Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2025/00387

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/05849 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

600,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь 2004 оны 03 дугаар сараас Япон Улсад ажиллаж амьдрах байхдаа дүү *******тай хамтран ажиллахаар болсон.

2006 онд Прадо, Ипсум, Марк-2 маркийн 3 автомашиныг явуулж *******гаар заруулж, дүү *******д хадгалуулж байсан мөнгөтэй нийлүүлж нийт 66,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний хуримтлалтай болсон. Кафе, баар ажиллуулахаар *******гаар судалгаа хийлгэж, *******2 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат 17 дугаар байр, ******* хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 75,000,000 төгрөгөөр худалдан авсан. 66,000,000 төгрөг дээр засвар үйлчилгээ, тоног төхөөрөмж нэмэгдээд ойролцоогоор 75,000,000 төгрөгөөр кафе бий болсон. Тус байрыг засварлах, тоног төхөөрөмж худалдан авах болон үлдэгдэл төлбөрийг төлөхийн тулд банкнаас 30,000,000 төгрөгийн зээл авч, кафе ажиллуулсны орлого болон *******гийн явуулсан мөнгөөр төлж дуусгасан. ******* нь Япон Улсад визгүй амьдарч байсан учир ирэх боломжгүй, хамтран ажиллаж байгаа дүү *******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулсан. Бaаp ажиллуулахад тусгай зөвшөөрөл шаардлагатай тул ХХК-ийг *******гийн нэр дээр үүсгэн байгуулж, тухайн компани дээр тусгай зөвшөөрөл авсан. Үйл ажиллагаа явуулж байгаад 2012 оноос бусдад түрээслүүлсэн.

1.2.******* нь Япон Улсад ажиллаж хуримтлуулсан мөнгө, *******гийн Монгол Улсад ажиллуулсан кафе, баарны ашиг зэрэг хуримтлалаас газартай болж эргэлтэд оруулах зорилгоор 2007 онд Ганданд газар зарах онлайн зарыг *******д хэлж, хашаа байшинг 34,000,000 төгрөгөөр худалдан авахуулж, түүний нэр дээр ******* гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 6, хаягт байршилтай, 369 м.кв талбайтай газар өмчлөх эрхийг шилжүүлж авахуулсан.

******* нь *******гийн зөвлөсний дагуу өөрийн хуримтлуулсан мөнгөөр Гандангийн газар дээр зоорийн давхартай нийлээд 4 давхар байшин бариулахад 100 хувь хөрөнгө оруулан, 2009 оны намар барилгын ажил эхэлж, 2011 оны өвөл ашиглалтад оруулсан. Барилгын ажил үргэлжлэх хугацаанд цуглуулсан мөнгө хүрэлцэхгүй байсан тул банк, Эрэл банкнаас зээл авахуулан, сар бүр зээл, зээлийн хүүг бүрэн төлж ирсэн. Ингээд эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 6 дугаар гудамж, хаягт байршилтай, 790.4 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрчилгээг дүү *******гийн нэр дээр гаргуулсан. Энэ барилгаас 1 давхрын 3 тоот хаягтай, 2 өрөө, 28 м.кв талбайтай байрыг дүү *******д өгсөн. 2011 оны 07 дугаар сард банкны зээлийн үлдэгдлийг *******гийн Япон Улсаас явуулсан мөнгөөр төлж дуусгасан.

1.3.2011 оны 07 дугаар сард ******* албан ёсны визтэй болж, Япон Улсаас ирж, хүү Ш.д Р улсын дугаартай, Ниссан Икс-трэйл маркийн автомашиныг лизингээр худалдан авахын тулд дүү *******гийн нэр дээр гэрчилгээг гаргуулсан.

1.4.Мөн ******* нь түүний хүүхдүүд Ганданд амьдрахад хүндрэлтэй байсан учир 2014 онд 30 хувийн урьдчилгааг өөрөө төлж, Ш. болон Ш.*******г хамтран өмчлөгчөөр бүртгүүлж, ипотекийн зээлээр Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* байр, ******* тоот хаягтай орон сууц худалдан авсан.

1.5.2016 онд *******гаар зуслангийн газар үзүүлэн Майхан толгойн газрыг авахуулж, гэрчилгээг мөн *******гийн нэр дээр гаргуулсан.

1.6.Улмаар 2017 оны 08 дугаар сард *******тай уулзан эд хөрөнгүүдээ өөрийн нэр дээр шилжүүлж авах талаар хэлэхэд тэрээр хангалттай мөнгө төлсөн, шүүхдээд аваарай гээд уурлаж загнаад ярилцаж чадаагүй. 2007 оноос 2017 оны 07 дугаар сар хүртэл кафе, баар болон Гандангийн үл хөдлөх эд хөрөнгө болох нийтийн зориулалттай байрны үйл ажиллагааны ашиг, орлого, зарлагын талаар сар бүр ******* нь *******д тайлагнаж ирсэн.

1.7.*******, ******* нарын хооронд хамтран ажиллах гэрээ амаар байгуулагдаж, хамтын ажиллагааны үр дүнд дээрх хөрөнгүүд бий болсон ба гэрээг бичгээр байгуулаагүй учраас мөнгө оруулж байгаа тал 50 хувиар, ажил гүйцэтгэж байгаа тал 50 хувиар энэ ажилд хамтарч оролцсон гэж үзэж байна. Ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж хуульд заасан.

******* нь *******гаас каргогоор явуулсан мөнгө бүрийг зээлсэн гэж ярьдаг. Өөрөө хэдэн төгрөг зээлэх гэж байгаагаа мэдэхгүй, ирсэн мөнгө бүрийг зээлж байна гэж ойлгох боломжгүй. *******160,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авсан гэдэг талаар маргадаггүй. 261,000,000 төгрөг болгож өгсөн гэх баримт хэрэгт байхгүй.

1.8.Ниссан Икс-трейл маркийн суудлын автомашин болон Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууц нь нэхэмжлэгчийн хүү *******ы эзэмшил, ашиглалтад байгаа. ******* нь 2017 оноос хөрөнгүүдийг бусад этгээд рүү үнэ төлбөргүйгээр шилжүүлж эхэлсэн. 50,000,000 төгрөгийн эд хөрөнгийг ******* гэх хүний нэр рүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн ба хариуцагчийн дансны хуулгыг харахад ******* гэх хүнээс үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны орлого 150,000,000 төгрөг орж ирсэн байсан. Хамтран ажилласан этгээдүүдийн хооронд маргаан гармагц хариуцагч хөрөнгөө алдахгүйн тулд ийм арга хэрэглэсэн гэж харж байна. Үнэхээр зээл авсан байсан бол ингэх шаардлагагүй.

1.9.Нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүрэгт байршилтай кафе, баарын зориулалтаар ашиглаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг 300,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэгт Ганданд байршилтай үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нийт 460,000,000 төгрөгөөр, Сүхбаатар дүүрэгт байршилтай орон сууцыг 110,000,000 төгрөгөөр, Майхан толгойн зуслангийн газрыг 5,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байна.

Иймд хамтран ажилласан бизнесийн тал хувь буюу хөрөнгийн үнэлгээний 50 хувь болох 600,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Эгч ******* нь 2005 онд Япон Улсад очиж суурьшин ажил хийгээд санхүүгийн хуримтлалтай болсон байсан. Би 2002-2007 онд Оросын Холбооны Улс, Хятад Улс руу явж бэлэн хувцас оруулж ирж борлуулдаг байсан.

2006 оноос тэр үед өндөр ашигтай ажиллаж байсан караоке, баар, кафе нээхээр байр хайж, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат 17 дугаар байр, ******* хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, нэг давхрын 2 өрөө орон сууцыг 66,000,000 төгрөгөөр авахаар болж үл хөдлөх эд хөрөнгөө ******* банкинд барьцаалан 30,000,000 төгрөгийн зээл авч, үлдэх 36,455,850 төгрөгийг эгч *******гаас зээлсэн. Өөрт байсан 20,000,000 гаруй төгрөгөөр засвар, тохижуулалт хийж, тоног төхөөрөмж худалдан авч үйл ажиллагаа явуулсан. Үйлчилгээ явуулахад аж ахуйн нэгж байх шаардлага тавигдсан тул нэг гишүүнтэй ХХК-ийг байгуулан үйл ажиллагааг явуулсан. *******гийн тайлбарлаж байгаа зааварчилгаа өгч, судалгаа хийлгэж, хамтарч ажиллахаар тохиролцсон, компани байгуулсан гэх зүйлүүд ор үндэсгүй худал зүйл, тийм үйл явдал огт болоогүй, энэ бизнест *******гийн ямар ч санаа, оролцоо байхгүй. Би зөвхөн түүнээс мөнгө зээлсэн. 2008 оны дундуур ******* банкнаас авсан 30,000,000 төгрөгийн зээлээ төлөөд байраа банкны барьцаанаас гаргасан. Улмаар 2012 оны 10 дугаар сараас эхлэн кафегаа бусдад түрээслүүлж байгаад 2017 оны 06 дугаар сард бусдад худалдсан.

2.2.2008 оны зун Гандангийн газар зарах заруудыг судлаад 000030497 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаартай, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туулын 6 дугаар гудамж, хаягт байрлах, 369 м.кв талбайтай газар, хашаа байшинг иргэн *******аас 37,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би өөрөө 6,000,000 төгрөг гаргаад, 15,000,000 төгрөгийг банкны барьцаанд кафегаа тавьж зээлээд, үлдсэн 16,000,000 төгрөгийг *******гаас зээлж бүрдүүлсэн. *******надад газар авах зар олоод хэлж өгсөн зүйл байхгүй. Энэ нь цэвэр миний хөдөлмөрөөрөө босгосон өмч хөрөнгө. Энэ бизнесийг хийхэд *******гаас зээлсэн мөнгөө нугалж төлсөн гэж бодож байна.

2009 оны 09 дүгээр сард хашаанд байсан байшинг буулгаад нийтийн байрны барилгын ажил эхлүүлж, 2011 оны 01 дүгээр сард зоорийн давхартай 4 давхар 15 айлын өрөө бүхий нийтийн орон сууц барьж дуусгасан. Нийтийн орон сууцыг барихад барилгын материал, ажлын хөлс зэрэгт нийт 157,529,980 төгрөг зарцуулсан. Үүнээс 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Эрэл банкнаас барьж буй орон сууцаа барьцаалж 45,000,000 төгрөг, мөн 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр банкнаас 63,000,000 төгрөгийг тус тус зээлж бүрдүүлсэн. Үлдсэн 49,529,980 төгрөгийг *******гаас зээлсэн. Намайг ******* банкнаас 63,000,000 төгрөгийн зээл аваад удаагүй байхад 2011 оны 07 дугаар сард *******Японоос ирээд 60,000,000 төгрөгийг надад зээлдүүлж би тус зээлээ төлсөн.

2.3.Би *******гийн хүү *******д автомашин лизингээр авч өгөөгүй. Харин өөрөө ******* банкнаас 18,000,000 төгрөг зээлээд авч өгч байсан.

2.4.Майхан толгойтын зусланд би өөрөө хүнээс зуслангийн 0.07 га газар худалдаж авсан бөгөөд энэ газар нь Ш.*******д хамааралгүй.

2.5.2007 оноос ******* нь ******* болон түүний хүүхдүүдэд сургалтын төлбөр, автомашин, гадаадад байх хэрэгцээний мөнгийг өгч байсан бөгөөд нотлох баримттай төлсөн төлбөр нийт 40,388,975 төгрөг байна. *******гийн *******банкны тоот данснаас нийт 52,937,055 төгрөгийг шилжүүлж, зээлсэн мөнгөө төлсөн. Мөн *******гийн тэмдэглэл хөтөлдөг дэвтэр дээр ******* болон түүний хүүхдүүдэд өгч зарцуулсан мөнгө нийт 32,645,840 төгрөг болсон. ******* нь *******гийн хүү *******ыг орон сууцтай болгох гэж Голомт банкинд 34,000,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд 80,000,000 төгрөгийн зээл авч, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж, 11 дүгээр байр, хаягт байрлах, 60.5 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч өгч ипотекийн зээлд cap бүр 1,131,000 төгрөг төлж байсан, шүүхийн зарга үүссэнээс хойш төлөлтөө зогсоосон болно.

2.6.Би *******гаас мөнгө зээлж авснаа үнэнээр шүүхэд мэдүүлсэн бөгөөд энэ харилцааг зээлийн гэрээ гэж тодорхойлж байна. ******* нь *******гаас зээлсэн мөнгийг өөрт нь болон хүүхдүүдэд нь цувуулан өгч төлж дуусгасан учраас зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон.

Иймд *******гийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******гaac 353,937,873 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 246,062,127 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,157,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамж 1,927,639 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож тус тус шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй, нотлох баримтыг зөв үнэлж дүгнэж чадаагүй, зарим үйл баримт болон нотлох баримтыг хийсвэрээр дүгнэсэн байна.

а.Зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд шүүх нэн тэргүүний ээлжинд иргэний эрх зүйн ямар харилцаагаар зохицуулагдах ёстойг тодорхойлох үүрэгтэй байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлохоос гадна тухайн шаардлагын төрлийг тогтоодог. Өөрөөр хэлбэл, мөнгө гаргуулах шаардлага нь гэрээний үүргийн биелэлтийг, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг, эсхүл гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хүлээх хариуцлагыг тодорхойлсон шинжтэй байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд төлбөр гаргуулах тухай, мөн зээл авахуулсан, гэрчилгээ гаргуулсан, барилгад шаардлагатай бүхнийг хийлгүүлсэн гэх бичвэрээс харахад нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан мэт харагдана. Гэвч талуудын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй гэдэг.

б.Нэхэмжлэгч *******, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар талуудын хооронд үүссэн харилцааг хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлдог боловч *******гаас энэ хамтран ажиллах гэрээний харилцаанд яг хэдэн төгрөгөөр хувь нийлүүлж оролцсон, ямар үүрэг хүлээж оролцсон, ашиг, алдагдал гарвал хэрхэн хуваах, хуваарилах эсэх талаар *******тай яаж, хэрхэн тохиролцсон талаараа шүүхийн хэлэлцүүлэгт, шүүх хуралдаанд нотолж чадаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд ...бидний хамтын ажиллагааны үр дүнд дараах үл хөдлөх хөрөнгүүд бий болсон..., ...өөрт ногдох хувийг... гаргуулж авах хүсэлтэй..., ...хөрөнгө оруулалтаар дээрх эд хөрөнгүүд бий болсон... гэх зэргээс харахад зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж таамаглаж болох юм. Гэвч хэрэгт хамтран ажиллах тухай бичгээр байгуулагдсан гэрээ, хэлцэл болон амаар тохиролцсоныг нотолсон баримт огт байдаггүй.

Хамтран ажиллах гэрээгээр талууд хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, талуудын эрх, үүрэг, удирдлагын бүтэц, ашиг, алдагдлыг хуваарилах журам, гэрээнээс гарах журам, гэрээний хугацаа гэх ерөнхий нөхцөлүүдийг тохирсон байх ёстой байдаг. Түүнчлэн нарийвчилсан байдлаар гэрээг дуусгавар болгох үндэслэл, дундын эд хөрөнгийг хуваарилах журам, цэвэр ашиг, үр дүнгийн өөрийн өртөг, борлуулалтын үнэ, заавал төлөх татвар, бий болсон хөрөнгө, ашиг, алдагдлыг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах, гарсан алдагдлыг талууд хамтран хариуцах, талуудын хоорондын хариуцлагын хэмжээг тохиролцсон тохиролцоог хэлдэг. Гэтэл дурдсан хамтран ажиллах гэрээний нөхцөлүүдийг зохигчид тохиролцсон талаар нэг ч хуулийн шаардлага хангасан, хуульд заасан арга, хэлбэрээр олж авсан нотлох баримт энэ хэрэгт байхгүй байна.

в.Шүүх хариуцагч ******* нь нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн түүнийгээ эргүүлэн төлсөн гэж маргадаг боловч талуудын хооронд бичгээр болон амаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн баримт хэрэгт авагдаагүй, үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэтэл *******, ******* нарын хооронд бичгээр болон амаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх баримт хэрэгт авагдаагүй, тийм үйл баримт тогтоогддоггүй. Нөгөөтэйгүүр, *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг нь *******гаас шилжүүлсэн мөнгө, *******гийн тайлбар, зохигчдын төрсөн дүү гэрч *******, гэрч *******, *******нарын мэдүүлгээр тогтоогддог.

4.2.Шүүх нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнээс гарсан талаар дүгнэсэн. Энэ хэргийг сүүлийн 4 жил шүүхээр маргалдаж явахад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэзээ ч ийм байдлаар эрх зүйн харилцаагаа тодорхойлж, ийм үйл баримтыг шүүхэд мэдүүлж тайлбарлаж байгаагүй болно. Шүүгч ******* илтэд нэг талын эрх ашгийг хэт баримтлан гэрээнээс гарчээ гэсэн байдлаар нэхэмжлэгч талын хэлээгүй, яриагүй, бичээгүй зүйлийг дүгнэсэн.

4.3.Шүүхийн шийдвэрт *******гийн арилжааны банкуудаас авсан зээлийн гэрээнүүд болон холбогдох бүх баримтуудыг жагсааж, эдгээр баримтуудаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг өгсөн. Эдгээр баримтаар яагаад, ямар үндэслэлээр тогтоогдохгүй байгаа талаар үндэслэлээ өгөөгүй нь хуульд нийцсэнгүй. ******* нь энэ хэрэгт дурдагддаг өмч хөрөнгийг бий болгох гэж *******банкуудаас зээл авч бизнесийн үйл ажиллагаа явуулж байсан нь дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. ******* хамтран ажиллах гэрээ байгуулж бүх хөрөнгийг гаргасан бол ******* энэ олон арилжааны банкуудаас энэ их хэмжээний хөрөнгийг зээлдэж авсан үйл баримтад шүүх дүгнэлт өгч чадаагүй болно.

Шүүх Харин тэр хөрөнгөөр эд хөрөнгө худалдан авах, хүүхдийн сургалтын төлбөр, зардал, банкнаас авсан зээлийн хүү, төлбөр, зээлийн үүргийг төлж дуусгавар болгосон, бусдад шилжүүлэн өгсөн, захиран зарцуулсан нь зээлийн гэрээний харилцаа бус хамтран ажиллах гэрээний шинжийг илүүтэй агуулж байна гэж дүгнэсэн. Хэрэв ******* нь *******тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байсан бол *******гаас шилжиж орж ирсэн мөнгийг зөвхөн хамтран ажиллах гэрээний бүтээн байгуулалтын ажилд л зарцуулах ёстой байсан гэх үүрэг тодорно. Гэтэл ******* нь *******гаас авсан мөнгөөрөө эд хөрөнгө худалдан авах, хүүхдийн сургалтын төлбөр төлөх, бусдад өгөх зэргээр өөрийн үзэмжээр захиран зарцуулж байгаагаас харахад энэ бол зээлийн мөнгө бөгөөд зээлдэгч зээлсэн мөнгөө өөрөө дур мэдэн зарцуулж байгаа шинж ажиглагдаж байгаа гэдгийг давж заалдах шатны шүүхээс анхаарахыг хүсэж байна.

4.4.Нотлох баримт үнэлсэн тухайд: Шүүх эрх зүйн харилцааг үүсгэсэн, өөрчилсөн, дуусгавар болгосон бодит үйл баримтын талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан болон гэх зохигчийн цахим хаягаар хоорондоо харилцсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлийг үнэлсэн. Өмнө нь энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэж байх үед фэйсбүүк цахим сүлжээний u гэх хаягийг *******гийн цахим хаяг гэж дүгнэж байсан бол энэ удаа гэх цахим хаягийг *******гийн хаяг гэж тодорхойлон хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй харилцан бичвэрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. гэж заасныг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан u гэгч фэйсбүүк хаягийн бичвэр нь прокурорын байгууллагаас ирүүлсэн бичмэл нотлох баримт бөгөөд эрүүгийн хэрэг шалгах явцад нэхэмжлэгч *******гаас гаргаж өгсөн баримт ба шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад үл мэдэгдэх байдлаар гэсэн нэртэй болж өөрчлөгдсөн. Энэ u, гэх гадаад нэртэй цахим хаягууд нь *******гийн хаяг юм бол үүнийг яагаад хөдөлбөргүй байдлаар нотлох, тогтоох ажиллагааг нэхэмжлэгч хийгээгүй, хийлгээгүй вэ? ******* гэж нэртэй хүнийг u, гэж гүтгэж цахим бичвэр зохиож байгаад хэргийг шийдвэрлэсэн. Энэ цахим бичвэр бол цэвэр эвлүүлж хийсэн уран бүтээл юм. Үүнийг нэхэмжлэгч ******* өөрөө хийсэн, эсвэл бусдаар хийлгэсэн гэдэгт бид эргэлзэхгүй байгаа юм.

Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа хэмээх зөвлөмжид Прокурорын болон цагдаагийн байгууллагын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн зарим баримтыг дахин нотлох шаардлагагүй нотлох баримт гэж үзэж, шийдвэрийн үндэслэл болгодог алдаа шүүхийн практикт гардаг. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй болохыг анхаарах нь зүйтэй гэж, мөн Бичмэл нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн тохиолдолд тухайн баримт нотлох чадвараа алдах бөгөөд үр дагавар нь уг баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй болно. гэж тусгасан байна. Фэйсбүүк цахим сүлжээнд байгаа нотлох баримтыг баталгаажуулах, баримтжуулах, бэхжүүлэх ажиллагааг Монголын хууль хяналтын болоод шүүхийн байгууллагууд ,./ компанитай хамтран ажиллаж тогтоож байна. Гэтэл шүүгч ******* нь фэйсбүүк сүлжээнд байдаггүй гэх огт өөр нэр, хаягтай цахим хаягийг миний үйлчлүүлэгч *******гийнх мэтээр тогтоож, энэ нотлох баримтаа шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны хийгээд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байна.

4.5.Шүүх ...хэлцэл хийсэн, гэрээ байгуулсан, гэрээнээс гарсан, дуусгавар болгосон... талууд маргадаггүй гэсэн худал, бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Хамтран ажиллах гэрээ байгуулаагүй гэж бид маргадаг. Тийм ч учраас тийм гэрээ байгуулсан, хэн нэгэн нь гэрээнээс гарсан, гэрээ дуусгавар болсон гэх үйл баримтуудтай бүтэн 4 жил шүүх, цагдаагийн байгууллагаар маргаад явж байхад шүүх биднийг огт маргадаггүй мэтээр дүгнэснийг эрс эсэргүүцэж байна.

4.6.Нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээний хүрээнд яг хэдэн төгрөгийг оруулсан талаар тодорхойлж шүүхэд тодорхой тайлбар гаргаагүй. Нэхэмжлэгч *******гийн хөрөнгө оруулалтын үнийн дүнг шүүх тогтоогоогүй.

Энэ хэргийг өмнө нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2023/01984 дугаартай магадлалаар ...Нэхэмжлэгч нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлж буй нөхцөлд гэрээний хураамжийг тал тус бүрээс хэрхэн төлсөн, хамтын үйл ажиллагаа хэрхэн явагдсан, ашиг, алдагдлыг хэрхэн тооцсон, ашиг хуваарилсан зэрэг нөхцөл байдлын талаар тодруулах байжээ. гэж дүгнэсэн. Гэтэл магадлалын энэ заалт огт хэрэгжээгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1.Хариуцагч ******* өөрийн ******* банкны 5011111820 тоот данснаас *******гийн даалгаснаар түүний хүүхдүүдэд өгсөн 254,351,624 төгрөгийн талаарх нотлох баримтад шүүх хуульд заасан журмын дагуу үндэслэн дүгнэлт хийсэнгүй. *******гийн хувьд зээлж авсан мөнгөө буцааж төлсөн хэлбэр бөгөөд *******гийн хүссэн ёсоор хүүхдүүдийнх нь хэрэгцээнд зориулан өгч байсан талаар тайлбарлаж, төлбөрийн баримт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. *******гийн энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно. гэж заасантай нийцнэ. ******* нь *******гийн гаргаж өгсөн баримтуудыг няцаадаггүй, дээрх хэмжээний мөнгийг аваагүй гэж маргадаггүй тул түүний төлсөн төлбөр гэрээний үүрэгт тооцогдох учиртай. Гэтэл *******д төлөх төлбөрөөс 254,351,624 төгрөгийг хасаж тооцолгүйгээр шүүхээс орхигдуулж шийдвэрлэсэн.

5.2.Түүнчлэн шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы шүүх хуралдаанд өгсөн тайлбараас үзэхэд зохигчийн хамтран ажиллах гэрээний харилцаа, хамтын ажиллагааны үр дүн ашиг орлогоор... нийт 879,377,498 төгрөгийн дундаа өмчлөх эд хөрөнгө бий болжээ. гэж шүүх дүгнэсэн. Хариуцагчийн гаргаж өгсөн 254,351,624 төгрөгийн нотлох баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй үлдсэн байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа нь *******гийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэхдээ талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд *******гаас 254,351,624 төгрөгийг *******д буцааж төлсөн болохыг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:

6.1.Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь төрсөн эгч, дүү нар юм. Нэхэмжлэгч нь олон жил харь газарт хөдөлмөр эрхэлж, Монгол Улсад байсан дүүтэйгээ хамтран ажиллаж байна гэж ойлгосон боловч нэг ч төгрөг өгөхгүй, шүүхэд хандаж аваарай гэж хэлсэн. Хэргийн 114 дэх талд авагдсан баримтаас үзэхэд залилах гэмт хэрэг биш, хамтран ажиллах гэрээний харилцаа гэж прокурор дүгнэсэн. ******* өмгөөлөгч хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй гэж маргасан атлаа прокурорын тогтоолд гомдол гаргаагүй.

Нэхэмжлэгч тал хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэнд маргаагүй. Хариуцагч тал зээлийн харилцаа гэж тайлбарладаг. Хариуцагчийн Хархорин захад эрхэлж байсан үүргийн худалдаа зогссон. Хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүдийг гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан. Хэргийн 165 дахь талд авагдсан баримтад ******* нь *******гаас мөнгө авсан асуудалд маргадаггүй. Мөн 128 дахь талд авагдсан *******гаас *******д илгээсэн мөнгөний тайлангаас үзэхэд 230,000,000 төгрөг өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь хариуцагчийн төрсөн эгч нь учраас үл хөдлөх эд хөрөнгийг авахгүй, өөрт ногдох хэсгийг мөнгөөр нь гаргуулъя гэсэн.

Бодит байдалд *******, ******* нарын хооронд бичгээр хамтран ажиллах гэрээ, зээлийн гэрээ байхгүй ч 2004 оноос эхлэн 2017 он хүртэл үүссэн харилцааны явцад бичгээр харилцаж байсан үйл баримт тогтоогдсон, талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Хариуцагч нь *******гаас авсан мөнгөний жагсаалтууд гаргаж өгсөн байдаг бөгөөд үл хөдлөх эд хөрөнгөтэй болтлоо *******гаас шилжүүлсэн мөнгийг зээлдүүлсэн гэж ойлгосон гэж тайлбарладаг. *******Япон Улсаас мөнгө шилжүүлснээр тухайн зээлийг хаасан. Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад төлбөрийг нэхэмжлэгч төлдөг байсан нь баримтаар тогтоогдсон. Тухайлбал, Баянгол дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг авахдаа ХХК-ийг *******гийн нэр дээр байгуулж 96,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн 96,000,000 төгрөгөөс 60,000,000 төгрөгөөр банкны зээлийг хаагаад үлдэгдлийг барилгын ажилд зарцуулсан. Хариуцагч нь *******гийн хүүхдийн сургалтын төлбөрийг төлсөн, хувийн хэрэгцээнд мөнгө өгсөн гэдэг боловч үүнийг зээлийн эргэн төлөлт гэж тайлбарладаг. Гэтэл шилжүүлгээс харахад ямар нэгэн зээлийн төлбөр шилжүүлсэн утга агуулга харагддаггүй, энэ үйл баримт нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Дээрх нөхцөл байдал тогтоохгүй байгаа учраас анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг нэхэмжлэлийн үндэслэл болсон хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Хувь хэмжээний талаар талууд тохиролцоогүй гэж маргасан боловч хуульд зааснаар хэрэв тохиролцоогүй бол 50 хувийг хариуцна. Бичгээр байгуулаагүй хэлцэл, харилцааг хариуцагчийн зүгээс бичгээр байгуулсан гэрээний шаардлагуудыг нэхэж маргасан нь үндэслэлгүй.

6.2.Түүнчлэн u, гэх фэйсбүүк хаягуудыг хариуцагчийн хаяг биш гэж тайлбарладаг. Фэйсбүүкийн компани руу нэхэмжлэгч талаас устгасан файлыг сэргээх талаар хүсэлт явуулсан, шүүх энэ баримтад үзлэг хийсэн. Сая гаргасан тайлбартаа нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэж дурдсан, энэ талаар холбогдох байгууллагаар шалгуулж болох байсан.  гэсэн фэйсбүүкээр *******, ******* нарын хоорондоо харилцсан зурвас, дансны дугаараа өгсөн зэрэг нөхцөл байдлыг нотлохын тулд үзлэг хийсэн.

Цагдаагийн байгууллагаас шалгаж бэхжүүлсэн нотлох баримтуудыг хүсэлтээр гаргуулсан. Нэхэмжлэгч мөн энэ талаарх баримтыг гаргаж өгсөн. Гурван удаагийн үзлэг хийлгэснээс эхнийх нь Шар шувуу нэртэй, дараагийн 2 үзлэгт u, гэсэн гадаад нэртэй болж өөрчлөгдсөн. Хариуцагч цахим хаягаа устгасантай холбоотой цахим хаяг нь өөрчлөгдсөн. Мөрдөн шалгах явцад тогтоогдсон харилцаа өөрчлөгдөөгүй буюу үзлэг хийсэн баримт болон цагдаагийн байгууллагаар шалгуулсан баримт нь адилхан агуулгатай байдаг. ******* тухайн газрыг очоод үзээд өгөөч, зээлээ төлсөн үү, түрээсийн орлого хэд байна, хэдийг юунд зарцуулсан бэ гэх зурвас илгээхэд *******засварын ажилд зарцуулсан, 200,000 төгрөг үлдсэн гэх хариу бичсэн. Шүүхээс фейсбүүкээр харилцсан харилцаанд үзлэг хийлгэсэн баримтыг өөрийн итгэл үнэмшлээр үнэлснийг буруутгах боломжгүй, хариуцагч тал үгүйсгэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******д холбогдуулан хамтран ажиллах гэрээ дуусгавар болсны үр дагаварт 600,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...талууд амаар харилцан тохиролцсоны дагуу 2007-2017 онуудад нэхэмжлэгч нь Япон Улсаас хөрөнгө оруулалт хийж, хариуцагч нь Монгол Улсад үйл ажиллагааг хариуцаж, үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан авч, кафе, баар болгон засаж тохижуулах, ашиглах, түрээслүүлэх, мөн нийтийн зориулалттай байр барьж хөлслүүлэх үйл ажиллагааг хамтран явуулсан, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгүүд хариуцагчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, мөн зарим хөрөнгийг хариуцагч захиран зарцуулсан учир хөрөнгүүдийн үнийн 50 хувийг хариуцагчаас гаргуулна гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгчтэй хамтран ажиллахаар тохиролцоогүй, нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг хариуцагч өөрийн үйл ажиллагаа, хөдөлмөрөөр бий болгосон учир түүний өмч, нэхэмжлэгчээс тодорхой мөнгөн хөрөнгийг зээлж аваад буцааж төлсөн... гэж тус тус тайлбарлажээ.

 

4.Талуудын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, мөн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан.

Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлоход хэрэгт авагдсан баримтад үндэслэж үйл баримтыг тогтоох шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх зохигчийн гаргасан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэмж дүгнэх байдлаар залруулах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

 

4.1.Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат 17 дугаар байр, ******* хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч ******* нь 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдөр бэлэглэх гэрээгээр *******аас шилжүүлэн авч өмчлөгчөөр бүртгэгджээ.

Маргаан шийдвэрлэгдэх үеийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгө *******ын өмчлөлд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр бүртгэлтэй байна. (1хх 16, 204, 5хх 127 дахь тал)

Уг үл хөдлөх эд хөрөнгийг 66,000,000 төгрөгөөр худалдан авч, кафе, баарны зориулалтаар засаж тохижуулж үйл ажиллагаа явуулсан гэж талууд тайлбарласан.

а.Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 2007 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Анод банкнаас 21,543,000 төгрөг, мөн 14-ний өдөр Монгол шуудан банкнаас 14,912,858 төгрөг, нийт 36,455,850 төгрөгийг дүү *******гаар авахуулж хариуцагчид шилжүүлсэн талаар зохигч маргаагүй.

Мөн нэхэмжлэгч нь 2006 онд Япон Улсаас Прадо, Ипсум, Марк-2 маркийн 3 автомашин явуулж хариуцагчаар заруулж бэлэн мөнгөний хуримтлал бий болгосон гэж тайлбарласан ба уг тайлбар гэрч *******гийн ...2005-2006 оны хооронд байхаа ******* эгч Япон Улсаас 2 билүү 3 машиныг ******* эгчээр дамжуулан заруулахаар явуулсан. Тухайн үед ******* эгч наймаагаа түр зогсоогоод Шар хаданд зарахаар зогсож байсанг санаж байна..., гэрч *******ийн ...3 билүү 4 машиныг ******* эгч *******эгчид явуулж байсан бөгөөд түүнийг зарахаар манай хадам аав ******* эгчтэй Шар хадны зах дээр зогсдог байсан..., гэрч *******ын ...******* нь манай аав ******* бид хоёртой утсаар ярьж *******д Японоос 4 суудлын автомашин явуулсан, ******* эгчдээ ... тус болоод өгөөрэй гэж хэлсэн ... аав бид хоёр Улаанбаатар хот орж машинуудыг Да хүрээ зах дээр байрлуулаад аав хотод үлдэж би Дархандаа буцаад ирсэн..., гэрч *******ийн ...Манай нөхөр **************гийн явуулсан машинуудыг *******тай хамт Улаанбаатар хотын техникийн зах дээр зарж борлуулж байсан... гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдсон боловч автомашинуудыг хэдэн төгрөгөөр зарж борлуулсан талаар мэдүүлээгүй байна. (2хх 151, 228, 230, 231 дэх тал)

б.Хариуцагч нь ******* банк ХХК-тай 2007 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг үйлчилгээ явуулах үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлэхээр тохиролцжээ. Тус зээлийн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгийн үнийн үлдэгдлийг төлсөн гэж хариуцагч тайлбарласныг нэхэмжлэгч маргаагүй. (1хх 205-207 дахь тал)

Харин хариуцагч өөрт байсан 20,000,000 төгрөгөөр засвар хийсэн гэж тайлбарласан нь хэргийн баримтаар нотлогдоогүй байна.

 

4.2.Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 6, хаягт байршилтай, 369 м.кв талбайтай газар өмчлөх эрх, 58 м.кв талбайтай хувийн сууцыг хариуцагч ******* нь 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 34,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий худалдах, худалдан авах гэрээгээр *******аас шилжүүлэн авч өмчлөгчөөр бүртгэгдсэн.

Улмаар уг газар дээрх сууцыг буулгаж, 790.4 м.кв талбайтай, зоорийн давхартай нийт 4 давхар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьж, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011477 дугаарт өмчлөгчөөр хариуцагч ******* 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгджээ.

Маргаан шийдвэрлэгдэх үеийн байдлаар газар, үл хөдлөх эд хөрөнгө *******гийн өмчлөлд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэлтэй байна. (1хх 8-15, 17, 18, 3хх 77, 78 дахь тал)

 

а.Нэхэмжлэгч нь Япон Улсад ажиллаж хуримтлуулсан мөнгө, *******гийн Монгол Улсад ажиллуулсан кафе, баарны ашиг зэрэг хуримтлалаас газар, хувийн сууцны үнийг төлж, 2009 оны 09 дүгээр сараас 2011 оны 01 дүгээр хүртэл хугацаанд түүний 100 хувийн хөрөнгө оруулалтаар барилга барьж ашиглалтад оруулсан, барилгын ажилд ******* банк, ******* банкнаас авахуулсан зээл, зээлийн хүүг сар бүр бүрэн төлж ирсэн, 2011 оны 07 дугаар сард зээлийн үлдэгдлийг Япон Улсаас мөнгө явуулж төлж дуусгасан гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан Окамото Ясуноригийн Гэрчлэн мэдүүлэх нь баримтад 2010.05.24 - 990,000 иен, 2010.06.16 - 700,000 иен, 2010.08.24 - 130,000 иен, 2010.11.16 - 1,380,000 иенийг шилжүүлсэн, эдгээр мөнгө *******гийн хөдөлмөрлөсөн мөнгө, *******гийн Гэрчлэн мэдүүлэх нь баримтад Би *******тай 2011 онд гэрлэсэн ... 2011 оны 1 сараас 5 сар хүртэл 5 удаагийн нийлээд 810,000 иен, 2011 оны 7-р сард 6,500,000 иенийг дүү *******гийн дансанд шилжүүлсэн, 2014 оны 1-р сард Монголд байр авмаар байна гэж хэлэхэд 300,000 иен өгсөн гэж тус тус бичигджээ. (3хх 182, 187 дахь тал)

Хариуцагчийн ******* банкин дахь *******тоот иенийн дансны хуулгаас үзэхэд, 2010.05.24-ний өдөр 1,000,000 иен, 2010.06.16-ны өдөр 700,000 иен, 2010.08.24-ний өдөр 130,000 иен, 2010.11.16-ны өдөр 1,380,000 иен, 2011.07.05-ны өдөр 6,500,000 иен, нийт 9,710,000 иенийн орлого хийгдсэн байх бөгөөд тухай бүр бэлнээр зарцуулагдсан. (2хх 110 дахь тал)

 

б.Хариуцагч нь анх худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 37,000,000 төгрөгийг өөрөө 6,000,000 төгрөг гаргаж, 15,000,000 төгрөгийг банкны зээлээр, үлдэх 16,000,000 төгрөгийг *******гаас зээлж төлсөн, барилга барихад материал, ажлын хөлсөнд нийт 157,529,980 төгрөг зарцуулсан, үүнд ******* банкнаас 45,000,000 төгрөг, ******* банкнаас 63,000,000 төгрөг, үлдэх 49,529,980 төгрөгийг *******гаас зээлсэн гэж тайлбарласан.

Хэрэгт *******гаас******* банктай байгуулсан 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13,052 ам.долларын үнийн дүнтэй, үндсэн хөрөнгийн зориулалттай зээлийн гэрээ авагдсан ба цаг хугацааны хувьд худалдах, худалдан авах гэрээтэй ойролцоо байх тул маргаанд хамааралтай гэж дүгнэхээр байна. Харин хариуцагч өөрөө 6,000,000 төгрөг төлсөнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй.

Эрэл банктай байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 45,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, хөрөнгө оруулалтын зориулалттай зээлийн гэрээ, ******* банктай байгуулсан 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 63,000,000 төгрөгийн үнийн дүнтэй, үндсэн хөрөнгийн зориулалттай зээлийн гэрээ, эдгээр гэрээтэй холбоотой барьцааны гэрээ тус тус хэрэгт авагдсан ба Эрэл банкны зээлийн дансны хуулгаас үзэхэд, 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдөр уг зээл хаагдсан. (1хх 211-240 дэх тал) Хариуцагч нь банкны зээлийг нэхэмжлэгч 2011 оны 07 дугаар сард хаасан гэж тайлбарлаж үгүйсгээгүй.

Хариуцагч нь талуудын маргааныг эрүүгийн журмаар шалгах явцад *******гаас илгээсэн мөнгөний тайлан баримт үйлдсэн байх ба нэхэмжлэгчээс нийт 230,825,838 төгрөг хүлээн авснаас 2009-2014 онд 194,469,980 төгрөг гэж тооцсон.

Мөн *******д өгсөн мөнгөний тайлан баримтаар 2012-2018 онд нийт 261,981,550 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн тооцоог гаргажээ. (1хх 93-98 дахь тал)

 

4.3.Анхан шатны шүүх фэйсбүүк цахим сүлжээн дэх нэхэмжлэгчийн ******* хаягаас ******* гэх хаягтай 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд харилцсан зурвасуудад үзлэг хийсэн ба паб, кафены түрээсийн орлого, зарлага, нийтийн байрыг айл, ажлын зориулалтаар хөлслүүлэхтэй холбоотой асуудлуудаар харилцсан, хариуцагч *******, нэхэмжлэгчийн хүүхдүүд болох ******* нарын талаар, харилцагч нарын хоорондын эгч дүүсийн харилцааны талаар тусгаснаас үзвэл, уг цахим харилцаа нь нэхэмжлэгч ******* (*******), хариуцагч ******* (*******) нарын хоорондын харилцаа байна. (5хх 161-250, 6хх 1-5 дахь тал)

Түүнчлэн дээрх харилцааны 2014 оны 02 дугаар сарын 10, 11, 12-ны өдөр, 09 дүгээр сарын 08-ны өдөр, 2015 оны 04 дүгээр сарын 17, 28-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, 09 дүгээр сарын 04, 11, 12-ны өдөр, 10 дугаар сарын 10, 11-ний өдөр, 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 15, 16, 17-ны өдөр, 02 дугаар сарын 08, 09, 17-ны өдрийн зурвасууд өмнө нь хэрэг бүртгэлтийн хэрэгт авагдаж байжээ. (1хх 124-169 дэх тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэж үзэх бөгөөд дээрх зурвасуудад маргааны үйл баримтыг тогтооход ач холбогдолтой баримтат мэдээлэл агуулагдсан байна. Түүнчлэн уг цахим баримт нь мөн хуулийн 37.2 дахь хэсэгт зааснаар үзлэгийн тэмдэглэл болох нотолгооны хэрэгслээр тогтоогдсон учир хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтад тооцогдоно.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хариуцагч кафе, баарны үйл ажиллагаа, түрээс болон нийтийн зориулалттай байр хөлслүүлэх үйл ажиллагааны ашиг, орлого, зарлагын талаар сар бүр тайлагнаж ирсэн гэж дурдсан нь дээрх үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон гэж дүгнэнэ.

Хариуцагч талын давж заалдах гомдолд *******, ******* гэх гадаад нэртэй цахим хаягууд Ш.*******гийн хаяг болохыг хөдөлбөргүй байдлаар нотлох, тогтоох ажиллагааг нэхэмжлэгч хийлгээгүй, ******* гэж нэртэй хүнийг *******, ******* гэж гүтгэж цахим бичвэр зохиож байгаад хэргийг шийдвэрлэсэн, энэ цахим бичвэр бол цэвэр эвлүүлж хийсэн уран бүтээл, үүнийг нэхэмжлэгч ******* өөрөө хийсэн, эсвэл бусдаар хийлгэсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт Хэрэгт байгаа бичмэл, цахим баримт хуурамч болох нь мэдэгдвэл тийнхүү хуурамч болохыг мэдсэн этгээд уг баримтыг нотлох баримтаас хасахыг шүүхээс хүсч болно. Бичмэл, цахим баримт хуурамч гэж мэдэгдсэн этгээд тэр тухайгаа нотлох үүрэгтэй гэж зааснаар хариуцагч энэ талаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргаагүй, цахим баримт хуурамч гэх тайлбараа нотлоогүй болно.

 

4.4.Дээр дурдсан нотлох баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулж дүгнэхэд, хариуцагч ******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авах, шинээр барилга барих, засаж тохижуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, улмаар бусдад түрээслүүлэх, хөлслүүлэх үйл ажиллагааг явуулсан байна.

Ийнхүү явуулахад төлбөр тооцоог хариуцагч нь өөрийн хөрөнгөөр гүйцэтгээгүй, харин нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ, барилгын ажлын зардал, зээлийн төлбөрүүдийг төлжээ. Мөн хариуцагч нь тухайн үйл ажиллагааны явцад тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

4.5.Талуудын хооронд үүссэн тус харилцааг нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээ гэж, хариуцагч нь өмчийн харилцаанд нэхэмжлэгч хамааралгүй, нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг хүлээн авч буцаан шилжүүлсэн харилцаа нь зээлийн гэрээ гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, засаж тохижуулах, шинээр барьж байгуулах, улмаар талууд үл хөдлөх эд хөрөнгүүдийг кафе, баарны зориулалтаар ашиглах, түрээслүүлэх, нийтийн байрыг хөлслүүлэх зэрэг үйл ажиллагааг хамтран явуулахаар харилцан тохиролцсон нь хамтран ажиллах гэрээний шинжийг агуулжээ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд ийм агуулга бүхий хүсэл зоригийг талууд харилцан илэрхийлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Тодруулбал гэрч *******, *******,******* нар нь хариуцагчийг нэхэмжлэгчээс мөнгө зээлж үйл ажиллагаагаа явуулсан талаар мэдүүлсэн байх боловч 2007-2014 онд нэхэмжлэгчээс хариуцагчид 16 удаагийн гүйлгээгээр нийт 230,825,838 төгрөгийг шилжүүлсэн, 2012-2018 онд хариуцагчаас нэхэмжлэгчид 111 удаагийн гүйлгээгээр нийт 261,981,550 төгрөгийг шилжүүлсэн гэх хариуцагчийн тооцооны талаар тодорхой мэдүүлээгүй, мөн гэрчүүдийн мэдүүлэг хэргийн бусад баримтаар давхар нотлогдоогүй учир хариуцагчийн татгалзлыг эргэлзээгүй байдлаар нотлох ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй. (2хх 151-153, 3хх 31-38 дахь тал)

Иймээс анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй ба уг гэрээ хүчин төгөлдөр байна. Хариуцагч талын гаргасан шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлж чадаагүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

5.Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1 дэх хэсэгт Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна, 477.2 дахь хэсэгт Хураамжийг мөнгөн, эсхүл хөрөнгийн, түүнчлэн үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр төлж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн хэлбэрээр буюу 230,825,838 төгрөг төлж, хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, засаж тохижуулах, шинээр барьж байгуулах, кафе, баарны зориулалтаар түрээслүүлэх, нийтийн байрыг хөлслүүлэх үйл ажиллагааг явуулж, хэн аль нь тэнцүү хэмжээгээр хураамжаа төлсөн гэж үзэхээр байна.

Хамтын үйл ажиллагаанаас Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 50 мянгат 17 дугаар байр, ******* хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, кафе, баарны зориулалтаар засаж тохижуулсан үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Туул, 6, хаягт байршилтай, 369 м.кв талбайтай газар өмчлөх эрх, 790.4 м.кв талбайтай, зоорийн давхартай нийт 4 давхар, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тус тус бий болсон ба эдгээр нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4 дэх хэсэгт зааснаар талуудын дундаа өмчлөх хөрөнгө юм.

Шинжээч Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд Чингэлтэй дүүрэг дэх үл хөдлөх эд хөрөнгийг 256,492,083 төгрөгөөр, Баянгол дүүрэг дэх үл хөдлөх эд хөрөнгийг 537,134,540 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд уг дүгнэлтийг зохигч маргаагүй байна. (2хх 154-186 дахь тал)

 

6.2017 оны 07 дугаар сараас эхлэн талуудын хамтын үйл ажиллагаа зогссон байх ба Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1-д заасан гэрээг цуцалсан үндэслэлээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон.

Мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна гэж заасан ба хамтын үйл ажиллагаанаас аливаа өр төлбөр төлөгдөөгүй, үүрэг гүйцэтгээгүй гэх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч нь хураамжид хувь тэнцүүлэн дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн үнийн 50 хувь болох 396,813,311.5 төгрөгийг (/256,492,083+537,134,540=793,626,623/2) хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Харин анхан шатны шүүх 793,626,623 төгрөгөөс Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцны үнэ 85,750,845 төгрөгийг хасч үлдэх дүн 707,875,748 төгрөгийн 50 хувь болох 353,937,873 төгрөгөөр тооцсон нь алдаатай байх боловч энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй, хариуцагчийн гаргасан гомдлоор түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй тул талуудын зарчмын дагуу уг тооцооллыг хэвээр үлдээнэ.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсгийг баримтлах байтал ашиг, алдагдал хуваарилах журмын зохицуулалт болох 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулна.

 

7.Дээрх хөрөнгүүдээс гадна нэхэмжлэгч нь хариуцагчийн нэр дээр бүртгэлтэй, 1181 УНР улсын дугаартай, Ниссан Икс-трэйл маркийн автомашин, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Зуслан Майхан толгой хаягт байрлах, 700 м.кв талбайтай газар эзэмших эрх болон Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 11б байр, хаягтай, 60.5 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг тус тус нэхэмжлэлийн зүйлээр тодорхойлсон ба анхан шатны шүүх нэхэмжлэлээс эдгээр хөрөнгөд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

8.Түүнчлэн хариуцагч талын гаргасан *******д төлөх төлбөрөөс *******гийн төлсөн 254,351,624 төгрөгийг хасаж тооцолгүйгээр шүүхээс орхигдуулж шийдвэрлэсэн гэх агуулгатай давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Учир нь, нэхэмжлэгчид 261,981,550 төгрөгийг шилжүүлсэн гэх *******д өгсөн мөнгөний тайлан, мөн сургалтын төлбөрт *******д 7,350 ам.доллар буюу 12,656,700 төгрөг, *******д 6,943,000 төгрөг, *******д 1,560,000 төгрөг, *******д 264,275 төгрөг, *******д машин авахад 8,911,000 төгрөг, мөн 7,400,000 төгрөг, *******ы шинэ орон сууцны тавилгад 3,850,000 төгрөг, нөхөр *******т 2,000,000 төгрөг, нийт 43,581,975 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримтууд шүүхэд гаргасан хэдий ч уг төлбөрийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн гэж маргасан.

Хамтран ажиллах гэрээгээр талууд өөрийн төлсөн хураамжид хувь тэнцүүлэн ашиг, алдагдлыг хариуцах үүрэгтэй боловч хамтын үйл ажиллагааны нийт орлого, зарлага, ашиг, алдагдал ямар болох талаар хэрэгт баримт авагдаагүй, энэ талаар талууд мэтгэлцээгүй нөхцөлд дээрх баримтуудад шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

 

9.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 184/ШШ2024/05849 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...478 дугаар зүйлийн 478.8... гэснийг 480 дугаар зүйлийн 480.3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,927,639 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА