Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 0651

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 27 өдөр

       Дугаар 182/ШШ2016/00651

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                           Зохигчдын эвлэрлийг баталж,

                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр хороо, Хандгайт 22 дугаар гудамж 87б тоот, Хүсэл төвийн 2 давхарт байрлах, “Хас банк” ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 17 дугаар гудамж 258а тоот хаягт оршин суух, 35 настай, эмэгтэй, Жарь овгийн Галсанбаярын Амаржаргал /РД:ЙН82012904/,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, Яргайт 17 дугаар гудамж 258а тоот хаягт оршин суух, 36 настай, эрэгтэй, Равдан тойн овгийн Эрдэнэцогтын Чимэдроолом /РД:ЙК81062318/ нарт холбогдох

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 57 981 471 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулах тухай иргэний хэргийг хянаад

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Амаржаргал, Э.Чимэдроолом нар нь тус банктай 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр  1520006888 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг  жилийн 29.4 хувийн хүүтэй 48 сарын хугацаатайгаар зээлж авсан.

Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу төлөхгүй, байнга зөрчиж байсан. 2016 оны  06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээл 41 301 359 төгрөг, хүү 16 009 280 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 650 332 төгрөг, нотариатын зардал 20 500 нийт 57 981 471 төгрөг болж хуримтлагдсан болно.

Тус банкнаас зээлдэгч нарыг зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар удаа дараа шаардлага хүргүүлж, байсан боловч биелүүлээгүй тул зээлдүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацааны өмнө цуцалж байна.

 Иймд хариуцагч Г.Амаржаргал, Э.Чимэдроолом нартай байгуулсан 1520006888 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 57 981 471 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: “…Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү, хариуцагч Г.Амаржаргал, Э.Чимэдроолом нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох зохигчдын хооронд байгуулсан 1520006888 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 57 981 471 төгрөгөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, үлдэх 47 981 471 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрч байна” гэжээ.         

                                                                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Г.Амаржаргал, Э.Чимэдроолом нарт холбогдуулан зохигчдын хооронд байгуулсан 1520006888 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 57 981 471 төгрөгийг зээлийн барьцаа хөрөнгийн үнийн дүнгээс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү, хариуцагч Г.Амаржаргал, Э.Чимэдроолом нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох зохигчдын хооронд байгуулсан 1520006888 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 57 981 471 төгрөгөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, үлдэх 47 981 471 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн болох нь зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэх эрхтэй тул зохигчдын хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Болдоо нь шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээс татгалзах, хүлээн зөвшөөрөх, эвлэрэх эрхийг тус банкны Долоон буудал тооцооны төвийн захирал Б.Даваахүүд итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 25 тал/

 

Зохигчид эвлэрлийн гэрээг хуульд заасан журмаар бичгээр байгуулж, талууд гарын зурсан ба эвлэрэл нь хуульд харшлаагүй байх тул тэдний эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2 дах заалтыг удирдлага болгон                                                   

                                                                                                ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү, хариуцагч Г.Амаржаргал, Э.Чимэдроолом нар харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага болох зохигчдын хооронд байгуулсан 1520006888 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, 57 981 471 /тавин долоон сач есөн зуун жаран мянга есөн зуун далан нэг/ төгрөгөөс 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 10 000 000 төгрөг, үлдэх 47 981 471 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах, тохиролцсон хугацаанд зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447 857 төгрөгийн 50 хувь буюу 223 928 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, улсын төсвийн данснаас 223 928 төгрөгийг, хариуцагч Г.Амаржаргал, Э.Чимэдроолом нараас 223 928 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгосугай.

 

            3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

            4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                

                                        ШҮҮГЧ                                  Ж.ЦЭНГЭЛ