| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0270/Э |
| Дугаар | 278 |
| Огноо | 2019-07-17 |
| Зүйл хэсэг | 11.7.1.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 278
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгч Ц.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Ц.Нд холбогдох эрүүгийн 1918000000294 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т овогт Ц.Н /РД: /, Булган аймгийн Булган суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...........” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 6, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчим гэртээ согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Быг зодож, нуруунд нь 2 удаа хутгалан биед нь баруун, зүүн далны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ц.Нгийн өгсөн: Тэр өдөр хүүхдүүдээ талбай гаргаад гэртээ харьсан. Замдаа эхнэр бид хоёр 1 шил архи аваад гэртээ очиж уусан. Дахиад 1 шил авч хуваасан. Гэтэл ийм зүйл болсон байсан. Яг юу болсныг сайн санахгүй байна гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Бын өгсөн: Бид хоёр гэртээ 1 шил архи хувааж уусан. Дахиад 1 шил архи уусан. Бид хоёр ойр зуурын юмнаас болж маргасан. Н намайг нуруу руу цохих шиг болсон. Гэтэл гаднаас дүү орж ирээд түргэн дуудсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтын шатанд хэрэгт авагдсан:
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн:
Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний зовхинд 5х2 сантиметр хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай, зүүн далны хажуу хэсэгт ташуу 3 сантиметр мэс заслын 2 оёдол бүхий, баруун далны доод хэсэгт босоо 2сантиметр мэс заслын оёдол бүхий зах ирмэг тэгшхэн шархтай, уг шарх орчим бага зэрэг хавантай байна.
1. Б.Бын биед баруун, зүүн дал хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх шархнууд нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун нүдний зовхины цус хуралт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 501 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/,
Хэргийн газрын үзлэг хийсэн: ...хэрэг учрал болсон гэх газар нь төмөр хаалгатай, блокон хашаа байна. Хашаан дотор улаан дээвэртэй, цагаан өнгийн байшин байна. Байшингийн хаалгыг нээж үзэхэд үүдний хэсэгт 2 ширхэг архины шил бүхий хог байлаа. Байшин дотор орж үзлэгийг цагийн зүүний дагуу хийхэд ширээн дээр шар өнгийн бариултай хутга байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авлаа. Ширээний хажуу талд шалан дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл болсон байсныг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5/,
Эд зүйлд үзлэг хийсэн: ...шар алаг өнгийн 9.5 сантиметр урт бариултай, ажлын хэсэг нь 10 сантиметр урттай хутга байна... гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6/,
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 8/,
Шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд гэрч, хохирогчоор өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 10-15/,
Хохирогч Б.Бын 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ц.Н, хохирогч Б.Б нар нь 2006 онд гэр бүл болсон, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар /хх-ийн 68/ тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ц.Н нь эхнэр Б.Быг 2017 оны 10 дугаар сарын 14-нд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 3 дугаар сарын 11-нд зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны 375 дугаартай шийтгэх тогтоол, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 20-ны 247 дугаартай шийтгэх тогтоолуудаар нотлогдож байна.
Хэдийгээр шүүгдэгч Ц.Н нь өөрийн эхнэр Б.Быг 2017, 2018 онд зодсон үйлдлүүддээ тухай бүр нь ял шийтгүүлж байсан боловч 2019 оны 6 дугаар сарын 03-нд мөн зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба энэ нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй..” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ц.Н нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, “...........” ХХК-д туслах ажилтнаар ажилладаг гэх хувийн байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Ц.Н нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснээс 116 цагийн ялыг биечлэн эдэлж, 124 цагийн ялыг эдлээгүй болох нь Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр нотлогдож байх тул түүнд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр эдлээгүй үлдсэн 124 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан шар алаг өнгийн 9.5 сантиметр урт бариултай, ажлын хэсэг нь 10 сантиметр урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Ц.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ц.Нд энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 0 дугаар сарын 00-ны 000 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 124 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон 15 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Нд оногдуулсан 1 жил 15 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Нгийн цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар алаг өнгийн 9.5 сантиметр урт бариултай, ажлын хэсэг нь 10 сантиметр урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Нд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР