Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 202

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч М.Г, Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С овогт Д.Б, О овогт М.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ........... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймаг Түшиг суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Элит цонх” констракшн ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С овогт Д.Б,

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-т оператор ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сумын ......... тоотод оршин суух, 1 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай О овогт М.Г,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Г, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Г, Д.Б нар нь 2019 оны 04 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг, Хушаатын 8-8 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Д.Б “...би Г ахад согтуу байгаа юм чинь өглөө ирээд энэ хэдийг аваад яваа гэж хэлэхэд чамд ямар хамаатай юм бэ гэж хэлэхээр нь би босоод Г ахыг би өшиглөөд унагаасан. Тэгэхэд босож ирээд надтай зодолдсон. Бид хоёр гэрт болон гадаа гарч зодолдож байгаад салсан. ...Г ах хашааны хаалгаар орж ирээд намайг татаж босгоод нүүр рүү цохиж зодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

М.Г “...Б босож ирээд намайг жийгээд газар унагаачихсан. Тэгэхээр нь би босож ирээд Баяртүшигтэй зодолдсон. Б бид хоёр зодолдож байгаад салаад би хашааных нь гадна гараад төрсөн ах Г руу залгаад “би зодуулчихлаа хүрээд ир” гэж дуудахад Г ирээд хашааг нь даваад орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

Гэрч Д.Б “...М.Г, Д.Б хоёр хоорондоо зодолдож байгаад салаад хоорондоо хэрэлдэж байснаа гэрээс гараад явсан. Удалгүй Баяртүшиг гэрт буцаж орж ирээд нүүр амныхаа цусыг угаачихаад сууж байтал хашааны хаалга нүдээд байхаар нь Баяртүшиг гэрээс гарахдаа намайг битгий гараарай гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд гадаа орилж чарлалдаад зодолдоод байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 13/   

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 346 дугаартай “...М.Г биед хамар ясны хугарал, зовхины цус хуралт, нэг шүдний хазах хэсгийн эмтрэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 21/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 342 дугаартай “...Д.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, хамрын мурийлт, хуйхны шархнууд, нүүр, хүзүү хоолой, хуйх, нуруун дахь зулгаралт болон баруун нүдний зовхины цус хуралт, амны салстын язрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26/,

 

Шүүгдэгч бөгөөд хохирогч нарын гаргасан баталгаа /хэргийн 93, 94/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, харилцан эвлэрсэн, хоорондоо садан төрлийн холбоотой, гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилсан, харилцан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, прокурорын санал болгосон ял болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх үр дагаврыг ойлгосон байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл бүрэн хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч М.Г, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгож шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн ялын хэмжээнд 500 нэгжээр торгох ялыг шүүгдэгч нарын орлогын хэмжээг харгалзан 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Г, Д.Б нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г, Д.Б нарт тус тус 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г, Д.Б нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Г, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД