| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/04041/И |
| Дугаар | 210/МА2025/00365 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/00365
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04840 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй
Хариуцагч *******т холбогдох
Ажилгүй байсан хугацааны олговор 55,053,550 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Би Баянгол дүүргийн ******* даргаар ажиллаж байхдаа 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс авсан хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилд эргэж орох хүсэлтээ гаргасныг хууль бусаар татгалзсан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар магадлалаар намайг Баянгол дүүргийн *******хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл тооцож хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
1.2.Нийслэлийн нийгмийн даатгалын газар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Нийслэлийн нийгмийн даатгалын газрын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар Баянгол дүүргийн ******* хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон ба энэ хугацаанд би ажилгүй, цалин хөлсгүй хохирсон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар Нийслэлийн *******газраас 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36,125,652 төгрөгийг гаргуулах тухай миний нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамж гарсан өдрөөс эхлэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн Нийслэлийн ******* даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/106 дугаар тушаал гарсан өдөр хүртэлх хугацааны 2 жил 1 сарын /үндсэн цалин 1,487,934 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 18 хувь буюу 267,828 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 30 хувь буюу 446,380 төгрөг эдгээрийг нэмээд 1 сарын цалин хөлс 2,202,142 төгрөг/ цалин хөлс олговорт нийт 55,053,550 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй юм. Дээрх үндсэн цалинг тооцохдоо өмнө авч байсан цалингийн дунджаар, харин төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 18 хувь, зэрэг дэвийн нэмэгдэл 30 хувийг ажилд авсан Нийслэлийн ******* даргын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалыг үндэслэн тооцсон гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар магадлалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилохгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоосон. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36,125,652 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч зөвшөөрсөн болон *******ыг Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажилд томилж, түүний гаргасан хүсэлтийн дагуу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн үйл баримтад маргаан байхгүй.
2.2.Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх нийт 2 жил, 1 сарын хугацааны цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин тодорхойлох журамд заасны дагуу тооцон үзэхэд 38,637,984 төгрөг болж үүнээс Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 7.2.5-т заасны дагуу ажилтнаас суутгах ёстой 9.5 хувийн шимтгэлд 3,670,608 төгрөг, эрүүл мэндийн даатгалын 2 хувийн шимтгэлд 772,760 төгрөгийг тус тус хасаж тооцоход 34,194,616 төгрөг байхад нэхэмжлэгч нь 55,053,550 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
2.3.Мөн Нийслэлийн нийгмийн даатгалын газар нь *******ыг ажилд эгүүлэн томилох үүргээ биелүүлээгүй ба Нийслэлийн нийгмийн даатгалын газар нь Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн А/138 дугаар тогтоолоор татан буугдаж, тус тогтоолын 5 дахь хэсэгт татан буулгахтай холбогдуулан уг газрын албан хаагчдыг ашиглаж буй компьютер техникийн хэрэгслийн хамт Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдэлд шилжүүлэн тэргүүн ээлжинд зохих ажлын байраар хангах арга хэмжээнд авахыг *******т даалгасан. Нийслэлийн Нийгмийн даатгалын газар татан буугдаад эрх үүрэг нь Нийгмийн *******т шилжин ирэхдээ *******тай холбоотой баримт, эрх, үүрэг *******т шилжиж ирээгүй. Тухайн үед ажилд нь эгүүлэн авах ёстой байсан үүрэг бол Нийслэлийн ******* газарт байна.
Эдгээр үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болж байна гэж үзэж байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 55,053,550 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч *******ы нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 434,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх шийдвэртээ "...нэхэмжлэгч ******* нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 38,710,633 төгрөгийг шаардах эрхтэй боловч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар ажилтан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй тухай маргаанаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй байна. Нийслэлийн Нийгмийн даатгалын газраас 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *******ыг Баянгол дүүргийн Нийгмийн ******* даргын албан тушаалд эгүүлэн ажиллуулснаар биелүүлсэн буюу энэ өдрийг хүртэл нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн байна. Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш 90 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах ёстой атал 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв..." гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор" гэж заасан.
Нэхэмжлэгч ******* нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 7-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар магадлалаар *******ыг өмнө ажиллаж байсан Баянгол дүүргийн ******* даргын ажил албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг хариуцагчид үүрэг болгож, ажилгүй байсан хугацааны 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий харилцаа шүүхээр шийдвэрлэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт үндэслэл бүхий биш байна.
Намайг урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн томилохгүй байсан хариуцагчийн хууль бус хөдөлмөрийн харилцаанаас болж нэхэмжлэгч цалин хөлсгүй хохирсон, одоо нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны цалин хөлс нь дээрх ажилд эгүүлэн тогтоох хөдөлмөрийн харилцаанаас үүссэн асуудал юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасан бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудал гэдэгт урьд шүүхээр шийдвэрлэгдсэн ажлаас үндэслэлгүй халсан, ажилд эгүүлэн тогтоолгох хөдөлмөрийн харилцаанаас үүссэн ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжлэх асуудал орохгүй бөгөөд энэ заалтад хамаарахгүй юм. Анхан шатны шүүх уг асуудлыг шинээр өөр хөдөлмөрийн харилцаанаас үүссэн мэтээр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй тухай маргаанаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудал мэтээр маргааны үйл баримтыг буруу ойлгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, үнэлж дүгнэж чадаагүй, шүүхийн шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх зарчмыг хангаж чадаагүй гэж үзэх үндэстэй.
Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан *******ы эрхийг зөрчсөн болно.
Иймд шүүхийн ийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдолдоо хөдөлмөрийн эрхийн маргааныг өмнө захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлүүлсэн гэж тайлбарладаг. Гэвч ажилд эгүүлэн томилох шаардлагын үр дагаварт цалин олговрын асуудал яригддаг учраас хөдөлмөрийн эрхийн бусад маргаанд хамаарна. 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нөхөн олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж зохицуулсан. Гэвч нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зохицуулсан. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 38 сая төгрөгийг үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 55,053,550 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу өмнө эрхэлж байсан албан тушаалд томилоогүйгээс цалин хөлсөөр хохирсон гэж тайлбарласныг хариуцагч нь ...******* татан буугдаж эрх, үүрэг шилжиж ирэхэд нэхэмжлэгчтэй холбоотой эрх, үүрэг шилжиж ирээгүй, мөн олговрыг үндэслэлгүй тооцсон гэж татгалзжээ.
4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
4.1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар магадлалаар Төрийн албан тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 106 дугаар зүйлийн 106.2, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн *******сийн даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахаас татгалзсан Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, Х.*******ыг уг ажилд үргэлжлүүлэн ажиллуулах болон 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний хохирлыг зохих журмын дагуу тооцож олгохыг Нийслэлийн нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрт Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга нь *******аас ажилдаа орох хүсэлт ирснээр Баянгол дүүргийн *******сийн даргаар үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй, хуулиар хүлээсэн энэ үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж дүгнэжээ.
4.2.Нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт заасан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор төлөгдсөн гэж тайлбарласан.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар захирамжаар *******ы гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 36,125,652 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Нийслэлийн ******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.3.Нийслэлийн ******* газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, *******ыг Баянгол дүүргийн ******* хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн томилсон.
4.4.Мөн ******* хүсэлт гаргаснаар Нийслэлийн ******* газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/106 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.
4.5.Нийслэлийн нийгмийн даатгалын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 138 дугаар тогтоолоор татан буугдаж, эрх, үүрэг нь *******т шилжсэн байна.
5.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж тус тус заасан.
5.1.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэйг зөв тодорхойлсон боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2-т зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргаагүй, уг хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Тодруулбал нэхэмжлэгч нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйгээс учирсан хохирол шаардсан тул уг хохиролтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар тодорхойлогдох ба уг хугацаа таван жил байна. Нэхэмжлэгч нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
5.2.Иймээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийн зохицуулалтыг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хохиролд тооцон хариуцагчаaс шаардах эрхтэй. Анхан шатны шүүх Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн сүүлийн 3 сарын буюу 2016 оны 07-09 дүгээр сарын цалин хөлсөөр тооцон нэг сарын дундаж цалин хөлсийг 1,487,934 төгрөг гэж зөв тодорхойлсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ уг дүн дээр төрийн алба хаасан хугацааны болон зэрэг дэвийн нэмэгдлүүдийг нэмж дундаж цалин хөлсийг 2,202,142 төгрөг гэж тусгасан байх боловч нийгмийн даатгалын шимтгэл тооцсон цалин хөлсний бүрэлдэхүүнд тухайн нэмэгдлүүд багтахыг шүүх зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацаагаа дээр дурдсан хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан 2021 оны 11 дүгээр сараас 2023 оны 12 дугаар сараар нийт 25 сар гэж тодорхойлсон тул уг хугацааны цалин хөлсөнд 37,198,350 төгрөг (1,487,934*25) тооцогдоно.
5.3.Түүнчлэн уг дүнгээс нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасанд нийцнэ.
6.Дээрх үндэслэлээр хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 37,198,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг дүнгээс нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгасан агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2024/04840 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч *******газраас 37,198,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, уг дүнгээс нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг хариуцагч *******т даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 17,855,200 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
2 дахь заалтын ...56.1 гэснийг 56.2 гэж, ...улсын төсвийн орлогод хэвээр үлдээж гэснийг хасаж, ...олгосугай гэснийг олгож, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газраас 414,141.75 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Х.******* давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА