Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2025/00447

 

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04571 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е.Нуршаш нар оролцов.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 2024 оны 03-08 дугаар саруудын төлбөр 4,200,000 төгрөг, өмнөх саруудын үлдэгдэл төлбөр 300,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь гэрээний үүрэг шаардсаныг хүлээн зөвшөөрсөн боловч сард 200,000 төгрөгөөр төлөх хүсэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г үндэслэж нэхэмжлэлээ гаргасан ба уг гэрээг түрээслүүлэгч *******, түрээслэгч ******* нар байгуулж, түрээслүүлэгч нь Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Төмөрчний гудамж ******* хаягт байрлах барилгын ******* өрөөг түрээслэгчийн эзэмшилд 2 жилийн хугацаагаар шилжүүлэх, түрээслэгч нь нэг сарын хөлс 700,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

Дээрх гэрээний зүйл нь ******* ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд гэрээг компанийн захирал Д.******* өөрийн нэрээр байгуулсныг хариуцагч маргаагүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн.

3.Нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хугацаанд эзэмшсэн, мөн хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хугацааны хөлс төлөөгүй болох нь талуудын тайлбар, төлбөр төлөхөө илэрхийлсэн хариуцагчийн баримтуудаар тогтоогджээ.

Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хөлс 4,500,000 төгрөг төлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Орон сууц хөлслөх гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний төрөл болохын хувьд уг харилцаанд эд хөрөнгө хөлслөх нийтлэг үндэслэлтэй холбоотой Иргэний хуулийн холбогдох зохицуулалт нэгэн адил хамаарах ч нэхэмжлэгчийн шаардах эрх Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдож буй нөхцөлд тус хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 дахь заалтуудыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй болжээ. Иймээс давж заалдах шатны шүүх зохигчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд хууль хэрэглээний алдааг залруулж зохих өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй.

4.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7510 дугаар зүйлийн 7510.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангасан бол хариуцагчийн санхүүгийн байдал, харгалзвал зохих бусад зайлшгүй шалтгаанаар, хариуцагчийн хүсэлтэд үндэслэн шийдвэрийг биелүүлэх нэмэлт хугацаа тогтоох, эсхүл хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр шүүхийн шийдвэрт зааж болно. Нэмэлт хугацаа шийдвэрийг гарсан өдрөөс хойш зургаан сараас илүүгүй байна гэж зохицуулсан.

Гэвч анхан шатны шүүх тус хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хянан шийдвэрлэж төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарийг 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 03 дугаар сар гэж тогтоохдоо шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг анхаараагүйгээс биелэгдэх боломжгүй болжээ. Түүнчлэн уг хугацааг хариуцагчийн хүсэлтэд үндэслэн тогтоохоор хуульд заасан тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сар бүр 750,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөх хуваарь тогтоохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2024/04571 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2 гэснийг 302 дугаар зүйлийн 302.1 гэж, 2 дахь заалтад ...2024 оны 12 дугаар сараас 2025 оны 03 дугаар сарын хооронд, сар бүрийн 18-ны өдрийн дотор 1.125.000 төгрөгөөр гэснийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 750,000 төгрөгөөр гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 86,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хяналтын журмаар гомдол гаргах эрх олгогдоогүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА