад гарган өгч байгаагүй гэдэг нь иргэний хэрэгт авагдсан баримтууд болон "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хэргийг шийдвэрлэх ажиллагааны үед ч нотлогдоогүй тул захиргааны хэргийн 3 шатны шүүхээс тус ******* 67.06 м.кв 2 өрөө орон сууцыг *******, *******, ******* нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэл үнэн зөв, "*******" ХХК-ийн өмчлөх эрхэд халдсан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн.
5.2.Гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14, 15, 16 дахь хэсгүүдэд ... орон сууц нь ******* ХХК-ийн Орон сууц санхүүжилтийн корпорацитай 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ байгуулж барьцаалсан хөрөнгийн жагсаалтад маргаан бүхий орон сууц нь "*******" ХХК гэсэн тэмдэглэгээтэй байсан ... ******* нь ******* ХХК-ийн 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байна, ... дээрх Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байна" гэж тус тус дүгнэсэн нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журмын 4.9-д зааснаар эрхийн улсын бүртгэлд дуусаагүй барилгаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2 ба түүнээс дээш этгээд хөрөнгө оруулан барьж дуусган ашиглалтад оруулсан бол хөрөнгө оруулагч захиалагч нарын хүсэлтээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгч нарын хамтын өмчлөлд, хэсгээр өмчлөгч нарын бүртгэлийн байгууллагад гарган өгсөн жагсаалтын дагуу тус тусын өмчлөлд бүртгэх зохицуулалттай үл нийцсэн дүгнэлт гэж үзэж байна.
Тодруулбал, "*******" ХХК-ийн Орон сууцны санхүүжилтийн корпорацид гарган өгч буй хөрөнгийн жагсаалтууд нь хэзээ, ямар зорилгоор үйлдсэн нь тодорхойгүй, Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хавсралт гэж хүлээн зөвшөөрч баталгаажуулсан гэрээ байгуулагч нөгөө тал /Орон сууцны санхүүжилтийн корпораци/-ын баталгаа байхгүйн дээр тус 10 давхар барилгад газраар хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагч талын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн жагсаалт байхад шүүгч тус жагсаалтыг буруу үнэлсэн, хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан гэж үзэх үднэслэлтэй. Ийнхүү дүгнэсэн нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны шударга өмчлөгчид болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нарыг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр буй хэлцлийн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд болгож, тэдний хууль ёсны өмчлөх эрхэд халдан хохироох эрсдэл үүсгэж байна.
Маргаан бүхий орон сууцыг *******, *******, ******* нарын өмчлөлд бүртгэсэн бүртгэл нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан захирамжийг үндэслэж бүртгэсэн хууль ёсны бүртгэл бөгөөд тэр бүртгэлийн дагуу олгогдсон Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хүчин төгөлдөр гэрчилгээгээр *******, ******* нарыг хууль ёсны өмчлөгч мөн болохыг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотолсон.
Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлийн байгууллага дээрх шүүгчийн захирамж, ******* ХХК, ******* нарын хооронд хийгдсэн орон сууц захиалгын гэрээ болон уг гэрээний төлбөр тооцоо бүрэн хийгдсэн талаарх ******* ХХК-ийн тодорхойлолтыг тус тус үндэслэж үл хөдлөх эд хөрөнгийг *******, *******, ******* нарын өмчлөлд бүртгэж гэрчилгээг олгож байгаа нь "*******" ХХК-ийн өмчлөх эрхэд халдсан гэж үзэх үндэслэлгүй. Энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгч зөвхөн "*******" ХХК-ийн хэзээ, хаана хандаж, ямар зорилгоор үйлдсэн нь тодорхойгүй жагсаалтаар маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн талын өмч мөн гэж дүгнэн, маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон өөр шүүгчийн шийдвэр буюу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/06286 дугаар шийдвэрийн үндэслэл болсон "*******" ХХК, ******* нарын хоорондох орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь 2 талын хүсэл зоригийг илэрхийлсэн орон сууц захиалгын гэрээний нөгөө тал болох "*******" ХХК-ийн эрх ашиг сонирхлыг шууд хөндсөн, түүнчлэн нэг тал болох *******ыг хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг хариуцах этгээд биш гэж ялгаж дүгнэсэн, шүүхийн энэ шийдвэрийн хүчин төгөлдөр байдал, уг шийдвэрийн дагуу хийгдсэн улсын бүртгэл, тус бүртгэлийн гэрчилгээг үндэслэн хийгдсэн ипотекийн зээлийн болон барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлыг шууд хөндөж болзошгүй ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн дүгнэлт байна.
Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч "*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2022/0592 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 211/МА2022/0726 дугаар магадлалаар гуравдагч этгээдийн өмчлөх эрх үндэслэлтэй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл дээрх 2 шийдвэр болон магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна гэж харж байна. Энэ нь тухайн шүүхийн шийдвэр захирамжийг тухайн шүүгч болон дээд шатны шүүх бүрэлдэхүүн л өөрчлөх, хүчингүй болгох тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн, илтэд хууль бус болсон, шүүхийн шийдвэрүүдэд халдсан байна.
5.3.Мөн нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж 56.1.8-д заасан хүчин төгөрдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь магадгүй дараа нь шүүхээр ингэж шийдвэрлүүлнэ шүү гэж заасан шийдвэр болсон байна.
Иймд шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 14, 15 болон 16 дах хэсгүүдэд хийсэн дүгнэлт нь шүүхийн шийдвэр ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул тус дүгнэлт хэсгүүдэд өөрчлөлт оруулж бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
6.1.******* ХХК-ийн өмчлөх эрхийг зөрчиж гэрээ байгуулсан этгээд нь ******* ХХК-ийн захирал , иргэн ******* нар ба гэрээг хууль ёсны болгож улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа хийсэн этгээд нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон холбогдох албан тушаалтан гэж үзсэнтэй холбоотойгоор *******, ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө эдгээр хүмүүсийн өмчлөлд байгаа талаар маргах шаардлага байхгүй. Гуравдагч этгээд *******, ******* нарт холбогдуулан ******* ХХК-ийн зүгээс ямар нэгэн нэхэмжлэл гаргахгүй болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон атал гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар гуравдагч этгээдүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол огт хөндөгдөж, зөрчигдөөгүй.
6.2.Мөн цаашид ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг хууль бус гэрээний үндсэн дээр бусдын өмчлөлд шилжүүлсэн, ******* ХХК-ийн өмчлөх эрхийг зөрчиж түүнээс зөвшөөрөл авахгүйгээр өөр хүнд шилжүүлэх хэлцэл хийсэн, хэлцлийг албан ёсны болгосон буруутай этгээдүүдээс хохирлоо мөнгөн хэлбэрээр шаардах хууль зүйн үндэслэл, боломж бүрдсэн.
Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс харахад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *******, ******* нарын эрх ашгийг биш харин ******* ХХК-ийн захирал ийн эрх ашгийг хамгаалж байна гэж ойлгогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ******* ХХК, ******* нарын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, ******* хаягтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэх үед нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан анх 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хамтран хариуцагчаар *******, ******* нарыг нэмж татаж, ******* ХХК, ******* нарын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, ******* 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгосон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох, орон сууцыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн ч 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хариуцагч *******, ******* нараас татгалзаж, нэхэмжлэлээ дээр дурдсан сүүлийн байдлаар тодорхойлжээ. (1хх 1-2, 2хх 239-240, 4хх 11-13 дахь тал)
*******, ******* нар нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, хариуцагчийн байр суурийг дэмжиж тайлбар гаргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...75 хувийн гүйцэтгэлтэй барилгын 5664 м.кв талбай ХХК-ийн өмчлөлд, 438.18 м.кв талбай ******* ХХК-ийн өмчлөлд тус тус бүртгэлтэй байсан. ******* ХХК нь уг 5664 м.кв талбайг ХХК-аас 2010 онд худалдан авсан бөгөөд маргаан бүхий ******* орон сууц үүнд багтсан. ******* ХХК нь ******* орон сууцыг өмчлөх эрхгүй атлаа 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******тай захиалгын гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус, ******* ХХК нь ******* ХХК-ийн өмчийг захиран зарцуулахдаа *******ыг ашигласан, ******* өмчлөгчөөр бүртгүүлэхдээ улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн баримт материалыг бүрдүүлж өгсөн учир түүнийг хариуцагчаар татсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар арилгуулах хүрээнд өмчлөх эрхтэй байснаа тогтоолгох гэж тодорхойлсон... гэж тайлбарласан.
Хариуцагч нь ...******* ХХК-тай 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөр тооцоог бүрэн хийсэн. ******* ХХК орон сууцыг шилжүүлж өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталсан, үүний дагуу улсын бүртгэл хийгдэж эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон, улсын бүртгэл хууль зөрчөөгүй болохыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоосон... гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, ******* нар нь ...*******аас маргаан бүхий орон сууцыг Голомт банкны зээлээр худалдан авч өмчлөгчөөр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр баталгаажсан, орон сууцыг бодитой худалдан авсан, шударга өмчлөгч... гэж тайлбарлажээ.
4.Нэхэмжлэгч ******* ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазарын гудамж 37 дугаар байр хаягт байрлах, орон сууцны зориулалттай, 75% гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын 5664 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгчөөр 2011 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бүртгэгдсэн, мөн 95% гүйцэтгэлээр 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээг шинэчилж олгожээ. (1хх 104, 126 дахь тал)
Түүнчлэн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол /16067/, Жалханз хутагт Дамдинбазар гудамж 37 дугаар байр, ******* хаягт байрлах, 67.06 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт *******, *******, ******* нар 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэгдсэн. Уг бүртгэл нь ******* ХХК, ******* нарын байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2015/06286 дугаар захирамж, хамтран өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэх тухай *******ын хүсэлт зэрэг баримтыг үндэслэжээ. (1хх 73-85 дахь тал)
Дээрх үйл баримт хэрэгт авагдсан улсын бүртгэлийн баримтуудаар тогтоогдсон ба зохигч талууд маргаагүй байна.
5.Анхан шатны шүүх маргаан бүхий орон сууцыг ...******* ХХК, ******* нар 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ байгуулах үед ******* ХХК-ийн 95 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөд хамаарч байсан. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл буюу захиран зарцуулах эрхгүй этгээдийн байгуулсан хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна... гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцээгүй тул уг дүгнэлтийг залруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.1.Нэхэмжлэлийн зүйл нь хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн өмчлөлд бүртгэгдсэн орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой боловч нэхэмжлэлийн шаардлага нь ХХК болон ******* ХХК-ийн байгуулсан 2008 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх гэрээнд үндэслэсэн, хариуцагч ******* уг гэрээний тал биш болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Тодруулбал, тус орон сууц ХХК-аас шилжүүлж авсан ******* ХХК-ийн өмчлөлийн хэсэгт, эсхүл ******* ХХК-ийн өмчлөлийн хэсэгт алинд нь багтаж байсан талаар гэрээний тал биш этгээд маргах боломжгүй.
5.2.Үүний зэрэгцээ орон сууцыг хариуцагч *******ын өмчлөлд 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээгээр шилжүүлсэн этгээд нь ******* ХХК бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар гэрээний талууд мэтгэлцэх учиртай.
5.3.Нэхэмжлэгч нь өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзсэн этгээдийг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэлдээ тусгах бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* ХХК-ийг оролцуулаагүй.
Нэхэмжлэгч ******* ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд ...******* нь энэ хэлцлийн үр дагаврыг мэдэж хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээд, энэ агуулгаар *******ыг дангаар нь хариуцагчаар татсан... гэж тайлбарласан. (4хх 55 дахь талын ард)
5.4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж тус тус заасан ба хариуцагч *******т холбогдуулан гаргасан энэ нэхэмжлэлийн хүрээнд маргаан бүхий орон сууцыг ******* ХХК захиран зарцуулах эрхтэй эсэх, ******* ХХК, ******* нарын байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалан бариулах гэрээ нь ******* ХХК-ийн зөвшөөрлөөр хийгдэх эсэх талаар дүгнэх боломжгүй. Энэ талаар гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй.
6.Түүнчлэн нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг тодорхойлсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6 дахь хэсэгт заасанд нийцээгүй.
Тодруулбал, маргаан бүхий орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээг үндэслэн өмчлөх эрхийн бүртгэл хийгдэх үед нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан болохыг тогтоолгох нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар бус, харин үр дагавар шаардах нөхцөл буюу нэхэмжлэлийн үндэслэл болох бөгөөд хуульд зааснаар шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэнэ.
Иймээс хариуцагчид холбогдуулан гаргасан ******* ХХК, ******* нарын 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 37 дугаар байр, ******* хаягтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******, *******, ******* нарыг бүртгэх үед нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.
7.Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шийдлийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04899 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА