Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 180

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт И овогт Г.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн .............. дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан Өргөө политехникийн сургуулийн оюутан, ам бүл 4, аав, ээж ах нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ........... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Г.Д,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Д нь 2019 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг 24-р байрны 46 тоотын гадна иргэн Ө.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ө.Л-гийн “...Миний биед үүссэн гэмтлүүдийг Д учруулсан. Тухайн үед би Д-тай маргалдаад байж байхад С гэх охин манай ахын гэрээс Ц эгчийг дуудсан гэсэн, тэгээд эгч шатаар өгсөөд гараад ирж байхад Д намайг зодож байсан гэж маргааш нь эгч надад хэлсэн. Би архи, пиво хэрэглэдэггүй болохоор амархан согтсон байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,

Гэрч Б.О-гийн “...гэрийнхээ үүдэнд Л-тэй уулзахад согтуу байсан. Тэгээд юм яриад зогсож байгаад Л надаас “надад сайн юм уу, муу юм уу” гэж асуухаар нь сайн биш гээд хэлчихсэн чинь орцонд байдаг галын булангийн шилийг гараараа цохиод хагалчихаар нь би айсандаа гэр рүүгээ ороод С, эгч О хоёрт болсон зүйлийн талаар яриад зогсож байхад манай гэрийн хаалгыг чанга чанга цохиод байхаар нь С гарсан. Тэгэхэд Л гартаа хутга барьчихсан байсан гэсэн. Тэгэхэд нь Д-г дуудаад гараад удаагүй би араас нь гарахад Л-гийн дээр Дашдаваа дараад суучихсан байсан. Л-гийн зүүн нүднээс цус гарчихсан, гарт нь хутга байхаар нь аваад гэрт оруулаад тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

Гэрч Б.С-ийн “...Одончимэг Л-тэй уулзахаар гараад явсан. Удалгүй О гэртээ нилээн сандарчихсан орж ирээд Л согтуу ирчихсэн намайг өөрт нь сайн юм уу гээд асуугаад байхаар нь сайн биш гээд хэлчихсэн чинь уурлаад орцонд байдаг галын булангийн шилийг хагалчихсан гэж хэлээд байж байтал гэрийн хаалгыг чанга чанга нүдээд байхаар нь би хаалгаа онгойлгоод амгалан тайван байдал алдагдууллаа доошоо бууж ах, эгчид чинь хэллээ гээд шатаар буух гэж байхад Л надад чамайг доошоо дахиад нэг шат буух юм бол би өөрийгөө хутгаллаа гээд хутга гаргаад ирчихсэн зүрхнийхээ урд талд барьчихсан байсан. ...Д-г дуудаж гаргаж ирэхэд Д, Л-д хандаж чи хар шөнөөр яагаад охидууд айлгаж сүрдүүлээд байгаа юм бэ гэж хэлээд Лхагвасүрэнгийн нүүр рүү цохиод газар унагаагаад дээрээс нь дарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Гэрч Б.О-гийн “...Бид хоёр айсандаа гэрээс Д дуудаж гаргаж ирсэн. Тэгээд Л Д  руу хутга бариад дайрах шиг болсон чинь Д Л-гийн нүүрэн тус газар цохиод газар унагаасан. Тэр үед Л газар унасан мөртлөө хутгаа гартаа барьсан хэвээрээ байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 292 дугаартай “...Ө.Л-н биед зүүн нүдний зовхинд шарх, доод уруулын дотор салстад язралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 17/,

 

Шүүгдэгч Г.Д-гийн “...өрөөний охидууд гадаа Л  ирчихсэн агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ хаалгыг онгойлготол Лхагвасүрэн согтуу ирчихсэн байсан. Би Л-д хандан чи олон охидууд байгаа болохоор дээрэлхээд байгаа юм уу гэсэн чинь чи бид хоёр найз биз дээ, чи яагаад байгаа юм бэ гэж хэлээд кармандаа гараа хийгээд өөдөөс над руу дөхөж ирээд хутга гаргаж ирсэн. Тэгэхээр нь айсандаа хавсарч унагаагаад нүүр рүү нь цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа /хэргийн 53, 54/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг харгалзан үзэж прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг багасгаж 450 нэгэжээр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ө.Л  нь хохирол төлбөр, эмчилгээний зардал нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И овогт Г.Д-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД