| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2024/02079/И |
| Дугаар | 210/МА2025/00343 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 210/МА2025/00343
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/04809 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХК-д холбогдох
Газрын төлбөр, алданги 1,183,250,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Анх ******* ХК-ийн одоо эзэмшиж байгаа газарт буюу Дархан сумын 15 дугаар баг, Өмнөд үйлдвэрлэлийн нутаг дэвсгэрт байрлах, ******* нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 2.5 га талбайтай газрыг ******* 2010.09.28-ны өдрийн 372 дугаар захирамжаар ******* ХХК-д эзэмшүүлсэн ба уг компанийн хүсэлтийн дагуу 2011.05.30-ны өдрийн ******* дугаар захирамжаар талбайн хэмжээг 15 га болгож нэмэгдүүлсэн. Тус газрын эзэмших эрхийн гэрээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай аймгийн Засаг даргын 2016.03.25-ны өдрийн ******* дугаар захирамж гарсан.
Үүний дараа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015.11.26-ны өдрийн Орон нутгийн өмчийн комиссын концессын зөвлөлийн жагсаалтад өөрчлөлт оруулах тухай 78 дугаар тогтоол, 2016.02.18-ны өдрийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай 10 дугаар тогтоол, 2016.02.18-ны өдрийн Төсөл хэрэгжүүлэхийг дэмжих тухай 11 дүгээр тогтоол, 2016.04.05-ны өдрийн Дархан-Уул аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 32 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ******* ХК нь ******* 2016.04.25-ны өдрийн ******* дугаар захирамжаар Дархан сумын 13 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах, хог боловсруулах үйлдвэрийн зориулалттай, нэгж талбарын ******* дугаартай, 19.4 га газрыг эзэмшиж байна.
1.2.Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас ирүүлсэн газрын төлбөр тооцоо нийлсэн актын дагуу ******* ХХК нь 2010-2016 онд 36,883,311 төгрөг, ******* ХК нь 2019-2024 онд 82,228,759 төгрөгийн газрын төлбөрийн үлдэгдэлтэй байна. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээнэ, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд улирлуудын төлбөрийг урьдчилан төлүүлнэ гэж заасан.
******* ХК-тай 2016.05.20-ны өдөр байгуулсан ******* дугаартай Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-д Газрын төлбөрийг улирал бүхний эхний сарын 25-ны дотор дансанд төлсөн байна, 2.4-д Газар эзэмших тухай эрх бүхий Засаг даргын шийдвэр гарсан өдрөөр газрын төлбөр хийх хугацааг тооцно, 3 дугаар зүйлийн 3.5-д Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, 3.6-д Төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
1.3.******* ХХК болон ******* ХК-ийн хооронд 2015.07.30-ны өдөр Хамтран ажиллах гэрээ, 2015.09.08-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсантай холбоотой иргэний хэргийн маргаан үүсэж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 дугаар захирамжаар газрын эрхээ шилжүүлж эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
******* ХК нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т заасан албан татвар хураамж төлсөн тухай баримт-ыг бүрдүүлж өгөөгүйгээс газар эзэмших эрхийг шилжүүлэх аймгийн Засаг даргын захирамж гаргахаас татгалзсан.
Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Татварын хэлтсээс Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 182/ШШ2021/00188 дугаар захирамжийг биелүүлэхэд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу газрын эрх шилжүүлэхэд татвар төлөх эсэх талаар албан бичгээр лавлагаа авахад төлбөр төлөгч, төлбөр авагч талуудын хооронд байгуулсан гэрээ, хэлцэл, шүүхийн шийдвэр нь тухайн хөрөнгийг шилжүүлэхтэй холбогдон үүсэх татварын харилцааг зохицуулахгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу буруутай этгээдээс бусдад олгож буй төлбөр нь албан татвар төлөхөөс чөлөөлөгдөхгүй болно, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10.1.2, 30.2 дахь хэсэгт төрийн байгууллагаас олгосон эрхийг шууд болон шууд бусаар шилжүүлэхэд албан татвар ногдох зохицуулалттай гэсэн хариуг ирүүлсэн.
******* ХК-ийн 2022.01.26-ны өдрийн 32 дугаартай бичиг, ******* ХХК-ийн 2023.08.14-ний өдрийн 023/0037 дугаартай албан бичиг ирүүлж газрын төлбөрийг төлөхгүй гэдгээ илэрхийлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх байдлаар газрын төлбөр татвар төлөхөөс зайлсхийж байна.
Иймд газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байгаа газар эзэмшигч ******* ХК-аас газар эзэмшүүлэх гэрээний үүрэгт 2010-2024 оны төлбөр 119,112,070 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд ногдох алданги 1,064,138,570 төгрөг, нийт 1,183,250,644 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.******* 2016.04.25-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр ******* ХК-д нэгж талбарын ******* дугаартай, 19.4 га талбайтай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 7 дугаартай гэрчилгээг олгосны дагуу 2016.05.20-ны өдөр Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт газар эзэмших гэрээнд газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага, газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо зэргийг тусгахаар заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх тохиолдолд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж маш тодорхой заасан. Энэхүү гэрээнээс үзвэл жилдээ 7,760,000 төгрөгийн газрын төлбөрийг төлөх үүрэгтэй талаар талууд харилцан тохиролцсон. Газрын төлбөрийн тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу тухайн гэрээний дагуу аж ахуйн нэгж, иргэн газрыг төлбөртэйгөөр эзэмшиж болно гэдэг зохицуулалттай. Энэ төлбөрийн хэмжээг гэрээнд тусгаснаар тухайн хуулийн этгээд өөрөө төлөх үүрэгтэй. Газрын төлбөрийн тухай хуульд зөвхөн төлбөрийн дээд хэмжээг зааж өгсөн хэдий ч газрын төлбөрийг гэрээгээр талууд харилцан тохиролцсон.
Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж, мөн газар эзэмших гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т жил бүр газар эзэмших гэрээг дүгнэх гэж газар эзэмшүүлэгчийн үүргийг тус тус заасан.
Манай компани 2016 онд 5,308,352 төгрөг, 2017, 2018, 2019 онд тус бүр 7,760,000 төгрөгийг төлсөн. Нийт дүнг харахаар 2016-2020 оны хооронд 55,316,352 төгрөг төлсөн. Хэрвээ 2016-2024 он хүртэл манай компани газрын татварыг төлөх үүрэгтэй байсан гэж маргаж байгаа тохиолдолд гэрээний дагуу нийт 69,840,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс нийт 55,316,352 төгрөг төлсөн учраас 14,523,648 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Гэрээний хувьд ийм өр төлбөртэй байхад манай компаниас 2019-2024 оны хоорондох газрын төлбөр 82,228,759 төгрөг болон ******* ХХК-ийн 2010-2016 оны хооронд газар эзэмшиж байх хугацаанд төлөх 36,883,311 төгрөгийг тус тус нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд засаг захиргааны талаас газрын холбогдолтой хууль тогтоомжид алданги тавих эрх олгогдоогүй. Захиргааны эрх зүйн үндсэн зарчим бол өөрөө зөвшөөрснөөс бусдыг хориглоно. Алдангийн зохицуулалт бол иргэний эрх зүйн буюу Иргэний хуулийн үндсэн дээр тавигдаж байгаа алданги гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд алданги, анзыг төлөхөөр тогтоосон. Захиргааны алдаатай үйл ажиллагаа байсан учраас зохих ёсоор манай зүгээс биелүүлээгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан байхад 1,064,138,570 төгрөгийн алданги тавьж байгаа нь илт хуулийг зөрчсөн, шүүхийг илт үл хүндэтгэсэн, хууль дээдлэх ёсыг зөрчсөн үйлдэл болж байна. Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Гэхдээ Иргэний хуульд анзын гэрээг заавал бичгээр байгуулахгүй бол анз авах эрхээ алддаг зохицуулалттай. Тэгэхээр 7,760,000 төгрөгөөс илүү гарсан татвар, төлбөрүүдийн хувьд алдангийн 0.5 хувийн зохицуулалт үйлчлэхгүй.
2.2.Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад зааснаар шүүхийн шийдвэр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр заавал биелэгдэнэ гэдэг зохицуулалт байгаа.
******* ХХК, ******* ХК-иудын хооронд маргаан бүхий газартай холбоотойгоор эвлэрлийн гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн нутаг дэвсгэрт байрлах ******* 2016.04.25-ны өдрийн ******* тоот шийдвэрээр ******* ХК-д олгогдсон нэгж талбарын 450100243 дугаартай, 19.4 га газраас 15.0 га газрыг ******* ХХК-д даруй /шүүгчийн захирамжаар эвлэрлийн гэрээг баталгаажуулмагц/ шилжүүлэх, харин үлдсэн 4.4 га газрыг дээрх 15.0 га газрыг шилжүүлснээс хойш 1 жилийн дотор шилжүүлэхээр тохиролцсоныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан учраас 2021 оны 04 дүгээр сард гүйцэтгэх хуудас бичигдсэн. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийг хууль тогтоомжийн дагуу биелүүлсэн бол энэ газрын төлбөр үүсэхгүй. Газрын тухай хуульд газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй нөхцөлд Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхтэй гэж заасан байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй, мөн газар эзэмших гэрээг жил бүр дүгнэх үүргээ ч хэрэгжүүлээгүй байж 1,183,250,644 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас 18,846,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,164,404,644 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХК-иас 252,180 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
******* ХК-аас 2010-2024 оны хоорондох хугацааны газрын төлбөр болох 82,228,759 төгрөг, мөн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцсон 143,299,213 төгрөгийн алданги, нийт 225,527,972 төгрөг гаргуулах. Шүүхийн шийдвэрт ******* ХК-ийг 2021 оноос хойш төлбөр төлөх үүрэггүй, 18,846,000 төгрөг төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хуулийн шаардлага хангасан зөв шийдвэр гарсан. 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 00188 дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий газрыг ******* ХК-ийн өмчлөлөөс ******* ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт баримтаар авагдсан. Монгол улсын Шүүхийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан бол заавал биелэгдэх хуулийн зохицуулалттай. Гэтэл нэхэмжлэгч тал хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг биелүүлээгүйгээс үүдэн талуудын хооронд газрын төлбөртэй холбоотой маргаан үүссэн. 2021 оны талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж одоог хүртэл хүчин төгөлдөр хэвээр. Нэхэмжлэгч тал тус шүүгчийн захирамжийг хүчингүй болгох талаарх хүсэлтийг шүүхэд одоог хүртэл гаргаагүй. Өөрөөр хэлбэл, талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрсөн атлаа маргаан бүхий газрыг шилжүүлж өгөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь хариуцагч ******* ХК-д холбогдуулан газрын төлбөр 119,112,070 төгрөг, алданги 1,064,138,574 төгрөг, нийт 1,183,250,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3.******* 2016.04.25-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэгж талбарын ******* дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Өмнөд үйлдвэрийн районд байрлах, хог боловсруулах үйлдвэрийн зориулалттай, 19.4 га талбайтай газрыг ******* ХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 7 дугаар гэрчилгээ олгогдож, 2016.05.20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх газрын төлбөрт өмнөх газар эзэмшигч ******* ХХК 2010-2016 онд 36,883,311 төгрөг, ******* ХК 2019-2024 онд 82,228,759 төгрөг тус тус төлөөгүй гэж тодорхойлсныг хариуцагч татгалзаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 дугаар захирамжийн дагуу ******* ХК-аас газрыг ******* ХХК-д Дархан-Уул аймгийн Засаг дарга шилжүүлээгүйгээс төлбөр үүссэн, газрын төлбөрийн хэмжээг гэрээгээр тохиролцсон, мөн ******* ХХК-ийн төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж мэтгэлцжээ.
4.1.Хариуцагчийн эзэмшлийн газрын зарим хэсэг буюу 15 га газрыг ******* ХХК 2010-2016 онд эзэмшиж байсан байх бөгөөд уг компанийн газар эзэмших эрхийг гэрээний хугацаа дууссан, газраа зориулалтын дагуу хоёр жил ашиглаагүй, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй үндэслэлээр аймгийн Засаг даргын 2016.03.25-ны өдрийн ******* дугаар захирамжаар хүчингүй болгожээ. Иймээс *******ХХК-д холбогдох 2010-2016 оны газрын төлбөр 36,883,311 төгрөгийг хариуцагч ******* ХК төлөх үндэслэлгүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн, уг дүгнэлт Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Анхан шатны шүүхийн энэхүү дүгнэлтэд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй болно.
4.2.******* ХК нь дээрх 19.4 га газрыг хэсэгчлэн ******* ХХК-д шилжүүлэхээр түүнтэй тохиролцож эвлэрснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.01.21-ний өдрийн 182/ШШ2021/00188 дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба ******* ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэхэд ******* ХК-аас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.3-т зааснаар албан татвар хураамж төлсөн тухай баримтыг бүрдүүлж өгөөгүйгээс газар эзэмших эрх шилжүүлэх талаар аймгийн Засаг даргын захирамж гараагүй болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.
Дээрх үйл баримт ******* ХК-ийн газрын төлбөр төлөх үүрэгт нөлөөлөх үндэслэлгүй. Учир нь зохигчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж нь тухайн зохигч талуудад хамааралтай буюу түүнийг биелүүлэх үүрэг зөвхөн тухайн этгээдүүдэд үүсэх бөгөөд Дархан-Уул аймгийн Засаг дарга уг хэргийн зохигч биш байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг нэхэмжлэгч биелүүлээгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Үүний зэрэгцээ ******* ХК нь газар эзэмших эрхээ ******* ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргах үеийн байдлаар газрын төлбөр 35,308,000 төгрөг төлөгдөөгүй байжээ.
Анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргыг дээрх шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй гэж үзэж, газар эзэмшигч ******* ХК-ийг шүүгчийн захирамж гарсан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 19.4 га газарт, үүнээс хойшхи хугацаанд 4.4 га газарт тус тус төлбөр төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө, 35 дугаар зүйлийн 35.3.3-т газар эзэмшигч нь газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасантай нийцээгүй байх тул уг дүгнэлтийг дээрх байдлаар залруулан дүгнэж, төлбөрийн тооцооллыг дор дурдсанаар зөвтгөх нь зүйтэй.
4.3.Нэхэмжлэгч нь Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018.11.12-ны өдрийн 08/01, 2022.03.09-ний өдрийн 09 дугаар тогтоолуудаар үйлдвэрийн зориулалттай 1 м.кв газрын төлбөрийг 96 төгрөгөөр тогтоосныг үндэслэн хариуцагчийн эзэмшлийн 19.4 га газарт жилд 18,624,000 төгрөг, 2019-2024 онуудын төлбөрт нийт 82,228,759 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь талуудын байгуулсан газар эзэмшүүлэх гэрээгээр газрын төлбөрт жилд 7,760,000 төгрөг төлөхөөр тохиролцсон, гэрээний 2.5-д зааснаар гэрээнд өөрчлөлт оруулж газрын төлбөрийн хэмжээг өөрчлөөгүй гэж маргажээ.
а.******* ХК нь газрын төлбөрт 2017.02.06-2023.10.24-ний өдрийн хугацаанд нийт 50,316,352 төгрөг төлсөн байх ба төлбөр хийсэн огноо, үнийн дүн, гүйлгээний утгыг харьцуулан үзвэл, 2016 оны төлбөрт 5,281,111 төгрөг төлөхөөс 5,308,352 төгрөг төлж 27,241 төгрөг илүү төлсөн, 2017 оны төлбөрт 7,760,000 төгрөг, 2018 оны төлбөрт 7,760,000 төгрөг, 2019 оны төлбөрт 18,624,000 төгрөг, 2020 оны төлбөрт 10,864,000 төгрөг тус тус төлж, 2020 оны үлдэгдэл 7,760,000 төгрөг, 2021-2024 онуудын жил бүрийн 18,624,000 төгрөг буюу 74,496,000 төгрөг, нийт 82,256,000 төгрөг, үүнээс илүү төлөлтийг хасвал 82,228,759 төгрөг төлөөгүй байна. Хэрэгт авагдсан 2018.03.26-ны өдрийн 3,898,990 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэхийг анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн тооцоонд оруулж нийт төлсөн дүнг 54,215,342 төгрөг гэж тооцооллын алдаа гаргасныг залруулна.
б.Талуудын байгуулсан гэрээний 2.5-д зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотойгоор гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх боловч хариуцагч нь 2019 оны газрын төлбөрт 2020.04.03-ны өдөр 7,760,000 төгрөгийг 2019 он ГТ гэсэн утгаар төлсний дараа 2020.09.15-ны өдөр 10,864,000 төгрөгийг мөн 2019 он ГТ гэсэн утгаар нэмж шилжүүлж, төлбөрийн хэмжээ нэмэгдсэнийг бодит үйлдлээр хүлээн зөвшөөрсөн байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх тул гэрээнд заасан төлбөрийн хэмжээ өөрчлөгдөөгүй гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.
Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас газрын төлбөрт 82,228,759 төгрөг төлүүлэхээр шаардсан нь үндэслэлтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
5.Нэхэмжлэгч нь алдангид ******* ХК-ийн төлбөрт 280,050,640 төгрөг, ******* ХХК-ийн төлбөрт 784,087,934 төгрөг, нийт 1,064,138,574 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Анхан шатны шүүх ******* ХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний 3.6 дахь заалтыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн талаар зөв дүгнэсэн. Түүнчлэн алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй талаарх мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн зохицуулалт талуудын маргаанд хэрэглэгдэхийг зөв тайлбарлажээ.
Хариуцагч нь гэрээний 2.3-д зааснаар газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөх үүрэгтэй боловч уг үүргээ зөрчиж төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн байх тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу гүйцэтгээгүй үүрэг болох 82,228,759 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 41,114,379 төгрөг төлөх үүрэгтэй.
6.Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХК-аас газрын төлбөр 82,228,759 төгрөг, алданги 41,114,379 төгрөг, нийт 123,343,138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Засаг даргад олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШШ2024/04809 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын ...18,846,000 /арван найман сая найман зуун дөчин зургаан мянга/... гэснийг 123,343,138 гэж, ...1,164,404,644 /нэг тэрбум нэг зуун жаран дөрвөн сая дөрвөн зуун дөрвөн мянга зургаан зуун дөчин дөрөв/... гэснийг 1,059,907,506 гэж,
2 дахь заалтын ...252,180 /хоёр зуун тавин хоёр мянга нэг зуун ная/... гэснийг 774,666 гэж тус тус өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА