| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 103/2024/00745/И |
| Дугаар | 210/МА2025/00446 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/00446
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 103/ШШ2025/00051 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие 2012 онд *******ийн нярвын ажилд орсон. Тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсныг үндэслэлгүй, хууль зөрчиж гарсан гэж үзэж байна. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зөрчил гаргаагүй, тушаалын тушаах хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргаагүй, ажил таслаагүй, мөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4 дэх хэсэгт заасан журмыг баримтлаагүй.
1.2.Миний бие 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс АНУ-ын Вашингтон хотод Олон улсын боловсролын форумд оролцох Хан-уул дүүргийн Боловсролын хэлтсийн бүрэлдэхүүнд орсон ба энэ талаар ажлынхандаа хэлсэн. Дарга над руу утасдаад чамд 6 хоног дутуу үлдэх юм байна, чиний ажлыг бүтнээр хийснээр оруулъя, чиний ажлыг хийсэн хүнд 6 хоногийн цалинг өгч болох уу гэж асуусан, би татгалзаагүй. Гэтэл намайг чөлөө авах өргөдлөө өгөөгүй, ажлаа хаяад явсан гэсэн асуудал сонсогдсон, тэгээд би даргатай чатаар харьцахад чи тэгвэл цахимаар өргөдлөө явуул гэсэн, энэ чат надад байгаа. Би байгууллагын даргад хэлэхгүйгээр яваагүй, хэлээгүй явсан бол өнөөдөр шүүхэд хандаад зогсох тийм ёс зүй надад байхгүй.
Иймд үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.*******ийн эрхлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 дугаар тушаал гарах хууль зүйн үндэслэлийн талаар: Ц.******* нь ямар шалтгаан зорилгоор, хэд хоногийн хугацаатай, цалинтай, цалингүй чөлөө авах талаар бичгийн нотлох баримтаа хамт хавсаргаж хүсэлтээ бичгээр огт илэрхийлэлгүй 2024 оны 05 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд ажил тасалсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан. *******гийн 8 хоног ажил тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3.1 /Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.1-8.8.7/, 5 дугаар зүйлийн 5.8 /Байгууллагын дотоод журам, захиргааны шийдвэр, хамт олны эв нэгдэл, дотоод дэг журмыг сахих, ажлын байран дээр архи тамхи хэрэглэхгүй байх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх/, Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2 /Хүндэтгэх бус шалтгаанаар дараалан 3 хүртэлх хоног ажил тасалсан/, 13.4 /Багш ажилтан нь ажлын цагийг үр бүтээлтэй, бүрэн ашиглаж, үүрэгт ажилдаа хариуцлага санаачилгатай, чин сэтгэлээсээ хандаж ажиллана/ гэсэн хориглосон болон үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байсан. Иймд мөн хуулийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаар албан бичгээр дээрх зөрчлийнх нь талаар *******д мэдэгдэж хариу тайлбар авсан, *******ийн хариу тайлбар, цэцэрлэгийн эрхлэгчийн дэргэдэх зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр ажил тасалсан үйлдэл нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5-д тус тус заасан эрх зүйн үр дагавар үүссэн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан.
2.2.Хөөн хэлэлцэх хугацааны талаар: Тушаал 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гарсан нь дараах шалтгаантай байсан. ******* 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр буюу ажлын эхний өдөр болох Даваа гарагаас эхлэн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ээлжийн амралт эдэлсэн, амралтаа дуусгаад 2024 оны 07 дугаар сарын 02-15-ны өдрийг хүртэл эмчийн магадлагаа авсан. Үүнийг дуусгаад 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажил явдал гарсан шалтгаанаар, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүүхдийн төрсөн өдөр болсон шалтгаанаар тус тус чөлөө авсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд тус хуулийн 123.4 дэх хэсэгт заасан сахилгын арга хэмжээ авах 1 сарын хугацаа тасалдсан. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаар шинээр эхэлж тоолох бөгөөд хамгийн сүүлд хувийн чөлөө авсан 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс дахин шинээр тоолоход сахилгын арга хэмжээ авах хөөн хэлэлцэх хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөр дуусч байна. Иймд тушаал нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
2.3.Эрхлэгч ******* нь *******ийн эрхлэгчээр 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр томилогдон ажиллахад тус байгууллагад засаглалын хямрал буюу захирах, захирагдах ёсны зарчим алдагдсан, ажилчид бие биедээ, ажил олгогчоо үл хүндэтгэх, хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчих асуудал хэвийн үзэгдэл болсон байсан. Энэ тогтсон хэв маягийнхаа дагуу нярав ******* нь хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээнд заасан хэм хэмжээг зөрчиж байгаадаа огт санаа зовсон шинжгүйгээр ажлаа 8 хоног тасалсан. Миний бие уг үйл явдалтай нь өмнөх эрхлэгч нар шиг эвлэрсэн бол бусад ажилчид барьцах, өмнө тогтсон сөрөг хэв маяг, хандлага хүүхдийн боловсрол, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй юм. *******гийн дээрх хууль бус үйлдэлд тохирсон шийтгэлийг нь ногдуулснаас хойш ажилчид захирах, захирагдах ёсны зарчмыг биелүүлэх улмаар хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг мөрддөг болсон гэдгийг үүгээр хэлэх нь зүйтэй байх.
2.4.Арга зүйч, эмч нар нь нярав *******г АНУ руу явсан гэж хэлсэн, мөн ******* цахимаар өргөдлөө явуулсан гээд өргөдөл өгснийг 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээж аваад тэмдэг дарсан. АНУ руу явах талаар ******* эрхлэгчид огт хэлээгүй, эрхлэгчтэй ярьж тохирсон юм байхгүй, хамт олон дундаа л ярьсан байх, дүрэм, журмын дагуу чөлөөгөө хүсээд эрхлэгчийн шийдвэрийн дагуу явах байсан.
Цэцэрлэгийн эрхлэгч түр томилогдоход ажил хүлээлцэх комиссоос байгууллагын өмчийн тооллогыг яаралтай хийх тушаал гаргаж тооллого хийх үүрэг өгсний дагуу тооллого хийсэн. ******* ажлаа дутуу орхисноос болж байгууллагад их хэмжээний хохирол учирсан, 7,200,000 төгрөгийн хөрөнгийг хэн, хэдэн удаа, ямар машинаар зөөж устгаж акталсан тухай зураг, баримт байхгүй, жилийн эцсийн аудитын шалгалт орох гэж байхад ямар ч баримтгүй байгаа.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******гийн, Нийслэлийн *******т холбогдуулан гаргасан нярвын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрч *******аас мэдүүлэг авахдаа нэхэмжлэгч талд мэдэгдээгүй, нэхэмжлэгч талыг оролцуулаагүй. Мөн гэрч *******ээс нэхэмжлэгч асуулт асуухад хариултаа өөрөө хэлээд асуулт асуусан гэж таслан өөр асуулт асуухыг шаардсан. Үүний улмаас нэхэмжлэгчийн гол асуулт болох намайг явахыг бүгд мэдэж байсан эсэх, би хийсэн хүнд цалингаа өг гэж хэлж байсан уу гэсэн асуултын хариултыг сонсоогүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхийг хязгаарласан, нотлох баримттай нь холбогдуулан шүүхэд хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх тус хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хангаагүй, шүүх хөндлөнгийн байх байр сууриа алдсан гэж үзэж байна.
4.2.Анхан шатны шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй, хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэсэн. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...гэсэн мэдүүлгүүд, *******-ийн цагийн бүртгэл дээр 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй байгаа, цалингийн тооцооны хүснэгтээр 16 хоногийн цалин бодогдсон зэрэг үйл баримтуудаар тогтоогдож байна гэжээ.
а.Ажлын цаг бүртгэлийн тайланг буруу үнэлсэн. Уг баримт дээр ******* ажил тасалсан талаар ямар ч тэмдэглэл байхгүй атал шүүх түүнийг нь үндэслээд цалин олгоогүй тул ажил тасалсан гэж үзсэн нь тал бүрээс нь бодитой үнэлээгүй гэж үзнэ. Нөгөө талаар, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар цалин хөлс нь хийснээр болон цагаар олгогдох бөгөөд чөлөөтэй байсан хугацаанд ч цалин хөлс бодогдохгүй болохыг шүүхээс анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл, цалин хөлс бодогдоогүй нь ажил тасалсан гэж үзэх үндэслэл болохгүй. Цалингүй чөлөө олгосон тохиолдолд ч мөн адил цалин хөлс бодогдохгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно, 100.2 дахь хэсэгт Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж заасан. Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дотоод журам нь хуульд заасан үндэслэл, журмын шаардлага хангаагүй бөгөөд тушаал, тогтоол, шийдвэрээр батлагдаагүй дотоод журмыг нотариат баталсан нь хуульд нийцэхгүй. Нотариатын үйлдэл нь илэрхий хууль тогтоомжийг зөрчсөн байхад шүүхээс нэхэмжлэгчийг заавал тусгайлан нэхэмжлэл гаргах ёстой мэтээр хүчин төгөлдөр гэж үзсэн нь хуульд нийцэхгүй болно. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн дотоод журам нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, эрх зүйн онолын үүднээс эрх зүйн хэм хэмжээ мөн эсэхэд шүүхээс дүгнэлт өгөөгүй байна.
б.Гэрч *******, *******, ******* нарын мэдүүлгийг буруу үнэлсэн. Гэрч *******ын мэдүүлгийг шүүгч зөвхөн шийдвэрт ашигтай талыг үнэлсэн. Өөрөөр хэлбэл, шүүгч нь урьдчилж дүгнэлт хийгээд түүндээ ашигтай мэдүүлгийг үнэлж, тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт ...*******ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ******* нь чатаар над руу эрхлэгч рүү хэлчихсэн өргөдлөө явуулсан, та хэвлээд эрхлэгчид өгчихөөч гэсэн учир би хэвлэж өгсөн гэх мэдүүлгийг тусгажээ. Гэтэл ******* нь Хариуцагчийн өмгөөлөгч: Амаар хэлдэг юм уу, бичгээр хэлдэг юм уу, гэрч: Амаар болон бичгээр хэлдэг, шүүгч: ******* өөрөө тэгж хэлсэн юм уу, гэрч: Тийм. ******* эрхлэгчид 05 дугаар сарын 23-наас явна гэдгээ хэлж байсан. Эрхлэгч явахаас нь өмнө тооллогын комисс томилоод хагас жилийн тооллогоо хийгээрэй гэж байсан, шүүгч: Тухайн үед явна гэдгийг эрхлэгч чинь мэдэж байсан уу, гэрч: Мэдэж байсан гэж бодож байна, шүүгч: Тооллогын комисс нь *******г гадагшаа явах гэж байгаа учраас гарсан тушаал юм уу, ямар учиртай тушаал гарсан юм бэ, гэрч: Цэцэрлэг 06 дугаар сарын 01-ний өдөр амардаг, амрахаасаа өмнө хагас жилийн тооллого хийдэг учир ******* 05 дугаар сарын 23-нд АНУ явах учир явахаас нь өмнө тооллогоо хийж дуусга гэж байсан гэжээ. Гэрчийн мэдүүлгээр ажил олгогч нь гэрчийг гадагш сургалтад явахаас нь өмнө тооллого хийж дуусгахаар тушаал шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь нилээд хугацааны өмнө АНУ руу сургалтаар явах талаар ярьж, ажил олгогч нь түүнд зориулж, ажлын зохион байгуулалтыг хийсэн нь чөлөө олгосон гэж үзэхээр байна. Нөгөө талаар чөлөө олгохгүй талаар цэцэрлэгийн эрхлэгч нь огтоос ярьж байгаагүйг шүүгчийн асуултад хариулсан гэрчийн мэдүүлгээр нотлогддог.
Гэрч *******ийн мэдүүлгийг шүүх огт үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцээгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй. Гэтэл гэрч *******гийн мэдүүлгээр дараах үйл баримт нотлогдож байна. Нэхэмжлэгч: Би явахдаа ярьж байсан зүйлийг та санаж байна уу, гэрч: АНУ руу явна гэж хавраас хойш хэлж байсан, явахыг нь бүгд мэдэж байсан. Тэгээд арга зүйч бид 2 тооллого хийж байсан. Тухайн үед арга зүйч би ажлыг нь хийгээд 6 хоногийн цалинг нь авна гэж байсан, уг нь ******* ажлыг хийгээд цалинг нь авна гэж ярьсан юм байна лээ. ******* арга зүйчид би сургалтанд явчихлаа, та тоолоод ав гэж хэлсэн. Тэгээд арга зүйч ******* тоолж аваад 6 хоног ажлыг нь хийхээр болсон, хариуцагчийн өмгөөлөгч: Та тооллогын комисст байсан уу, гэрч: Байсан, хариуцагчийн өмгөөлөгч: Ямар журмаар тооллого хийдэг вэ, гэрч: Дарга тушаал гаргаад, тушаалын дагуу бид нар тоолдог. Тооллогыг жил бүрийн 6, 12 сард хийдэг, хариуцагчийн өмгөөлөгч: Тэр уламжлалын хүрээнд тоолсон юм уу, гэрч: *******г явна гэхээр нь жаахан эрт тоолсон гэжээ.
Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар үнэлгээ өгсөн байх шаардлагатай, үнэлгээ нь нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй. Нөгөө талаар, зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Гэрч *******ы мэдүүлгийг тал бүрээс нь бодитой үнэлээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс *******аас Цэцэрлэгийн эрхлэгчдийн зөвлөлийн эрх хэмжээний талаар асуулт асуусан, гэрч нь Цэцэрлэгийн эрхлэгчдийн зөвлөлд саяхан орсон, зөвлөлийн 2 хурал болсны нэгэнд нь суугаагүй талаар мэдүүлсэн.
в.Цэцэрлэгийн эрхлэгчдийн зөвлөл, түүний эрх хэмжээ, тэмдэглэл зэргийг бодитоор үнэлээгүй байна.
Хэргийн 25 дахь талд авагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1.12-т Орон тооны бус ёс зүйн зөвлөл, 2.1.2-т Цэцэрлэгийн эрхлэгчийн дэргэдэх зөвлөл гэж тусгагджээ. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмаар Цэцэрлэгийн эрхлэгчдийн зөвлөл бус харин багш, ажилтны ёс зүйн зөвлөл сахилга, хариуцлагатай холбоотой харилцаанд тусгайлан дүгнэлт гаргадаг байна. Иймд Цэцэрлэгийн эрхлэгчийн дэргэдэх зөвлөл нь эрх хэмжээгүй этгээд байна.
Цэцэрлэгийн эрхлэгчийн дэргэдэх зөвлөл байгуулсан бүрэлдэхүүн, тушаал, мөн хөдөлмөрийн дотоод журамд дээрх зөвлөл нь сахилгын зөрчлийн талаар хэлэлцэх эрх хэмжээ зэрэг нотлох баримт байхгүй атал шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс удаа дараа энэ талаар тодруулан асууж, мөн холбогдох эрх хэмжээ байхгүй талаар дурдсан боловч шүүхээс дүгнэлт хийгээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл байх зарчмыг хангаагүй гэж үзнэ.
г.Ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, ажилтны гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт хийгээгүй.
Нэхэмжлэгчид ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхтэй эсэхэд шүүхээс дүгнэлт хийх учиртай. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1 дэх хэсэгт заасан гол 4 нөхцлийн нэгийг тохиролцоогүй байна. Иймд ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах эрхгүй юм.
Нэхэмжлэгч ******* нь амаар чөлөө авч, улмаар 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч бичгээр явуул гэхэд нь *******руу бичгээр хүсэлтээ явуулжээ. Энэхүү хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхэд шүүхээс дүгнэлт өгсөн байх учиртай. Өөрөөр хэлбэл, гэрчүүдийн мэдүүлгээр эрхлэгч нь явахыг зөвшөөрч, тооллогыг явахаас нь өмнө эрт зохион байгуулжээ. Чөлөө олгохгүй гэж урьдчилж хэлж байсан эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагатай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.9-д ажилтныг хууль тогтоомжид заасны дагуу ажлын байрны чиг үүрэгт хамаарах чиглэлээр мэргэжлээ дээшлүүлэх, давтан сурах боломжоор хангах гэж заасан байх бөгөөд ажилтан сургалтаар АНУ руу явах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байсан байна.
4.3.Хөдөлмөрийн дотоод журам батлагдаагүй, баталсан аливаа тогтоол шийдвэр байхгүй, ийм шийдвэр байхгүй атал нотариат баталсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд дүгнэлт хийгээгүй.
Хөдөлмөрийн дотоод журам нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх зааврын 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасан "Нотариатч нь баримт бичгийн хуулбарыг дараахь тохиолдолд гэрчлэхгүй. Үүнд: 13.4.2 "тухайн баримт бичигт эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, эсхүл дутуу зурсан, түүнчлэн гэрчлүүлэх баримт бичгийн тамганы дардас нь гаргацгүй бүдэг бол" гэж заасныг зөрчсөн байхад нэхэмжлэгч нотариатын үйлдэлд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөрт тооцсон нь хуульд нийцэхгүй юм.
2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журмыг ямар нэг тогтоол, тушаал шийдвэрээр батлаагүй, дээрх журмыг хэрэглэж ирсэн гэж тайлбарладаг бөгөөд Хөдөлмөрийн дотоод журам нь батлагдаагүй бол эрх зүйн хэм хэмжээ болох эсэх, хууль тогтоомж буюу заавал дагаж мөрдөх шинжийг агуулах эсэхэд шүүх дүгнэлт өгөх учиртай. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн дотоод журам батлаагүй явдалд ажилтан буруугүй байх зарчимтай юм. Илт хууль бус актад тулгуурлан сахилгын шийтгэл ногдуулж буй явдалд шүүх үнэлэлт өгсөн байхыг шаардана.
4.4.Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухай.
а.Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журмыг баталсан аливаа тогтоол, шийдвэр байхгүй гэж мэдэгдсэн ба хэрэгт авагдсан дотоод журам нь яг батлагдсан, мөрдөгдөж байсан дотоод журам гэж үзэх үндэслэл болохгүй. Эрх зүйн хэм хэмжээ гэх ойлголтод хамаарахгүй болно. Нэгэнт батлагдаагүй Хөдөлмөрийн дотоод журамтай бол түүнийг дагаж мөрдөх, мөрдөөгүй тохиолдолд сахилга хариуцлага тооцох эрхгүй юм.
б.Сахилгын зөрчлийг тогтоох, шийтгэл ногдуулахтай холбоотой эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/545 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмыг багш, ажилтнуудын ёс зүйн, сахилгын зөрчлийг тогтоохтой холбогдуулан баримталдаг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт Хуулиар тусгайлан эрх олгосон зарим салбар, байгууллагын ажилтан, албан хаагчдын сахилгын тусгай дүрмийг эрх бүхий албан тушаалтан батлан мөрдүүлнэ гэж заасан. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтнууд тусгайлсан дүрмээр зохицуулагддаг. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын ёс зүйн зөвлөлийн ажиллах үлгэрчилсэн журмын 1 дүгээр зүйлд "Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллага, орон нутгиин боловсролын асуудал эрхэлсэн захиргааны байгууллагын багш, ажилтанд ёс зүйн дүрмийг мөрдүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай иргэн, хуулийн этгээдийн гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх, ёс зүйн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна", 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт Ёс зүйн зөвлөл нь ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээ, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 1-7 өдрийн дотор энэхүү журмын дагуу шалган шийдвэрлэнэ", 4.7 дахь хэсэгт "Шаардлагатай гэж үзвэл бусад байгууллага, этгээдээс баримт бичиг, тайлбар, бусад лавлагаа материалыг гаргуулж авах, шаардлагатай мэдээ, мэдээллийг цуглуулж болно. Энэ тохиолдолд ёс зүйн зөвлөлийн хүсэлтийн дагуу байгууллагын удирдах албан тушаалтан тухайн байгууллага, иргэнд албан бичиг хүргүүлж, ирүүлсэн мэдээ, мэдээлэл, лавлагаа, баримт бичгийг ёс зүйн зөвлөлд хүлээлгэн өгнө", 4.9 дэх хэсэгт "Ёс зүйн зөрчлийн тухай гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж, баримт нотолгоонд үндэслэн шалгах ба ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар зөвлөлийн хурлаар хэлэлцэж, олонхийн саналаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана. Зөвлөлийн хуралдаанд ёс зүйн зөрчилд холбогдсон багш, ажилтныг биечлэн оролцуулж, тайлбар сонсож, асуулт тавьж, хариулт авч болно" гэж заасныг тус тус зөрчсөн байна.
в.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт "Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасан. Ажилтныг 2024 оны 05 дугаар сарын 22-31-ний өдрийг хүртэл 8 өдөр ажил тасалсан гэж буруутгасан. Гэвч 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Тиймээс дээрх хуулийн хугацааг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр тоолно. Гэвч шүүх өвчтэй, чөлөөтэй байсан зэргээр хугацаа тасалдах ойлголт руу оруулж хэрэглэсэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1.Миний бие Нийслэлийн боловсролын газрын даргын тушаалаар 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 131 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Ажил хүлээлцэх хугацаанд Нийслэлийн боловсролын хэлтсээс тооллогын комиссыг хуралдуулах үүрэг даалгавар өгсөн.
5.2.Анхан шатны шүүхэд *******ыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг хангаж 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрчийг асуусан. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчид гэрч асуулгах товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж шүүхээс танилцуулсан. Энэ талаарх баримт тэмдэглэлд тусгагдсан. Шүүгчийн туслах товыг мэдэгдээгүй байсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдол гаргах эрх нь нээлттэй байсан.
5.3.Нэхэмжлэгч гэрчийн мэдүүлгийг өөрт ашигтай байдлаар тайлбарлаж мэтгэлцэж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгчийн эрхийн хязгаарласан зүйл байхгүй.
Манай цэцэрлэгт нярвын ажил үүргийг гүйцэтгэж байсан ******* нь үүрэгт ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 6 хоног тасалсан. Ямар нэгэн нотлох баримтыг урьдчилж өгөөгүй, ажил тасалсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгч өөрийгөө ажил таслаагүй гэж маргадаг боловч арга зүйч *******т нөхөж чөлөө олгох хүсэлтийг явуулсан нь чөлөө аваагүй болохыг нотолж байна. 3 буюу түүнээс дээш хоногийн чөлөө авах тухай хүсэлтийг бичгээр гаргана гэсэн Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.12.6-т заасныг нэхэмжлэгч мэдэж байсан. Ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт ажил олгогч ажилтны ажлын цагийн бүртгэлийг хөтлөх үүрэгтэй гэж заасан. Ажилтны цагийн бүртгэлийг хөтөлсөн ажил тасалсан баримт болон цалин олгоогүй санхүүгийн баримт, гэрч *******ы мэдүүлгээр тус тус тогтоогддог. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Гэрчийн мэдүүлгүүдийг хэрхэн, яаж үнэлэх нь шүүгчийн дотоод итгэл үнэмшлийн асуудал. Хэргийн оролцогч императив байдлаар хандах ёсгүй.
5.4.Нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журмыг хариуцагч байгууллагаас танилцуулаагүй гэж маргадаг. Одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн дотоод журам нь 2014 онд батлагдсан журамтай ижил утга агуулгатай. Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг одоо мөрдөгдөж байгаа хуулийн заалттай нийцүүлэн бичсэн. Хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар ажилчдад харагдах боломжтой буюу байгууллагын мэдээллийн самбарт байршуулсан. Ажилчид уншин судлаж тэтгэмж, чөлөө, урамшууллын асуудлын талаар ажил олгогчид өргөдөл бичиж хэвшсэн.
Нэхэмжлэгч тус цэцэрлэгт 2012 оноос хойш тасралтгүй 12 жил ажилласан атлаа хөдөлмөрийн дотоод журмыг огт харж байгаагүй гэж байгаа шударга ёсны зарчимд нийцэхгүй, мөн ёс зүйгүй болох нь харагдаж байна. 2014 болон 2022 онд нийт ажилчдын хурлаар батлагдсан хөдөлмөрийн дотоод журмын хүрээнд цэцэрлэгийн олон ажилчид шагнал, урамшуулал, тэтгэмж авч байсан, мөн ажилчид сахилгын шийтгэл хүлээж ажлаас халагдсан талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн. Нэхэмжлэгчийн хариуцлагагүй үйлдэлд ажил олгогч хариуцлага тооцохгүй байвал бусад ажилчдад муу үлгэр дуурайлал болж цэцэрлэгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан шууд бус ялгаварлан гадуурхалт болно гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.******* нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх гомдол гаргасныг Багануур дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр уг ажиллагааг дуусгавар болгосон байх ба тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4.******* нь 2012 оноос *******т нярваар ажилласан талаар зохигч талууд маргаагүй.
5.*******ийн эрхлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, 123.3, 123.6, хөдөлмөрийн гэрээний 6.3.1, 5.8, Хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2, 13.2, 13.4 дэх хэсэг, Эрхлэгчийн дэргэдэх зөвлөлийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн нярав *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Уг тушаалд ажилтан 2024 оны 05 дугаар сарын 22-31-ний өдрийн хооронд 8 хоногийн ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл заажээ. (хх 45 дахь тал)
6.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заасан.
6.1.Талуудын хооронд байгуулсан 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 6.3-д Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд дараах зөрчлийг тооцож ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалж ажлаас хална, 6.3.1-д байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.1-8.8.7 дэх хэсгүүдийг үндэслэл болгох гэж тусгагдсан, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 8.8-д Дараах зөрчлийг хөдөлмөрийн ноцтой зөрчил гэж үзэн захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас хална, 8.8.2-т Хүндэтгэх бус шалтгаанаар дараалан 3 хүртэлх хоног ажил тасалсан гэж тус тус заажээ. (хх 10-13, 25-34 дэх тал)
Хэрэгт Батлав. Багш ажиллагсдын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар гэсэн тэмдэглэгээ бүхий Хөдөлмөрийн дотоод журам авагдсан ба нэхэмжлэгч тал уг журмыг баталсан шийдвэрийг шүүхэд ирүүлээгүй үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж маргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан гэрч *******ы Багш, ажилчид дотоод журамд заасан бүх боломжоо эдэлдэг, би ч гэсэн нэмэгдэл хөлс, урамшуулал авч байсан, *******Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хүүхдийн төрсөн өдрийн чөлөө авч байсан гэсэн мэдүүлэг, мөн нэхэмжлэгч *******гийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөрийн дотоод журмын дагуу цалинтай чөлөө хүсэх тухай өргөдөл, *******гийн аав нас барсан үндэслэлээр Хөдөлмөрийн дотоод журмын 10.15.3-д зааснаар 50,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн эрхлэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/21 дугаар тушаал зэрэг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч байгууллагад уг Хөдөлмөрийн дотоод журам хүчинтэй мөрдөгддөг болохыг зөв тогтоосон. Тус журам нэгэнт бодитой хэрэгжсэн байх тул түүнийг баталсан холбогдох шийдвэр хэрэгт авагдаагүй нь маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй болно.
6.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт Хуулиар тусгайлан эрх олгосон зарим салбар, байгууллагын ажилтан, албан хаагчдын сахилгын тусгай дүрмийг эрх бүхий албан тушаалтан батлан мөрдүүлнэ гэж заасан ба Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/545 дугаар тушаалаар батлагдсан Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрэм тус салбарт мөрдөгддөг байна. Тус ёс зүйн дүрмээр сургалтын байгууллагын багш, ажилтны албан үүргээ гүйцэтгэхдээ мөрдөх мэргэжлийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, хүлээх хариуцлагыг тогтоосон бөгөөд үүнд цэцэрлэгийн ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслах зөрчил хамаарахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах бөгөөд маргаан бүхий харилцаа нь уг хуулийн үйлчлэлд хамаарна.
6.3.Дээр дурдсанаас дүгнэхэд, ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дараалан 3 хүртэл хоног ажил тасалсан тохиолдлыг ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болох ноцтой зөрчилд тооцохыг талууд хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцсон байна.
7.Нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 24, 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд (Хөдөлмөрийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 97 дугаар зүйлийн 97.1.4-т зааснаар 23, 25, 26-ны өдрүүд амралтын өдөр) нийт 6 ажлын өдөр ажил үүргээ гүйцэтгээгүй байх ба тэрээр ажил олгогчоос чөлөө авсан эсэх нь маргааны зүйл болжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно, 100.2 дахь хэсэгт Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна гэж заасан ба *******ийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.12-т Ажил олгогч ажилтнуудад дор дурдсан шалтгаануудаар тэтгэмжтэй болон тэтгэмжгүй чөлөө олгоно, 10.12.6-д Өөрийн хүсэлтийн дагуу 3-7 хоног, мөн хүнд гачигдлын улмаас чөлөө хүссэн нөхцөлд өргөдөл болон зохих бичиг баримтыг үндэслэн хүсэлтээр нь цалингүй чөлөө олгоно гэж зохицуулжээ.
7.1.Анхан шатны шүүх гэрч *******, ******* нарын мэдүүлэг, цагийн бүртгэл, цалингийн хүснэгт баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийг ажил олгогчоос хувийн чөлөө аваагүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг зөрчжээ.
а.Гэрч ******* нь шийдвэрт тусгагдсанаас гадна ... ******* эрхлэгчид 05.23-наас явна гэдгээ хэлж байсан эрхлэгч явахаас нь өмнө тооллогын комисс томилоод хагас жилийн тооллогоо хийгээрэй гэж байсан Цэцэрлэг 06 дугаар сарын 01-ний өдөр амардаг, амрахаасаа өмнө хагас жилийн тооллого хийдэг учир *******05.23-нд АНУ явах учир явахаас нь өмнө тооллогоо хийж дуусга гэж байсан гэж мэдүүлсэн байгааг шүүх анхаараагүй,
мөн гэрч ******* ...******* АНУ явна гэж хавраас хойш хэлж байсан, явахыг нь бүгд мэдэж байсан, тэгээд арга зүйч бид 2 тооллого хийж байсан. Тухайн үед арга зүйч би ажлыг нь хийгээд 6 хоногийн цалинг нь авна гэж байсан. Уг нь ******* 6 хоногийн ажлыг хийгээд би цалинг нь авна гэж ярьсан юм байна лээ. Тэгээд *******арга зүйчид би сургалтанд явчихлаа, та тоолоод ав гэж хэлсэн. Тэгээд арга зүйч ******* тоолж аваад 6 хоног ажлыг нь хийхээр болсон Дарга тушаал гаргаад, тушаалын дагуу бид нар тоолдог. Тооллогыг жил бүрийн 6, 12 сард хийдэг. *******г явна гэхээр нь жаахан эрт тоолсон гэж мэдүүлсэн байх ба уг мэдүүлгийг үнэлээгүй. (хх 69-70, 85-87 дахь тал)
Хариуцагч талаас дээрх гэрчүүдийн мэдүүлгийг баримтаар үгүйсгээгүй, эрхлэгч ******* шинээр томилогдсонтой холбоотойгоор ажил хүлээлцэх комиссоос даалгасны дагуу тооллого хийгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байхад шүүх харьцуулж үзээгүй байна.
Өөрөөр хэлбэл, тус цэцэрлэгчийн эрхлэгч нь эд хөрөнгийн тооллогыг тогтсон хугацаанаас өмнө зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь нярав *******гийн АНУ руу явах болсныг мэдсэн, уг нөхцөл байдалтай холбоотой болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогджээ.
б.Цагийн бүртгэлд нярав ******* 2024 оны 05 дугаар сарын 24, 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд ажилласан тухай тэмдэглэгээ хийгдээгүй ч мөн тасалсан баганад ямар нэгэн бүртгэл хийгдээгүй байгааг мөн үнэлээгүй нь буруу болжээ.
в.Түүнчлэн нэхэмжлэгч нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр арга зүйч *******аар дамжуулан чөлөө олгох, чөлөөний дараа ээлжийн амралт эдлэх агуулга бүхий өргөдлийг эрхлэгчид хүргүүлснийг хүлээн авсан.
г.Хөдөлмөрийн дотоод журмын 2.1.2-т заасан Цэцэрлэгчийн эрхлэгчийн дэргэдэх зөвлөл ямар чиг үүрэгтэй бүтэц болох нь тодорхой бус байх тул маргаан бүхий тушаалд уг зөвлөлийн хурлын шийдвэрийг дурдсан нь сахилгын зөрчлийн талаар нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй. (хх 41-44 дэх тал)
7.2.Дээрх нотлох баримтуудыг зохигч талуудын тайлбартай харьцуулж дүгнэхэд, нэхэмжлэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 24, 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд АНУ руу зорчих үндэслэлээр чөлөө авах өргөдлийг байгууллагад амаар гаргасан гэж үзэхээр байх ба түүнд чөлөө олгохыг *******ийн эрхлэгчээс зөвшөөрөөгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
7.3.Иймд нэхэмжлэгчийг 2024 оны 05 дугаар сарын 24, 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд ажил тасалж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэлгүй, *******ийн эрхлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/37 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцээгүй тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан нярвын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8.Мөн ажлаас үндэслэлгүй халагдсаны үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны олговорт Дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард буюу 2024 оны 02-04 дүгээр сард авсан цалингийн дунджаар тооцон 6,815,948 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож (/1,098,888+1,423,520+1,604,680/3=1,375,696, 1,375,696/22=62,532, 1,375,696*5сар=6,878,480-62,532=6,815,948), Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
9.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх хэсгийг хангаж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлыг хангахгүй орхино. Тодруулбал, анхан шатны шүүх 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрч *******аас мэдүүлэг авах талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчид мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлд тусгагдсан, гэрч *******гээс мэдүүлэг авахад нэхэмжлэгч тодорхой асуулт асууж, хариулт авсан, улмаар гэрчийн мэдүүлгийг өөрийн тайлбарын үндэслэл болгож мэтгэлцсэн байна. Мөн шүүхээс ажил олгогчийн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.6 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл ногдуулах хугацааг зөрчөөгүй болохыг зөв дүгнэснийг дурдав.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулсантай холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 103/ШШ2025/00051 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******г *******ийн нярвын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *******ээс 6,815,948 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч *******т даалгасугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зйүлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч *******ээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА
VIP Танхим>D>Online>D>>D>99@a>D>